Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/315

 

 

 

 

 

 

 

 

           

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ариунтуяа

шүүгдэгч Н.Б , түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллагдагч Б овогт Г-н Бд холбогдох эрүүгийн 2334000000290 дугаартай 1 хавтаст хэргийг 2023 оны 8 дугаар сарын 07-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт Г-н Б, ....................... регистрийн дугаартай гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

          Шүүгдэгч Н.Б  нь 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбайд иргэн Д.Д ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Н.Б  нь 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбайд иргэн Д.Д ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ нь эрүүгийн  2334000000290  хэрэгт авагдсан:

Хохирогч Д.Д  өгсөн: "Би 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед гэртэй ганцаараа байж байгаад наадмын талбай орж бөх үзэх гээд талбай орсон юм. Тухайн үед цаг 16 цаг өнгөрч байсан. Бөхийн майханд орсон юм намайг ороход хүн байхгүй байсан. Найз Ганцогттой уулзаад сууж байсан Г гараад явсан. Тэгээд байж байхад сумын захиргаанд ажилладаг Амбадаа ах ирсэн. Мөн юм ярьж байгаад Амбадаа ахтай муудсан. Та нар наадам олигтой зохиохгүй байна гэж хэлсэн. Тэгээд Амбадаа ах уурлаад гарсан тэгтэл гаднаас Б  ах орж ирсэн. Би мэнд мэдээд сууж байсан. Нэг мэдэхэд Б  ах миний нүүр лүү буюу хамар луу цохисон. Би барьж авсан тэгээд ахиад миний нүүр лүү цохисон. Би газар унасан мөн дээрээс цохиод байсан. Би ухаан алдсан нэг мэдэхэд эмнэлэг дээр ухаан орсон. Эмч эмчилгээ хийгээд байсан. Би ухаангүй их удсан байх 2-3 цаг болсон байх. Тэгээд эмнэлгийн хүлээн авахад байж байхад Б  ахын эхнэр нь Отгоо эгч орж ирээд чи бие муутай байж байнга эмнэлэг дээр ирдэг манай нөхөр чамайг зодсон зүйл байхгүй. Чи өөрөө газар унаж ухаа алдсан байх гэж хүн доромжлоод хэдэн төгрөг авах гээд байгаа юм гэж зэргээр хүн доромжилсон би уул нь цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлтгүй байхад намайг хэдэн төгрөг авах гээд байгаа юм гэх зэргээр доромжилсон тул болсон үйл явдлыг хуулийн байгууллагаар шалгуулмаар байна. Би тухайн үед бага зэрэг архи уусан гэсэн ч биеэ авч явах чадвартай байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/.

Гэрч 3.Г өгсөн: "2023 оны 07 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд манай сумын баяр наадам болсон юм. Би морины комиссоор ажиллаж байсан юм. 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн үед байх цагийг нь сайн санахгүй байна бөхийн талбай дээр үзүүр түрүүний бөх барилдаж байсан. Тэгээд би морь цоллох хүүхэд Батжаргал овогтой Готов гэх хүүхдийг хайгаад явж байхад зүүн талын майханд ороод үзэхэд хүн байхгүй байсан. Явах гэтэл манай сумын Дэнзэн ахын хүүхэд Д  нь согтуу байсан. Тэгээд надаас архи нэхээд байхаар нь би ах нь ажилтай байна гэж хэлэхэд намайг араас чангаасан би эргэж хараад ахын дүү ууснаа зөв шингээнэ шүү аятайхан байгаарай гэж хэлээд явсан. Тэгээд явж байхад Б , Д тэй уулзаад үлдсэн би яваад өгсөн. Тэгээд удалгүй төв асар луу ороод сууж байтал зүүн майхны гадаа хүн хэвтээд байна гэж хэлсэн. Уг хэвтэж байгаа газар луу нь харахад газар нэг хүн хэвтсэн байдалтай хажууд нь Ганцогт, Б ын эхнэр Отгоо, Б  нар нь байсан. Тэгээд удалгүй цагдаа ирж байгаа харагдсан. Би явж очиход хэсгийн төлөөлөгч ирсэн байсан яасан юм гэж асуухад өөдөөс эмч дуудсан гэж хэлсэн удалгүй эмч ирээд аваад явсан." гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

Гэрч Э.Г өгсөн: "Би 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн уед байх Төв аймгийн Угтаалцайдам сумын наадмын талбай дээр бөх барилдаад уначихаад хөлийн цэц байсан майхан дотор сууж байхад бөх үзэж байсан хүмүүс уулга алдаад байсан. Тэгээд би яасан юм бол гэж бодоод майхнаас гараад харахад зүүн талд байсан майхны үүдэнд манай найз Д ийг газар унагачихсан дээр нь Б  ах суусан Д ийн толгой руу цохиж байсан. Би гүйж очоод Б  ахыг боль гэж хэлээд салгасан. Б  ах босоод миний хажууд зогсож байсан. Д  нь газар унасан ухаангүй нүүр нь цус болсон байсан. Д ээ гэж хэлэхэд өөдөөс ямар нэг нь хариу үйлдэл байхгүй гар, хөлөө сул хаясан байсан. Удалгүй сумын цагдаа Жаргалбаатар ирсэн. Тэгээд эмч дуудсан Д ийг эмнэлэг рүү аваад явсан." гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

Шүүгдэгч Н.Б  өгсөн: “Би 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд гэртээ байж байгаад наадмын талбай орсон юм манай хүү өсвөрийн бөхөд барилдан гэхээр нь очиж үзэх гээд 15 цагийн үед байх наадмын талбай дээр очсон юм, тэгээд наадмын талбай зүүн талын майханд ороход манай сумын малчин Дэнзэн ахын хүүхэд Дэмбээ нь Засаг даргын тамгын газарт ажилдаг Амбадаа хоёр маргаж байсан тэгээд би мэнд мэдээд гараад явсан, тэгээд миний араас Амбадаа майхнаас гараад явсан тэгтэл Дэмбээ намайг араас хөөе Шомбого байж байгаач гэж хэлээд намайг яваад ир гэсэн тэгээд иргэж хараад яасан дүү гэж хэлээд Дэмбээгийн хажууд очоод зогссон тэгтэл Дэмбээ намайг бариад авсан би тавиа гэж хэлээд Дэмбээг түлэхсэн тэгээд Дэмбээ босож ирээд намайг бариад цохих гээд бариад авсан тухайн үед миний өмсөж байсан цамц урагдсан тэгээд миний уур хүрээд Дэмбээгийн нүүр лүү баруун гараараа нэг удаа цохисон тэгээд дэмбээ майхны гадаа унасан тэгээд би газар унахаар нь нэг удаа ахиад нүүр лүү нь гараараа цохисон, тэгтэл яг хажууд хэн хэн байсан талаар мэдэхгүй байна хүмүүс боль гэж хэлсэн тэгээд би зогсож байсан Дэмбээ нь газар уначаад босож ирэхгүй хэвтээд байсан тэгээд удалгүй цагдаа ирсэн тэгээд эмч ирээд аваад явсан “ гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Баяртогтохын гаргасан 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 8872 дугаартай шинжээчийн: "1.Д.Д ийн биед хамар яс болон таславч, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамарт шарх, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, дух, хамар, зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. 4.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэх дүгнэлт /хх-ийн 22-23-р хуудас/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Н.Б  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч Д.Д  нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хх 54/ гаргасан, мөн шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Н.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн 2334000000290 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-т  тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Г-н Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б д оногдуулсан 500 тэнцэх хэмжээний буюу 500.000-н төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б д шүүхээс оногдуулсан торгох ялыг хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Шүүгдэгч Н.Б д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

6.Эрүүгийн 2334000000290 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Н.Б  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Д  нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.ОТГОНЖАРГАЛ