Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/800

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2303005880428 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо *** дугаар хороолол *** гудамж *** дугаар байр *** тоотод оршин суудаг, /РД:***/ урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч *** нь 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 08 минутын орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний хойд замд Toyota Fielder маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-т заасан “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно” гэх заалтуудыг тус тус зөрчин, үргэлжилсэн хос шугам даван зүүн гар тийш эргэх явцдаа, тус замаар чигээрээ хөдөлгөөнд оролцож явсан Surron маркийн цахилгаан дугуйг мөргөж, улмаар зорчигч болох ***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь: Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2 дахь тал), Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-10 дахь тал), Toyota Corolla Fielder маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-12 дахь тал), хохирогч ***ийн: “...2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 15.00 цагийн үед найз ***ий хамт Surron маркийн цахилгаан дугуй жолоодоод Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хөдлөөд баруун 4 зам орж сургалтад суусан батламжаа авчхаад буцаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү явж байх үед баруун 4 замаас ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй Нарны гүүрний баруун талын замаар явж байсан чинь урд талд явж байсан суудлын тээврийн хэрэгсэл гэнэт цагаан зураас даваад зүүн тийш эргэх үйлдэл хийх үед би тэр машинтай мөргөлдөж манай найз ид хоёр осолд орсон. Осолд орох үед манай найз бид хоёр ямар нэгэн хамгаалах малгай өмсөөгүй байсан. Тухайн осол гарах үед би ойролцоогоор 30-40 орчим км цагийн хурдтай явж байсан. Тухайн мотоциклийг худалдаж авахад ямар нэгэн ангилал шаардагдахгүй гэж зарсан хүмүүс нь хэлж байсан бөгөөд надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),  Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хавтаст хэргийн 19 дэх тал), иргэний нэхэмжлэгч ***гийн: “...Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг, Нарны гүүрний хойд замд 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 08 минутын орчимд Toyota Corolla Fielder маркийн *** улсын дугаартай автомашины жолооч нь цахилгаан дугуйтай мөргөлдөж жолооч ***ийн эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч *** нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 48.000 төгрөгийн зардал гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын лавлагаа албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал), насанд хүрээгүй хохирогч Б.***ий: “Би 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед найз *** Surron маркийн цахилгаан дугуй жолоодоод би ард нь сундлаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хөдлөөд баруун 4 зам орчхоод Үндэсний цэцэрлэгт хүрээлэн лүү явж байх үед баруун 4 замаас ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй хуучин тээврийн товчооны баруун талын замаар явж байсан чинь урд талд явж байсан суудлын тээврийн хэрэгсэл цагаан зураас даваад зүүн тийш эргэх үйлдэл хийх үед манай найзын жолоодож явсан Surron маркийн цахилгаан дугуйтай мөргөлдөж бид хоёр осолд орсон. Осолд орох үед манай найз бид хоёр ямар нэгэн хамгаалах малгай өмсөөгүй байсан. Тухайн осол гарах үед манай найз ойролцоогоор 30 орчим км цагийн хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал), Эд зүйл барим бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, ***эс хохирогч ***т эмчилгээний зардалд 1.810.300 төгрөг, мөн Surron брэндийн цахилгаан дугуйны хохирлын үнэлгээгээр тогтоосон 2.715.000 төгрөг нийт 4.525.300 төгрөг төлсөн талаарх баримт бүхий банкны шилжүүлгийн мэдээллүүд (хавтаст хэргийн 38-42 дахь тал), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн гаргасан 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн №11015 дугаартай: “Б.***ий биед баруун мөр, тохой, шуу, ташаа, өвдөг, зүүн алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 45-46 дахь тал), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн гаргасан 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн №11020 дугаартай: “***ийн биед баруун сарвууны алганы 4-р шивнүүр ясны хугарал, тархи доргилт, баруун хөмсгөнд шарх, баруун чамархай, хацар, шанаа, дух, зүүн шанаа, зүүн хацар, баруун мөр, баруун шуу, зүүн сарвуу, баруун гуя, хоёр өвдөг, баруун шилбэ, шагайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Баруун сарвууны алганы 4-р шивнүүр ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, тархи доргилт, баруун хөмсгөнд шарх, баруун чамархай, хацар шанаа, дух, зүүн шанаа, зүүн хацар, баруун мөр, баруун шуу, зүүн сарвуу, баруун гуя, хоёр өвдөг, баруун шилбэ, шагайнд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 51-52 дахь тал), Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 59-65 дахь тал), “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 800 дугаартай: “...хохирлын үнэлгээний нийт дүн-2.715.000 төгрөг” гэх автомашины техникийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 72-73 дахь тал), Мөрдөгчийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 971 дугаартай: “...Жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” болон 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно гэснийг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. Жолооч *** нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна...” гэх магадлагаа (хавтаст хэргийн 85 дахь тал), хохирогч ***ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шаардлагагүй, гомдол саналгүй гэх хохирогч ***ийн хүсэлт (хавтаст хэргийн 17 дахь тал), хохирогч ***, шүүгдэгч *** нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 106-107 дахь тал), шүүгдэгч ***ийн жолоодох эрхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 32 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 33 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 100 дахь тал) болон шүүгдэгч ***ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно” гэж тус тус заасан тул шүүгдэгч ***ийг дээрх хууль, дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.

Мөн уг зам тээврийн осолд өртсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Б.***ий биед баруун мөр, тохой, шуу, ташаа, өвдөг, зүүн алганд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, мөн хохирогч ***ийн биед баруун сарвууны алганы 4-р шивнүүр ясны хугарал, тархи доргилт, баруун хөмсгөнд шарх, баруун чамархай, хацар, шанаа, дух, зүүн шанаа, зүүн хацар, баруун мөр, баруун шуу, зүүн сарвуу, баруун гуя, хоёр өвдөг, баруун шилбэ, шагайнд зулгаралт гэмтэл учирсан бөгөөд баруун сарвууны алганы 4-р шивнүүр ясны хугарал гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь шинжээч эмчийн №11020 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна. 

Иймд шүүгдэгч ***ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч ***ийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

Насанд хүрээгүй хохирогч Б.***, хохирогч *** нар нь хавтаст хэрэгт өөрсдийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй, хохирогч ***ийн Surron брэндийн цахилгаан дугуйнд 2.715.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.***, *** нар нь “...нийт 4.525.300 авсан. Одоо ямар нэгэн гомдол байхгүй болно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан (хавтаст хэргийн 31 дэх тал), Эд зүйл барим бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, банкны шилжүүлгийн мэдээллүүд хавтаст хэрэгт авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ***эс гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж хуульчилсан. Шүүгдэгч *** нь 48.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүйд тооцов.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 106 дахь тал)

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 108 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч ***д ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ***д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгчийн орлого олох боломж, түүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасныг тайлбарлаж, торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 600 (зургаан зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 6 (зургаа)-н сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

5. Шүүгдэгч *** нь 48.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлсөн, хохирогч ***, насанд хүрээгүй хохирогч Б.*** нарт хохирол, хор уршигт тооцож 4.525.300 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.БОЛОРТУЯА