Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/301

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Т.Батжаргал, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Б.Оюунчимэг хөтлөн,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих, хяналтын прокурор Ц.Сонинмөнх, 

иргэдийн төлөөлөгч Б.Анхбаяр,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б ,

шинжээч Н.Туяа/онлайн/,

шүүгдэгч Ш.Б  түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч М овогт Ш-н Б өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2234000000576 дугаартай, 2 хавтаст хэргийг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 22-ны өдөр .............. суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дун боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1 ганцаараа ................ оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Ш-н Б  ............... /регистрийн дугаартай/ гэв.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга.

Шүүгдэгч Ш.Б  нь 2022 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар баг Гандангийн 113 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Б тай маргалдаж, улмаар зүүн эгэм хэсэг рүү нэг удаа хутгалж, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч Ш.Б  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 12 дугаар сарын 7-ны өглөө Н , Б  ах 2 намайг дуудсан. Тэгээд очтол М ах, Б  ах, Н ах байсан. М  ах тэр 2 хутганы сайн мууг яриад байсан. Тэгээд бас миний хэвлийн зүүн хэсэг рүү хутганы үзүүр ороод би гэр лүүгээ явсан. Орой нь би төв ороод дэлгүүр орж нэгж авчаад талийгаачийн хашааны урдуур явж байтал хашаанд нь гэрэл тусаад байхаар нь орсон чинь Болдбаатар ах идшээ хийж байсан. Тэгээд би махыг нь ачиж өгөөд хот руу явуулсан. Б  ах, Л.Н бид 3 үлдсэн. Н ах мах шөл зөөчихөөд гэр лүү ороход байхгүй, явчихсан байсан. Маш их харамсаж байна.” гэв.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 12 дугаар сарын 7-ны орой би тэнд очиж идшээ хийсэн. Намайг явснаас хойш хэрэг болсон байсан. Хэрэг яаж болсныг мэдэхгүй байна. Оршуулгын зардалд 32.000.000 төгрөгийн хохирол төлөгдсөн. Оршуулгын зардал төлөгдсөн байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй. Талийгаач миний төрсөн ах байсан.” гэв.

 

Шинжээч Н.Туяа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтээ тайлбарлан “2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №432 дугаартай Ц.Бадрал, Б.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтийг санал зөрөөгүйгээр гаргасан. Нэгдүгээрт талийгаач Х.Б  цогцост цусанд 7,1 промилл спиртийн агуулж илэрсэн байх ба энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарах ба үхэлд нөлөөлөхгүй, хоёрдугаарт талийгаачийн нойр булчирхайн сүүл хэсэгт цус харвалттай байх ба энэ нь үхэлд нөлөөлөхгүй. Уг цус харвалт нь спиртийн зүйл их хэмжээгээр хэрэглэх, мөн нойр булчирхайн үрэвсэл өвчний үед үүснэ, гуравдугаарт талийгаач Х.Б  нь цээжний хөндий рүү нэвтэрч эгэмний артер, венийн судасны тасрал, цээжний хөндий дэх цус алдалт /400 мл/-н улмаас нас барсан гэх дүгнэлтийг гаргасан.... ...уг гэмтлийг авснаас хойш тодорхой богино хугацаанд амьд байх боломжтой, урт хугацаанд амьд байх боломжгүй...Эмнэлгийн тусламж авсан ч амь насыг аврах боломжгүй.

Нойр булчирхайн цус харвалт гэдэг нь спиртийн зүйлийг их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд, аль эвсэл нойр булчирхайн цочмог үрэвсэл болсон тохиолдолд цус харвадаг. Цусанд 7,1 хувийн промиллийн спиртийн агууламж нь үхэлд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй... Хутганы чиглэл дээрээс доош чиглэлтэй байсан...Энэ нь давхралдаж унах явцад үүсэхгүй... өөр зулгаралт байгаагүй тул шууд нэг л удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл.” гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2234000000576 дугаартай хавтаст хэргээс:

1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 01 тал/,

2.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 2-6 тал/,

3.Хэргийн газарт үзлэг хийх явцдаа хураан авсан “бор өнгийн иштэй ажлын хэсгийн гадаргууд улаан хүрэн өнгийн бохирдолтой, хар өнгийн нунтаг бохирдолтой хутганаас дээж авч, цус илэрсэн эсэх? Илэрсэн цус нь талийгаач Х.Б-н цусны бүлэгтэй тохирсон эсэхийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 161 дугаартай дүгнэлтэд “ шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн иштэй хутган дээр цус илэрсэн, ...илэрсэн цус нь В/III/бүлгийн харъяалалтай байна.” гэж, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1 хавтаст хэргийн 85,86 тал/,

4.Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 244 дугаартай дүгнэлтэд “ цогцосны гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл, эмгэг өөрчлөлтүүдэд “... зүүн мөрний товгороос  доош 3 см-т 4.4*1.2 см зүсэгдэж нэвтэрсэн шархтай, шархны мөр хэсэг нь 8 цагийн чигт, шархны ир хэсэг нь 1 цагийн зүгт байв. Чамархай хэсэгт 2*0.2 см шархтай байв.” гэж,

