| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2025/0462/3 |
| Дугаар | 221/МА2025/0794 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2025/0794
“Ш м” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Б.Адъяасүрэн
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б
Нэхэмжлэгч: “Ш м” ХХК
Хариуцагч: Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Б, Т.О нар
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн НА-22240000*** дугаартай нөхөн ногдуулалтын актаас 3,129,965,601.99 төгрөгийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 722 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.А
Хариуцагч Т.О, Б.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2025/0***/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ш м” ХХК нь Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч нарт холбогдуулан “Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн НА-22240000*** дугаартай нөхөн ногдуулалтын актаас 3,129,965,601.99 төгрөгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 722 дугаар шийдвэрээр: “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1, 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ш м” ХХК-аас Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн НА-22240000*** дугаартай нөхөн ногдуулалтын актаас 3,129,965,601.99 төгрөгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасныг баримтлан татварын хяналт шалгалт хийх үйл ажиллагааг зохион байгуулах, татварын хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, мөн Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын хүрээнд хяналт шалгалтыг зохион байгуулах үүрэгтэй. Татвар хяналт шалгалт хийх 2224502*** дүгээр томилолтод, томилолт гарсан нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, хяналт шалгалт эхлэх хугацаа 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гэж маргаан бүхий томилолтод дурдсан. Нотлох баримтуудаар хяналт, шалгалт хийх 2224502*** дугаар хоёр өөр цаг хугацаанд үйлдэгдсэн томилолт баримтаар болон тайлбараар тогтоогдож байдаг. Харин аль томилолтыг үндэслэж шалгалт хийсэн эсэх, аль томилолт нь хүчинтэй эсэх эргэлзээтэй. Томилолт шалгалт эхлэхээс 3 хоногийн өмнө шалгалтаа байцаагч нар эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заасан ажлын 10 хоногт бус ажлын 7 хоногт хяналт шалгалтыг хийсэн нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн байна. Хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга нь Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.6-д заасныг зөрчин гурван өөр төрлийн томилолт нь аль нь хүчинтэй аль нь хүчингүйг татварын байцаагч нар хариу тайлбар болон баримтаар нотолж чадаагүй. Томилолт ямар цаг хугацаанд гарч татвар төлөгчийн цахим хаягт хүргэгдсэн эсэх нь баримтаар тогтоогдоогүй, нотлоогүй байхад нотлох баримт байгаа мэтээр хийсвэр дүгнэн хэргийг шийдвэрлэсэн.
3.2. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтуудыг зөрчин хяналт шалгалт эхлүүлсэн. Улсын байцаагч нарын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр маргаан таслах зөвлөлд гаргасан хариу тайлбартаа татвар төлөгчид удирдамж, томилолтыг танилцуулсан гэдэг боловч хяналт шалгалтын удирдамж, томилолтыг татвар төлөгчид танилцуулсан гэх тухайн үйл явдлыг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл хөтөлж, гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй. Хяналт, шалгалтын удирдамж, томилолтыг татвар төлөгчид танилцуулсан гэх баримт хяналт шалгалтын хэрэг, хавтаст хэрэгт огт байхгүй. Улсын байцаагч нарын хууль зөрчин явуулсан хяналт шалгалтыг нэхэмжлэгч нотлох баримтаар нотолсоор байхад маргаан таслах зөвлөл болон анхан шатны шүүх илтэд хууль зөрчин торгуулийн мөнгөн дүнд ач холбогдол өгч, хэт нэг талыг барьж, хууль зөрчөөгүй гэх үндэслэлээр гомдлыг хангаж шийдвэрлээгүй нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэр нь бодит үйл баримтад нийцээгүй, нотлох баримт бичгийг бүрэн судлаагүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлага хангаагүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0722 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт орууллаа.
2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч “Ш м” ХХК нь Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч нарт холбогдуулан “Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн НА-22240000*** дугаартай нөхөн ногдуулалтын актаас 3,129,965,601.99 төгрөгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.2. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч хуулийн этгээд 2022-2023 онуудад экспортын барааны борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын /0/ хувь хэмжээгээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнаагүй нь тогтоогдсон, энэ тохиолдолд тухайн зөрчилд маргаан бүхий захиргааны актаар төлбөр тогтоосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна ... нэхэмжлэгчийн тайлант хугацааны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, 2020-2023 онуудын гаалийн бүрдүүлэлтийн лавлагаа, ярилцлагын тэмдэглэл зэрэг баримтуудаас үзвэл цахим төлбөрийн бараа, ажил, үйлчилгээний зардлыг аж ахуйн нэгжийн татвар ногдох орлогоос хасагдах зардалд бичиж, татвар ногдуулах орлогоо бууруулсан, үйл ажиллагааны бус зардлыг аж ахуйн нэгжийн татвар ногдох орлогоос хасагдах зардалд бичиж, татвар ногдуулах орлогоо бууруулсан нь тус тус тогтоогджээ ...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч “Ш м” ХХК нь Япон улсын “К” ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах тухай” №02 дугаар гэрээний дагуу SYJ0608-17-13 маркийн индукийн зуухны зүрхэвч нийлүүлэх, харин “Худалдах, худалдан авах тухай” №03 дугаартай гэрээний дагуу авто зогсоолын ивүүр үйлдвэрлэн 2020-2023 онд нийлүүлсэн бөгөөд Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар 2224502*** тоот томилолтоор /Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус-Иж бүрэн/ шалгалтыг явуулж, улмаар 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №НА-22240000*** дугаар нөхөн ногдуулалтын актаар Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1 дэх заалтыг тус тус үндэслэн 2,290,581,717.69 төгрөгийн нөхөн татвар, 916,232,687.08 төгрөгийн торгууль, 474,641,334.03 төгрөгийн алданги, нийт 3,681,455,738.8 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоож шийдвэрлэжээ.
2.4. Татварын ерөнхий хуулийн 6.1.30-д “"татварын улсын байцаагч" гэж энэ хуулийн дагуу татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлж, татвар төлөгчид үйлчлэх, татвар хураах, тайлан хүлээн авах, хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий татварын албанд ажилладаг, эрх олгогдсон төрийн захиргааны албан хаагчийг”, 28 дугаар зүйлийн 28.3-д “Татвар төлөгч анхан шатны баримт бүрдүүлээгүй болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд холбогдоогүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй, эсхүл татвар ногдуулах орлого, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тодорхойлохдоо бодит бус үнэ хэрэглэсэн тохиолдолд татварын алба татварын ногдлыг жишиг үнийн, эсхүл үнэ шилжилтийн тохируулга хийх аргаар тодорхойлж, холбогдох татварыг ногдуулна” 30 дугаар зүйлийн 30.8-д “Энэ хуулийн 30.6-д заасан тайлбарыг хугацаанд нь ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тайлбар нь үндэслэлгүй гэж үзвэл татварын алба холбогдох мэдээллийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх бөгөөд энэ нь тайлангийн хугацаанд хамаарах татвар ногдуулалт, төлөлттэй холбоотой асуудалд татварын хяналт шалгалт хийж тайлангийн ногдлыг тодорхойлох үндэслэл болно”, 41 дүгээр зүйлийн 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” гэж,
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-д “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус зохицуулсан.
3. Хавтаст хэрэгт авагдсан №2224502*** дугаар бүхий Татварын хяналт шалгалт хийх томилолт дээрх татварын хяналт шалгалт эхлэх, зарцуулах хугацааг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэхээр тусгасан байх боловч нэхэмжлэгч компанийн зүгээс маргаж буй №НА-22240000*** дугаар нөхөн ногдуулалтын актад “... №2224502*** тоот томилолтоор /Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус-Иж бүрэн/ шалгалтыг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс ...” гэж дурдсан байгаа нь ойлгомжгүй бөгөөд өөр хоорондоо зөрүүтэй гэж үзэхээр байх төдийгүй энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй. Татварын хяналт шалгалт хийх томилолтын хугацаа зөрүүтэй, хэзээнээс шалгалт эхлэх нь ойлгомжгүй байгаа нь маргааны үйл баримтад нөлөөлөхгүй боловч татвар төлөгчдийн татварын байгууллагад итгэх итгэл, хяналт шалгалт нь хууль ёсны маргаангүй байх үндэслэл болохоос гадна тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн актыг үйлдэх нөхцөлийг бүрдүүлдэг учир албан бичиг хэрэг хөтлөлтийн анхан шатны шаардлагыг хангасан байх ёстой. Татвар төлөгчдөд эргэлзээ төрүүлэх ёсгүй.
3.1. Түүнчлэн, нэхэмжлэгч “Ш м” ХХК-ийн зүгээс “... гэрээний дагуу бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх, тээвэрлэх явцад гэмтэл, элэгдэл хорогдол үүсч, засварлах шаардлагатай болсноор Япон улсын талаас тухайн засварлах зардлыг хасч бараагаа тооцон авсан. Манайхаас бараа бүтээгдэхүүнийг худалдаж авсан үнийн дүнгээр тайлангаа гаргасан, ...” гэж тайлбарлан маргаж байгаа энэ тохиолдолд татварын улсын байцаагч хянан шалгах үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэлгүйгээр гаалийн мэдүүлэгт мэдүүлсэн үнийн дүн нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлого гэж шууд үзэн нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь учир дутагдалтай.
