| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 187/2020/0039/Э |
| Дугаар | 365 |
| Огноо | 2020-03-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 365
Т.Ө-ад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Мижиддорж,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Т.Ө-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1910019780670 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Т.Ө-, 1986 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмэг эх, ах, дүү нарын хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 3 сар 15 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдан суллагдсан гэх,
Т.Ө- нь 2019 оны 8 дугаар сарын 22-ны шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Б.Болорцэцэгийн ажиллуулдаг “Мини маркет” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 359.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Хан-Уул дүүргийн прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Ө-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө-аас 359.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Болорцэцэгт олгож, шүүгдэгч Т.Ө-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Ө- гаргасан давж заалдах гомдолдоо: “...миний бие уг хэргийг үйлдээгүй. Намайг согтууруулах ундаа хэрэглэсэн байхад Хан-Уул дүүргийн байцаагч Золжаргал надаас мэдүүлэг авсан. Тэр үед би үнэнээ хэлсэн боловч намайг “хорино, цагдана” гэж айлган сүрдүүлж байгаад уг хэргийг хүлээн зөвшөөрүүлсэн. Дараа нь байцаагч Ариунболд дэлгүүрийн камерт бичигдсэн хүнийг намайг мөн, чи уг хэргийг үйлдсэн хэмээн тулган шаардаж, “чи уг үйлдлийн төлөө хорих ял авахгүй” гэхэд нь би хүлээн зөвшөөрөөгүй боловч намайг “хорино, цагдана” гэх үгээр айлгаж гарын үсэг зуруулсан. Мөн намайг дахин мэдүүлэг өгөөрэй гэхэд нь би хоригдохоос айгаад очдоггүй байсан. Хэсэг хугацааны дараа прокурор Мижиддоржид хэрэг шилжих үед би очиж уулзахад намайг “250-300 цаг албадан ажил хийлгэх ял авна” гэж хэлээд шүүхэд шилжүүлсэн. Айлган сүрдүүлээгүй учраас би дуудсан цагт нь очдог байсан. Шүүх хуралдаанд томилогдсон өмгөөлөгч Ж.Нарантуяа гэх хүн намайг “Шүүгчийн өөдөөс юу ч битгий дуугараарай, юм асуувал миний буруу л гээд байгаарай, санаа зоволтгүй ээ” гээд оруулсан. Би хийгээгүй хэргийнхээ төлөө ял шийтгүүлсэнд гомдолтой байна. Дэлгүүр доторх камерын бичлэгийг дахин шалгуулах хүсэлтэй байна. Мөн дэлгүүрийн эзэн болох хохирогч Болорцэцэгийг шүүх хуралдаанд байлцуулж, уг хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэжээ.
Прокурор Т.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Т.Ө-ын давж заалдсан гомдолд дурдсан асуудал хавтаст хэрэгт тогтоогдоогүй. Мөрдөгчөөс дарамталсан гэх асуудлаар тухайн үед гомдол гаргаж байгаагүй болно.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Т.Ө- нь согтуугаар, 2019 оны 8 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 05 цагийн үед, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мини маркет” хүнсний дэлгүүрийн вакум цонхоор нэвтэрч, 1 шил виски, 1 шил лёкор, 5 шил архи, 15 хайрцаг тамхи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, тус дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байсан иргэн Б.Болорцэцэгт 359.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Хохирогч Б.Болорцэцэг нь “...хүнсний дэлгүүрээ 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 23:45 цагийн үед хаасан. 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 08:00 цаг өнгөрч байхад Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн харуул объектоо шалгаж байхдаа мэдээд над руу утсаар хэлэхээр нь ирж үзэхэд манай дэлгүүрийн зүүн тийш харсан вакум цонхыг хөшиж онгойлгосон байдалтай байсан. Дотогшоо ороход 1 шил виски, 1 шил лёкор, 5 шил архи, 15 хайрцаг тамхи алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. ...” /хх 6-7, 13-14/ гэж эд хөрөнгөө алдсан цаг хугацаа, алдагдсан эд хөрөнгийнхөө шинж байдлын талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:
- гэрч П.Алтантуяагийн “...2019 оны 8 дугаар сарын 21-ний өглөө 07:10 цагийн үед объектоо шалгахаар явж байхад “Мини маркет” хүнсний дэлгүүрийн вакум цонх нь онгорхой, гарах хэсэгт нь архины шил хагарсан байдалтай байхаар нь байгууллагын удирдлагад мэдэгдснээр цагдаа нар ирсэн. Шөнийн цагаар сэжигтэй хүн, автомашин яваагүй. 02:00 цагийн үед шалгахад зүгээр байсан. ...” /хх 8-9/,
- яллагдагч Т.Ө-ын “...гадуур архи ууж явж байгаад Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн зүүн урд үзүүрт байрлах дэлгүүрийн зүүн тийш харсан вакум цонхоор дотогш нэвтэрч архи, тамхи авч гараад 2 өдөр уугаад, тамхыг нь татаад дуусгасан. ...” /хх 80-81/ гэсэн мэдүүлгүүд,
- гэмт хэрэг гарсан газар, тухайн цаг хугацаанд болсон үйл явдлыг харуулсан хяналтын дүрс бичлэг, түүнд үзлэг хийсэн “...05:14 цагийн үед дээгүүрээ саарал өнгийн юүдэнтэй цамц, бараан өнгийн өмдтэй гуйвсан алхаатай эрэгтэй хүн дэлгүүрийн баруун талд байрлах үүдний амбаарын хэсэгт ирж цонхоор шагайж харж байгаад зүүн тийш байрлах дэлгүүр лүү явсан ... 05:22 цагийн үед гартаа юм барьсан байдалтай яваад өнгөрч байгаа харагдана...” /хх 21, 84/ гэсэн тэмдэглэл, уг дүрс бичлэг дээрх сэжиг бүхий этгээдийг өөрийгөө мөн болохыг таньсан шүүгдэгч Т.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг /хх 11/,
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-5, 22-28/, алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /хх 29-32/ зэргээр давхар нотлогджээ.
Гэтэл хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолууд болон яллах дүгнэлт, шийтгэх тогтоол зэрэгт гэмт хэрэг гарсан өдрийг “2019 оны 8 дугаар сарын 22-ний шөнө” гэж буруу бичсэн байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулж зөвтгөн дүгнэсэн болно.
Шүүгдэгч Т.Ө- гаргасан давж заалдах гомдолдоо “...дүрс бичлэг дээрх хүн би биш. Мөрдөгчид намайг айлган сүрдүүрж, хийгээгүй хэргийг маань тулгаж хүлээлгэсэн. Томилогдсон өмгөөлөгч “Чи шүүгчийн өөдөөс юу ч битгий дуугараарай, миний буруу л гээд байгаарай” гэж хэлээд намайг шүүх хуралдаанд оролцуулсан...” хэмээн маргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Т.Ө- нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, хулгайлан авсан эд хөрөнгийн шинж байдал, түүнийг хэрхэн зарцуулсан талаараа тодорхой мэдүүлсэн ба дүрс бичлэг дээрх сэжиг бүхий этгээдийг өөрийгөө мөн болохыг мэдүүлсэн байна.
Шүүгдэгч Т.Ө-ыг ийнхүү мэдүүлэхэд нь аливаа этгээд хөндлөнгөөс нөлөөлсөн, хуулиар хамгаалагдсан эрхийг нь хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад даргалагчаас “Мөрдөгч танаас эрүүдэн шүүж, хүч хэрэглэж байцаалт авсан уу” гэсэн асуултад тэрээр “Үгүй, тийм зүйл болоогүй” гэж хариулжээ.
Иймээс гэм буруу, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны асуудлаар маргасан түүний давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Т.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.
Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахын халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилдэг бөгөөд шүүгдэгч Т.Ө-ын “Мини маркет” хүнсний дэлгүүрийн вакум цонхыг түлхэн нэвтэрч, эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ болон шүүгдэгч Т.Ө-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, мөн эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд тэнэмэл амьдралтай зэрэг хувийн байдлыг нь харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээнд ял оногдуулж, хорих ял эдлэх байгууллагын дэглэм нөхцөлийг хуульд нийцүүлэн тогтоожээ.
Харин шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсгүүдэд шүүгдэгч Т.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэхдээ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэж гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад нийцүүлэн зөвтгөх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Т.Ө-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Түүнчлэн прокурор яллах дүгнэлтдээ Т.Ө-ыг 2019 оны 8 дугаар сарын 22-ны шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Б.Болорцэцэгийн ажиллуулдаг “Мини маркет” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 359.000 төгрөгийн хохирол учруулсан гэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байх боловч яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгыг тусгахдаа өөр гэмт хэргийн шинжтэй байж болохоор ойлгомжгүй бичсэнээс гадна, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тодорхой бус байдлаар бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцэхгүй байгааг буруутган тэмдэглэж, хойшид ийм хариуцлагагүй алдаа гаргахгүй байхыг анхааруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хүн байнга амьдрах зориулалттай...” гэснийг “...хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН