Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 10

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,

Улсын яллагч А.Намдаг,

Шүүгдэгч Г.Авирмэд, түүний өмгөөлөгч Б.Хандмаа,

Шүүгдэгч О.Нямтогтох, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг,

Шүүгдэгч Г.Баасансүрэн, түүний өмгөөлөгч Р.Шүрхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Оюуны Нямтогтох, Хан хөгшин овогт Гаваадондовын Баасансүрэн, Мянган овогт Гэрэлийн Авирмэд нарт холбогдох эрүүгийн 201615000204 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн  Богд суманд 1979 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 38 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн гагнуурчин мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг Баазын 41 тоотод оршин суух хаягтай, одоо тодорхой оршин суух хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн шүүхээр 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар хорих ялаар шийтгүүлж, 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2.-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1/57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1/52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар, Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 191 дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 08 cap 04 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 06 capын хугацаагаар хорих ялаар  шийтгүүлсэн,  Мянган овогт Гэрэлийн Авирмэд. /РД:ЙД79041812/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн  Арвайхээр суманд 1978 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 охины хамт Өвөрхангай аймаг Арвайхээр сум 9 дүгээр баг, 3-20 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1995 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг  тэнсэж хянан харгалзсан, Өвөрхангай аймгийн Сум дундын 1-р шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1/34 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2000 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 253 дугаар тогтоолоор  эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 18 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн  2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 124 дугаар шүүгчийн захирамжаар 11 сар 16 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Хан хөгшин овогт Гаваадондовын Баасансүрэн. /РД:ЙЮ78110317/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймаг Баянгол суманд 1976 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, моторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Өвөрхангай аймаг Арвайхээр сум 4 дүгээр баг, Өлзийт 25-434 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Сум дундын 1-р шүүхийн 1996 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 1/147 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1998 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,  Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 191 дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 25 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,  Боржигон овогт Оюуны Нямтогтох. /РД:ЙЮ76100172/

Шүүгдэгч Г.Авирмэд нь ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр

О.Нямтогтохтой бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 27-ноос 2016 оны 06 дугаар
сарын 10-ны хооронд Өвөрхангай аймгийн "Арвайхээр" сумын 2 дугаар багийн нутаг
дэвсгэрт байрлах 13-1-13 тоотод оршин суух иргэн Б.Ган-Очирын монгол гэрийн
хананы модыг хугалан хууль бусаар нэвтэрч цагаан хаш хөөрөг, бурхан хулгайлан 2000000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн давтан үйлдлээр Г.Баасансүрэн, О.Нямтогтох нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 27-ноос 2016 оны 06 дугаар сарын 10-ны хооронд Өвөрхангай аймгийн "Арвайхээр" сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 13-1-13 тоотод оршин суух иргэн Б.Ган-Очирын монгол гэрийн ханаар хууль бусаар нэвтэрч 29 инчийн телевизор, алтан ээмэг, мөнгөн товч 6 ширхэг, гутал, чанга яригч, төмөр хутга зэрэг эд зүйл хулгайлж нийт 1386000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Нямтогтох нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр

Г.Авирмэдтэй бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 27-ноос 2016 оны 06 дугаар сарын
10-ны хооронд Өвөрхангай аймгийн "Арвайхээр" сумын 2 дугаар багийн нутаг
дэвсгэрт байрлах 13-1-13 тоотод оршин суух иргэн Б.Ган-Очирын Монгол гэрийн
хананы модыг хугалан хууль бусаар нэвтэрч цагаан хаш хөөрөг, бурхан хулгайлан 2000000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн давтан үйлдлээр Г.Баасансүрэн, Г.Авирмэд нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 27-оос 2016 оны 06 дугаар сарын 10-ны хооронд Өвөрхангай аймгийн "Арвайхээр" сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 13-1-13 тоотод оршин суух иргэн Б.Ган-Очирын Монгол гэрийн ханаар хууль бусаар нэвтэрч 29 инчийн телевизор, алтан ээмэг, мөнгөн товч 6 ширхэг, гутал, чанга яригч, төмөр хутга зэрэг эд зүйл хулгайлж нийт 2686000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Баасансүрэн нь Г.Авирмэд, О.Нямтогтох нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 27-ноос 2016 оны 06 дугаар сарын 10-ны хооронд Өвөрхангай аймгийн "Арвайхээр" сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах13-1-13 тоотод оршин суух иргэн Б.Ган-Очирын монгол гэрийн ханаар хууль бусаар нэвтэрч 29 инчийн телевизор, алтан ээмэг, мөнгөн товч 6 ширхэг, гутал, чанга яригч, төмөр хутга зэрэг эд зүйл хулгайлж нийт 2686000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Авирмэд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 06 дугаар сарын эхээр манай ээжийн төрсөн дүү Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багт  амьдардаг. Тэнд очиж хоол идчихээд буцаад явж байгаад Ган-Очирын гэр гэрэлгүй байхаар нь ярилцаж тохиролцоод гэрт нь орж хулгай хийсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа явж байгаад тухайн үед бид 3 хулгай хийх талаар ярилцаагүй байсан. Би О.Нямтогтох, Г.Баасансүрэн хоёртой хамт явж байгаад “та хоёр энд байж бай” гэж хэлчихээд Ган-Очирын гэрт орж телевизор, дифузер авсан. Тэгэхэд алтан ээмэг, хутга, гутал, мөнгөн товч аваагүй. Тухайн үед Г.Баасансүрэн хулгайн хэрэгт оролцоогүй. Харин шүүгдэгч О.Нямтогтох хамт яваагүй гэж байна. Би олон хоног хоригдоод ядарч байна. О.Нямтогтох тухайн үед хамт явсан үнэнээ хэлж хийсэн хэргээ хүлээх байх гэж бодож байна. Тухайн үед Г.Баасансүрэн хулгайн гэмт хэрэгт оролцоогүй. Эхлээд орохдоо хөөрөг, бурхан авсан, дараа нь орохдоо телевиз, дифузер авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.Баасансүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би зурагт, дифузер хоёрыг дэлгүүрт зараад архи уусан нь үнэн. Зах дээр Авирмэд, Нямтогтох нартай архи ууж байгаад 1 дүгээр хороо руу явсан. Хүнсний үйлдвэрийн хойно нэг хашааны урд ирээд Авирмэд хүн харж бай гэж Нямтогтох бид хоёрт хэлээд орсон. Тэгэхэд нь би хулгай хийх гэж байна гэдгийг мэдсэн. Авирмэд тэр айлаас гарч ирэхдээ савхин курткэнд телевиз, дифузер боогоод гарч ирсэн. Тухайн үед Алтансан гэх хүн хамт байгаагүй. Нямтогтох, Авирмэд бид гурав байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү гэв.

