Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/790

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяа,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ***т холбогдох эрүүгийн 2305000001727 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, нарийн боов исгэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг гэх, Сүхбаатар дүүргийн *** дүгээр хороо, *** гудамж *** тоотод оршин суудаг, (РД:***), урьд

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 891 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, Чингэлтэй дүүргийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 223 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 834 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт зааснаар 1 жил зорчих эрх хязгаарлах ялаар сольж, Чингэлтэй дүүргийн шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 86 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, ***.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч *** нь 2023 оны 8 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 28 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “***” караоке төвд үйлчлүүлж байсан ***ыг “төлбөр тооцоогоо төлөхгүй хэрүүл маргаан хийлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн духны тархины эдийн цусархаг няцрал, баруун зүүн таславчийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархайд сорви, зүүн чих болон зүүн хацар, баруун зүүн тохойд зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: хохирогч ***ын: “...Би тухайн үед 2-3 залуутай бол маргалдсан гэхдээ миний биед дээрх гэмтлүүдийг тухайн караокены ресейпшний нөхөр гэх залуу учруулсан, бусад нь надад гэмтэл учруулахаар цохиогүй зүгээр зууралдаад намайг салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-13 дахь тал), гэрч ***ын: “...Тухайн өдөр манай байгууллагын ой болоод агаарт гарцгаасан. Тэгээд 08 дугаар сарын 19-ний орой 22-23 цагийн үед Улаанбаатар хотод ирээд Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** гэх төвийн подвалын караокед ***, ***, ***, *** нарын хамтаар өөр бусад манай ажлын залуус хэсэг хүмүүс тухайн караокед 19-20-ны шилжих шөнө 00-01 цагийн үед ороод үйлчлүүлээд гарахаар болсон. Тухайн караокед орохоосоо өмнө бид хэд хөдөө гараад агаарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор би бага зэрэг согтуу байсан бөгөөд бараг эрүүл шахуу байсан. Уг караокед ороод нэг цаг л авсан, тухайн үед *** мөн нэлээн согтуу байсан, караокеноос гарах болоод гарах гэтэл нэг нь санамсаргүй нэг стакан хагалсан. Тэгтэл тэрний тооцоон дээрээс болоод манайхан тухайн караокены ресейпшнтэй маргалдаж байхад тухайн караокены ресейпшний нөхөр бололтой нэг залуу цаанаас гарч ирээд хэрүүл маргаан хийж байхад цаанаас найз нь гэх нэг залуу гарч ирээд маргалдаж байгаад зодоон болцгоосон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-14-15 дахь тал), гэрч П.***ийн: “...Тухайн үед бид хэд нэлээн согтуу байсан бөгөөд тухайн караокеноос гарах гээд тооцоо хийх гэхэд өрөөнд байсан нэг жижиг стакан хагарсан байсан бөгөөд бид нарын тооцоон дээр нэмж авна гэж маргаан эхэлсэн. Маргалдаж байтал тухайн караокег хариуцаж байсан бололтой туранхай намхан, өндөр 2 эмэгтэй хэрүүл маргаан хийж байгаад намхан эмэгтэй нь *** болон намайг маажсан юм. Тэгээд маргалдаад байж байхад хажуу талаас тухайн 2 эмэгтэйн нөхөр гэх 2 залуу гарч ирээд маргалдаж зодоон хэлсэн. Цагаан хувцастай эрүүн дээрээ сахалтай намхан залуу гарч ирээд бид хоёрыг зуураад газарт унагасан. Энэ үер архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор аль нь алиныгаа яаж цохиж байсныг огт хараагүй тасарсан байсан. Нэг мэдэхэд би текэн дээр тооцоогоо хийж байхад ***ыг газарт унагаад дэвсэлж байсан, би хальт харахад нөгөө намхан эрүүн дээрээ сахалтай залуу байсан. Тухайн караокены эзэн нь бололтой хоёр эмэгтэй хэрүүл хийж эхлээд араас нь хоёр нөхөр нь гарч ирээд зодоон эхлүүлсэн. Нэг намхан эрүүн доороо хууз сахалтай нь ***ыг газарт унагаад дэвсээд байсныг нь би санаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал), гэрч ***ийн: “...