Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/00908

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 10 өдөр                    Дугаар 183/ШШ2020/00908                            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Г.Т нэхэмжлэлтэй,

хариуцагч- Н ш ш г г холбогдох,

үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                      

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 онд Капитрон банкнаас зээл авсан боловч түүнийгээ цаг хугацаанд нь төлж чадаагүйн улмаас зээлийн гэрээний асуудал хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдэж, Улсын дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 452 тоот тогтоолоор надаас 89.181.805 төгрөг гаргуулж, Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу Н Ш Ш Г Г төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа бөгөөд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам, Найрамдлын зам 20Б-2 тоот хаягт байрлах, эрхийн бүртгэлийн Ү-2201023734 дугаарт бүртгэгдсэн, хувийн сууц, гаражийн зориулалттай, 346,8 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулсан байна. Би энэ хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, хүний өмч хөрөнгийг үнэгүйдүүлсэн явдал гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам, Найрамдлын зам 20Б-2 тоот хаягт байрлах, эрхийн бүртгэлийн Ү-2201023734 дугаарт бүртгэгдсэн, хувийн сууц, гаражийн зориулалттай, 346,8 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргасан ажиллагааг хүчингүй болгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ /хх-1-2/.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-10-02-ны өдрийн 2157 дугаар шийдвэрээр Г.Т 89.918.519 төгрөгийг гаргуулж “Капитрон банк” ХХК-д олгож, хариуцагч дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам Найрамдлын зам 20 б-2 тоот хаягт байрлах, 346.8 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 19290683 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Г.Тд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч төлбөр төлөгдөөгүй. Төлбөр төлөгч Г.Т үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг 2019-9-11-ний өдөр 19290683/01 тоот тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 19290683/02 тоот тогтоолоор орон сууц, гаражийг хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудад үнийн санал ирүүлэх мэдэгдлийг тус газрын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4/28890 дүгээр албан бичгээр Г.Т 2019-12-13-ны өдөр өөрт нь биечлэн өгсөн. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Г.Т өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг 1.000.000.000 төгрөгөөр үнэлж байгаа талаар үнийн санал ирүүлсэн боловч төлбөр авагч “Капитрон банк” ХХК нь шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн тул 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19 тоот тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход “Виннэр-Вэй” ХХК нь 355.846.000 төгрөгөөр үнэлсэн болохыг 4/22 тоот албан бичгээр төлбөр төлөгч Г.Т болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчирт 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус тус мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-23/.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шагны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02157 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2257 дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 001/ХТ2019/00452 дугаартай тогтоолоор Гомбосүрэнгийн Тгээс зээл, зээлийн хүүний төлбөрт нийт 89.918.519 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 736.714 төгрөгийг тус тус гаргуулан Капитрон банкинд олгуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл төлбөр төлөгч Г.Т нь шүүхийн шийдвэртэй төлбөрөө төлөөгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу үнэлүүлсэн барьцаа хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ /хх-97/.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч Н Ш Ш Г Г холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам, Найрамдалын зам 20Б-2 тоот хаягт байршилтай, 346,8 м.кв талбайтай хувийн сууц, гараажийн зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2201023734 дугаартай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн В в ХХК-ийн үнэлгээг хүчингүйд тооцуулахаар шаарджээ /хх-1-2/.

 

Нэхэмжлэгч Г.Т шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлж оролцох эрхийг 2020-04-10-ны өдрийн итгэмжлэлээр Д.Санчирт гурван жилийн хугацаатай олгосон /хх-105/, хариуцагч байгууллагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-01-31-ний өдрийн 1/63 тоот итгэмжлэлээр Г.Ганзоригт /хх-19/, 2020-04-08-ны өдрийн 1/195 тоот итгэмжлэлээр Д.Мөнхбаяр, О.Уртнасан нарт /хх-104/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох эрхийг Г.Энхтайванд /хх-96/ тус тус олгосон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.

 

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

 

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй. Учир нь хэргийн оролцогчидод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэрэг маргааныг шийдвэрлэнэ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Тгээс төлбөр авагч Капитрон банк ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШЗ2020/04548 дугаар захирамжаар Капитрон банк ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан /хх-97, 102/ бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг.

 

Иймд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Учир нь нэхэмжлэгч Г.Т нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02157 дугаартай шийдвэрээр Г.Тгээс 67.109.005 төгрөгийг гаргуулж, Капитрон банк ХХК-д олгохоор, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар /хх-27-29/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2257 дугаар магадлалаар Г.Тгээс зээлийн гэрээний үүрэгт 89.181.805 төгрөгийг гаргуулж, Капитрон банкинд олгохоор /хх-30-34/, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 00452 тоот тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн /хх-35-39/ байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Хан-Уул дүүргийн шүүхээс 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр олгосон 00514 дугаартай /хх-25/ гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 19290683 дугаар тогтоолоор /хх-40/ үүсгэж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулж байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож нэхэмжлэгч тал маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Г.Т нь Капитрон банк ХХКд төлбөр төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан тул шүүгчийн захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлсэн талаар хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа дурдаж, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байна /хх-24-92/.

 

Төлбөр төлөгч Г.Т нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг сайн дураар төлөөгүй тул түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам, Найрамдалын зам 20Б-2 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201023734 дугаартай, 346,8 м.кв талбайтай хувийн сууц, гараажийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 19290683/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж /хх-47-48/, хадгалалт хамгаалалтыг нь нэхэмжлэгч Г.Тд хариуцуулсан, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 19290683/02 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг төлбөрт хураасан байна /хх-50-51/.

 

Шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12-р сарын 12-ны өдрийн 4/28890 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Г.Тд хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох тухай мэдэгдэл хүргүүлснээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир 2019-12-17-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 1.000.000.000 төгрөгөөр үнэлсэн /хх-59/, төлбөр авагч Капитрон банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн өдөр шинжээч томилон үнэлгээ хийлгэх хүсэлтийг /хх-60/ тус тус гаргаснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам, Найрамдалын зам 20Б-2 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201023734 дугаартай, 346,8 м.кв талбайтай хувийн сууц, гараажийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээчээр В в ХХК-ийг томилсон байна /хх-61/.

 

Хэргийн үйл баримтаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзэхээр байх тул шинжээчээр үнэлүүлэх ажиллагаа хийгдсэн нь буруу биш бөгөөд томилогдсон шинжээч болох В в ХХК нь дээрх 346,8 м.кв талбайтай хувийн сууц, гараажийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 355.846.000 төгрөг болохыг тодорхойлж үнэлгээний тайланд дурдсан байна /хх-67-89/.

 

Харин нэхэмжлэгч Г.Т дээрх үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбар үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүйн зэрэгцээ үнэлгээ тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг өөр аргаар хийлгэсэн эсэх, эрх бүхий байгууллагаар үнэлүүлсэн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага буюу үнэлгээг хүчингүйд тооцуулах үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Төлбөр төлөгч Г.Т нь шүүхийн шийдвэрээр баталгаажсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар төлөөгүй үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хурааж, эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон дээрх ажиллагааг хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үнэлгээ тогтоосон 2019-12-27-ны өдөр гарсан шинжээчийн дүгнэлтийг 2019-12-31-ний өдөр хүлээн авч, төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр танилцуулсан /хх-90, 91/, нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гомдол гаргасан байна /хх-1/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлаа нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно. 

 

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Н Ш Ш Г Г холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02157 дугаартай шийдвэрийн үндсэн дээр явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаартай шинжээч томилох тогтоолын дагуу гарсан В в ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тайлангаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Эрхид овогт Гомбосүрэн Тгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2020/01559 дугаартай /хх-16/ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