Шүүгдэгч О.Нямтогтох шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Г.Авирмэдтэй хамт хулгай хийгээгүй. Надад айх юм алга. Г.Авирмэд намайг яагаад гүтгээд байгааг би мэдэхгүй байна. Өмнө нь Алтансантай хулгай хийсэн гэж байсан. Гэтэл өнөөдөр өөр зүйл ярьж байна. Өчигдөр Г.Баасансүрэн Г.Авирмэдтэй юм яриад байх шиг байсан. Тэд нар намайг энэ хэрэгт чирчихлээ. Би группийн мөнгө сард 250000 төгрөг авдаг. Надад хулгай хийх шаардлага байхгүй. Үнэн зөвийг олмоор байна. Шүүх энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэв.

Хохирогч Г.Гантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 11 цагийн үед манай ах Ган-Очир утсаар над руу залгаад манай гэрт хулгай орчихсон цагдаа нар оччихсон байна. Хурдан очоодох гэж хэлэхээр нь гэрт нь яваад очиход гэр доторх эд зүйлийг онгичсон байдалтай, гэрийн баруун хойд талын бурхны сервантны харалдаа ханыг нь хугалсан байсан. Гэрийн цоож нь бүтэн байсан. Манай ахын эхнэр Цэндсүрэн гэрээсээ хамгийн сүүлд 2016 оны 05 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хот руу буцсан, тэрнээс хойш би гэрт нь орж байгаагүй. Гаднаас очиж эргэж тойрч байхад зүгээр байсан, сүүлд цагдаа нар ирчихсэн байна гэхэд нь очиход гэрийн баруун ханыг эвдчихсэн байсан. Тэр хананы хугархай гаднаас нь харахад мэдэгдэхээргүй байсан. Гэрт нь жижиг модон хайрцагтай бурхан байдаг байсан, тухайн үед алга болсон байна лээ хохирлын үнэлгээнд тусгагдсан хохирлыг нэхэмжилж байна, хохирлыг барагдуулчихвал гомдол санал байхгүй. Хэргийн материалтай танилцана...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 20 хуудас/,

Гэрч, иргэний нэхэмжлэгч Б.Баярмагнайн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны эхээр яг хэдний өдөр байсныг санахгүй байна бороо орсон бүрхэг өдөр үдээс хойшхон манай хадам аавын 1 дүгээр хороонд 27 дугаар гудамжны 340 тоотод байрлах Баянбургатай нэртэй хүнсний дэлгүүрт намайг сууж байтал бараан царайтай архи үнэртүүлсэн согтуу 40 орчим насны эрэгтэй хүн орж ирээд зурагт авах уу гэсэн Тэгэхээр нь би авахгүй гэсэн чинь гуйгаад нэлээн зогсоод 100000 төгрөг гэхээр нь авахгүй гэсэн. Тэгээд хулгайн юм биш үү гэхэд үгүй гээд байсан. Би 40000 төгрөг байна гэхэд тэгье гээд зурагтын хамт хар өнгийн дефузер 2 ширхэг байсан. Тэр хүн хэлэхдээ эхнэр салчихсан минийх гээд байхаар нь авсан. Би явахаар нь гараад харахад цаана нь нэг бил үү хоёр хүн харагдаад байсан сайн санахгүй байна.тэр хүмүүс нь орж ирээгүй хашааны буланд сууж байсан...” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 23 хуудас/,

Гэрч Б.Ган-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би Улаанбаатар хотод Намуун дэвжих ХХК-ний хамгаалалтын албанд ажиллаж байгаа юм. Ажиллаад хоёр жил болж байна. Манай эхнэр Жамцангийн Цэндсүрэн бас Улаанбаатар хотод ажиллаж байгаа ба манай хүүхдүүд мөн Улаанбаатар хотод байгаа болохоор манай Арвайхээр суманд байгаа гэр эзгүй байгаа юм. Би цагаан сараар ирчихээд дахиж ирээгүй. Манай эхнэр Цэндсүрэн 2016 оны 05 дугаар сард ирж гэрээ эргэчихээд явсан юм. Хэдний өдөр байсныг нь мэдэхгүй байна, өөрөө мэдэж байгаа байх. Аймгийн төвийн гэрийн нэг түлхүүрийг дүү Л.Бат-Очирынд үлдээгээд явсан байсан юм. Бат-Очирынх аймгийн төвд байхдаа өдөр бүр манай гэрийг эргэдэг байсан. Тэднийхийг хөдөө гарсанаас хойш манайд хулгай орсон байна. 29 инчийн лед телевизор, хөөрөг, алтан сүүжин ээмэг нэг хос, мөнгөн товч 6 ширхэг, бурхан, хромон гутал 1 хос, компютерийн дефузер 2 ширхэг, хутга зэрэг эд зүйл алдагдсан байсан. Зурагт нь Япон улсад үйлдвэрлэгдсэн 29 инчийн лед маркийн шинэ зурагт байсан юм. Хөөрөг нь цагаан өнгийн хаш, дунд гарын, орчин цагийн хийцтэй, ам нь эмтэрчихлээр нь мөнгөлүүлсэн, улаан чулуун толгойтой, гуулин нуухтай ясан халбагатай байсан. Эхнэр Цэндсүрэнгийн эцэг эхээс ирсэн сүүжин хэлбэртэй алтан хос ээмэг байсан юм. Эхнэр хуучин загвартай гээд зүүдэггүй байсан. 6 ширхэг мөнгөн товч эрэгтэй хүний дээлний өлзий утсан сэлгээтэй товч байсан юм. Модон гуутай, 20 дугаар зууны эхэн үеийн Очирваань бурхан, шар хадаастай 39 размерын миний хоромон гутал, компьютерын дефузер, төмөр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хутга байсан юм. Өөр ямар нэгэн содон шинж тэмдэггүй. Дээрх эд зүйл манайд байсныг манай эхнэр, эхнэрийн ах дүү нар мэднэ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 30 хуудас/,

