Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0505/З |
Дугаар | 128/ШШ2020/0559 |
Огноо | 2020-09-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2020/0559
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Гомдол гаргагч: С ХХК,
Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи уул, уурхайн хяналтын улсын байцаагч Д.Н
Гомдлын шаардлага: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи уул, уурхайн хяналтын улсын байцаагч Д.Н-ын 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн төлөөлөгч С.Ц, гомдол гаргагчиын өмгөөлөгч Б.Б, хариуцагч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. гомдол гаргагч С ХХК-ийн өмгөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч ашигт малтмал ашиглалтын МV-******* гэх дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан. 2019 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалт болон олборлолттой холбоотой үйл ажиллагаа явуулаагүй. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдогч гээд ажиллагаа явуулах болсон. Энэ үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11-т ...Монгол банк түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан хувь хүнээс бусад энэ хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь тухайн олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан, ашигт малтмалын тоо хэмжээ борлуулалтын үнэлгээ төлбөрийн нийт хэмжээг ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан маягтын дагуу, улирал тутам төсөв мөнгөө гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын 9 дүгээр сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор тус тус ирүүлнэ гэж заасан байдаг бөгөөд хуулийн энэхүү зохицуулалт 2019 он гэхэд 2 удаа өөрчлөлт орсон байдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэрэгжүүлэх ёстой хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт орсон байтал Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний А******* тоот тушаалыг гаргахдаа хууль тогтоомжид нийцүүлж гаргаагүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тус мэдээг авч байгаагүй бөгөөд гэнэт л хууль тогтоомж өөрчлөгдөөд 1 жил 6 сарын дараа хуулиа хэрэгжүүлэхээ санаж зөрчлийн хэрэг үүсгэж ажиллаж байгааг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч 200 гаруй аж ахуйн нэгж байдаг. Эдгээрээс зөвхөн цөөн тооны аж ахуй нэгжийг сонгон авч зөрчил ногдуулж байгаа нь хууль шүүхийн өмнө эрх тэгш байх мөн Үндсэн хуульд заасан ялгаварлан гадуурхахгүй байх заримыг ноцтой зөрчиж байна. Монгол улсын үндсэн хуулийн цэцийн 2018 оны Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалт нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн эсэх талаарх 15 дугаар дүгнэлтийн үндэслэл хэсэгт ... Монгол Улсын Үндсэн хуулиар ардчилсан эрх зүйт төрийн зарчмыг үндэс болгон тогтоож, хүний болон иргэний эрх, эрх чөлөөний баталгаа, Үндсэн хуульт ёсыг баталгаажуулан, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тодорхойлсон. Хууль тогтоогчоос батлан гаргасан хууль тогтоомжийн биелэлтийг хангах, түүнийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, бусад нийтийн захиргааны байгууллагын аливаа шийдвэр, үйл ажиллагаа дээр дурдсан Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд үндэслэсэн байхын зэрэгцээ, иргэний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх учиргүй гэж заасны дагуу хууль тогтоогч хуулиар захиргааны акт гэж нийтийн эрх зүйн үндсэн ойлголтыг тодорхойлохдоо тухайн салбар эрх зүйн болон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үзэл баримтлал, чиг хандлага өөрийн орны Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэх шаардлагатай. Нийтийн хүрээнд үүссэн тодорхой нэг асуудлыг зохицуулахдаа захиргааны байгууллагаас гаргасан эрх зүйн шууд үр дагавар бүхий гадагш чиглэсэн аливаа захирамжлан шийдвэрлэх үйл ажиллагааны акт, үйл ажиллагааг захиргааны актад хамааруулах бөгөөд энэхүү шинж нь захиргааны актыг сонгодог утгаар нь илэрхийлдэг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд дээрх шинжийг бүрэн агуулсан шийдвэрийг гаргах боломжтой бөгөөд энэ тохиолдолд тухайн шийдвэр нь захиргааны актад хамаарах учиртай гэж дүгнэсэн. Улмаар Улсын Их Хурал, Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар ... энэ хуулийн 3.1.3, 3.1.2-т заасан харилцааг тухайлсан хуулиар, бусад захиргааны үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулна гэсэн хэсэг нэмж 3 дугаар зүйлийн 3.4 буюу Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна гэсэн заалтыг хүчингүй болгосон. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4-зааснаас бусад харилцааг зохицуулахад Захиргааны ерөнхий хуульд салбар хуулиас илүү нарийвчилсан зохицуулалт сүүлд гарсан хэм хэмжээ болж тохиолдлыг зохицуулхаар хууль тогтоогч хуульчилжээ. Гэтэл эрх бүхий албан тушаалтанд бидний зүгээс өөрийн гэм буруугүйг тогтоосон баримт гаргаж өгсөн атал хүлээж аваагүй. Энэ байдлыг үл хүлээн зөвшөөрч Нийслэлийн Прокурорын газарт гомдол гаргасан. Манай компанийн гомдолд дурдсан асуудал болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 25-ны А******* дугаар тушаал нь захиргааны хэм хэмжээний актад бүртгэгдсэн эсэхийг тодруулах хэрэгтэй гэсэн хариуг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 3/1616 тоот албан бичгээр мэдэгдсэн. Хууль зүй дотоод хэргийн яамнаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын мөн тушаалыг захиргааны эрх хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэлгүй гэсэн хариуг өгсөн. Мэргэжлийн хяналтын байцаагчийн зүгээс уг тушаалыг захиргааны хэм хэмжээг зохицуулах эрх зүйн хэм хэмжээ биш гэж үздэг ба энэхүү хувийн үзэл бодол нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг ойлгохгүй мэдэхгүй мэдлэгийн хүрээ дутмаг, Төрийн албаны тухай хуульд заасан сургалтад суух үүргийн дагуу Захиргааны ерөнхий хуулиар зохих кредит цагийг сургалтад сууж цаашид иргэн хуулийн этгээдийг үндэслэлгүй шийдвэрээр хохироохгүй байх мэдлэг эзэмших шаардлагатай болсон байна. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т ...захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдөнө гэж заасан. Мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т зааснаар ...энэ хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн хэм хэмжээний актын эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд иргэн хуулийн этгээдэд үүрэг хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан ба Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь мөн тушаал шийдвэрээ улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй байтлаа хүн хуулийн этгээдэд бүртгэлгүй тушаалаар хариуцлага хүлээлгэх нь дээр дурдсан хуулийг ноцтой зөрчсөн явдал болно. Иймд маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү... гэв.
Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи уул, уурхайн хяналтын улсын байцаагч Д.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Мэргэжлийн хяналтын байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасны дагуу Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй ажилладаг. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11-т зааснаар ...Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь улирал тутамд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан ашигласан ашигт малтмалын тоо хэмжээний борлуулалтын мэдээллээ мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдээллээ гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан байдаг. Энэ хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд манай байгууллагаас Гаалийн ерөнхий газрын 2019 онд экспортолсон ашигт малтмалын уул уурхайн бүтээгдэхүүний талаарх мэдээллийг авсан. Үүний дагуу судалж үзэхэд 200 гаруй аж ахуйн нэгж ашигт малтмал экспортолсон байсан. Тухайн ондоо үйл ажиллагаа явуулсан болон үйл ажиллагаа явуулаагүй тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй аж ахуй нэгжүүдээр нь судалж үзсэн. Тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй 100 гаруй аж ахуй нэгж, тусгай зөвшөөрөл эзэмшдэг 100 гаруй аж ахуйн нэгж байсан. Тусгай эдгээр аж ахуйн нэгжүүдээс 2019 онд ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулдаггүй ч ашигт малтмал экспортолсон байж болзошгүй 20 гаруй аж ахуй нэгжүүд байсан. Эдгээр аж ахуй нэгжүүдийг өөрсдийн тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулаагүй байж хаанаас ямар ашигт малтмал аваад худалдан борлуулаад байгаа талаар тодруулж асуусан. Нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулаагүй нь аймгийн Мэргэжлийн хяналтаас ирүүлсэн албан бичиг болон компаниас өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаа. Ашигт малтмалын тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд хууль тогтоомжийн хүрээнд ашигт малтмал олборлоогүй аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцох механизм байхгүй байна. Бид хариуцлага тооцох механизм байхгүй байгаа учир хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд мэдээ тайлангаа гаргаж өгсөн байна уу гэдгийг шалгасан. Гэтэл манай байгууллагад улирал тутамд олборлосон, борлуулсан ашигт малтмалын мэдээ тайлангаа гаргаж өгөөгүй байсан. Хайгуул болон ашиглалтын талаар мэдээ тайлан гаргаж өгөөгүй бол Зөрчлийн тухай хуулиар 10 сая төгрөгийн торгуулийн арга хэмээ авах ёстой байдаг. Ийм үндэслэлээр зөрчлийн хэрэг нээгээд аж ахуй нэгжид шийтгэлийн арга хэмжээг тооцсон байгаа. Нэхэмжлэгч тал төрийн захиргааны байгууллагаас гаргасан эрх зүйн актаа Хууль зүйн яаманд бүртгүүлээгүй гэсэн. Бүртгүүлээгүй ч тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээд мэдээ тайлангаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. Гэтэл энэ аж ахуй нэгжүүдээс мэдээг авдаг гол зорилго нь аж ахуй нэгжүүд хаанаас ямар ашигт малтмал худалдан аваад борлуулаад байгааг мэдээлэлд үндэслэн хяналт шалгалтаа төлөвлөж тухайн аж ахуй нэгжүүд нь хуулийн дагуу олборлосон ашигт малтмал худалдан борлуулж байна уу гэдгийг хянаж үзэх чиг үүрэгтэй байдаг. Бидэнд энэ чиг үүргээ хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч компани саад учруулсан гэж үзэж байгаа. Улсын хэмжээнд хууль бусаар ашигт малтмал олборлох зөрчил буурдаггүй нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн талбай дээр үйл ажиллагаа явуулдаггүй хирнээ хууль бусаар олборлосон ашигт малтмалыг худалдаж авч хууль бусаар олборлогчидийн үйл ажиллагааг хөхүүлэн дэмждэг хууль бус үйл ажиллагаа явуулдаг. Уг хууль бус үйл ажиллагаагаа Ашигт малтмалын тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хуулийн цоорхойг ашигладаг. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс уг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр 2019 оноос хойш дорвитой арга хэмжээ авч байгаа. Нэхэмжлэгч компани нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Мэдээ тайлангаа өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан. Зөрчлийн хэрэг нээж шалгах явцдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг прокурорын хяналтад явуулсан. Прокурор уг шийтгэлийн хуудсыг хянаж хүлээн зөвшөөрсөн. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж үзэж байна... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч нь анх гомдлын шаардлагаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи уул, уурхайн хяналтын улсын байцаагч Д.Н-ын 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 0063522 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж байгаад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи уул, уурхайн хяналтын улсын байцаагч Д.Н-ын 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж тодруулжээ.
Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, гомдлын шаардлагыг дараах байдлаар дүгнэж шийдвэрлэв.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи уул, уурхайн хяналтын улсын байцаагч Д.Н нь С ХХК-ийг 2019 онд худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баталсан маягтын дагуу гаргаж, ирүүлээгүй буюу ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй гэх зөрчилд холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулан 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсаар хуульд заасан мэдээ тайланг гаргаж өгөөгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулжээ.
Гомдол гаргагчаас өөрийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МV-******* тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд олборлолт хийгээгүй, түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/******* дугаар тушаал нь улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй тул тайлан явуулаагүй гэж, хариуцагчаас ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй ч олборлоогүй тухай тайлан гаргаж өгөх ёстой гэж маргажээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага гүйцэтгэнэ, 47 дугаар зүйлийн 47.11-д Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан хувь хүнээс бусад энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус ирүүлнэ гэж заасны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад маягт батлах эрх олгогджээ.
Энэ эрхийн хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/******* дугаар тушаалаар маягтын загварыг баталсан байна.
Үүнээс үзвэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь олборлолт хийсэн эсэхээс үл хамааран худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээний тайланг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг хуулиар үүрэг болгосон байх бөгөөд ийнхүү хүргүүлэхдээ мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу хүргүүлэхээр зохицуулсан байх тул гомдол гаргагчийн ашигт малтмалын ашиглалтын МV-******* тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд олборлолт хийгээгүй тул тайлан хүргүүлээгүй гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно гэж заасан бөгөөд захиргааны хэм хэмжээний акт нь тодорхой эрх зүйн үр дагавар бий болгож, эрх, үүргийг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгосон эсвэл тогтоосон байдаг.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/******* дугаар тушаалаар батлагдсан маягтын улмаас гомдол гаргагчид ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээний тайланг гаргаж өгөх үүрэг үүсээгүй, ямар нэгэн эрх зүйн үр дагаварыг бий болгоогүй, харин хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад ирүүлэх тайлангийн загварыг баталсан байгаагаас үзвэл дээрх тушаалыг захиргааны хэм хэмжээний акт гэж үзэхээргүй байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/******* дугаар тушаал нь захиргааны хэм хэмжээний акт биш тул эрх бүхий этгээдэд бүртгүүлсэн байх шаардлагагүй байна.
Иймд Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2-т хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар улсын байцаагч нь хуульд заасны дагуу зөрчлийг шалгаж, шийтгэлийн хуудас ногдуулсан байх тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи уул, уурхайн хяналтын улсын байцаагч Д.Н-ын 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 47 дугаар зүйлийн 47.11-т заасныг баримтлан С ХХК-ийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи уул, уурхайн хяналтын улсын байцаагч Д.Н-д холбогдуулан гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи уул, уурхайн хяналтын улсын байцаагч Д.Н-ын 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН