| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2023/0144/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/305 |
| Огноо | 2023-08-02 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | З.Б |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.О даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа хөтлөн,
улсын яллагчид Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.Хэрлэнчимэг,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б , түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,
шүүгдэгч С.Э , түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт С-н Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1834000500023 дугаартай, 2 хавтаст хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр .................. суманд төрсөн, 42 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ...................... тоотод оршин суудаг, Б овогт С-н Э ................ регистрийн дугаартай/ гэв.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч С.Э нь Төв аймгийн Эрдэнэ сумын Дөтлүүр гэх газарт 2018 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө 01 цагийн үед Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явах чиглэлийн зам дээр Синотрак маркийн ......... УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д жолоочид дараах зүйлийг хориглоно, а/"...мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...", 18.3-д "Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно" гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам дээр зогсож байсан Портер маркийн ......... CYA улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан 3.Ц ыг дайрч амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс нэмж өгөх мэдүүлэг байхгүй.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би анхнаасаа гомдолтой байна гэдгээ хэлж байсан. Би буруугүй гэж хэлдэг. Замын хөдөлгөөнд орж байгаа жолооч анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Би тухайн үед өнчин 3 хүүхэдтэй үлдэж байсан. Бага хүүхэд минь 6 настай байсан. Одоо 12 нас хүрсэн. Би хүүхдийн тэтгэмж авна гэж бодож байгаа. Хүүхдээ 18 нас хүртэл тэтгэлэг авна. Оршуулгын зардал, суварга босгох зэрэгт 22.000.000 төгрөг, машины эвдрэлийн үнэлгээ, замын зардал, сэтгэл санааны хохирол зэрэг 11.400.000 төгрөг нийт 33.400.000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.
Эрүүгийн 1834000500023 дугаартай, 2 хавтаст хэргээс:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7-10, 15-21 дугаар хуудас/, ......... УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 11-12 дугаар хуудас/, ......... СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн /1-р хх-ийн 13-14 дүгээр хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б гийн мэдүүлэг /1-р хх-ийн 27-28 дугаар хуудас/, Гэрч Ц.Б ын мэдүүлэг /1-р хх-ийн 36-37 дугаар хуудас/, Гэрч Б.О ын мэдүүлэг /2-р хх-ийн 120 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Эрхэмбаярын 2028 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №20 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 54 дүгээр хуудас/, Иргэний нэхэмжлэгч Л.Б гийн мэдүүлэг /1-р хх-ийн 232-233 дугаар хуудас/, Шинжээч Х.Мөнх-Эрдэнийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлт /1-р хх-ийн 71 дүгээр хуудас/, "Ухаа шурт консалтинг" ХХК-ны авто машин үнэлгээний 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 09657716 дугаартай тайлан /1-р хх-ийн 63 дугаар хуудас/, Замын цагдаагийн албаны шинжээчдийн 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 458 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 71 дүгээр хуудас/, 1.12. Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183 дугаартай дүгнэлт/1-р хх-ийн 184 дүгээр хуудас/ 1.12. Жолоочийн лавлагаа /2-р хх-ийн 135 дугаар хуудас/
Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 22-25/, Гэрч С.Э ын өгсөн мэдүүлэг /1-р хх 31, 38/, “Вендо” ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн №03554224 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх 57-58/, оршуулгын зан үйлтэй холбоотой хохирлын баримт /1-р хх 103-107/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх 29-33/, “Цагаан Шонхорын жигүүр” НҮТББ-н 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №22/136 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх 88-91/,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн №1911 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 43, Замын цагдаагийн албаны 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2018.04.05-ны өдрийн №199 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 84-87/, Төв аймгийн Прокурорын газрын 2018.07.16-ны өдрийн №40 дугаартай “Дахин шинжилгээ хийх тухай” прокурорын тогтоол зэргийг шинжлэн судлав.
Хоёр:Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч С.Э т холбогдох хэргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
“Улсын яллагчаас: “Шүүгдэгч С.Э нь Төв аймгийн Эрдэнэ сумын Дөтлүүр гэх газарт Синотрак маркийн ......... УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон болох нь тогтоогдсон тул С.Э ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, С.Э аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлыг гаргуулах нь зүйтэй байна.” гэсэн дүгнэлтийг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Пүрэвлхам: “2018 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө 01 цагийн үед Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явах чиглэлийн зам дээр 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Синотрак маркийн ......... УНЕ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Портер маркийн ......... CYA улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж жолоочийн амь насыг хохироосон. Гэрч Б ын мэдүүлгээр замын хажуу руу шахаж зогссон гэж мэдүүлсэн. Шүүгдэгч талаас зорчих хэсгийн голд зогсож байсан гэж ярьдаг. Өөрийн болон охиныхоо амь насыг эрсдэлд оруулж замын голд зогсож машинаа завсарлаагүй байх гэж бодож байна. Бидний зүгээс 33.400.000 төгрөг нэхэмжилнэ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нөхөртэйгөө байхдаа сумын төвд амьдардаг нөхөр нь нас барснаас хойш аймгийн төвд байр хөлсөлж амьдардаг болсон. Мөн 6 настай хүүхдийн тэтгэмж авна гэж мэдэгдсэн. Прокурорын саналыг дэмжиж байна.” гэсэн санал дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ: “Удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр С.Э ыг Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна гэж дүгнэсэн. Харин портер маркийн машиныг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гэж үзсэн. С.Э урьд мэдүүлэг өгсөн тул ахин мэдүүлэг өгөхгүй гэж хэлсэн. Тэрнээс биш өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн тул ахин мэдүүлэг өгөхгүй гэж хэлээгүй. Э ыг ямар хурдтай явж байсныг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон мөн тухайн үед ямар гэрэлтэй явж байсан нь хэргээс харагдаж байгаа баруун талаараа мөргөсөн учраас хагараад юу ч үгүй болсон тул гэрлээ сольсон. Удаа дараа хурд хэтрүүлсэн гэж үзэж байна, 1 км цаг хурдтай явсан ч гэсэн мөргөлдөх тохиолдолд байдаг. С.Э ыг шинжээчийн дүгнэлтээр замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж дүгнэсэн тул С.Э т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Хэрэгт авагдсан баримтаар Төв аймгийн Эрдэнэ сумын Дөтлүүр гэх газарт “2018 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө Портер маркийн ......... CYA улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Синотрак маркийн ..... УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдөж, З.Ц нь нас барсан гэх мэдээллийг Х.Г аас 2018 оны 01 сарын 21-ны 02 цаг 20 минутад хүлээн авч, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд мөн өдрийн үүрийн 04 цаг 30 минутаас эхлүүлэн 10 цаг 20 минутад дуусгаж, осол, хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг үйлдэн, гэрэл зургаар бэхжүүлсэн байна. /1хх-6-21 тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
-Хэрэгт авагдсан баримтаар амь хохирогч буюу З.Ц нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумаас 2018 оны 1 сарын 20-ны өглөө 10 цагийн орчим Портер маркийн ......... CYA улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож охин Ц.Б ын хамт Улаанбаатар хот орохоор /хонины мах ачсан/ яваад бөгөөд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Дөтлүүр гэх газар явж байхад машины түлш тасалдаад байна гээд уруу газарт зогсолт хийж,....Улаанбаатар хотоос хүн дуудахаар машиныхаа гадаа зогсож байх үед буюу 2018 оны 01 сарын 21-ний шөнийн 01 цагийн орчим Синотрак маркийн ......... УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч шүүгдэгч С.Э нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д жолоочид дараах зүйлийг хориглоно, а/"...мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...", 18.3-д "Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно" гэж заасныг зөрчсөний улмаас /Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явах чиглэлд явж байсан/ Портер маркийн ......... CYA улсын дугаартай тээврийн хэрэгслийн ар талаас мөргөсний улмаас З.Ц ы амь нас хохирсон үйл баримт хэрэгт тогтоогджээ.