3.2. Тодруулбал, нэхэмжлэгч компани болон Япон улсын “К” ХХК нарын хооронд байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ” №2-т SYJ0608-17-13 маркийн индукийн зуухны зүрхэвчийг борлуулах бөгөөд түүний нэг ширхгийн үнийг 42000 иенээр, харин №3 дугаар гэрээгээр авто зогсоолын ивүүр борлуулах бөгөөд түүний нэг ширхгийн үнийг 2800 иенээр борлуулахаар тусгажээ.
3.3 Гэтэл хариуцагч нь Гаалийн Ерөнхий газраас 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01-1.2/4211 тоот албан бичгээр ирүүлсэн “Ш м” ХХК-ийн 2020-2023 оны гаалийн бүрдүүлэлтийн лавлагааг үндэслэн нэхэмжлэгчийн экспортод гаргасан бүтээгдэхүүний кг-аар тооцсон үнийн дүнг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлого гэж шууд үзсэн нь ойлгомжгүй төдийгүй хилээр гарсан SYJ0608-17-13 маркийн индукийн зуухны зүрхэвч болон авто зогсоолын ивүүр нь гэрээнд заасантай таарч байгаа эсэхийг дахин хяналт шалгалт явуулж шалгасны үндсэн дээр бодитоор хэдэн төгрөгийн үнэ бүхий SYJ0608-17-13 маркийн индукийн зуухны зүрхэвч, авто зогсоолын ивүүрийг гэрээнд заасанснаар хэдэн ширхэг, кг бүтээгдэхүүнийг бодитоор борлуулж орлого олсоныг тогтоох шаардлагатай.
3.4. Мөн дээрх 2 төрлийн бараа бүтээгдэхүүнийг Япон улсын “К” ХХК-д нийлүүлэхдээ хэдэн ширхэг барааг гэмтэлтэй гэж үзэж акт үйлдэн, түүний засварт хэдэн төгрөгийг хасч тооцсон талаар хэргийн оролцогч, талуудаас энэ талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, хариуцагчаас мөн үндэслэл бүхий тооцоолол гаргаж өгөөгүй, мөн хэрэгт авагдсан инвойс буюу 2021 оны 01 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сар хүртэлх бүтээгдэхүүний нэхэмжлэх баримтуудыг /Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус-Иж бүрэн/ шалгалтын явцад гаргаж өгөөгүй, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн нь нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдож байх тул түүнийг Татварын ерөнхий хуульд заасан шаардлагыг хангуулан өгснөөр хариуцагч захиргааны байгууллагаас үүнийг үндэслэн албан татвар ногдох орлогыг тооцохдоо гэрээний үнэ болон борлуулалтын үнэ буюу бодитоор орж ирж буй үнийг харьцуулан татварыг нөхөн ногдуулах эсэхийг холбогдох анхан шатны баримтууд, үндэслэл бүхий тайлбаруудад тулгуурлан дахин акт үйлдэх нь зүйтэй.
Энэ тохиолдолд дан ганц гаалийн бүрдүүлэлтийн лавлагаагаар ирүүлсэн үнэ нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох шууд орлого биш бөгөөд гаалийн жишиг үнийг тогтоох, статистик тоо баримт, судалгааны ач холбогдолтой татварын суурь үнэлгээний тусгай үзүүлэлт гэж үзнэ. Харин аж ахуйн нэгжийн татвар ногдох орлогыг тодорхойлох бодит үнийн дүн биш юм.
3.5. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж, 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж тус тус зааснаар хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, тэрхүү нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шинжлэх, судлах боломжоос хэтэрсэн болох нь тогтоогдсон тохиолдолд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаж буй захиргааны актыг тодорхой хугацаа зааж түдгэлзүүлж шийдвэрлэх үүрэгтэй.
3.6. Захиргааны байгууллагаас нэгэнт дээр дурдсан хяналт, шалгалт хийх ажиллагааг бүрэн дүүрэн явуулаагүй байгаа энэ тохиолдолд шүүхээс Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын үйлдсэн нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох буюу энэ талаар дүгнэлт хийж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 722 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 30 дугаар зүйлийн 30.8, 41 дүгээр зүйлийн 41.2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн НА-22240000*** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохыг тайлбарласугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА