| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 184/2018/04064/И |
| Дугаар | 001/ХТ2022/00231 |
| Огноо | 2022-03-03 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 001/ХТ2022/00231
П.Г-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00904 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 992 дугаар магадлалтай,
П.Г-ын нэхэмжлэлтэй,
П.Г, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох,
2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ийн нэхэмжлэгч П.Г-од холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны 31 тоотод байрлах, Ү-2201008368 дугаартай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, П.Г-ыг өмчлөгчөөр нэмж бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаярын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.Г- нь хариуцагч П.Гад холбогдуулан 2013.12.17-ны өдрийн “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийн нэхэмжлэгч П.Г-од холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны 31 тоотод байрлах, Ү-2201008368 дугаартай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр П.Г-ыг нэмж бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч П.Г хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан бол, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар эс зөвшөөрч маргасан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Мөнгөнбүрэн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... хэмээн тайлбар гаргасан байна.
2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00904 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийн нэхэмжлэгч П.Г-од холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны 31 тоотод байрлах, Ү-2201008368 дугаартай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр П.Г-ыг тогтоон, П.Г-ыг тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр нэмж бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Ганбат, Улсын бүртгэлийн Ерөнхий газар нараас 210,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Г-од олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 992 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00904 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “даалгасугай” гэснийг “даалгах нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Д.Ганбат, Улсын бүртгэлийн ерөнхий газар нараас” гэснийг “П.Гаас” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид гуравдагч этгээдээс төлсөн 210,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.04-ний өдрийн 992 тоот магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1. “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Магадлалын хянавал хэсэгт: “хэргийн дээрх нөхцөл байдал, бичгийн баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуульд заасан журмын дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үр дүнд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууц нь гуравдагч этгээд “Мөнгөн бүрэн ББСБ” ХХК-ийн өмчлөх эрхэд шилжин бүртгэгдсэн, бүртгэлийг П.Г-ын шаардлагаар өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.2 дахь хэсэгт аливаа хэлцэл хүчин төгөлдөр бусад тогтоогдсон бол уг хэлцлээс өмнөх үр дагавар сэргэж үүсэхийг хуульчилсан болно. Хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас нэхэмжлэгч П.Г- орон сууцны дундын хамтран өмчлөх эрхээ хууль бусаар алдсан нь тогтоогдсоноор түүний уг эрх нь зөрчигдөхөөсөө өмнөх байдалдаа автоматаар буцан сэргэх хууль зүйн үр дагавар үүснэ. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1. “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх ...-ийг бүртгүүлнэ”, 103 дугаар зүйлийн 103.1. “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” гэж тус тус заасан. Нэхэмжлэгч П.Г-ын орон сууцны дундын хамтран өмчлөх эрх сэргээгдсэнээр өмчлөлийн зүйл болох орон сууц одоогийн байдлаар устаж үрэгдээгүй л бол хэний өмчлөлд байхаас үл хамаараад нэхэмжлэгч уг өмчлөлөө улсын бүртгэлд бүртгүүлэх туйлын эрхтэй болж байгаа ба энэ эрхийг нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр л хязгаарлаж болохоор байна. Нэхэмжлэгчийн өмчлөлөө улсын бүртгэлд бүртгүүлэх энэ эрхийн үндэслэл нь уг орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон явдал билээ. Харин энэ эрхээ хэрэгжүүлэх журмыг Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2 дахь хэсгийн заалтаар зохицуулсан ба уг заалтад нэхэмжлэгч П.Г-ын хүсэлтийг оруулж анализ хийж үзвэл: “хэрэв бүртгэлийг (нэхэмжлэгч П.Г-ыг орон сууцны дундын хамтын өмчлөлөөс хассан бүртгэл), бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр (хуулиар бүртгүүлэх эрхгүй этгээд, хариуцагч П.Гын нэрээр) хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд (хууль бусаар хассан бүртгэлийн үр дүнд орон сууцны дундын хамтран өмчлөлөө алдсан нэхэмжлэгч П.Г-) бүртгэлд нэр нь байгаа этгээдээс (орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн “Мөнгөн бүрэн ББСБ” ХХК-иас) бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг (нэхэмжлэгч П.Г-ыг орон сууцны дундын хамтын өмчлөлийн улсын бүртгэлд нэмж оруулахыг) шаардаж болно” гэж хэрэглэгдэж байгаа юм. Нэхэмжлэгч П.Г- энэ эрхээ анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 3 дахь шаардлагаараа дамжуулан эдэлсэн билээ. Харин хэргийн явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу “Мөнгөн бүрэн ББСБ” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн энэ шаардлагыг зөвшөөрөөгүй учраас нэхэмжлэгчийн зүгээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6. “Энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэж заасныг удирдлага болгон анхан шатны шүүхээр уг нэхэмжлэлийн шаардлагаа хангуулсан. Ийнхүү нэхэмжлэгчийн зүгээс бусдын үйлдсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас алдсан орон сууцны дундын хамтран өмчлөлөө сэргээн тогтоолгохтой холбогдуулан уг өмчлөлөөс хассан улсын бүртгэлийг хүчингүйд тооцуулах хүсэлтээ орон сууцны одоогийн өмчлөгч болон шүүхэд гаргаж болох тухай хуульд заасан дээрх эрхээ эдэлж шийдвэрлүүлсэн. Хэрэв Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2 дахь хэсэгт заасан журам нэхэмжлэгч П.Г-од хамаарахгүй гэж үзсэн ч уг хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэг, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасан өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх туйлын эрх нэхэмжлэгчид хууль ёсны дагуу оршсоор байгаа юм. Гэвч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчид олгосон дээр дурдсан хуулийн заалтуудыг хэрэглээгүй алдаа гаргасан. Хамгийн харамсалтай нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанчлан “тухайн өмч өөр этгээдэд шилжсэн бол өмчлөх эрх нь нөхөн сэргээгдсэн өмчлөгчийг тухайн өмчийн бүртгэлд бүртгэхгүй” гэсэн үндэслэл ямар ч хуульд заагдаагүй. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн сэргээн тогтоогдсон орон сууцны дундын хамтран өмчлөлөө улсын бүртгэлд бүртгүүлэх хуулиар олгогдсон эрхийг нь хуульд заагдаагүй үндэслэлээр хязгаарлан, зохих шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь том зөрчил мөн. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.04-ний өдрийн 992 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.23-ны өдрийн 184/ШШ2020/00904 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч П.Г- нь хариуцагч П.Гад холбогдуулан 2013.12.17-ны өдрийн “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийн нэхэмжлэгч П.Г-од холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны 31 тоотод байрлах, Ү-2201008368 дугаартай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр П.Г-ыг нэмж бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч П.Г хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан бол, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар эс зөвшөөрч маргасан байна.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, нэхэмжлэлийн шаардлагаас үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр П.Г-ыг нэмж бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулжээ.
8. 2013.12.17-ны өдрийн “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийн нэхэмжлэгч П.Г-од холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, ...орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
8.1. Нэхэмжлэгчийн хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж буй, Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо, 25-р байрны 31 тоотын 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь С.Пүрэвдорж, Х.Цэнд, Ц.Саранцэцэг, П.Г-, П.Баттогтох, П.Г нарын өмчлөлд бүртгэгдсэн, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байсан. Орон сууцны өмчлөгч С.Пүрэвдорж 2009.10.28-ны өдөр нас барж, бусад өмчлөгч болох Х.Цэнд, Ц.Саранцэцэг, П.Г-, П.Баттогтох, П.Г нар 2013.12.17-ны өдөр орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл хийсэн байх бөгөөд хэлцэлд нэхэмжлэгч П.Г-ыг төлөөлж эх Х.Цэнд гарын үсэг зурсан, уг хэлцлийг үндэслэн Улсын бүртгэлийн газар 2013.12.18-ны өдөр бүртгэл хийснээр П.Г нь тухайн орон сууцны өмчлөгч болжээ. Хэрэгт авагдсан баримтаар хэлцэл хийгдэх тухайн үед нэхэмжлэгч П.Г- нь Монгол Улсад байгаагүй, тэрээр Х.Цэндэд итгэмжлэл олгоогүй, итгэмжлэлийг П.Г фотошоп софтвэйр программ ашиглан хуурамчаар үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн зэрэг нь тогтоогджээ.