Гэрч Ж.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би нөхөр Б.Ган-Очир, хүүхдүүдийнхээ хамт Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа. Арвайхээрт байх гэрээ цоожлоод айлд захиад явцгаасан. Гэртээ 2016 оны цагаан сараар ирж шинэлчихээд явцгаасан. Дараа нь би 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэрээ эргэж ирчихээд 05 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот руу буцсан. Манайх Улаанбаатар хот руу явахдаа гэрээ Бат-Очир гэх хамаатныдаа захиж үлдээгээд явсан юм. Бат-Очирынх хөдөө мал дээр байдаг болохоор аймгийн төвд орж ирэхдээ манай гэрийг эргэдэг байсан. Тэгээд л 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Бат-Очир утсаар манай гэрт хулгай орсон талаар хэлсэн. Манай гэрээс 29 инчийн лед телевизор, хөөрөг, алтан сүүжин ээмэг нэг хос, мөнгөн товч 6 ширхэг, бурхан, хромон гутал нэг хос, компютерийн дифузер 2 ширхэг , хутга зэрэг эд зүйл алдагдсан байна. Зурагт нь 29 инчийн Лед маркийн шинэ зурагт байсан, хөөрөг нь манай нөхрийн хөөрөг, цагаан өнгийн хаш, дунд гарын, орчин цагийн хийцтэй, амыг нь мөнгөлүүлсэн, улаан чулуун толгойтой, гуулин нуухтай ясан халбагатай хөөрөг байсан. Манай ээжээс ирсэн сүүжин хэлбэртэй алтан хос ээмэг байсан юм. Хуучин загвартай ээмэг байсан болохоор нэг зүүгээд л ахиж зүүгээгүй юм. Зургаан ширхэг мөнгөн товч-эрэгтэй хүний дээлний, манай нөхрийн дээлэнд байсан товч байгаа юм. Уг товч нь өлзий утсан сэлгээтэй товч байсан юм. Модон гуутай, 20 дугаар зууны эхэн үеийн Очирваань бурхан, 39 размерын манай нөхөр Ган-Очирын хромон гутал, компьютерын дефузер, хутга зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 31 хуудас/,

Гэрч Т.Гантөмөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын дундуур яг хэдний өдрийг би санахгүй байна. Зах дээр Г.Авирмэдтэй таараад надад жижиг хүрэн модон гуутай бурхан өгөөд энийг чи ав, ав бензиний мөнгө болохгүй юу гэхээр нь янз бүрийн юм биш биз гэхэд тийм юм байхгүй гэхээр нь авчихсан юм. Маргааш нь бас Авирмэдтэй таараад нөгөө бурхан чинь болохгүй гарын юм биш биз гэхэд бишээ тийм биш гээд хэлэхээр нь юм бодолгүй аваад мах зардаг Буяа гэх хүнд 10000 төгрөгөөр зарчихсан. Одоо надад байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 32 хуудас/,

Гэрч О.Буянтогоогийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Т.Гантөмөр гэх хүнийг зүс танина, захаар л байнга явж байдаг, яг хэдний үед өгснийг санахгүй байна cap гарны өмнө санагдаж байна, жижгэвтэр модон гуутай, дотроо шаргал өнгийн боронзоор будсан шавар бурхан байсныг Гантөмөр надаас 10000 төгрөгөнд авчих гээд миний юм байгаа юм гэхээр нь чи наадахаа бушуухан аваарай гээд 10000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш миний халаасанд байж байгаад алга болчихсон олохгүй байна. Гантөмөр ч надаас нэхэж ирээгүй, би тэр бурхныг хаана хаясныг мэдэхгүй байна халаасанд л явж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 33 хуудас/,

Гэрч А.Буянтогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Г.Авирмэд нь манай төрсөн эгчийн хүү байгаа юм. Эхээс дөрвүүл, айлын 2 дахь хүүхэд, дээрээ нэг эгч, доороо хоёр дүүтэй, ах дүү нар нь бүгд тусдаа гарчихсан байгаа. Энэ хүн уг нь ээжтэйгээ байдаг, сүүлийн үед хаагуур юу хийгээд яваад байгааг нь мэдэхгүй. Ээж нь одоо Богд сумын төвд амьдардаг. Насантогтох гэж хүн байгаа. Авирмэдийн зан ааш уг нь гайгүй, ажилд сайн, хүний үгэнд ордог л хүн байсан. Сүүлийн үед архи их уудаг, хэрэгт орооцолддог болчихсон байсан. Одоо зан ааш нь хэр өөрчлөгдсөнийг мэдэхгүй байна. Би тааралдаагүй удаж байна. Энэ хавар хэрэгт шалгагдаж байгаа гээд намайг нэг дуудсан. Тэр үеэр хальт уулзсан. Дахиж таараагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 37 хуудас/,

Гэрч О.Даянсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...О.Нямтогтох нь манай том ах байгаа юм. Эхнэр хүүхэдгүй, тусгай дунд боловсролтой, бичиг үсгийн боловсрол сайтай, эхээс манай 5-уул. Одоо Нямтогтох ах, Нямдорж ах бид гурав л үлдсэн. Архи уугаад их олон жил болж байгаа. Тогоонайм гэх хүнтэй холбогдоод их удаж байгаа. Эхнэр нь мөн ч юм шиг, биш ч юм шиг л явдаг. Хамт амьдруулах гэж үзэхээр болдоггүй байсан. Группт байдаг, баруун гарын хуруунууд нь хөлдөөд тайруулчихсан, тодорхой оршин суух хаяггүй, үндсэн хаяг нь Арвайхээр сумын 4 дүгээр багт оршин суудгаар явдаг. Аймгийн төвд гадуур орц, траншейнаар тэнээд явдаг хүн байгаа юм. Хамт амьдаръя гэхээр миний үгэнд ордог мөртлөө архи уугаад дийлддэггүй. Цэрэгт явж байгаагүй, өөрийн гэсэн гэр ором, өмч хөрөнгө гэж байдаггүй, группынхээ мөнгөөр амьдардаг хүн байгаа юм. Урьд нь хэрэгт холбогдож байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 39 хуудас/,

Гэрч Д.Тогоонаймын мөрдөн байцаалтанд өгсөн: “...О.Нямтогтох нь тогтсон гэр гэж байхгүй. Гадуур тэнэж траншейнаар хоноглож явдаг байсан. Би танилцаад 4 жил болж байна. О.Нямтогтох нь 40 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, захаар архи уугаад л явж байдаг. Урьд нь ял шийтгэл эдэлж байсан. Өөрийн төрснөөс 2 дүү нь байдаг. Хоёулаа Улаанбаатар хотод байдаг гэсэн. Группд байдаг. Гараа хөлдөөгөөд тайруулсан гээд баруун гарын хуруунууд нь байдаггүй. Архи уухаараа догшин авиртай болчихдог. Эрүүлдээ элдэв зангүй. Архи уухаас өөр гэмгүй хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 40 хуудас/,

Гэрч А.Насантогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Г.Авирмэд нь Батчимэг гэх хүүхэнтэй ханилаад хамт амьдраад 8 жил болсон. 2007 онд анх гэрээ барьцгаасан. Жилийн өмнөөс Авирмэд эхнэртэйгээ хамт байхаа больсон юм шиг байна лээ. Яасан юу болсон талаар би нарийн мэдэхгүй байна. Авирмэд надтай хамт амьдардаггүй. 1 дүгээр багт харъяатай байдаг байсан. Одоо хаа хамаагүй гадуур тэнээд яваад байгаа юм шиг байна.  Би надтай хамт бай гэж дуудаж байсан боловч өөрөө ирдэггүй юм. Г.Авирмэд нь манай дунд хүүхэд. Дээрээ нэг эгч, доороо эрэгтэй, эмэгтэй 2 дүүтэй. Эгч, дүү нар нь Богд, Гучин-Ус сумдуудаар мал малладаг. Дор бүрнээ болж л яваа хүмүүс. Урьд нь ял шийтгэл эдэлж байсан. Цэрэгт явж байсан. Өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй, зан аашийн хувьд заримдаа түргэн ууртай болчихдогоос өөрөөр гайгүй л байдаг, юунаас болж яагаад хулгай хийгээд яваад байгааг нь мэдэхгүй. Ямар хүмүүстэй найзлаад байгааг нь ч мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 42 хуудас/,

Шүүгдэгч Г.Авирмэдийн мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: "...2016 оны 06 дугаар сарын эхээр яг хэдний өдрийг нь санахгүй байна 2 удаа Арвайхээр сумын 1-р багийн нутагт байрлах Хүнсний үйлдвэрийн замын хойд талд байрлах Таван-Эрдэнэ ХХК-ний зүүн талын хашаанд байх ганц гэр рүү эхний удаа Нямка /Нямтогтох мухар 4 хуруугүй/ гэх хүнтэй цоожийг нь эвдэх гэсэн чинь Нямка ингэж ордог юм гээд хананы шийрийг нь хугалаад хаяагаар нь орсон. Ингээд гэрээс цагаан хөөрөг бурханы тавиураас ойчсон тэрийг бид хоёр аваад өөр юм аваагүй гараад явсан. Сүүлд нь орсноос хойш 5-6 хоногийн дараа Аска /нэрийг нь мэдэхгүй шоронд орж байсан/, Нямка нартай хамт нөгөө айлд очоод тэр 2 хашааны гадаа үлдсэн, би нөгөө хугалсан ханатай хаяагаар орж хавтгай дэлгэцтэй зурагт нэг байсныг аваад гараад ирсэн, Аска хүнд 30.000 төгрөгөнд зарсан тэрүүгээр бид 3 архи авч уусан. Шөнө дунд ордог байсан. Хавтгай дэлгэцтэй зурагт, хөөрөг дефузер авсан өөр эд зүйл аваагүй. Гэрийн цоожыг эвдээгүй, Нямка бид хоёр л мэднэ, анх орохдоо хамт орсон, сүүлд би ганцаараа орж зурагт авсан. Аскад яаж орсноо хэлээгүй. Өөр хүн тэр гэрт орсон эсэхийг мэдэхгүй. Бид 2 тэр гэрт хамт орсноо хүмүүст хэлээгүй. Аска л цагаан машинтай хүнд зарсан гэж байсан, Нямка бид хоёр хамт яваагүй болохоор мэдэхгүй. Тэр хоёр юм хийдэггүй, зах хавиар л голдуу байдаг тэр хавийн хүмүүс мэдэж магадгүй…” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 70-71 хуудас/,

Шүүгдэгч Г.Авирмэдийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “…Төмөр-Очирын Гантөмөр гэх хүнд хулгай хийснээс хойш модон гуутай, жижгэвтэр бурхан байсныг өгсөн. Тэр хүнд уг бурхан байгаа. Би заруулах гэж хамт архи ууж байхдаа өгсөн, би бурхан өгсөн гэж хүмүүст хэлээгүй. Би анх 2016 оны 06 дугаар сарын эхээр 05 дугаар сарын сүүлээр Нямтогтохтой хамт хулгай хийсэн. Тэр үед хөөрөг, бурхан гэрийн хана хугалж ороход газар уначихсан байхаар нь би Нямтогтохоос авах уу гээд авсан. Нямтогтох тэр үед гэр дотор байсан. Өөр юм авсан талаар мэдэхгүй. Сүүлд нь 4-5 хоногийн дараа зах дээр, орой хэдэн цаг болж байсныг мэдэхгүй, харанхуй болсон хойно захын баруун талд дэлгүүрүүдийн урд таараад архи уусан. Тэр үед Нямтогтох, Баасансүрэн нар надтай хамт архи ууж байсан. Архи ууж байгаад гэр рүүгээ чиглээд 1 дүгээр хороо руу Баасансүрэн, Нямтогтох хоёртой хамт явж байхдаа замд, Хүнсний үйлдвэрийн ард Ган-Очир гэх айлын урд ирээд би ийшээ орчихоод ирье гэж хэлсэн. Тэр хоёр хүн хараад үлдсэн. Хулгайлсан зурагтыг Баасансүрэн Сангидоржийн дэлгүүрийн тэнд машинтай хүнд зарчихлаа гээд 30000 төгрөгөөр зарчихлаа гээд ирсэн. Тэгээд бид гурав Сангидоржийн дэлгүүрээс архи авч уусан. Хэдэн шил архи ууснаа санахгүй байна. Би их согтсон байсан, дэлгүүрт ямар хүн сууж байсан талаар мэдэхгүй байна. Тэрнээс хойш Нямтогтох алга болчихсон. Намайг 06 дугаар сарын 15-нд баривчилгаанд ороход Нямтогтох 10 хоногийн баривчилгаа авсан гээд сууж байсан. Баасансүрэнтэй сүүлд хулгай хийснээс хойш таараагүй. 23-наас 24-нд хоёр өдрийн шүүх хурал болоод би 24-нд цагдан хорих руу шилжсэн. Анх хулгай хийсний маргааш Нямтогтох бид хоёр “Хангай” зочид буудлын өмнөөс 1 дүгээр хорооны буудал орох гэж таксидаад буудал нь хүн дүүрчихсэн гээд тэнд үлдсэн. Маргааш нь Нямтогтох өчигдөрийн таксинд 2000 төгрөгөнд мөнгөн товчнууд өгчихсөн. Авах гэсэн юм гээд байсан. Тухайн үед надад машины номер, хэн байсныг би мартчихсан байсан. Нямтогтохтой баривчилгаанд байхдаа “хөөргийг нь байцаагчид өгчихсөн, Энх-Орчлон надаас тайлбар авна гээд байна, чи намайг харж үзвэл үзээрэй, гайгүй бол би даана, гайтай бол би та хоёрыг чирнэ” гэж хэлсэн. Тэр үед Нямтогтох “чи ямар ч байсан таслагдаж бай. Би чамайг тэтгэврийн мөнгөө аваад бодно” гээд байсан. Би өчнөөн хэрэгт холбогдлоо, хохирол нь их байвал чадахгүй, бага байвал би чимээгүй даачихна гэж хэлсэн чинь “би чамайг бодноо, хувцас хунар, ойр зуурын юмыг чинь би зохицуулна, чи намайг хасчихаарай” гээд байсан. Анх Нямтогтох намайг гэрийн цоожийг эвдэх гэсэн чинь “ингэж ордог юм” гээд гэрийн ханыг нь хугалаад орчихоор нь би араас нь орсон. Баасансүрэн хулгай хийх гэж байгааг мэдэж байсан. Намайг зурагт аваад гараад ирэхэд би зараадахъя гээд аваад явсан…” гэсэн мэдүүлэг / 1хх-ийн 73-77 хуудас/,

Шүүгдэгч Г.Баасансүрэнгийн мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 04-05-ны үед оройн 18-19 цагийн орчимд бүрэнхий болох гэж байх үед захын баруун талаас архи ууж байгаад хамт 1-р баг руу гэр лүүгээ чиглээд явж байгаад замд би айлд орчихоод ирье, та хоёр хүн харж байгаарай гээд хашааных нь гадаа хаалгаар ороод гарчирэхдээ куртикэндээ хавтгай дэлгэцтэй телевизор, 2 жижиг хар өнгийн дефузертэй боогоод гарч ирсэн. Гарч ирээд хамт яваад эмээ, өвөөгийн дэлгүүрт намайг зараадах гээд оруулсан, тэгээд би авч ороод дэлгүүрт үзүүлэхэд 30000 төгрөгөнд

авъя гэж байна гэж тэр хоёрт хэлэхэд өгчих өгчих гэж хэлэхээр нь би 30000
төгрөгөнд зараад Алтансан гэх хүн дээр очоод 4 шил 0.5 литрийн Нутгийн буян
архи, нэг 2 литр кола ундаа, нэг хайрцаг улаан шонхор тамхи аваад архи ууж
дуусаад би гэр лүүгээ харьсан, хариулт 10 гаран мянган төгрөг үлдсэнийг Авирмэдэд өгсөн. Замдаа хулгай хийх талаар яриагүй, тэр айлын гадаа очоод Авирмэд ийшээ орчихоод ирье хүн харж байгаарай гэж надад хэлсэн. Би тэгж хэлээд орчихоор нь хулгай хийх гэж байна гэдгийг мэдсэн. Тэгээд зурагт дефузер аваад гараад ирэхээр нь архины халуунаар хулгайн эд зүйл болохгүй гэдгийг мэдсээр байж зарсан... Эмээ, өвөө байсан тэр хүмүүст хулгайн эд зүйл гэж хэлээгүй, би өөрийн юм байгаа юм, эхнэртэй маргалдаад гэж хэлээд өгсөн, тэндээс архи тамхи аваагүй, өөр дэлгүүрээс авсан юм. Дэлгүүрийн нэрийг нь мэдэхгүй 2 давхар, гадуураа ногоон хайсан хашаатай дэлгүүр байсан, би зааж өгч чадна. Би хулгай хийх гэж байна гэдгийг намайг хүн харж байгаарай гэхээр нь мэдсэн, хулгай хийж гарч ирсэн эд зүйлийг зарж болохгүй гэдгээ мэдсээр байж зарсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 80 хуудас/,

Шүүгдэгч Г.Баасансүрэнгийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “…Би Авирмэд, Нямтогтох нартай хамт зах дээр голдуу архи уудаг. 2016 оны 06 дугаар сарын эхээр, яг өдрийг нь сайн санахгүй байна. Хүүхдийн баяр өнгөрсний дараа 03-04-ний үед төв бараан захын баруун талд Авирмэд, Нямтогтох бид 3 архи ууж байгаад орой 18-19 цагийн орчимд 1 дүгээр баг руу гэр рүүгээ харих замдаа хүнсний үйлдвэрийн хойно, ногоон хашааны үүдэнд ирээд Авирмэд “би айлд орчихоод ирье, та хоёр хүн харж байгаарай” гээд хашааных нь хаалгаар ороод гарч ирэхдээ хавтгай дэлгэцтэй телевизор, 2 жижиг хар өнгийн дифузертэй гарч ирсэн. Тэгээд бид гурав хамт яваад эмээ, өвөөгийн дэлгүүрт намайг зараадах гээд оруулсан. Тэгээд би авч ороод дэлгүүрт нь үзүүлэхэд 30000 төгрөгөнд авъя гэж байна гэж тэр хоёрт хэлэхэд өгчих, өгчих гэхээр нь би 30000 төгрөгөнд зараад Алтансан гэх хүн дээр очоод 4 шил 0.5 литрийн “Нутгийн буян” архи, нэг 2 литрийн “Кола” ундаа, нэг хайрцаг улаан шонхор тамхи аваад архиа ууж дуусаад би гэр рүүгээ харьсан. Хариулт 10000 гаран төгрөг үлдсэнийг Авирмэдэд өгсөн. Замдаа хулгай хийх талаар яриагүй, тэр айлын гадаа очоод Авирмэд ийшээ орчихоод ирье, хүн харж байгаарай гэж надад хэлсэн. Би тэгж хэлээд орохоор нь хулгай хийх гэж байна гэдгийг мэдсэн. Бид нар архи уусан байсан, тэгээд архи уух зорилготой хулгай хийсэн. Тэр айлд би ганцхан удаа Авирмэд, Нямтогтох нартай хамт очсон. Гэрт Авирмэд ганцаараа орсон, хаагуур, яаж орсныг хараагүй, хашааны хаалга нь онгорхой байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 83-84 хуудас/.

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 7/,

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 8-9/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 14/,

Эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 15/,

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 24-25/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 26-28/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС ХХК”-ний 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №06/58 дугаартай үнэлгээний тайлан /1хх-ийн 43-44 хуудас/,

Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1/57 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 151-153/,

Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1/52 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 154-157/,

Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 158-168/,

Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 169-170/,

Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 172-177/,

Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1/34 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1хх-ийн 179-182/,

Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/87 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 183-185/,

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 211-220/,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 191 дугаар шүүгчийн захирамж /1хх-ийн 187 хуудас/,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 251 дугаар шүүгчийн захирамж /1хх-ийн 226 хуудас/,

Өршөөл үзүүлэх комиссын тогтоол /1хх-ийн 183 хуудас/,

Шүүгдэгч Г.Баасансүрэнгийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 90/, иргэний цахим үнэмлэхийн хуулбар /1хх-ийн 93/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 95/, охин Б.Энхмаа, Б.Анхмаа нарын төрсний гэрчилгээний хуулбар, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1/689 дугаар шийдвэр,

Шүүгдэгч О.Нямтогтохын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 104/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 105/,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 106/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1хх-ийн 127/, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ /1хх-ийн 128/, Өвөрхангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0148888 дугаартай шийдвэр /1хх-ийн 129-130/,

Шүүгдэгч Г.Авирмэдийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 132/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 133/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Авирмэд “Би тухайн айлд 2 удаа орсон. Эхний оролтоор хөөрөг, бурхан хулгайлсан, дараагийн оролтоор телевиз, дифузор хулгайлсан. Алтан ээмэг, хромон гутал, мөнгөн товч, хутга хулгайлаагүй гэж мэдүүлсэн,

Шүүгдэгч Г.Авирмэдийн өмгөөлөгч Б.Хандмаа “…Авирмэд нь Ган-Очирын гэрээс цагаан хаш хөөрөг, бурхан, телевиз, дефузор зэргийг хулгайлснаа хүлээн зөвшөөрдөг. Харин алтан ээмэг, мөнгөн товч, орос хромон гутал, хутга зэргийг хулгайлснаа хүлээн зөвшөөрдөггүй. Ган-Очир нь гэрээ 2 сараас хойш эзгүй үлдээгээд явсан байдаг. Уг хулгайн гэмт хэргийг гарсныг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мэдэж цагдаад мэдэгдсэн байдаг. Хохирогчийнд орос хромон гутал, алтан ээмэг, мөнгөн товч зэрэг байсныг тогтоож чадаагүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Учир нь 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрүүдийн хооронд  хохирогч нь алтан ээмэг, орос хромон гутал, 6 ширхэг мөнгөн товч, төмөр хутга зэргийг хулгайд алдсан гэж мэдүүлж байгаа боловч хохирогч Г.Гантуяа нь  мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, хулгайд алдагдсан гэх дээрх эд зүйл хохирогчид байсан болохыг нотолж тогтоогоогүй, шүүгдэгч нар нь Б.Ган-Очирын гэрээс алтан ээмэг, орос хромон гутал, 6 ширхэг мөнгөн товч, төмөр хутга зэргийг хулгайлсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй байх тул нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч нотлоогүй,  шүүгдэгч нарыг тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэхэд эргэлзээтэй байх тул "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ" гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасныг баримтлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Нямтогтох нь бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй,

Шүүгдэгч О.Нямтогтохын өмгөөлөгч Т.Оюунчимэг “…шүүгдэгч О.Нямтогтох нь Г.Баасансүрэн, Г.Авирмэд нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байгаа боловч шүүгдэгч О.Нямтогтох нь ялтай байхдаа, Г.Авирмэдтэй бүлэглэн,  давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрүүдийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р баг 13-1-3 тоот хашаанд байх Б.Ган-Очирын гэрийн ханыг эвдэн нэвтэрч цагаан өнгийн хаш хөөрөг, Очирваань бурхан зэргийг хулгайлсан,

