| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2023/0176/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/169 |
| Огноо | 2023-10-18 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/169
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-,
Шүүгдэгч К.Н.В- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Д-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Н.В-т холбогдох эрүүгийн 2313000000234 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Оросын Холбооны Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Оросын холбооны улсын Алтай мужид төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, харуул хамгаалалтын ажилтан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Кош Агач дүүрэг Алтайн өргөн чөлөөний ....тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, К.Н.В-, гадаад паспортын дугаар ................
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч К.Н.В- нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр, Цагааннуур тосгоны 5 дугаар хэсэг, Улаанбайшинт гэх газарт 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагийн орчимд, Н9.......... улсын дугаартай, Ниссан Санни загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн “12.3-т "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга авна” гэж заасныг зөрчиж зам хөндлөн гарч явсан явган зорчигч, насанд хүрээгүй хохирогч Е.А-г мөргөж, түүний биед хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт
1. Улсын яллагч А.Д-ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч К.Н.В-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв.
2. Шүүгдэгч К.Н.В- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр замын хөдөлгөөнд оролцож байхдаа Е.А- гэдэг охиныг мөргөж замын осол гаргасан. Хохирлыг төлж хохиролгүй болгож өгсөн. Тиймээс надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч К.Н.В-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй, хохирлыг төлж барагдуулсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2313000000234 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
4. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
5. Хэрэг учрын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт /хавтаст хэргийн 02-05 дахь тал/,
6. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 04-07 дахь тал/,
7. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
8. Насанд хүрээгүй хохирогч Е.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
9. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 548 дугаар шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/
10. Шүүгдэгч К.Н.В-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дэх тал/ зэргийг,
11. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-аас: “Яллагдагчийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн баримт, шүүх хуралдааны тов, урьд нь ял шийтгүүлж байгаагүй тухай ял шийтгэх хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
12. Шүүгдэгч К.Н.В-ээс нотлох баримт шинжлүүлээгүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
13. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
14. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч К.Н.В-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
15. Шүүгдэгч К.Н.В- нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр, Цагааннуур тосгоны 5 дугаар хэсэг, Улаанбайшинт гэх газарт 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагийн орчимд, Н9.......... улсын дугаартай, Ниссан Санни загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн “12.3-т "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга авна” гэж заасныг зөрчиж зам хөндлөн гарч явсан явган зорчигч, насанд хүрээгүй хохирогч Е.А-г мөргөж, түүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
16. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
17. Хэрэг учрын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт /хавтаст хэргийн 02-05 дахь тал/,
18. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 04-07 дахь тал/,
19. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр баг Цагаан нуур тосгоны Улаанбайшинт гэх газар боомтын ойролцоо гэр барьж цайны ажиллуулдаг юм.Мөн манай эхнэр хүүхдүүд маань бас надтай Улаанбайшинтад амьдардаг юм. Өчигдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн Улаанбайшинтийн төв засмал замын ертөнцийн зүгээр баруун талд машинаар явж байхад над руу Шархүү гэх хүн танай хүүхэд машинд мөргүүлчихлээ гэж хэлээд төв замыг зааж харуулсан ба би тийшээ очтол манай охиныг Хилийн цэргийн ангийн ажилтан Б- нь урдаа өргөсөн хажуудаа Орос залуу дагуулсан манай цайны газар луу явж байсан. Тэгэхээр нь хүүхдээ цайны газарт авч ирээд бие нь өвдөөд болохгүй байхаар нь өөрийнхөө машинаараа шууд нэгдсэн эмнэлэг рүү авч явсан. Тэнд байсан хүмүүсийн яриагаар манай охин Е.А- нь хүүхдүүдтэй хамт зам дагуу байх А- гэх хүний дэлгүүрээс зайрмаг авч идээд боомтоор нэвтрэх гэж дараалаад зогсож байсан тээврийн хэрэгслүүдийн дундуур зам хөндлөн гарч явж байгаад хойноос урд чиглэлд явж байсан машинд мөргүүлсэн юм шиг байна. Хүүхдийн эрүүл мэндэд учирсан хохирлыг барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
20. Насанд хүрээгүй хохирогч Е.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн үед Баян-Өлгий аймаг Ногооннуур сумын Цагааннуур тосгоны Улаанбайшинтад байх гэрийнхээ ойролцоо зам дагуу байдаг “Мирас” гэх нэртэй дэлгүүр дээр дүү А- хамт очиж би гадаа нь хүлээж Амир дэлгүүрээс 2 ширхэг зайрмаг аваад гарч ирсэн. Тэгээд би дэлгүүрийн гаднаас ямар нэгэн шалтгаангүйгээр замын нөгөө тал руу харж байгаад хилийн боомт руу орох гээд дараалсан машинуудын хойгуур зам хөндлөн гүйж гарах үед нэг машин ирж намайг мөргөсөн. Улмаар би уг машинд мөргүүлж шидэгдэж газар унаад хэд хэдэн удаа өнхрөөд зогссон. Тэр үед нэг Орос хүн ирж намайг өргөж аваад Н- гэх хүний цайны газар луу авч явсан ба манай аав ирж намайг авч явсан..., ...би өөрөө ганцаараа зам хөндлөн гарсан. Хэн нэгэн байгаагүй..., ...би зам хөндлөн гарахдаа 2 тал руугаа харахдаа ямар нэгэн машин байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
21. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 548 дугаар “...Е.А-гийн биед тархины доргилт, баруун атгаал ясны хүзүүний хугарал, баруун умдаг ясны хугарал, баруун гуяны дээд цус хуралт, баруун зүүн өвдөгөнд зулгаралттай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
22. Шүүгдэгч К.Н.В-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би намайг яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Сонсгосон ялыг ойлгож мэдлээ. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 11 цагийн үед Монгол Улсын Цагааннуур боомтоор нэвтэрч орж ирээд Улаанбайшинтийн замаар өөрийнхөө эзэмшлийн Н9.......... улсын дугаартай Ниссан Санни маркийн тээврийн хэрэгслээрээ хөдөлгөөнд оролцож явах үед Монгол Улсын хилээр гарах гэж дараалаад зогсож байсан тээврийн хэрэгслүүдийн хамгийн сүүлийн ачааны тээврийн хэрэгслийн хойд талаас нэгэн жоохон охин гэнэт гүйж гарч ирээд тээврийн хэрэгслийн урдуур орж ирсэн ба би шууд тоормоз гишгэсэн боловч охин тээврийн хэрэгсэлд мөргүүлж унасан. Тэгээд би шууд тээврийн хэрэгслээсээ буугаад эргэн тойрон руу харсан чинь хэн ч байгаагүй тул тусламж үзүүлэх зорилгоор охиныг өргөж аваад цагдаа, яаралтай тусламж хайсан. Гэвч түргэн тусламж болон цагдаа олдохгүй байсан тул замын хажуу талд байдаг хамгийн ойрхон цайны газар луу авч ороод цагдаа, түргэн тусламж дуудаж өгөөрэй, хүүхдийн аав ээжийг нь дуудаж өгөөрэй. Болгоомжгүй явдал болсон гэж хэлэхэд цайны газар ажиллуулдаг хүн утсаараа хүмүүс рүү утасдаад байсан бөгөөд төд удалгүй хүүхдийн эцэг, эх нь ирж өөрсдийнхөө машинаараа эмнэлэг рүү авч явсан. Би өөрөө машиныхаа аваарыг асаагаад тэнд үлдсэн. Би тухайн үед 20-30 км/цаг хурдтай явж байсан юм. Тухайн үед миний тээврийн хэрэгсэлд надаас өөр хүн байгаагүй, би ганцаараа явж байсан. Би гэм буруу дээр маргахгүй, би хохирогч талд эмчилгээний мөнгө өгөх гэсэн боловч надаас авахгүй байна. Би гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг барагдуулна өгөхөө илэрхийлж байна. Би анх удаа гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна. Би 11-13 насны бага насны 2 хүүхэдтэй, ийм хэрэгт холбогдсонд гэмшиж байна. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад холбогдох хэргийг яаралтай, хурдан шуурхай шийдэж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дэх тал/ зэрэг баримтуудаар шүүгдэгч К.Н.В- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдож тогтоогдсон байна
Эрх зүйн дүгнэлт:
23. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.
24. Шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийг үйлдэхдээ замын хөдөлгөөний дүрмийг биелүүлээгүй, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авалгүй, хүнийг дайрч осол гаргахдаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуульд заасанчлан гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.
25. Гэмт хэрэг гарахад Замын хөдөлгөөний тухай хууль дүрмийг үл биелүүлсэн шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаа, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг шалгах, уг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
26. Насанд хүрээгүй хохирогч Е.А-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/, шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 5484 дугаар дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/, зэргийг үндэслэн насанд хүрээгүй хохирогч Е.А-гийн биед тархины доргилт, баруун атгаал ясны хүзүүний хугарал, баруун умдаг ясны хугарал, баруун гуяны дээд цус хуралт, баруун зүүн өвдөгөнд зулгаралттай гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-т зааснаар “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” зэргээр хүндэвтэр зэргийн гэмтлийн шалгуур шинжүүдэд хамаарч байх тул түүний биед хүндэвтэр гэмтэл учирсан гэж үзлээ.
27. Шүүгдэгч К.Н.В-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
28. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
29. Уг гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Е.А-гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан ба насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Е-ийн “Хохирогч Е.А-гийн хууль ёсны төлөөлөгч Х.Е- миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон К.Н.В-ээс хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 2.036.859 төгрөгийг сайн дураар төлж барагдуулсан болно. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгө, бодит хохирол, хор уршгийн талаар нэхэмжлэх зүйлгүй болно” гэх тодорхойлолтыг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн шүүгдэгчээс гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
30.Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч К.Н.В-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,
31. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-аас “Улсын яллагчийн санал болгосон 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
32. Шүүгдэгч К.Н.В- нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
33. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
34. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.Н.В-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.
35. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
36. Шүүгдэгч К.Н.В-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон яллагдагчийн хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
37. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 500 нэгж нь 500.000 төгрөгтэй тэнцэх юм.
38. Шүүгдэгч К.Н.В- нь хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
39. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 728361966 дугаартай гадаад паспорт, 9901№629259 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 9910596516 дугаартай жолооны үнэмлэх зэргийг шүүгдэгч К.Н.В-ийн өөрт нь буцаан олгож шийдвэрлэв.
40. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч К.Н.В- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч К.Н.В-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч К.Н.В-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Н.В- нь торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч К.Н.В- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 728361966 дугаартай гадаад паспорт, 9901№629259 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 9910596516 дугаартай жолооны үнэмлэх зэргийг шүүгдэгч К.Н.В-ийн өөрт нь буцаан олгосугай.
6. Шүүгдэгч К.Н.В-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК