Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2020/0530

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.Т, /РД:*******/,

Хариуцагч: Б*******, Б*******,

Нэхэмжлэлийн шаардлага: Дархан цаазат Богдхан уулын арцатын амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар эрх олгосон 2 га газрын ашиглах эрхийн гэрээг байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгуулах, газар ашиглах гэрээ байгуулаагүй үеийн газрын төлбөр нэхэмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, газар ашиглах хугацааг мөн гэрээ байгуулсан хугацаанаас тооцохыг Б*******, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, хариуцагч Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.Т-д Дархан Цаазат Богдхан уулын Төрхурахын амны хязгаарлалтын бүсэд аялал жуучлалын зориулалт бүхий газрыг ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэрээр олгосон. Уг шийдвэр гарсны дараа гурван талт гэрээ байгуулах нөхцөл байдал үүссэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгийг 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээж аваад, дурдсан гэрчилгээний үнэ, улсын тэмдэгтийн хураамж төлөх бүх ажиллагааг хийсэн. Ингээд гурван талт гэрээний материал, өргөдлөө Богдхан уулийн дархан цаазат хамгаалалтын газрын Тамгын газарт өгсөн. Өргөдлийг хүлээж аваад гэрчилгээг авсны дараа байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, төсөл, хөтөлбөрүүдийг зэрэг бүх ажиллагаагаа хийсэн. 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаанаас гурван талт гэрээг баталгаажуулаад дарга нь гарын үсэг зураад өгсөн. Энэ гэрээг хүлээж аваад 2019 оны 11 сарын 07, 11, 17-ны өдрүүдэд Богдхан Уулын дархан цаазат хамгаалалтын газрын захиргаанд гэрээ байгуулах өргөдлөө өгсөн, хамгаалалтын газрын дарга нь гарын үсэг зурсан учир энэ гэрээг баталгаажуулж өгөөч гэх үндэслэлээр Б*******д хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг гаргаснаас хойш Баянзүрх дүүргийн Засаг даргын зүгээс ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Харин газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичгээр Б.Т та анх газар эзэмших сайдын тушаал гарсан өдрөөс хойш өнөөдрийн хүртэл газрын төлбөрөө төлж байгаагүй гэсэн байсан. Уг албан бичгийг хэрэгжүүлэх боломжгүй, учир нь гэрээ байгуулагдаагүй байхад газрын төлбөр нэхэж байна гэсэн асуудлаар Нийслэлийн Засаг дарга, Б*******д хандахад Баянзүрх дүүргийн газрын албанаас өгсөн албан бичгийн агуулга нь зөв гэсэн хариу өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь гэрээ байгуулаагүй үеийн төлбөрийг нэхэж байгаа нь үндэслэлгүй гэж үзсэн. Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн дагуу газар ашиглах гэрээ байгуулснаар гэрээнд заасны дагуу газраа ашиглана гэж заасан. Баянзүрх дүүргийн Засаг даргын хувьд газар ашиглах гэрээ байгуулаагүй нь хууль зөрчсөн, Газар зохион байгуулалтын албанаас гэрээ байгуулаагүй байх үеийн төлбөр нэхэмжилж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т газар ашиглах гэдэгт ... хуулиар зөвшөөрсөн хүрээнд байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг гаргаж хэрэглэхийг хэлнэ гэсэн байдаг. Энэ нь гэрээ байгуулагдаж байж, түүнд нь зааснаар газар ашиглах гэх хуулийн зохицуулалт байгаа. Мөн хуулийн 7 дугар зүйлийн 7.1-т ... газар ашиглаж, эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөрийг төлнө гэж заасны дагуу гэрээ байгуулагдаад тэр гэрээнийхээ дагуу газрын төлбөр төлнө гэсэн үг юм. Б.Т-н хувьд газар ашиглах гэрээ байгуулагдаагүй байхад төлбөр нэхэж байгаа нь буруу юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т ... дархан цаазат газрын байгалын цогцолбор газрын хязгаарлалтын бүс, Монгол улсын иргэн аж, ахуйн нэгжүүдэд тодорхой зориулалт, хугацаатайгаар байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэж заасны дагуу гэрээ байгуулагдсаны дараагаар ашиглах ажиллагаа явагдана гэж ойлгож байна. Мөн уг хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т ... сум, дүүргийн Засаг дарга уг хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т заасан шийдвэрийг үндэслээд иргэн аж ахуйн нэгж байгууллага газар ашиглах гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж заасан. Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд иргэн, аж ахуйн нэгж хуульд заасны дагуу газар эзэмшиж, ашиглахдаа гэрээ, гэрчилгээ, тухайлан тохиролцсон нөхцөл, болзол, шаардлагын үндсэн дээр дээрх эрхээ хэрэгжүүлэх бөгөөд гэрээ байгуулагдаагүй тохиолдолд газар эзэмших, ашиглах боломжгүй гэж тодорхой зохицуулж өгсөн. Өөрөөр бол иргэн хуулиар зөвшөөрсөн хүрээнд гэрээнд заасны дагуу газрыг ашиглаж болно гэж ойлгож байна. Нэхэмжлэгч газрыг хэрэглээгүй, хэрэглэх, ашиглах боломжийг олгоогүй байж, ашигласан гэж үзэж газрын төлбөр нэхэмжилж байгаа нь буруу юм. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т ...газрын төлбөрийн хэмжээ, түүнийг үнэлэх чөлөөлөх зохицуулах журмыг тусгайлсан хуулиар тогтооно гэж заасны дагуу тусгайлсан хууль нь Газрын төлбөрийн тухай хууль юм. Газрын төлбөрийн тухай хуульд ... Газрын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ажиглаж байгаа Монгол улсын иргэн аж ахуйн нэгж байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын иргэн.... газрын төлбөр төлөгч байна гэж заасны дагуу гэрээ байгуулаад газрыг эзэмшиж, ашиглаж байгаа этгээд газрын төлбөр төлөгч байна. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээ байгуулаагүй мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл гэрээ байгуулаагүй байна. Ингээд нэхэмжлэгч нь төлбөр төлөгч биш гэтэл газрын төлбөр нэхэж байгаа нь үндэслэлгүй юм. Гэрээнд сайдын тушаал гарсан өдрөөс хойш төлбөрийг тооцно гэх агуулга байгаа. Энэ нь гэрээнд хэдий ингэж заасан байсан ч хуульд өөрөөр заасан байх учир хуулийн заалтыг зөрчиж болохгүй. Заалтын үндсэн агуулга нь ямар хугацаагаар яаж хязгаарлагдах гэдэг нь тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглах зөвшөөрөл өгөх 2001 оны журамд 3 сарын хугацаанд тэр боломж хэрэгжинэ. Мөн төрийн захиргааны байгууллагын шийдвэр гаргаагүй удаасан тул шууд иргэнд хариуцлага хүлээлгэх байдлаар шийдэж болохгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.