8.2. Анхан болон давж заалдах шатны шүүх дээр дурдсан нотлох баримтыг үнэлж, ...итгэмжлэлээр эрх олгогдоогүй байхад хамтран өмчлөгч хасуулах хэлцэлд П.Г-ыг төлөөлж Х.Цэнд гарын үсэг зурсныг өмчлөгчийн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэхгүй гэж дүгнэн, 2013.12.17-ны өдрийн “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийн П.Г-од холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, ...маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгч П.Г- болохыг тогтоож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
9. Нэхэмжлэгчийн гаргасан ...2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр П.Г-ыг нэмж бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
9.1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.
9.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан “...хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг ойлгоно. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөхийг шаардах эрхтэй. Түүнчлэн, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан.
9.3. Хариуцагч П.Г нь дээрх байдлаар орон сууцыг дангаар өмчлөх эрхтэй байхдаа “Мөнгөнбүрэн” ББСБ-тай 2013.12.24-ний өдөр 13/151 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 30,000,000 төгрөг зээлж авсан, тэрээр зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс зээлдүүлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015.01.20-ны өдрийн 522 дугаар шийдвэрээр П.Гаас 43,306,633 төгрөгийг гаргуулж “Мөнгөнбүрэн” ББСБ-д олгон, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо, 25-р байрны 31 тоотод байрлах, 30 м.кв 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, тус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад “Мөнгөнбүрэн” ББСБ нь 2017.07.18-ны өдөр орон сууцыг дуудлага хуралдаагаар худалдан авч, өмчлөгч болсон үйл баримтууд тогтоогджээ.
9.4. Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаас дүгнэхэд “Мөнгөнбүрэн” ББСБ нь хариуцагч П.Гтай зээлийн болон барьцааны гэрээ байгуулах тухайн үед П.Г нь уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй байсан тул “Мөнгөнбүрэн” ББСБ-ыг Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан этгээд гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн тус компани нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад орон сууцны өмчлөгч болсон, өөрөөр хэлбэл “Мөнгөнбүрэн” ББСБ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хуулийн дагуу худалдан авч өмчлөгч болсон нь тогтоогдсон тул нэхэмжлэгч П.Г-ыг орон сууцны өмчлөгчөөр нэмж бүртгэх үндэслэлгүй байна.
10. Давж заалдах шатны шүүхийн ...хариуцагч П.Г, “Мөнгөнбүрэн” ББСБ-ын хооронд хийгдсэн 2013.12.24-ний өдрийн 13/151 тоот барьцааны гэрээ нь “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-д үндэслэгдээгүй, ...шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үр дүнд маргаан бүхий орон сууц нь гуравдагч этгээдийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн, уг бүртгэлийг нэхэмжлэгч П.Г-ын шаардсанаар өөрчлөх үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасанд нийцжээ.
11. Харин, анхан шатны шүүх ...П.Г-ын хувьд итгэмжлэл болон орон сууцны өмчлөгчөөс хасуулах тухай хэлцлийг байгуулсан гэж үзэхгүй, уг хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар П.Г- шаардах эрхтэй. ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-т заасныг баримтлан ...“Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийн нэхэмжлэгч П.Г-од холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, мөн зүйлийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул ...орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоож, П.Г-ыг уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд өмчлөгчөөр нэмж бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
12. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.2-т зааснаар ...хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас нэхэмжлэгч П.Г- орон сууцны хамтран өмчлөх эрхээ хууль бусаар алдсан нь тогтоогдсоноор өмчлөх эрх нь зөрчигдөхөөс өмнөх байдалд сэргэх хууль зүйн үр дагавар үүснэ. ...давж заалдах шатны шүүх ...нэхэмжлэгч сэргээн тогтоогдсон орон сууцны өмчлөлийг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулиар олгогдсон эрхийг хуульд заагдаагүй үндэслэлээр хязгаарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь том зөрчил. ...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй юм.
13. Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 992 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.27-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Х.ЭРДЭНЭСУВД