Караокеноос гарах болоод гарах гэтэл нэг нь санамсаргүй нэг стакан хагалсан. Гэтэл тэрний тооцоон дээрээс болоод манайхан тухайн караокены ресейпшнтэй маргалдаж байхад тухайн ресейпшний нөхөр бололтой нэг залуу цаанаас гарч ирээд хэрүүл маргаан хийж байхад цаанаас найз нь гэх нэг залуу гарч ирээд маргалдаж байгаад зодоон болцгоосон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал), гэрч ***ын: “...2023 оны 8 дугаар сарын 19-20-ныг шилжих шөнө цагийг нь сайн санахгүй байна гаднаас нэлээн олон залуус орж ирээд манай караокены өрөөг аваад 1 цаг авсан. Тооцоогоо хийгээд гарах гэхэд тухайн хүмүүс өрөөнд байсан архины шилээ мөн нэг шот хагалсан байсан. Тэгээд тооцоогоо хийгээд гарах талаар сануулаад байж байхад өөр өрөөнөөс үйлчлүүлж байсан хэсэг хүмүүс гарч ирээд хоорондоо маргалдаад зодолдоод байх шиг байсан би аль болох урдуур нь ороод салгаад явж байсан баахан л залуучууд байсан хоорондоо зодолдоод байсан хэн нь хэнийгээ яаж зодсон талаар би хараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25, 28-29 дэх тал), гэрч ***ийн: “Тэр өдөр тооцон дээр сууж байсан бөгөөд тухайн өдөр үйлчлүүлсэн хэсэг хүмүүс маргаан болоод тооцоо хийх хийхгүй гээд асуудал болсон. Тэдгээр хүмүүсийн нэг болох 168-170 см өндөр бор царайтай сахалтай залуу нь надтай маргаан хийж байхад манай нөхөр *** намайг өмөөрөөд нөгөө залууг бариад авсан чи боль гээд очих хооронд нөгөө эрэгтэйг нэг хоёр удаа гараараа толгой хэсэгт нь нэг хоёр удаа цохиод авсан би дундуур нь ороод салгасан ба ахин нэг нэг рүүгээ дайраад байсан ч гар хүрсэн зүйл бол болоогүй, хүмүүс салгаж байхад ахин дайраад байсан ч гар хүрсэн зүйл бол байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал), гэрч ***гийн: “2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 00 цагийн үед БГД-ийн ***-р хорооны нутаг дэвсгэрт байрлах *** зочид буудлын в1 давхарт байрлах караокед /номерыг нь санахгүй байна/ өрөөнд сууж байсан. Тэгэх үед караокены тэкен дээр маргаан болоод байх шиг байсан. Тэгэхээр нь би очоод хартал манай ах *** бусадтай маргаад байж байсан. Тэгэхээр нь би очиж салгасан. Дараа нь манай ахтай маргалдаж байсан хүн яваад өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал), Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 10991 дугаартай: “...***ын биед зүүн духны тархины эдийн цусархаг няцрал, баруун зүүн таславчийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархайд сорви, зүүн чих болон зүүн хацар, баруун зүүн тохойд зулгаралт, баруун бугалганд хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал) болон шүүгдэгч ***ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч *** нь 2023 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 28 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “***” караоке төвд үйлчлүүлж байсан ***ыг “төлбөр тооцоогоо төлөхгүй хэрүүл маргаан хийлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, газар унаган хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь зүүн духны тархины эдийн цусархаг няцрал, баруун зүүн таславчийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархайд сорви, зүүн чих болон зүүн хацар, баруун зүүн тохойд зулгарал, баруун бугалганд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч *** нь хохирогч ***ын нүүр хэсэг рүү нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний төлбөрт 604.940 төгрөгийг төлсөн, мөн хувийн эмнэлэгт өөрийн зардлаар хэвтүүлэн эмчлүүлсэн болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Хохирогч *** нь цаашид тархинд хурсан цус шимэгдсэн эсэхийг шинжилгээ өгч үзүүлнэ, мөн таталтын эсрэг эм уух шаардлагатай, мөн ажилгүй байсан үеийн цалингаа нэхэмжилнэ гэх боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлаж байна.    

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 130-131 дэх тал) 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 128-129 дэх тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ***т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.     

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч *** нь оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***т сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***т баримтаар 604.940 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч *** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардал буюу энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БОЛОРТУЯА