Хоёр. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.Т нь тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тусгай хамгаалалттай газар нутгийн Төрхурахын ам гэдэг нэртэй газар 1.7 га газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 263 дугаар тушаалаар аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар авсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т ... сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т заасан шийдвэрийг үндэслээд иргэн аж ахуйн нэгжтэй газар ашиглах гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай байгуулна гэж заасны дагуу тус дүүргийн Засаг дарга Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газар болон газар ашиглагч Б.Т нар нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/428 дугаартай гэрээ байгуулснаар Газрын тухай хууль болон гэрээнд заасан зориулалтаар газар ашиглах эрх нь баталгаажсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2001 оны Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах түр журмын 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслээд хийгдсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тулгуурлаад гарсан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээг олгоно гэж заасны дагуу Б.Т-д гэрчилгээ олгосон. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа болон сум дүүргийн Засаг даргатай сунгасан гэрээг байгуулах байтал 2019 оны 9 дүгээр сар хүртэл дүүргийн Засаг даргад гэрээ байгуулах тухай хандаагүй учир хариуцагчийн хууль бус үйлдэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлд дурдагдсанаар газар ашиглах гэрээ байгуулаагүй үеийн газрын төлбөр нэхэмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, газар ашиглах хугацааг гэрээ байгуулсан хугацаанаас тооцохыг Б*******д даалгах гэсэн шаардлага нь Б*******д хамааралгүй юм. Мөн нэхэмжлэгч болон дүүргийн Засаг дарга, Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хамтран байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Богдхан Уулын дархан цаазат газар газар ашиглах тухай гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт нь ... газар ашиглах хугацааг нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл байхаар тусгагдсан бөгөөд нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байж төлбөр тооцоон дээр маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй тогтоогдохгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч Б.Т нь газар ашиглах гэрээ байгуулаагүй үеийн газрын төлбөр нэхэмжилсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, газар ашиглах хугацааг гэрээ байгуулсан хугацаанаас тооцох дүүргийн Засаг даргын даалгуулах нэхэмжлэлийн шаардлага нь дүүргийн Засаг даргын үйл ажиллагаатай холбоогүй асуудал байх тул хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Гурав. Хариуцагч Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 2 дугаар зүйлийн 2.5-д нэхэмжлэгч Б.Т-ийн маргаж байгаа асуудлыг тодорхой заасан байдаг. Газар ашиглах хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 07-оос 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гэж заасан. Газрын төлбөрийг Байгаль орчны сайдын шийдвэр гарсан өдрөөс эхлэн тооцно гэж заасныг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрөөд шийдвэрээ гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буруу байна гэж үзэж байна... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Т-с Б*******, Б*******нд тус тус холбогдуулан гаргасан Дархан цаазат Богдхан уулын арцатын амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар эрх олгосон 2 га газрын ашиглах эрхийн гэрээг байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгуулах, газар ашиглах гэрээ байгуулаагүй үеийн газрын төлбөр нэхэмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, газар ашиглах хугацааг мөн гэрээ байгуулсан хугацаанаас тооцохыг Б*******, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/263 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах хүсэлт гаргасан иргэн Б.Т-д Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Төрхурахын аманд 1,7 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгож, газар ашиглах гэрчилгээ олгожээ.