Тухайлбал,
Хэрэг учрал гарсан газарт 2018 оны 1 сарын 21-ны үүрийн 04 цаг 30 минутад эхлүүлсэн үзлэг хийсэн тэмдэглэлд “ эрэгтэйн цогцсын гарган авч хэмжилтийг нар гарахаар үргэлжлүүлэхээр тогтов... үзлэгийг үргэлжлүүлэн 09 цаг 00 хийж, анх мөргөлдсөн гэх “А” цэгээр асфальтан зам үүссэн Портер маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуйны мөрний эхлэл болон асфальтан зам дээр тарсан хагархайнуудын эхлэл болон ......... УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн заасан газрыг үндэслэн авч үзлэгийг хийв... “А” цэгээс асфальтан замаас гарсан портер маркийн баруун дугуйны мөрний эхлэлд 1 гэсэн тоо тавьж хэмжихэд 2.20 метр уг мөрний төгсгөлд 3 гэсэн тоо тавьж, 1-3 хүртэл хэмжихэд 13.10 метр, 3 гэсэн тооноос портерын баруун урд дугуй хүртэл 6.20 метр баруун хойд дугуй хүртэл 3.30 метр байв... ”А” цэгээс талийгаачийн анх унасан гэх эхлэлд “Б” гэж үсэг тавьж хэмжихэд 6.70 метр, “Б” цэгээс асфальтны хойд ирмэг хүртэл 60 см урд ирмэг хүртэл 6.40 метр байв ... хөвөөний өргөн 13 метр хойд уулын далан өндөр 2.60 метр налуу нь 6 метр байх бөгөөд үл хөдлөх цэгээр ус зайлуулах хоолойн урд талын баруун ирмэгээр авч..” гэж тэмдэглэгджээ.
Осол гарсны дараа очиж, хэргийн газрын үзлэг хийж, үзлэгийг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт 6-д зам дээр улаан өнгийн цүнхийг тавьсан байсан нь хэрэгт авагдсан байна./1хх-39 тал/
Синотрак маркийн ......... УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “ баруун урд тал чихэгдэж дотогш орсон доороос бор шаргал өнгийн зүйл асгарсан байв.” гэж,/1хх-11 тал/,
Мөн Портер маркийн ......... CYA улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...асфальтан замын хойд зүгт харсан далан өгсөж байрласан, байх бөгөөд бүх дугуй нь хийтэй тэвшний зүүн хойд хэсгээс дотогш чихэгдэж орсон жолооч талын тээврийн хэрэгслийн ард талд газар унасан арын шил хагархай зүүн талын хаалга гажсан шил хагархай байв.” гэж, /хх-13 тал/,
Шинжээчийн 2018 оны 4 сарын 24-ны өдрийн 028010 дугаартай дүгнэлтэд “......... УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр шинжээчээр ажилласан... Баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ /0/ cd /стандарт нь 10.000-225.000 cd/байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна.” гээд хариулт 1-т “баруун гар талын их гэрлийн чийдэн хол дээрээ асаж байгаа боловч тусгалын чадал нь стандартын шаардлага хангахгүй байна.”.. хариулт 2-т “хяналтын үзлэгийн шаардлага хангахгүй байна”.. хариулт 5-д “Уг тээврийн хэрэгслийн зүүн тал нь стандартын шаардлага хангаж байна. Баруун талын гэрлийг жолооч ослын дараа сольсон байгаа учраас ослын үед ямар байсныг мэдэх боломжгүй... тухайн автомашины баруун талын холын гэрэлгүй явж байсан байх магадлалтай... Жолооч тухайн орчин, замын нөхцөл байдлаас хамаарч аюул саадыг тойрч гарах, харах боломжтой” гэх дүгнэлт /1хх-71 тал/ гаргаж шүүгдэгч С.Э ын жолоодож явсан тээрийн хэрэгсэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт баримтаар авагдсан байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлийн а/-д “ дүрмийн хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” үүргийг жолоочид хүлээлгэхийн зэрэгцээ...
Мөн дүрмийн 4 дүгээр хавсралтад “ Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн жагсаалтад”-д “ тээврийн хэрэгслийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл гэмтэл, зөрчилтэй техникийн зөрчилтэй автомашин, ...өөрөө явагчийг ашиглахыг хориглоно.” гээд тухайн хавсралтын 5 дугаар зүйлийн 5.3-т “гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл өнгөт хальс наасан, гэрэл асахгүй, бүдэг асдаг болсон” гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Э ын өгсөн: “Би Багануур дүүргээс 2018 оны 01 дүгээр сарын 20-ны орой 22 цаг өнгөрч байхад манай төрсөн ах Сандагжавын Энхболдын нэр дээр байдаг улаан хүрэн өнгийн Хово маркийн ......... УНЕ улсын дугаартай машинтай ганцаараа Улаанбаатар хот орохоор гарсан тэгээд Багануур дүүргээс гардаг дээр байдаг гэр гуанзанд орж хоол идчихээд гараад явж байгаад Төв аймгийн Эрдэнэ сум Дөтлүүр гэх газарт нэлээн нойр хүрчихсэн зүүрмэглээд явж байхад өөдөөс нэлээн хурц гэрэлтэй машин гарч ирээд би тэр машинтай зөрөхөөр замын баруун тал руу жоохон дарсан тэгээд тэр машин зөрсөн тар няр гээд явчихсан тэгээд машин зогсоод би буугаад харахад цэнхэр өнгийн портер машин мөргөсөн байсан тэгээд хартал кабин дотор нэг охин суучихсан манай аав яасан бэ гээд байсан тэгээд би өөр хүн хайгаад явж байсан чинь миний машины дугуйн доор нэг хүн үхчихсэн даруулчихсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь би уулан дээр гарчихсан сүлжээ хайгаад гүйж явсан тэгээд 102 дугаарт залгах гэсэн сүлжээ олдоогүй тэгээд би буцаж ирээд замд явсан машинуудаас цагдаа дуудаад өгөөч гэж гуйгаад явуулаад байсан. Би осол болоод хүн харчхаад л шууд цагдаа руу залгахад 21-ний 00 цаг 33 минут болж байсан. Би тухайн үед 30-40 км/цагийн хурдтай явж байсан. Яг харсан зүйл бол байхгүй. Би хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Миний хувьд тухайн машин харагдаагүй ямар нэг машин зөрөөд л шууд тар няр гээд явчихсан. Тас няс гээд дуу гарангуут л би шууд тоормос гишгэсэн. Тэрнээс өмнө нь бол тоормос гишгээгүй. Миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй. Миний хувьд хажууд нь байсан А цэгийг хүлээн зөвшөөрч байгаа анх мөргөсөн газар тэр хавьд л байсан.
Би эхнээс нь мэдүүлгээ өгнө. Би 2018 оны 01 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн орчим Улаанбаатар хот Багануур дүүрэгт байх нүүрсний уурхайгаас 24 тонн нүүрс ачаад Улаанбаатар хот орохоор гараад замын гэр гуанзанд хоол идчихээд хөдөлсөн юм тэгээд замдаа зогсолгүй явж байгаад Төв аймгийн Эрдэнэ сум хоёр Дөтлүүрийн голд би машинаа 9-р араандаа хийчихсэн бага зэрэг уруу газар байсан тул хурдаа саагаад 40-45 километр цагийн хурдтай явж байсан тухайн үед өөдөөс буюу эсрэг урсгалаас маш олон машин зөрж өнгөрч байсан тэгээд нэг бага зэрэг тойрог өнгөрөөд ороод иртэл урд талд нэг бараан юм харагдсан тэгээд л би шууд тоормос гишгэх үед тар няр гээд явчихсан тэгээд машин зогссон би машинаасаа буугаад хартал портер машин мөргөчихсөн байсан. Хурц гэрэлтэй машинууд зөрж өнгөрч байхад би эгнээ байраа алдаагүй харин тормос гишгэж хурдаа сааж байсан. Би яг тодорхойлж чадахгүй байна шууд л тормос гишгэсэн. Би машин ирж байсан болохоор гэрлээ шилжүүлсэн байсан.
Би тухайн үед айж балмагдчихсан сандарчихсан байсан болохоор ингээд хэлчихсэн байна. 2017 оны 11 дүгээр сард Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн оношилгоонд орсон байгаа. Оношилгоонд ороход машин ямар нэгэн гэмтэлгүй тэнцээд гарсан юм. Тухайн портер маркийн машин замаа гүйцэд чөлөөлөөгүй тал хэсэг нь зорчих хэсэг дээр байсан. А цэг бол зорчих хэсэг дээр байсан. Би тухайн машиныг мөргөхдөө замын зорчих хэсэг дээр мөргөсөн. Би хурц гэрэлтэй машинууд зөрөх хурдаа хассан зам дээр байгаа машиныг хараад л шууд тормос гишгэсэн би ямар нэгэн байдлаар зорчих баримжаа алдаж эгнээ байр өөрчилсөн зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх 31-32, 34, 35/-д ЗХД-ийн дээр дурдагдсан зүйл заалтыг зөрчсөн нь давхар нотлогдон тогтоогдсон байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-“ зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хөвөө, явсан хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна.”, 3.1.6-“ зам тээврийн осол гэж гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирохыг”, захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний ”хөвөө” гэж зорчих хэсгийн гадна талын захтай нэг түвшинд хиллэсэн, энэ бүрмээр зөвшөөрсөн хөдөлгөөн болон зогсоход ашиглах замын хэсгийг. Хөвөө нь зорчих хэсгээс гадаргууны төрлөөр ялгаатай, эсхүл 1.2 тэмдэглэлээр зааглагдсан байна.” гэж тус тус хуульчлагджээ.
амь хохирогч С.Ц ы жолоодож явсан Портер маркийн ......... CYA улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эвдэрсний улмаас,
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2 дугаар зүйлийн 1.2.14- “ зайлшгүй зогсолт” гэж жолооч, зорчигчийн биеийн байдал,...мөн техникийн эвдрэл... шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоосон үйлдлийг” гэж ойлгогдоно гэж хуульч хуульчлагдсанаар /осол, хэрэг газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвчээр тодорхойлогдсон эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээ зорчих хэсэгтэй, нийт 13.10 метр өргөнтэй, хойд уулын өндөр нь 2.60 метр, налуу нь 6 метр/ зогсолт хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд осол гаргахад хамт явж байсан гэрч /охин/-ийн мэдүүлгээр хангалттай тогтоогдсон.
Хэдийгээр Портер маркийн ......... CYA улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан амь хохирогч С.Ц ы дээрх үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн үйлдэл боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрийг хангахгүйг дурьдах нь зүйтэй байна.
Харин ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч С.Э нь ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа /шинжээчийн .....дүгнэлтэд дурдагсан бүрэн бус тээврийн хэрэгсэл/ Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.26-д “саадыг тойрон гарах” гэж тухайн эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйл /зам тээврийн ослын улмаас зогссон буюу түр ба удаан, эсхүл зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл, мөн зорчих хэсгийн нүх, эвдрэл, гэмтэл, хашсан хэсэг болон зорчих хэсэг дээр тавьсан, унасан эд зүйл гэх мэт/-ийг тээврийн хэрэгслээр тойрон гарах үйлдлийг. Тухайн эгнээнд хөдөлгөөний нягтрал ихэссэнээс шалтгаалж зогссон буюу дүрмийн шаардлагыг биелүүлэхийн тулд зогсож байгаа тээврийн хэрэгслийг саадад тооцохгүй”, 1.3-т “ замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 11.1-т “ Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10а,5.10б, 5.11а, 5.11 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.”, 11,2-т “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна.” гэж заасныг зөрчин замын хөдөлгөөнд аюулгүй байдлыг хангаж оролцоогүйгээс зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн араас мөргөж, Н.Ц ы ам насыг хохироосон нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “ослын тэмдэг тавиагүй, оврын гэрлээ асаагаагүй, нэн даруй чөлөөлөх арга хэмжээ аваагүй” гэсэн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв.
Түүнчлэн тухайн хэрэгт зам тээврийн ослын шалтгааныг тогоолгохоор 6 удаа, нэмэлтээр 1 удаа тус тус шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт гаргасан байх ба дээрх шинжээчийн 199, 12/20, 12/45, 22/136 дугаартай мөн нэмэлтээр гаргасан 05/41 дугаартай дүгнэлтүүдэд,
Шинжээчийн 2018 оны 4 сарын 24-ны өдрийн 028010 дугаартай дүгнэлтэд “......... УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр шинжээчээр ажилласан... Баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ /0/ cd /стандарт нь 10.000-225.000 cd/байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна.” гээд хариулт 1-т “баруун гар талын их гэрлийн чийдэн хол дээрээ асаж байгаа боловч тусгалын чадал нь стандартын шаардлага хангахгүй байна.”.. хариулт 2-т “хяналтын үзлэгийн шаардлага хангахгүй байна”.. хариулт 5-д “Уг тээврийн хэрэгслийн зүүн тал нь стандартын шаардлага хангаж байна. Баруун талын гэрлийг жолооч ослын дараа сольсон байгаа учраас ослын үед ямар байсныг мэдэх боломжгүй... тухайн автомашины баруун талын холын гэрэлгүй явж байсан байх магадлалтай... Жолооч тухайн орчин, замын нөхцөл байдлаас хамаарч аюул саадыг тойрч гарах, харах боломжтой” гэсэн /1хх-71 тал/ дүгнэлт нь тусгагдсан С.Э ын жолоодож явсан ..... УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон эсэхийг талууд үгүйсгээгүй, тухайн тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийг тогтоосон гэмтлийн талаар дээр дурдагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг гаргасан шинжээч нар асуултад дурдагдаагүй ч гэсэн асуултад дурдагдаагүй нөхцөл байдал илэрвэл хариулах үүргээ биелүүлээгүйн дээр дурдагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг бүрэн гүйцэт гаргасан эсэхэд эргэлзээ төрсөн тул шүүх дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.
Түүнчлэн талууд 2018 оны 4 сарын 24-ны өдрийн 028010 дугаартай дүгнэлтэд ямар нэгэн үгүйсгэх, няцаах тайлбар гаргаагүй тул шүүх дээрх дүгнэлтийг хэргийн бусад нотлох баримтуудтай тохирсон гэж дүгнэж, дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.
Иймд шүүгдэгч С.Э нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохироосон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан “ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинж хангагдсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчлагдсан бөгөөд С.Э ын гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, уг үйлдэл болон учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг тохирсон, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдал тогтоогдсон тул шүүгдэгч С.Э ыг “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас 1 хүний амь насыг хохироосон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”,
мөн зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан бөгөөд,
Энэ гэмт хэргийн улмаас иргэн З.Ц ы амь нас хохирч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б нь амь хохирогчийн оруулгын зан үйлтэй холбоотой зардал, суварга босгох 22.000.000 төгрөг, машины эвдрэлийн үнэлгээ, замын зардал, сэтгэл санааны хохирол зэрэг 11.400.000 төгрөг нийт 33.400.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүх тухайн гэмт хэрэг гарахад амь хохирогчийн болгоомжгүй, хууль бус үйлдэл байгааг харгалзан сэтгэл санааны хохиролтой холбоотой 11.400.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
оршуулгын зан үйлтэй холбогдолтой зардал 22.400.000 төгрөгийн хохирлыг хангаж шүүгдэгч С.Э аас гаргуулж, хууль ёсны төлөөлөгч А.Б д олгохоор хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч С.Э нь шүүхээс тогтоосон хохирлыг төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас: “Шүүгдэгч С.Э нь замын хөдөлгөөний тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас нэг хүний мөргөж амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн мөн хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Хэдийгээр эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй боловч гэм буруугаа сайн дураараа хүлээгээгүй, хохирол төлбөр төлөөгүй зэрэг нөхцөл байдал байна. Шүүгдэгч С.Э т эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна.” гэх дүгнэлт гаргасныг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс: “Саналгүй.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнээс: “Гэвч осол гарсан шалтгаан портер маркийн машины жолоочоос болсон үүнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. С.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн буруутай үйлдлээс гэмт хэрэг гарсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байх тул 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч С.Э : “Санаатайгаар энэ хэргийг хийгээгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. Хохирол төлбөрөө төлөх болно.” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч С.Э ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг Үүдийн 1-38 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй талаарх ял шалгах хуудас /2-р хх 131/-р тогтоогдсон. Одоо 41 настай гэх баримт сэлт хэрэгт авагджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “ гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч С.Э ын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Э ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч С.Э ын эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Монгол Улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргажээ.
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх хуулийн 3 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг заасан бөгөөд энэ зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан байна.
Шүүгдэгч С.Э ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд хамаарч байгаа ба энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй байна.
Өршөөлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хамаарна гэсэн байх ба шүүгдэгч С.Э ын үйлдсэн гэмт хэрэг нь 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр үйлдэгдсэн байх ба цаг хугацааны хувьд дээрх хуулийн хугацаанд хамаарч байна.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” хэмээн заажээ.
Иймд шүүгдэгч С.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 1834000500023 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №..... дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн шүүхийн тамгын газарт даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт С-н Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний амь нас хохироосон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
4.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э аас 22.400.000 /хорин хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б д олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б гийн сэтгэл санааны хохирол, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гэх 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6.Эрүүгийн 1834000500023 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №..... дугаартай жолооны үнэмлэхийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүхийн шийдвэрт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.О