Цээж, хэвлийн хөндийн эрхтнүүдийг нээж шалгахад... цээжний зүүн талын хөндийд 400 мл орчим цусархаг шингэнтэй байв. Зүүн эгэм, зүүн 2-р хавирганы завсар нэвтэрсэн шарх, зүүн эгэмний артер, венийн судас зүсэгдэж тасарсан.” гэж тус тус тэмдэглэгдэж, дүгнэлтэд “Х.Б  биед эгэмний артер, венийн судасны тасралт, цээжний хөндийрүү нэвтэрсэн шарх, дотуур цус алдалт, биед шарх гэмтэл тогтогдлоо....гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл,...талийгаач Х.Б  нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас зүүн артер, венийн судас тасарч цус алдаж нас баржээ. Талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байна.” гэсэн дүгнэлт  болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 62-71 хуудас/,

5.Мөрдөн шалгаах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б ын өгсөн “Талийгаач Хайдавын Б  нь миний төрсөн ах бөгөөд бид нар эцэг, эхээс 6-лаа төрж өссөн. Талийгаач Х.Б  нь огт хүнтэй сууж гэр бүл болж байгаагүй, эхнэр хүүхэдгүй, бид нарын хамгийн том ах хүн байсан бөгөөд Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар баг, Гандангийн 113 тоотод өөрийнхөө хашаа байшинд ганцаараа амьдардаг байсан. Би хамгийн сүүлд талийгаач ахтайгаа 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр уулзсан бөгөөд би 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 19-20 цагийн үед талийгаач ахынхаа гэрт Улаанбаатар хотоос идшээ хийхээр ирсэн. Би эхнэр Эрдэнэсувдтай хамт ирсэн бөгөөд намайг ирэхэд талийгаач ах гаргах адууг хашаанд бариад бэлдчихсэн хажууд нь нутгийн Н , Батаа буюу Б   3 байсан. Бид нар нийлээд манай идшийг гаргасан бөгөөд би адуугаа гаргуулж аваад 22 цаг өнгөрч байхад явсан. Ард талийгаач ахтай хамт Б   үлдсэн бөгөөд адуу хийж байхад хар М  ирсэн байсан бөгөөд тэр 3 архи уугаад үлдсэн. Тэр 3 адуу хийлцэж байхдаа л дундуур нь гэр лүү орж гараад архи уугаад байсан. Харин Н болохоор адуу унагаалцаж өгчихөөд дундаас нь намайг явахаас өмнө явсан. Намайг анх ирэхэд л ахын гэр дотор ширээний доор 2 архины шил байсан болохоор би ахыг уучихсан байгаа юм байна даа гэж бодож байсан. Яг хэзээ нь хэнтэйгээ ямар архи уусныг бол мэдэхгүй байна. Би архи аваачиж өгөөгүй, явахдаа өөрийнх нь хэлсэн дэлгүүрийн гэр Доржханд гэсэн данс руу 20000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэгтэл өнөөдөр өглөө буюу 2022 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 09-10 цагийн орчимд юм болов уу над руу миний төрсөн дүү А  А  утсаар ярьсан, дараагаар нь том эгч Ундрах над руу утсаар яриад ахыг гэртээ нас барсан байна гэж хэлсэн. Манай адууг гаргаж байх хугацаанд бол талийгаач болон тэнд байсан хүмүүс хоорондоо маргалдаж муудалцсан асуудал огт байхгүй. Бүгд зүгээр л хоорондоо юм яриад адуу гаргацгаасан. Харин бага зэрэг архи уусан байсан. Талийгаач ах Н 2 бол насаар чацуу нэг төгсөлтийн 2 багаасаа нэгнийгээ мэднэ. Хар М  бол насаар дүү боловч нэг доор зэргэлдээ гудамжинд өссөн, дандаа л манай ахын гэрээр орж гараад явж байдаг. Б   бас насаар нэлээн дүү ч гэсэн бас л ахын гэрээр орж гараад явж байдаг залуу байгаа юм. Манай талийгаач ах маань ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй. Ер нь бол эмнэлэгт ч гэсэн хэвтэж байгаагүй. Бие сайтай хүн байсан. Талийгаач ах маань ер нь бол архи уучихдаг байсан. Ганцаараа амьдардаг болохоор хүмүүс орж гараад хамт уугаад байдаг юм шиг байна лээ. Би тэр болгон хамт байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна.Болсон асуудлыг үнэн зөвөөр шийдэж буруутай этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийн хүсэж байна.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 11-12 хуудас/,

6.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Г ын өгсөн”...2022 оны 12 сарын 8-ны өдөр Угтаалцайдам сумын төвөөс дэлгүүрээс хүнсний зүйл авах зорилгоор 14 цагийн орчим ирсэн.... тэгээд дүү Гантөмөрийнд ороход Хар М  гэж хочилдог М  архи уугаад сууж байсан..надад хэлэхдээ х.Б ыг зүрхний калап нь хаагдаад нас барсан гэнээ хоёулаа очих уу? гэж асуусан тэрнээс хутга барьж байгаад барьсан хутгыг нь булааж авах гээд ноцолдож байгаад хутгалсан талаараа юм яриагүй.” гэсэн  мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 31 хуудас/, ,

7.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.О ийн өгсөн “...2022 оны 12 сарын 7-ны орой 23 цаг 22 минутад .... дугаараас миний утас руу залгаад Аниа эмнэлгийн утас мэдэх үү? гэсэн яасан гэхэд хажуугаас нь нэг хүн аваад эмнэлгийн дугаар мэдэх үү? гэхээр нь би шууд дуугаар Х.Б   байна гэж танисан. ...Хар М  хүн хутгалчихлаа гэсэн... тэр утас миний төрсөн ахын хүүхэд Г ын дугаар..” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 14 хуудас/,