Үүний дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байгуулж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, газар ашиглагч иргэн Б.Т нар гарын үсэг зурсан байх бөгөөд Б.Т-с 2019 оны 11 дүгээр сард Б*******д хандан гуравласан гэрээ батлуулах талаар хүсэлт гаргахад 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01-09/5862 дугаар албан бичгээр Б******* нь 2017 оны газрын төлбөр 2244000, 2018 оны газрын төлбөр 6732000, 2019 оны газрын төлбөр 499002620 төгрөг, нийт 58878620 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсны дараа тус гэрээг батлуулах шаардлагатай гэсэн хариу өгсөн байна. [1]

Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна, 4 дүгээр зүйлд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна гэж газрын төлбөр төлөгч болон төлбөр ногдуулах газрын талаар зохицуулжээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9-д заасан эрхийнхээ хүрээнд Байгаль орчны сайд 2001 оны 218 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам баталсан бөгөөд тус журмын 3.4-д гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болохыг заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлаас үзвэл, нэхэмжлэгч Б.Т нь эрх бүхий этгээдийн шийдвэрийн үндсэн дээр улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглаж буй газрын төлбөр төлөх үүрэг бүхий этгээд байх бөгөөд газрын төлбөр ногдуулах үүрэг нь уг газрыг ашиглах эрх олгосон шийдвэр гарсан өдрөөр тооцогдохоор байх тул газрын төлбөр нэхэмжилсэн хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн байна.

Мөн нэхэмжлэгч Б.Т-ийн гарын үсэг зурсан 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №2019/328 дугаар газар ашиглах гэрээний 2.4-д газар ашиглах хугацаа: а/ эхлэх: 2017-09-07 б/ дуусах: 2022-09-07, 2.5-д Газрын төлбөрийг Байгаль орчны асуудал эрхэлсэн сайдын шийдвэр гарсан өдрөөс эхлэн тооцно гэж зааснаас үзвэл газар ашиглах гэрээ байгуулаагүй үеийн газрын төлбөр нэхэмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, газар ашиглах хугацааг мөн гэрээ байгуулсан хугацаанаас тооцохыг даалгуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн зүгээс газар ашиглах гэрээ байгуулах хүсэлтээ Б*******д удаа дараа гаргаж байсан ч гэрээ байгуулаагүй гэх боловч хариуцагч Б******* нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №2019/328 дугаар газар ашиглах гэрээнд гарын үсэг зурж, хариу тайлбарын хамт ирүүлснээс үзвэл Дархан цаазат Богдхан уулын арцатын амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар эрх олгосон 2 га газрын ашиглах эрхийн гэрээг байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах боломжгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйлд заасныг баримтлан Б.Т-ийн Б*******, Б*******нд тус тус холбогдуулан гаргасан Дархан цаазат Богдхан уулын арцатын амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар эрх олгосон 2 га газрын ашиглах эрхийн гэрээг байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгуулах, газар ашиглах гэрээ байгуулаагүй үеийн газрын төлбөр нэхэмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, газар ашиглах хугацааг мөн гэрээ байгуулсан хугацаанаас тооцохыг Б*******, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН