Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/828

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэл,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2305000001724 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүч мэргэжилтэй, “***” ХХК-д автобусны жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг гэх, Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, *** байр, *** тоотод оршин суудаг, (РД:***), урьд

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/988 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр тус тус торгох ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан уг ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 3.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөгөөр тогтоосон, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 20/50 дугаар тогтоолоор дуусгавар болгосон, ***.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч *** нь 2023 оны 8 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, *** баарны гадна ***той тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал, дээд уруулын дотор салстын цус хуралт, доод уруулын дотор салстын шарх, цус хуралт, баруун санчиг, зүүн зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: хохирогч ***ын: “...2023 оны 8 дугаар 17-ны өдөр өөрийн найз ***ийн хамтаар Баянгол дүүргийн *** дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг *** нэртэй шөнийн цэнгээний газарт 23 цагийн үед ороод 1 шил Эдэн нэртэй 0,75 литрийн хэмжээ бүхий архи мөн хүний 1 шил пиво авч уугаад хэдэн цагт гарснаа сайн санахгүй байна. Тухайн газраас гараад манай найз ***э үл таних хүнтэй маргалдаад байхаар нь очоод салгатал ***э над руу дайраад миний зүүн шанаа хэсэг рүү 1 удаа цохихоор нь би зөрүүлж 1 удаа гараараа баруун чих рүү цохисон. Тэгтэл намайг хавсарч унагаагаад миний нүүр лүү 2-3 удаа цохисон. Нэг мэдэхэд миний үүдэн 2 шүд уначихсан байсан. Би тэр хавиар шүдээ хайгаад олоогүй. Тэгээд нэг үл таних залуу гарч ирээд бид хоёрыг салгаад байж байтал цагдаа нар ирсэн. Миний үүдэн хоёр шүд унасан, толгой шанаа хэсэг хавдсан. ...Уг хэрэг *** баарны гадна болсон. Тэр үед ***э бид хоёр хамтдаа UB Palace руу явах гэж байгаад болиод ***н гадаа маргалдаж зодуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 11 дэх тал), гэрч ***ын: “...Би тухайн өдөр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Шуурхай жижүүрээс *** баарны гадна иргэн зодуулсан байна гэх дуудлагын хүрээнд би дэд ахлагч ***ын хамтаар очиж шалгахад *** баарны ойролцоо *** нэртэй иргэн өөрийн найз ***д зодуулсан байсан. ***ын амнаас цус гарсан өмсөж явсан футболк нь мөн цус болчихсон байсан. ***ыг хамт явж байсан ***э гэх эрэгтэй найз нь зодсон гэж *** өөрөө шууд хэлсэн, ***э нь их согтолттой байсан тул Эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн. Тухайн үед ойр орчимд хүмүүс байгаагүй зөвхөн маргаан үүсгэсэн 2 иргэн байсан бөгөөд хэрэг болсон гэх газарт хяналтын камер байгаагүй. Намайг дуудлагаар очиход хажууд нь ***э гэх залуу мөн адил хувцас нь цус болчихсон ямар ч ухаангүй согтуу байсан. Дуудлага өгсөн утасны дугаар нь иргэн ***ын өөрийн *** дугаартай утас байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал), Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 10433 дугаартай: “...***ын биед зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал, дээд уруулын дотор салстын цус хуралт, доод уруулын дотор салстын шарх, цус хуралт, баруун санчиг зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал), хохирогч ***ын бичгээр гаргасан “...2023 оны 9 дүгээр сарын 26-нд өөрийн биед учирсан гэмтлийн хохирол болох 3.000.000 төгрөгийг 468042790 тоот дансанд хүлээж авсан тул нэхэмжлэх мөнгөн дүн, хохирол, гомдол санал байхгүй...” гэх хүсэлт (хавтаст хэргийн 68 дахь тал) болон шүүгдэгч ***ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч *** нь 2023 оны 8 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, *** баарны гадна ***той тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал, дээд уруулын дотор салстын цус хуралт, доод уруулын дотор салстын шарх, цус хуралт, баруун санчиг, зүүн зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч *** нь хохирогч ***ын нүүр хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөхөд түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Хохирогч нь хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч нь хохирогч ***од 3.000.000 төгрөгийг эмчилгээний зардалд нөхөн төлсөн, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд “...2023 оны 9 дүгээр сарын 26-нд өөрийн биед учирсан гэмтлийн хохирол болох 3.000.000 төгрөгийг 468042790 тоот дансанд хүлээж авсан тул нэхэмжлэх мөнгөн дүн, хохирол, гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч ***эс гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.       

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 69 дэх тал) 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 75 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ***д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.     

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч *** нь оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/-н сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***од 3.000.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БОЛОРТУЯА