 Мөн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрүүдийн хооронд давтан үйлдлээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р баг 13-1-3 тоот хашаанд байх Б.Ган-Очирын гэрээс  Г.Авирмэд, Г.Баасансүрэн нартай бүлэглэн 29 инчийн Хитачи маркийн телевиз, 2 ширхэг дифузор зэргийг хулгайлсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан баримуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Нямтогтох, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг нарын гаргасан хүсэлтийг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Баасансүрэнгийн өмгөөлөгч Р.Шүрхүү “…Г.Баасансүрэн нь Г.Авирмэдийг хулгай хийх гэж байгааг мэдээгүй, харин авчирсан телевиз, дифузорыг зарсан байх тул Г.Баасансүрэнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч шүүгдэгч Г.Баасансүрэн нь Г.Авирмэд, О.Нямтогтох нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрүүдийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р баг 13-1-13 тоот хашаанд байх Б.Ган-Очирын гэрээс 29 инчийн Хитачи маркийн телевиз, 2 ширхэг дифузор зэргийг хулгайлахад хамжигчаар хамтран оролцож, хулгайн эд зүйл болох “Хитачи” маркийн телевиз, 2 ширхэг дифузорыг зарж борлуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Авирмэд, Г.Баасансүрэн нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд Г.Авирмэд, Г.Баасансүрэн нарын сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч Б.Баярмагнайн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүүгийн хүсэлтийг тус тус  хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Г.Авирмэд нь ялтай байхдаа О.Нямтогтохтой бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сарын 27-ноос 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрүүдийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 13 дугаар гудамж 1-13 тоотод оршин суух иргэн Б.Ган-Очирын гэрт гэрийн ханыг эвдэн нэвтэрч цагаан өнгийн хаш хөөрөг, модон гуутай “Очирваань” бурхан зэргийг хулгайлан 2000000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн давтан үйлдлээр О.Нямтогтох, Г.Баасансүрэн нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 27-ноос 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрүүдийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 13 дугаар гудамж 1-13 тоотод оршин суух иргэн Б.Ган-Очирын гэрээс 29 инчийн LED телевизор, 2 ширхэг чанга яригч зэргийг хулгайлж 255000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Нямтогтох нь ялтай байхдаа, давтан үйлдлээр Г.Авирмэдтэй бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 27-ноос 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрүүдийн хооронд Өвөрхангай аймгийн "Арвайхээр" сумын 2 дугаар багийн 13 дугаар гудамж 1-13 тоотод оршин суух иргэн Б.Ган-Очирын гэрт гэрийн ханыг эвдэн нэвтэрч цагаан хаш хөөрөг, модон гуутай “Очирваань” бурхан зэргийг хулгайлан 2000000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн давтан үйлдлээр Г.Авирмэд, Г.Баасансүрэн нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 27-ноос 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрүүдийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 13 дугаар гудамж 1-13 тоотод оршин суух иргэн Б.Ган-Очирын гэрээс 29 инчийн LED телевизор, чанга яригч зэргийг хулгайлж 255000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Баасансүрэн нь О.Нямтогтох, Г.Авирмэд нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 27-ноос 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрүүдийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 13 дугаар гудамж 1-13 тоотод оршин суух иргэн Б.Ган-Очирын гэрээс 29 инчийн LED телевизор, чанга яригч зэргийг хулгайлж, 255000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Авирмэдийн өгсөн “…. 2016 оны 5 дугаар сарын сүүлч 06 сарын эхээр Б.Ган-очирын гэрээс Нямтогтохтой бүлэглэн цагаан хаш хөөрөг, модон гуутай бурхан зэргийг хулгайлсан, дараа нь Г.Баасансүрэн, О.Нямтогтох нартай хамт явж байгаад тэр хоёроор хүн харуулж байгаад нөгөөайлаасаа телевиз, дифузор зэргийг хулгайлсан. Хөөргийг Энх-Орчлон хурааж авсан, бурхныг нь зах дээр хүнд өгсөн” гэсэн мэдүүлэг,  шүүгдэгч Г.Баасансүрэнгийн  “…О.Нямтогтох, Г.Авирмэд нартай зах дээр архи ууж байгаад 1 дүгээр хороо руу харих гээд явж байхад Авирмэд нэг хашааны гадаа ирээд бид хоёрыг хүн харж байгаарай гээд айл руу орсон. Би хулгай хийж байгааг мэдэж байсан. Г.Авирмэд тэр айлаас савхин курткэндээ телевиз, 2 дифузор боогоод гарч ирснийг эмээ, өвөөгийн дэлгүүрт 30000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Г.Гантуяагийн “…манай ах Ган-Очирын гэрээс эд зүйл алдагдсан. Хохирлоо нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх- 20/, иргэний нэхэмжлэгч Б.Баярмагнайн “…телевиз дифузорыг 40000 төгрөгөөр авсан. Нөгөө хүнийг гарахаар нь араас нь харахад гудамжны үзүүрт 1 билүү, 2 хүн байсан, тэр хүмүүс нь орж ирээгүй хашааны буланд сууж байсан” /хх-23/, гэрч Б.Ган-Очирын “…29 инчийн лед телевизор, хөөрөг, алтан сүүжин ээмэг нэг хос, мөнгөн товч 6 ширхэг, бурхан, хромон гутал 1 хос, компютерийн дифузер 2 ширхэг, хутга зэрэг эд зүйл алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-30/, гэрч Ж.Цэндсүрэнгийн “…29 инчийн лед телевизор, хөөрөг, алтан сүүжин ээмэг нэг хос, мөнгөн товч 6 ширхэг, бурхан, хромон гутал нэг хос, компютерийн дефузер 2 ширхэг, хутга зэрэг эд зүйл алдагдсан байна.” гэсэн мэдүүлэг /хх-31/, гэрч Т.Гантөмөрийн “…Зах дээр Г.Авирмэдтэй таараад надад жижиг хүрэн модон гуутай бурхан өгөөд энийг чи ав, ав бензиний мөнгө болохгүй юу гэхээр нь янз бүрийн юм биш биз гэхэд тийм юм байхгүй гэхээр нь авчихсан юм. Маргааш нь бас Авирмэдтэй таараад нөгөө бурхан чинь болохгүй гарын юм биш биз гэхэд бишээ тийм биш гээд хэлэхээр нь юм бодолгүй аваад мах зардаг Буяа гэх хүнд 10000 төгрөгөөр зарчихсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/, гэрч О.Буянтогоогийн “…жижгэвтэр модон гуутай, дотроо шаргал өнгийн боронзоор будсан шавар бурхан байсныг Гантөмөр надаас 10000 төгрөгөнд авчих гээд миний юм байгаа юм гэхээр нь чи наадахаа бушуухан аваарай гээд 10000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш миний халаасанд байж байгаад алга болчихсон олохгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-33/, шүүгдэгч Г.Авирмэд, Г.Баасансүрэн нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-7/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-9/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-14/, эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 24-25/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-26-28/, хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №06/58 дугаартай үнэлгээний тайлан /хх-43-44/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч О.Нямтогтох нь Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 251 дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар О.Нямтогтохын эдлээгүй үлдсэн 25 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д зааснаар түүний ялтай байдал арилаагүй байна.

Шүүгдэгч Г.Баасансүрэн нь урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн  2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 124 дугаар шүүгчийн захирамжаар 11 сар 16 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, ялаас хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан тухай Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 124 дугаар шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд хамаарагдаж хэрэгсэхгүй болсон байх тул шүүгдэгч Г.Баасансүрэнг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзлээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д зааснаар энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүйг хуульчилсныг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Авирмэдэд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулжээ.

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Авирмэд, Г.Баасансүрэн, О.Нямтогтох нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч Г.Авирмэд, О.Нямтогтох нарыг бүлэглэн, давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Г.Баасансүрэнг бүлэглэн, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Авирмэд нь Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байх бөгөөд уг ял шийтгүүлэхийн өмнө буюу 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хооронд бүлэглэн, давтан үйлдлээр,  орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн байх тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар энэ тогтоолоор оногдуулсан ялд өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг багтааж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч Г.Авирмэдийг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ, ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.12-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд,

Шүүгдэгч Г.Баасансүрэнг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд,

Шүүгдэгч О.Нямтогтохыг согтуурсан үедээ, ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.12-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч О.Нямтогтоход ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч нарын оролцоо,  тэдний хувийн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, гэм хор арилаагүй зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг ялгамжтай оногдуулсан болно.

Шүүгдэгч Г.Авирмэдийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 29 инчийн “Hitachi” маркийн  телевиз, 2 ширхэг чанга яригч /дифузор/, цагаан өнгийн хаш чулуун  хөөрөг 1 ширхэг зэргийг хохирогч Г.Гантуяад буцаан олгож,

            Шүүгдэгч Г.Авирмэдийн цагдан хоригдсон 319 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Шүүгдэгч Г.Баасансүрэн, О.Нямтогтох нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1/689 дугаар шийдвэрээр шүүгдэгч Г.Баасансүрэнгийн гэр бүлийг цуцалж, 2002 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Б.Энхмаа, 2003 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Б.Анхмаа нарыг эцэг Г.Баасансүрэнгийн асрамжинд үлдээсэн, шүүгдэгч Г.Баасансүрэн нь 2 охины хамт амьдардаг болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1/689 дугаар шийдвэр, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1207 тоот албан бичиг, ¹0196925-209, ¹0196926-30 дугаартай Б.Анхмаа, Б.Энхмаа нарын төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1, Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д зааснаар Б.Энхмаа, Б.Анхмаа нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргад даалгах нь зүйтэй.

Хохирогч нь хавтаст хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээний талаар маргаангүй, хохирогч Г.Гантуяа нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 29 инчийн “Hitachi” маркийн телевиз, 2 ширхэг чанга яригч /дифузор/, цагаан  хаш хөөрөг зэргийг хохиролд тооцуулан буцаан авахаар хүсэлт гаргасан тул эдгээрийг хохирогчид учирсан хохирлоос хасч тооцож, Очирваань бурхны үнэ 1300000 төгрөг, 5 ханатай гэрийн цуулбар ханын үнэ 50000 төгрөг, нийт 1350000 төгрөгийг тэнцүү хувааж, шүүгдэгч Г.Авирмэдээс, 675000 төгрөгийг, шүүгдэгч О.Нямтогтохоос 675000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Г.Гантуяад,

шүүгдэгч Г.Авирмэд, Г.Баасансүрэн, О.Нямтогтох нараас тус бүр 13333 төгрөг, нийт 40000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Баярмагнайд тус тус олгох нь зүйтэй.

            Шүүгдэгч Г.Авирмэд, Г.Баасансүрэн, О.Нямтогтох нар нь өөрт ногдох эд хөрөнгөгүй болох нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4, 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч А.Буянтогтох, О.Даянсайхан, Д.Тогоонайм, А.Насантогтох нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 188 дугаар зүйлийн 188.1.1, 248  дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291.1, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Авирмэд, Г.Баасансүрэн, О.Нямтогтох нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс шүүгдэгч 2016 оны 05 дугаар сарын 27-ноос 2016 оны 06 дугаар сарын 10-ны хооронд Б.Ган-Очирын гэрээс алтан ээмэг, орос хромон гутал, 6 ширхэг мөнгөн товч, хутга зэргийг хулгайлсан гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Мянган овогт Гэрэлийн Авирмэд,  Боржигон овогт Оюуны Нямтогтох нарыг бүлэглэн, давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Хан хөгшин овогт Гаваандондовын Баасансүрэнг бүлэглэн, орон байранд нэвтэрч,  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Мянган овогт Гэрэлийн Авирмэдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Боржигон овогт Оюуны Нямтогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч Ханхөгшин овогт Гаваадондовын Баасансүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар Мянган овогт Гэрэлийн Авирмэдэд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 8 сарын хугацаагаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч

Г.Баасансүрэнд оногдуулсан 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялыг, шүүгдэгч О.Нямтогтоход оногдуулсан 4 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялыг тус тус тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Авирмэдэд оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Г.Авирмэдийн цагдан хоригдсон 319 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

8. Шүүгдэгч Г.Баасансүрэн, О.Нямтогтох нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Авирмэдээс 675000 төгрөгийг, шүүгдэгч О.Нямтогтохоос 675000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Г.Гантуяад, шүүгдэгч Г.Авирмэдээс 13333 төгрөг, шүүгдэгч Г.Баасансүрэнгээс 13333 төгрөг, шүүгдэгч О.Нямтогтохоос 13333 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Баярмагнайд тус тус олгосугай.

10. Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д зааснаар шүүгдэгч Г.Баасансүрэнгийн асрамжинд байгаа охин Баасансүрэнгийн Анхмаа, Баасансүрэнгийн Энхмаа нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгохыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргад даалгасугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 29 инчийн “Hitachi” маркийн зурагт 1 ширхэг, чанга яригч /дефузер/ 2 ширхэг, цагаан өнгийн хаш чулуун хөөрөг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.Гантуяад буцаан олгосугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шүүгдэгч О.Нямтогтох, Г.Баасансүрэн нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

15. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Г.Авирмэд, О.Нямтогтох, Г.Баасансүрэн нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ЦЭЦЭГЭЭ