8.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.О ийн өгсөн “..12 сарын 8-ны өдөр 09 цаг 50 минутын орчим Т  эмнэлэг дээр ирээд тэнд хүн цус нөжиндөө баригдчихсан хэвтэж байна гэсэн....Угтаалцайдам сумын эрүүл мэндийн төвийн жижүүр ажилтай байсан... очиход Х.Б  нь байшингийнхаа хойд өрөөний гол хэсэгт газарт нүүр хэсэг дээшээ харсан, нэлэнхүйдээ нүүр гар, цээж хэсгээрээ цус болсон баруун гараа зүүн эгэм дээрээ тавьсан байдалтай нас барсан байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 19 хуудас/,

9.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Б ийн өгсөн “...Тэгж хар М  болон талийгаач 2 мах чанах чанахгүй гэж ярьж байгаад Х.Б  ах мах чанана гээд хутга авсан хар М  хутгыг нь авах гээд тэр 2 ноцолдож байгаад Б  ах хойшоо хөл алдаад унасан, тэгээд ухасхийгээд босоод ирэх хооронд М  Б  ахын зүүн эгэм хэсэг рүү хатгачих шиг болсон. Гэр ойрхон тул ороод Г ын утсаар эмнэлгийн дугаар Отгоо эгчээс асуухад мэдэхгүй гэсэн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 27-28 хуудас/,

10.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Дуламхандын өгсөн “...12 сарын 8-нд Ш.Б ийн дүү Б  над руу 10 цаг 12 минутад яриад та хаана байна, Б  ахын гэрээр ороодхооч, цаадах чинь хэрэг төвөгт холбогдчихсон юм шиг байна гэсэн гэрт нь очиход байхгүй гэрийнх нь хаалга онгорхой байхаар нь орж гал түлчихээд буцаад гарах гэтэл цагдаатай таарахад Ш.Б ийг хайгаад явж байсан. Гэтэл над руу 11 цаг 49 минутад залгасан би Б  ахтай архи уусан уу? нас барчихсан байна, очиж учраа олооч гэхэд утсаа тасалчихсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 24 хуудас/,

11.Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Н.Г ын өгсөн “12 сарын 7-ны орой 23 цаг өнгөрч байхад гаднаас Х.Б   ах халамцуухан орж ирээд ахын дүү ахдаа нэг утсаар яриулаач Отгоо аниа руугаа залгачих гэсэн...Отгоо Аниад нөгөө хар М  ах нэг хүнийг хутгалчихлаа гэсэн. Би ойлгохдоо хар М  ах хэн нэг хүнийг хутгалчихсан юм болов уу? л гэж бодсон.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 22 хуудас/,

12.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Т ын өгсөн “.2022 оны 12 сарын 8-ны өглөө 08 цаг 40 минутын орчим...Б  ахын гэрт нь очиход гэрт нь хүн байхгүй, өөрөө хоймор хэсэгтээ толгой нь цонх руугаа харсан байдалтай нүүр нь нэлэнхүйдээ цус болчихсон хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Дуудахад хөдлөхгүй байсан би шууд сумын цагдаа дээр ирж мэдэгдээд дагуулж очоод үзүүлсэн. ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 17 хуудас/,

13.Мөрдөн шалгах ажиллагааны явцад сумын хэсгийн төлөөлөгч Д.Батхуягийн гэрчээр өгсөн “8-ны өглөө манай сумын Т  ах утсаар яриад ах нь Давкаг хайж байгаад Б  ахын гэрт орлоо тэгсэн чинь Б  ах нил цус болчихсон газар хэвтэж байна. би ойртсонгүй, нэрээр нь дуудсан хөдлөхгүй байна .. Манай цагдааг очоод аваад яваарай гэсэн,” гэсэн мэдүүлэг /2-р хх 2/,

14.Шүүх шинжилгээний үндэсний газрын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шинжээчийн 432 дугаартай дүгнэлтэд “ Х.Б  цусанд 7.1 промилл спиртийн агууламж илэрсэн байх ба согтолтын хүнд зэрэгт хамаарах ба үхэлд нөлөөлөхгүй, талийгаачийн нойр булчирхайн сүүл хэсэгт цус харвалттай байх ба энэ нь үхэлд нөлөөлөхгүй... талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрч эгэмний артер, венийн судасны тасрал, цээжний хөндий дахь цус алдалт/400мл/-н улмаас нас баржээ” гэсэн дүгнэлт    /1 дүгээр хх-ийн 225-228 хуудас/,

15.Шинжээчийн 244 дугаартай дүгнэлт гарсан шинжээч И.Ганболорын “эгэмний артер, венийн судасны тасралт, цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, дотуур цус алдалд шарх гэмтлүүд учирсан байна...амь насыг аврах боломжгүй, Учир нь артер венийн судас тасарсан байсан. Нас барсны дараа нойр булчирхайд цус харвалт үүсдэг. Нойр булчирхайн сүүл хэсэгт үүссэн цус харвалт үхэлд хүргэхгүй.” гэсэн мэдүүлгийг / хавтаст хэргийн 1-220 тал/

 16.Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Криминалистикийн шинжээчийн 31 дугаартай “Ш.Б  нь сэтгэцийн ямар нэг өвчин үгүй....үнэн зөв мэдүүлэг өгөх...хэрэг хариуцах чадвартай “ гэсэн дүгнэлт /1 хавтаст хэргийн 80-82 тал/,

17. Шүүх шинжилгээний Ерөнхий газар Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 сарын 13-ны өдрийн гарын хээний мөр илэрүүлэх 31 дугаартай “Гарын мөр нь Лхагвасүрэнгийн Н ын зүүн гарын дунд хурууны өндөгний дардастай ерөнхий болон хувийн шинж тэмдгээрээ тохирч байна.” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 233-235 хуудас/,

18.Гэрч Ш.Батсарангийн “ Миний дүү Ш.Б  урьд нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй. Адуу мал үхрээ тэжээж амьдардаг.”гэсэн мэдүүлэг /1-р хх 38-40/,

19.Ш.Б ийн сэжигтнээр өгсөн “....хутгыг нь салгаж авах гээд булаацалдаж байгаад өнхөрөөд ойчиход санамсаргүй зүүн эгэм рүү нэг удаа хутгалчихсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх 42-44/,

20.Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №6 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 74-75/,

21.Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023.04.19-ний өдрийн 17 дугаартай “дахин шинжилгээ хийлгэх тухай” прокурорын тогтоол /1-р хх 221-22/,

22. Цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар, суурь боловсролын гэрчилгээний хуулбар,

 23.Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх 111/,

24.Төв аймгийн Угтаалцайдам сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт,

25.Төв аймгийн Угтаалцайдам сумын Эрүүл мэндийн төвийн 2023.07.26 өдрийн 79 дугаартай албан бичиг,

26.хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б ын “Ш.Б  нь оршуулгын зардал 32.000.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан үнэн” гэх өргөдөл, хохирол төлсөн талаарх баримтууд

27. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-110/, болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтыг шинжлэн судалсан болно.  

 

Гурав: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ш.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүнийг алах" гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгч Шагдарын Б өд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч нь Ш.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүнийг алах" гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч оршуулгын зардал 32.000.000 төгрөгийг төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ш.Б ийн өмгөөлөгч  Ж.Нарантуяа: “Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэхэд эргэлзээ төрж байгаа. Нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж үзэж байна. Тухайн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа тодорхой бус байхад прокурор 07-08-ны шилжих шөнө нас барсан байсан гэж дурдсан байдаг. Вений судас нь тухайн үед тасарсан байна уу, хэдэн цагийн үед энэ гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг нарийвчлан тогтоогоогүй шүү дээ. Энэ асуудлаар мөрдөгчид хүсэлт гаргахад хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байгаа. Гэтэл хэрэгт миний хүсэлт ч байхгүй, мөрдөгчийн гаргасан тогтоол ч алга. Би мөрдөн шалгах ажиллагаанаас өмгөөлөгчөөр оролцож эхэлсэн. Нийтдээ 3 удаа хүсэлт бичиж өгсөн. Шинжээч мөрдөгчийн бичиж өгсөн асуултаас шал өөр байдлаар дүгнэсэн байсан. Хүний амь нас хохирсон асуудлыг 2 байдлаар дүгнэсэн байсан. Вений судас тасарч цус алдаж нас барсан, үхлийн дараагийн шалтгааныг нь үхэлд хүргэх этилийн спирт 7,1 гэсэн байсан. Үүн дээр өмгөөлөгч миний бие эргэлзсэн. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байгаа учраас дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаад прокурор дахин шинжээч томилсон. Хутганы хэмжээ, дээрээс доошоо чиглэлтэй байсан гэж 432 дугаартай шинжээчийн дүгнэлтэд огт байхгүй. Артерийн вений судас тасарч нас барсан гэдгийг өмгөөлөгч миний бие ойлгож байна. Цус алдалтын хэмжээг 400 мл гэсэн байдаг. Эрүүл мэндийн сайдын 2022 оны 61 дугаартай 400 мл цус алдалтын хэмжээ нь нойр булчирхайн үрэвсэлд нөлөөлнө гэсэн байдаг. Тухайн сайдын тушаал хэрэгт хамааралгүй ч гэсэн энэ цус алдалт нь үнэхээр нойр булчирхайд нөлөөлж байгаа юм уу, нөлөөлөхгүй байгаа юм уу гэдгийг шинжээч нараас асууж тодруулаагүй. Энэ талаар ч тодорхой бус хариулт өгсөн. Энэ цус алдалт нь нойр булчирхайд нас барахын өмнө нөлөөлдөг, нас барсаны дараа биш гэсэн эрх бүхий албан тушаалтнуудын боловсруулсан баримт байна. Үнэхээр эргэлзээ төрүүлсэн учраас урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт бичсэн. Хэргийн газрын үзлэгийн асуудлын хувьд хэргийн газрын үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрчүүдийг оролцуулах ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хөндлөнгийн гэрчийг зайлшгүй оролцуулах ёстой, гэтэл хөндлөнгийн гэрчийг оролцуулахгүйгээр ажиллагаа явуулсан. Хөндлөнгийн гэрчийг оролцуулах боломжгүй бол дуу дүрсний бичлэгээр баталгаажуулах ёстой. Гэтэл дуу, дүрсний бичлэг хийгдсэн гэх атлаа хэрэгт байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдах ёстой. Хэргийн гарын үзлэгийн тэмдэглэл дээр гар хурууны хээ буюу ул мөр үүссэн талаар цэг цэг тавиад илэрсэн байна гэдэг. Хэдэн хурууны хээ илэрсэн юм бэ. Төв аймгийн шинжээчийн дүгнэлтэд ямар хэрэггүй, ач холбогдолгүй 19 хүний нэрийг жагсааж бичсэн мөртлөө Н ын гарын хээний ерөнхий болон хувийн шинж нь тохирч байна гэсэн байдаг. Шинжээчийн дүгнэлт дээр Н гэж гарсан юм бол Н ын асуудлыг бас шалгах ёстой. Энэ шинжээчийн дүгнэлт үнэхээр үндэслэлгүй гарсан байхад прокурор яллах дүгнэлт яллах үндэслэл болгож, яллах баримт болгож орж ирсэн. Амь хохирогчид учирсан гэмтэл хутга буцаалдаж байх явцад үүссэн үү, үгүй юу гэдгийг шалгаагүй. Тэгэхээр талийгаач болон миний үйлчлүүлэгч хоёрын хооронд үүссэн харилцаа үйл явдлын нарийвчлан шалгаагүй. Үүнийг зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгээр нотлохгүй. Б ийг гэрчээр оролцуулах гээд байгаа шалтгаан нь “ ...энэ хоёр маргалдсан, маргалдах явцдаа хутга булаацалдсан, хутга булаацалдах явцдаа хатгачих шиг болсон” гэж мэдүүлсэн байдаг. Хүнийг санаатай алсан гэхэд эргэлзээ төрж байгаа учраас шүүх хуралдааныг хойшлуулж, шинжээч томилж өгнө үү? гэсэн санал дүгнэлтийг,

 

Иргэдийн төлөөлөгч А.Анхбаяр нь "шүүдэгч Ш.Б ийг "хүнийг алах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай" гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд

амь хохирогчийн төрсөн дүү Х.Б  нь Төв аймгийн Угтаалцайдам Асгат 2 дугаар баг Гандангийн 113 тоотод оршин суух ах Х.Б  гэрт 2022 оны 12 дугаар сарын 7-ний өдөр Улаанбаатар хотоос “идшээ гаргах”-аар /адуу/ очиж, түүний адууг Л.Н Х.Б , Х.Б   нар янзалж байхад шүүгдэгч Ш.Б  ирсэн бөгөөд адуу янзалж дуусаад Л.Н явсан бөгөөд адуу янзалж байхад Х.Б , Х.Б  , Ш.Б  нар хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна./19-20 цагийн орчим/

 

Адуугаа янзалсны дараа Х.Б ын адууны махыг машинд хийж, улмаар Х.Б  Улаанбаатар хот руу 22 цагийн орчим буцжээ.

 

Тухайн цаг хугацаанд буюу хэргийн нөхцөл байдал болох үед амь хохирогч Х.Б , шүүгдэгч Ш.Б , гэрч Х.Б   нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд шүүгдэгч Ш.Б   нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Угтаалцайдам Асгат 2 дугаар баг Гандангийн 113 тоотод оршин суух иргэн Х.Б тай "...адууны мах чанана, чанахгүй" гэх асуудлаас маргалдан улмаар түүний зүүн эгэм хэсэг рүү нэг удаа хутгалсан үйл явдлын талаар:

гэрч Д.Дуламхандын өгсөн "Б ийн төрсөн дүү Б  над руу яриад Б ийн гэрээр та нэг ороодхооч цаадах чинь хэрэг төвөгт холбогдчихсон юм шиг байна гэхээр нь би гэрт нь очиход гэрийнх нь хаалга үүд онгорхой байхаар нь гал түлэх гээд гэрт нь ороход гэрийнх нь үүдэнд сумын цагдаатай таарсан... гэтэл над руу 08-ны 11 цаг 49 минутад өөрийнхөө 91401929 дугаарын утсаар залгахаар нь би чи хаана байгаа юм бэ, гэхэд би гэртээ байна гэсэн...Б  ахтай архи уусан юм уу?Б  ах нас барчихсан байна, очиж учраа олооч гэхэд утсаа таслаад хаячихсан " гэсэн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 24-тал/

Шүүх шинжилгээний Ерөнхий газар Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 сарын 13-ны өдрийн гарын хээний мөр илэрүүлэх 31 дугаартай “Гарын мөр нь Лхагвасүрэнгийн Н ын зүүн гарын дунд хурууны өндөгний дардастай ерөнхий болон хувийн шинж тэмдгээрээ тохирч байна.” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 233-235 хуудас/,

гэрч Б.Г ын " 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн орчим Гантөмөрийн гэрт ороход Хар М   Гантөмөрийн хамт 1 шил 0.75 литрийн архи хувааж уугаад сууж байхаар нь би тэр архинаас нь хувааж уусан, 20-30 минут болсон би гараад явахад Б  дагаж гараад "Х.Б  зүрхний калап нь хаагдаад нас барсан гэнээ яаж орох уу? гэсэн .... Х.Б тай гэрт нь байж байгаад барьсан хутгийг нь булааж авах гээд ноцолдож байгаад хутгалсан талаар юм ярьж хэлээгүй" гэсэн / хавтаст хэргийн 1-31 тал/ мэдүүлгүүд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 244 дугаартай дүгнэлт болон шинжээчийн 244 дугаартай дүгнэлт гарсан шинжээч И.Ганболорын “эгэмний артер, венийн судасны тасралт, цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, дотуур цус алдалт шарх гэмтлүүд учирсан байна...амь насыг аврах боломжгүй. Учир нь артер венийн судас тасарсан байсан. Нас барсны дараа нойр булчирхайд цус харвалт үүсдэг. Нойр булчирхайн сүүл хэсэгт үүссэн цус харвалт үхэлд хүргэхгүй.” гэсэн мэдүүлгийг,/ хавтаст хэргийн 1-220 тал/ Шүүх шинжилгээний үндэсний газрын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шинжээчийн 432 дугаартай дүгнэлтэд “ Х.Б  цусанд 7.1 промилл спиртийн агууламж илэрсэн байх ба согтолтын хүнд зэрэгт хамаарах ба үхэлд нөлөөлөхгүй, талийгаачийн нойр булчирхайн сүүл хэсэгт цус харвалттай байх ба энэ нь үхэлд нөлөөлөхгүй... талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрч эгэмний артер, венийн судасны тасрал, цээжний хөндий дахь цус алдалт/400мл/-н улмаас нас баржээ” гэсэн дүгнэлтийг гаргаж,

тухайн дүгнэлттэй холбоотойгоор шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Н.Туяагийн “2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №432 дугаартай Ц.Бадрал, Б.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтийг санал зөрөөгүйгээр гаргасан. Нэгдүгээрт талийгаач Х.Б  цогцост цусанд 7,1 промилл спиртийн агуулж илэрсэн байх ба энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарах ба үхэлд нөлөөлөхгүй, хоёрдугаарт талийгаачийн нойр булчирхайн сүүл хэсэгт цус харвалттай байх ба энэ нь үхэлд нөлөөлөхгүй. Уг цус харвалт нь спиртийн зүйл их хэмжээгээр хэрэглэх, мөн нойр булчирхайн үрэвсэл өвчний үед үүснэ, гуравдугаарт талийгаач Х.Б  нь цээжний хөндий рүү нэвтэрч эгэмний артер, венийн судасны тасрал, цээжний хөндий дэх цус алдалт /400 мл/-н улмаас нас барсан гэх дүгнэлтийг гаргасан.... ...уг гэмтлийг авснаас хойш тодорхой богино хугацаанд амьд байх боломжтой, урт хугацаанд амьд байх боломжгүй...Эмнэлгийн тусламж авсан ч амь насыг аврах боломжгүй.

Нойр булчирхайн цус харвалт гэдэг нь спиртийн зүйлийг их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд, аль эвсэл нойр булчирхайн цочмог үрэвсэл болсон тохиолдолд цус харвадаг. Цусанд 7,1 хувийн промиллийн спиртийн агууламж нь үхэлд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй... Хутганы чиглэл дээрээс доош чиглэлтэй байсан...Энэ нь давхралдаж унах явцад үүсэхгүй... өөр зулгаралт байгаагүй тул шууд нэг л удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл..” гэсэн шинжээчийн мэдүүлгүүдээр няцаагдаж байх тул, гэрч Д.Дуламханд, Б.Г  нарын мэдүүлгийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй,

 

 Мөн Шүүх шинжилгээний Ерөнхий газар Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 сарын 13-ны өдрийн гарын хээний мөр илрүүлэх 31 дугаартай “Гарын мөр нь Лхагвасүрэнгийн Н ын зүүн гарын дунд хурууны өндөгний дардастай ерөнхий болон хувийн шинж тэмдгээрээ тохирч байна.” гэсэн дүгнэлтийг шүүх яллах талын нотлох баримтад  тус тус үнэлээгүй болно.

Учир нь Л.Н хэрэг учрал гарахаас өмнө нь адуу гаргаж өгөөд явсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяагийн “ хутган дээр Л.Н ын гарын мөр илэрсэн нь амь хохирогчийг хутгалсан байх үндэстэй” гэсэн хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул 31 дугаартай шинжээчийн дүгнэлтийг яллах нотлох баримтаар үнэлэх үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б ийн "би санаатай алах бодол байгаагүй,  хутга булаацалдаж байхдаа санамсаргүй зүүн эгэмд нь хутгалчихсан" гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх үндэслэл болохгүй.

 

Хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан гэрч, сэжигтэн, яллагдагч шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлэг зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл:

 

2022 оны 12 дугаар сарын 7-8-д шилжиж шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар баг Гандангийн 113  тоотод /амь хохирогчийн гэрт/шүүгдэгч Ш.Б  нь амь хохирогч Х.Б  нар нь согтуугаар хоорондоо маргалдсаны улмаас Х.Б  эгэм тус газарт хутгалж "зүүн эгэмний артер, венийн судасний тасралт, цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх дотуур цус алдалт /400 мл/” бүхий гэмтэл учруулан амь насыг нь хохироосон гэж үзэхээр байна.

 

Тухайлбал,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар баг Гандангийн 113  тоотод 2022 оны 12 дугаар сарын 7-8-д шилжиж шөнө Х.Б  нь хутгалуулсан байдалтай нас барсан “ гэх мэдээллийг 2022 оны 12 сарын 08-ны өглөө 09 цаг 30 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэж санаатайгаар худал мэдээлбэл хариуцлага хүлээхийг мэдээлэгчид сануулсан байна. /1-хх-02 тал/ уг мэдээллийг гэрч Т  нь 12 сарын 8-ны өглөө 8 цаг 40 минутын орчим хүн хайж, талийгаачийн гэрт очсоноор мэдэж, хэсгийн төлөөлөгч Цагдаагийн ахмад Д.Батхуягт мэдэгдэж, гэмт хэргийн талаарх дуудлагыг Төв аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгч, хэргийн газарт Д.Батхуягийн “Х.Б  нас барсан байна” гэх дуудлагыг  дагуу хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу үзлэг хийсэн тэмдэглэл үйлдэж, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 2-6 тал/, хэргийн газарт үзлэг хийх явцдаа хураан авсан “бор өнгийн иштэй ажлын хэсгийн гадаргууд улаан хүрэн өнгийн бохирдолтой, хар өнгийн нунтаг бохирдолтой хутганаас дээж авч, цус илэрсэн эсэх? илэрсэн цус нь талийгаач Х.Б  цусны бүлэгтэй тохирсон эсэхийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 161 дугаартай дүгнэлтэд “шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн иштэй хутган дээр цус илэрсэн, ...илэрсэн цус нь В/III/бүлгийн харьяалалтай байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1 хавтаст хэргийн 85,86 тал/,

амь хохирогчийн үхлийн шалтгааныг тодорхойлох зорилгоор гаргасан Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 244 дугаартай дүгнэлтэд “ цогцосны гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл, эмгэг өөрчлөлтүүдэд “... зүүн мөрний товгороос  доош 3 см-т 4.4*1.2 см зүсэгдэж нэвтэрсэн шархтай, шархны мөр хэсэг нь 8 цагийн чигт, шархны ир хэсэг нь 1 цагийн зүгт байв. Чамархай хэсэгт 2*0.2 см шархтай байв.” гэж,Цээж, хэвлийн хөндийн эрхтнүүдийг нээж шалгахад... цээжний зүүн талын хөндийд 400мл орчим цусархаг шингэнтэй байв. Зүүн эгэм, зүүн 2-р хавирганы завсар нэвтэрсэн шарх, зүүн эгэмний артер, венийн судас зүсэгдэж тасарсан.” гэж тус тус тэмдэглэгдэж, дүгнэлтэд “Х.Б  биед эгэмний артер, венийн судасны тасралт, цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, дотуур цус алдалт, биед шарх гэмтэл тогтогдлоо....гэмтэл хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл,...талийгаач Х.Б  нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас зүүн артер, венийн судас тасарч цус алдаж нас баржээ. Талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байна.” гэсэн дүгнэлт  болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 62-71 хуудас/,

мөн хэргийн материалаар хийсэн 3 бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гаргасан 432 дугаартай дүгнэлтээр "Х.Б  биед эгэмний артер, венийн судасны тасралт, цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, дотуур цус алдалт, биед шарх гэмтэл тогтоогдлоо....гэмтэл хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл,...талийгаач Х.Б  нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас зүүн артер, венийн судас тасарч цус алдаж нас баржээ." гэсэн дүгнэлтүүд зөрүүгүй бөгөөд гэрч Х.Б ийн мэдүүлгийнхээ эх сурвалжаа зааж тодорхой, мэдүүлсэн" бид нар адуугаа янзлангаа ганц шил архи хувааж уусан...адуугаа янзлаад Болдбаатарт өгч явуулаад адуунаас үлдсэн бага зэргийн мах болон гэдэс дотрыг гэр лүү оруулаад талийгаач Х.Б  ах мах чанах уу? гэсэн хар М  болохоор чанахгүй ганц юмаа хуваагаад уучихъя" гэж хэлсэн.Б  ах  мах чанана гээд хутга авсан, хар М  хутгыг нь авах гээд ноцолдсон бөгөөд ноцолдох явцад Б  ах хөл алдаад унасан, тэгээд ухасхийгээд босоод ирэх хооронд хар М  хутгаар Б  ахын зүүн эгэм хэсэг рүү хатгачих шиг болсон, тухайн хэсгээс нь цус гарсан бөгөөд яах уу гэхэд? Х.Б  ах зүгээрээ гээд босож ирээд сууж байсан. Тэгээд манай гэр  ойрхон учир гэр лүүгээ очоод ... Г ын утсаар О  эгчээс эмнэлгийн дугаар мэдэх үү гэхэд мэдэхгүй гэсэн. Тэгээд дугаарыг нь олоогүй намайг гарах үед Б  ах М  ахтай юм яриад суугаад үлдсэн. Би зүгээр байх л гэж бодсон. Тэр асуудлаас өмнө М  ах Б  ахыг дөрөөгөөр цохиж толгойг нь хагалж байсан гэх яриа байдаг." гэх эх сурвалжаа заан мэдүүлсэн гэрчийн мэдүүлгийг /хавтаст хэргийн 1-27-28 тал/-ийг насанд хүрээгүй гэрч Н.Г , гэрч Б.Г , Х.О  нар нь давхар нотолж мэдүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд ямар нэгэн эргэлзээгүйгээр гаргасан шинжээчийн дүгнэлтүүд,

уг дүгнэлттэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч И.Ганболор, Н.Туяа нар нь "Цээж, хэвлийн хөндийн эрхтнүүдийг нээж шалгахад... цээжний зүүн талын хөндийд 400мл орчим цусархаг шингэнтэй байв. Зүүн эгэм, зүүн 2-р хавирганы завсар нэвтэрсэн шарх, зүүн эгэмний артер, венийн судас зүсэгдэж тасарсан...уг гэмтлийг өөрөө өөртөө учруулах, давхарлаж унах үед үүсэх боломжгүй, зүүн мөрний товгороос  доош 3 см-т 4.4*1.2 см зүсэгдэж нэвтэрсэн шархтай, шархны мөр хэсэг нь 8 цагийн чигт, шархны ир хэсэг нь 1 цагийн зүгт байв. Чамархай хэсэгт 2*0.2 см шархтай байсан. Амь насыг аврах боломжгүй" гэсэн мэдүүлэг өгсөн нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн хамарч чадсан гэж шүүх дүгнэсэн болно.

 

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.Б өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж дүгнэж, улсын яллагчаас Ш.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт,

иргэдийн төлөөлөгчөөс гаргасан "гэм буруутай" гэсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтүүд нь  хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч, шүүгдэгч Ш.Б ийг "хүнийг алах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хүнийг алах гэмт хэргийн санаа зорилго нь гэмт этгээд хохирогчийн амь насанд аюултай үйлдэл хийж буйгаа ухамсарлах, эсхүл тухайн үйлдэл амь насанд аюултай болохыг урдаас ухамсарлах боломжтой байх шинж тэмдгээр илэрдэг.

 

Энэ гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч Ш.Б  нь амь хохирогчийн зүүн эгэм тус газарт хутгалсан үйлдэл болон хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

 

Гэм буруугийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн "шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах гэрчээс дахин мэдүүлэг авах ажиллагааг гүйцэтгүүлэхээр" шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан нь шүүгдэгч нь Ш.Б  согтуугаар хохирогчийн зүүн эгэм тус газарт хутгалсан нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж халдсан гэм буруугийн санаатай хэлбэр нь гэм буруугүйд тооцох, дахин дүгнэлт гаргах үндэслэлийг үгүйсгэж байх ба амь хохирогч өөртөө гэмтэл учруулах, унах үед үүссэн гэх нөхцөл байдал шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй, тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан "шүүх хуралдааныг хойшлуулах тухай" санал дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй юм.

 

Дөрөв. Хохирол хор уршгийн тухайд.

           Амь хохирогчийн төрсөн дүү Х.Б  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон байна.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад талийгаач ганцаараа амьдардаг, эх дүү нар ярилцаад Х.Б ыг хууль ёсны төлөөлөгчөөр томилохоор тогтсон гэж тэмдэглэгджээ.

 

            Энэ нөхцөл байдлыг харгалзан амь хохирогчийн төрсөн дүүг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн "хохирол" гэж,

            мөн Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд хүний амь нас хэзээ ч нөхөн сэргээгдэх боломжгүй хохирол хор уршигтай.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан.

              

            Хавтаст хэргийн 163-207 дугаар талд хохирол, хор уршигтай холбоотой оршуулгын зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б аас гаргаж өгсөн байна. 

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б  “Оршуулгын зардалд 32.000.000 төгрөгийн хохирол төлөгдсөн. Оршуулгын зардал төлөгдсөн байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг өгсөн, шүүгдэгч Ш.Б өөс хохирол төлсөн талаарх баримтуудыг шүүхэд мөн гаргаж өгсөн тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс тооцон гаргах гэм хорын хохирлын асуудал байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Тав. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Улсын яллагчаас:Шүүгдэгч Ш.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тус хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэх дүгнэлт гаргасныг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяагаас: “Улсын яллагч сая хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг дурдлаа. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хүний амь нас хохирсонд гүнээ харамсаж байна. Ш.Б  нь 2014 онд Дуламханд гэж хүнтэй сууж 2 хүүхэдтэй болоод 2016 онд салсан. Хэдийгээр архины хамааралтай болсон хэдий ч ар гэр, ах дүү нартаа маш тус дэмтэй, адуучин тэмцээнд удаа дараа амжилттай оролцож байсан, эрүүл үедээ ном их уншдаг, бусдад тусалж дэмждэг залуу. Хөнгөрүүлэх байр сууринаас хандаж өгөөч. Нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. Боломжит хэмжээгээр оногдуулах ялыг багасгаж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж,

Шүүгдэгч Ш.Б өөс: “Талийгаач ахыг алсан нь миний буруу. Хар нялхаасаа нэг дор байсан. Ар гэрээс нь уучлалт гуйж байна. Яалт ч үгүй миний буруу. Бага ялаар шийтгэж өгнө үү гэж хүсэж байна.” гэсэн шүүгдэгчийн эцсийн үгийг шүүхэд хэлэв.

           

            Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

 

            Шүүгдэгч Ш.Б өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарна.

 

            Шүүх хуралдаанд шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Б өд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ,  гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан

            Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

            Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

           

            Шүүгдэгч Ш.Б ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд,

            Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж,

            Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт ” энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах.” гэж тус тус хуульчлагджээ.

 

            Эрүүгийн хуульд заасан “гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх” тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг үр дагаварыг ухамсарласан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж үздэг болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрхи хэм хэмжээг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаардаггүй болно.

       

            Шүүгдэгч Ш.Б ийн хувьд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн сайн дураараа төлсөн, дээрх гэмт хэрэг гаргахад хохирогчийн архи хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг шүүх харгалзан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Зургаа. Бусад асуудлын талаар.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б ийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 88 /наян найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцно.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн хамт ирүүлсэн  1 ширхэг хутга бор өнгийн куртка 1ширхэг, улбар шар өнгийн цамц 1 ширхэг, хар ногоон өнгийн цамц 1 ширхэг, хар футболк 1 ширхэг, хар хөх өмд 1 ширхэг, хар саарал өнгийн дотуур өмд 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгах зүйтэй байна.

 

           Хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

        

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М овогт Ш-н Б ийг “хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Ш-н Б ийг 6 /зургаа/  жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б өд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б ийн урьдчилан цагдан хоригдсон 88 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

           5.Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ш.Б өд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6.Эрүүгийн 2234000000576 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, бор өнгийн куртка 1ширхэг, улбар шар өнгийн цамц 1 ширхэг, хар ногоон өнгийн цамц 1 ширхэг, хар футболк 1 ширхэг, хар хөх өмд 1 ширхэг, хар саарал өнгийн дотуур өмд 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

7.Хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б т 32.000.000 /гучин хоёр сая/ төгрөгийг төлсөн болохыг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүхийн шийдвэрт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б өд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний ял эдлэх хугацааг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.ОТГОНЖАРГАЛ

                       ШҮҮГЧИД                             Т.БАТЖАРГАЛ

                                                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН