Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/243

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,

Улсын яллагч Ц.Сонинмөнх,

Иргэний нэхэмжлэгч Н.Шинэбаяр,

Шүүгдэгч Р.Т, түүний өмгөөлөгч Б.Батмөнх,

Шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Б.Отгонбаяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.Т, Ж.А нарт холбогдох эрүүгийн 2034002530233 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, 1964 оны 05 дугаар сарын29-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Р.Т

 

  1. Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Төв амйгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ж.А

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.А нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Мөнгөнморьт сумын “Даваат” гэх газраас 1 тооны хүрэн баавгай, үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 01 дүгээр сард Мөнгөнморьт сумын нутаг “Захарын даваа” гэх газраас 1 тооны хүрэн баавгай зэргийг тус тус өөрийн эзэмшлийн скиз маркийн буугаар буудаж, ховор амьтны тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан,

Шүүгдэгч Р.Т нь 2020 оны 02 дугаар сард Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дунд гуя” гэх газраас 4 тооны булгыг, мөн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Зүүн сээр” гэх газраас 2 тооны булга буюу ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр буудаж өгнөсөн гэмт хэргийн тус тус үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Р.Т нь: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн, зөв тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Ж.А нь: “Би Даваат гэх газарт явж байхдаа 4 сарвууг авсан нь үнэн. Сүүлд Эскизээр буудсан” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Н.Шинэбаяр нь: “Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу амьтны нөөцөд учруулсан нөхөн төлбөрийг төлүүлэх хүсэлттэй байна” гэв.

 

Хавтаст хэргээс:

Шүүгдэгч Ж.А нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Мөнгөнморьт сумын “Даваат” гэх газраас 1 тооны хүрэн баавгай, үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 01 дүгээр сард Мөнгөнморьт сумын нутаг “Захарын даваа” гэх газраас 1 тооны хүрэн баавгай зэргийг тус тус өөрийн эзэмшлийн скиз маркийн буугаар буудаж, ховор амьтны тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан,

Шүүгдэгч Р.Т нь 2020 оны 02 дугаар сард Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дунд гуя” гэх газраас 4 тооны булгыг, мөн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Зүүн сээр” гэх газраас 2 тооны булга буюу ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр буудаж өгнөсөн гэмт хэргийн тус тус агнасан баримт нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 17 тал/,

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 18-24 тал/,

-Галт зэвсэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 25-31 тал/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 34-38 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Ш.Оюунчимэгийн “...Хүрэн баавгай, ойн булга, зэрлэг гахай зэрэг амьтад нь хөхтөн амьтандаа ордог юм. Хүрэн баавгай, ойн булга зэргийг агнах зөвшөөрөл олгодоггүй, харин Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу зэрлэг гахайг ахуйн зориулалтаар агнах зөвшөөрлийг Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын тушаалыг үндэслэж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор олгодог юм. Амьтны тухай хуульд зааснаар зэрлэг гахай жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар хориглодог. Дээрх амьтны экологи эдийн засгийн үнэлгээг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон байдаг бөгөөд хүрэн баавгайны эр 6.500.000 төгрөг, эм нь 7.500.000 төгрөг, ойн булганы эр 450.000 төгрөг, эм нь 510.000 төгрөг, зэрлэг гахайн эр бодгаль 2.900.000 төгрөг, эм бодгаль 3.300.000 төгрөг, монгол тарвага 180.000 төгрөг, эм 210.000 төгрөгөөр тус тус тогтоогдсон байдаг. Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно гэж заасан байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-21 тал/,

-Гэрч Т.Баатармөнхийн “...Миний гэрийн үүдний амбаарт гялгар уутан дотор байсан 2 ширхэг булганы арьс бол ямар учиртай гэхээр би 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хөдөө буюу Мөнгөнморьт сумын Өндөр цохио гэдэг газар аавынхаа гэрт аавыгаа дуудхаар нь явж очоод аавын шүдийг янзлуулах гээд явах гэж байтал манай аавын хажуу талын айл н.Амартүвшин ах 2 ширхэг булганы арьс байна арьс илддэг хүн байвал илдүүлээд өгөөч гэж хэлсэн болохоор нь түүнийг авч яваад гэртээ хадгалж байсан юм. Харин авдар дотор байсан 2 ширхэг лоовууж хийсэн 4 ширхэг булганы арьсыг манай төрсөн аав н.Төмөр надад 2019 оны 12 дугаар сард өгсөн бөгөөд 4 ширхэг арьсаар 2020 оны 02 дугаар сард сумын иргэн н.Пүрэвдулам гэдэг хүнээр өөртөө болон эхнэртээ тус бүр 1 лоовууз хийлгэсэн юм. /1-р хх-ийн 44-45 тал/,

-2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн амьтны эд эрхтнүүд нь Хүрэн баавгай (Ursus arctos), Ойн булга (Martes zibellina), Зэрлэг гахай (Sus scrofa), Монгол тарвага (Marmota sibirica), Халиун буга (Cervus elaphus)-ын таван зүйл амьтанд хамаарна.

-Хүрэн баавгайн хоёр бодгальд хамаарах найман сарвуу, ойн булганы 4 бодгалийн арьсаар хийсэн хоёр малгай, хатаасан нэг арьс, шатааж гэмтээсэн нэг арьс, зэрлэг гахайн нэг бодгалийн хэсгүүд, монгол тарваганы нэг бодгальд, халиун бугын нэг бодгалийн өрөөсөн эвэр болохыг тодорхойлов.

-Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгайн сарвуунаас авсан дээжид хийсэн хүйс тодорхойлох шинжилгээгээр нэг эр, нэг эм нийт хоёр бодгаль болохыг тодорхойлов. Ойн булганы туламлаж хатаасан арьснаас морфологи шинжээр эр бодгальд хамаарахыг тодорхойлов. Шатааж гэмтээсэн арьс болон хоёр малгайнд ашигласан дөрвөн арьснаас хүйсийг тодорхойлох боломжгүй байна. Хүйс тодорхойлох шинжилгээгээр зэрлэг гахайн эм бодгаль болохыг тодорхойлов. Морфологи шинжээр монгол тарваганы эм бодгаль болно. Халиун бугын эр бодгалийн эвэр байна. Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох "Ховор амьтны жагсаалт"-д зааснаар ховор зүйл бөгөөд Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын хоёрдугаар хавсралтад бүртгэгдсэн. Ойн булга, Зэрлэг гахай, Халиун буга гэсэн зүйлүүд нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох "Ховор амьтны жагсаалт"-д зааснаар ховор зүйл болно. Тарвагыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А-278 дугаартай "Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай" тушаалаар агнахыг 2020 хүртэл буюу гурван жил агнахыг хориглосон байна.

-Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох "АН АМЬТНЫ ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ"-нд зааснаар хүрэн баавгайн эр бодгаль 6,500,000 төгрөг, эм бодгаль 7,500,000 төгрөг, ойн булга эр бодгаль 450,000 төгрөг, эм бодгаль 510,000 төгрөг, зэрлэг гахай эр бодгаль 2,900,000 төгрөг, эм бодгаль 3,300,000 төгрөг, монгол тарвага эр бодгаль 180,000 төгрөг,, эм бодгаль 210.000 төгрөг, халиун буга эр бодгаль 6.600.000 төгрөг, ам бодгаль 7.500.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 60-61 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “...Шинжилгээнд 7,62 мм калибртай, гол төмөр дугааргүй, хүхээг ОЖ4918 дугаартай, замаг 85277 дугаартай хуучнаар ЗХУ-д үйлдвэрлэгдсэн Мосин загварын бууны гол төмрийг сольж угсарч залгасан гар хийцийн галт зэвсэг байна. Шинжилгээнд 5,6мм калибртай, сангийн анги ABN1463 дугаартай, замаг 24593 дугаартай хуучнаар ЗХУ-д ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн ТОЗ-8-01 загварын бага калибрын винтов буу ирүүлсэн байна. Шинжилгээнд 7,62мм калибртай, сангийн анги ИТ9185 дугаартай, замаг ИТ9185 дугаартай бууг лабораторийн сан, цуглуулга, ном, цахим хаягуудаас шинжлэн судалж үзэхэд 1954 онд хуучнаар ЗХУ-д байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн СКС загварын карабин буу ирүүлсэн байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн гол төмөр дугааргүй, хүхээг ОЖ4918 дугаартай, замаг 85277 дугаартай гар хийцийн галт зэвсгийг ямар зорилгоор засаж янзалсныг тогтоох боломжгүй. Харин бусад 2 бууны зориулалтыг дээд хэсгээс уншина уу. 3. Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг галт зэвсгийн эд анги бүрэн бүтэн бөгөөд буудлага үйлдэнэ. 4. Шинжилгээнд ирүүлсэн гол төмөр дугааргүй, хүхээг ОЖ4918 дугаартай, замаг 85277 дугаартай бууны гол төмрийг сольж угсарч залгасан байна. Шинжилгээнд ирүүлсэн буунуудад байх үйлдвэрийн дугаар, тэмдэглэгээг засварлаж өөрчлөөгүй байна. 5. Шинжилгээний ирүүлсэн иргэн Ж.Аын гэх гар хийцийн галт зэвсгийн гол төмөр дугааргүй, замаг, хүхээгний дугаарууд хоорондоо өөр байна. Иргэн Р.Тийн гэх ТОЗ-8-01 загварын бууны сангийн ангийн дугаар, замагны дугаар хоорондоо өөр байна. Иргэн Ж. Амаржаргалын гэх СКС загварын бууны сангийн ангийн дугаар, замаг, замгийн рамны дугаар болон хүхээгний дугаарууд хоорондоо ижил байна. 6. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгүүдээс загвар болгон авсан хонгио, хошууны гадаргуунд үүссэн мөрийг галт зэвсгийн шинжилгээний лабораторид биетээр хадгалагдаж байгаа одоогоор илрээгүй хэргийн газраас олж илрүүлсэн сумны хонгио, хошууны гадаргуунд үүссэн мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ харилцан тохирохгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 63-70 тал/,

-Шүүгдэгч Р.Тын яллагдагчаар өгсөн “...Би Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр багийн нутаг Дунд гуя гэх газраас 2020 он 01 дүгээр сарын сүүлээр байх өөрийнхөө эзэмшлийн ТОЗ-8 маркийн буугаар 4 тооны ойн булга гэдэг амьтныг малгай хийх зорилгоор агнаж 4 ширхэг булганы арьсаар нь 2 ширхэг лоовуузан малгай хийсэн байгаа. Мөн 2020 оны 02 дугаар сарын дундуур Мөнгөнморьт сумын 1 дүгээр багийн нутаг Өндөр цохио гэх газраас өөрийнхөө ТОЗ-8 маркийн буугаараа 2 тооны ойн булга агнаж малгай хийхээр бодож байсан бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү н.Баатармөнхийн гэрийнх нь үүдний амбаарт арьсыг нь тавьсан байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-86 тал/,

 

-Гэрч Т.Ганзоригийн “...Миний хувьд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр цагийг нь бол сайн мэдэхгүй байна. Сумын хэсгийн төлөөлөгч, экологийн байцаагч бид гурав н.Баатармөнхийн гэрт нь очиж үзлэг нэгжлэг хийсэн байгаа тэр үед н.Баатармөнхийнхөөс хоёр баавгайн 8 ширхэг сарвуу, нэг тарвага, гахайн мах, хэдэн булганы арьс байсан бөгөөд н.Баатармөнхийн эхнэр нь зуух руугаа хийгээд шатаагаад хаячихсан байсан. Нэг бугын эвэр зэрэг эд зүйл гарч ирсэн. Тэр үед бол би өөрөө хажууд нь байсан болохоор мэдэж байна. Харин маргааш нь аймгийн төвөөс бүрэлдэхүүн ирээд дахиж очиж үзлэг хийсэн бөгөөд тухайн үед нь бол би өөрөө байгаагүй. Орой нь надаар гарын үсэг зуруулсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 36-37 тал/,

-Гэрч Ц.Нармандахийн “...Би н.Баатармөнхийн урд талын хашаанд амьдардаг бөгөөд тухайн өдөр хашаан дотроо явж байхад н.Гүнбилэг бас нэг нэрийг нь мэдэхгүй цагдаа дуудаад ороод ир гэсэн. Тэгээд тэндээ юм бичээд байсан бөгөөд н.Баатармөнхийн гэрээс юм харуулахгүй үүдний амбаараас хөлдөөгчин дотроос цагаан өнгийн шуудайтай юм гаргаж ирээд асгаад харуулсан. Тэнд нь баавгайн савар, гахайн жижиглэсэн мах байсан. Одоо санаж байгаагаар бол тийм л зүйл байсан. Тэгээд намайг явж бай гэсэн. Тэгээд би гэртээ орсон. Орохдоо гарын үсэг зурсан байгаа...” гэх мэдүүлэг /3-р хх/ийн 38-39 тал/,

-Гэрч Д.Өлзийбаянмөнхийн “...Анхны өдөр хэсгийн төлөөлөгч н.Ган-Эрдэнэ, олон нийтийн цагдаа н.Ганзориг нарын хамтаар н.Баатармөнхийн гэрт нь очиж үзсэн. Тэгэхдээ албан ёсны үзлэг энэ тэр бол хийгээгүй хууль бус ангийн эд зүйл байгааг мэдээд хэсгийн төлөөлөгч 102 луу мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 51 тал/,

-Шүүгдэгч Р.Тийн яллагдагчаар өгсөн “...Намайг Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр баг өндөр цохиот гэдэг газар өвөлжөө дээрээ байхад 2020 оны 03 дугаар сарын 12-ны өглөө 04 цагийн орчим гэрээс ирээд унтаж байхад авч явсан юм. Тухайн үед хэсгийн төлөөлөгч Г.Ган-Эрдэнэ хоёр цагдаатай орж ирсэн байх. Тэгээд танай хүүг барьсан байгаа та ан агнасан гэнэ танай гэрийг нэгжинэ гээд манай бүх зүйлийг нэгжсэн, мөн хажуу талын н.Амартүвшингийнхийг нэгжсэн гэсэн. Надад ямар нэгэн зөвшөөрөл үзүүлээгүй авч явна гээд л авч явсан бөгөөд намайг манай ах н.Жаргалсайханых руу явсан тэнд очиход н.Жаргалсайхан, н.Оюун нар унтаж байсан бас нэг хүн унтаж байсан. Тэрийг нь бол таниагүй н.Амаржаргалыг авч буугаад н.Амаржаргалын бууг бас нэг хүний буутай хамт авч гарч ирсэн. Тэгээд шууд сумын төвд ирээд цагдаагийн урд талын байранд ороод ирэхэд н.Баатармөнх гавтай бас н.Загарсүрэн бас гавтай байсан. н.Энхбаатар, н.Баяраа гэдэг хүн байсан. Өглөө 08 цагийн орчим н.Амаржаргал, н.Баатармөнх нарыг цагдаа нар аваад явсан. Өрөөнөөсөө нэг шуудайтай зүйл аваад явсныг би харсан. Буцаж ирэхээр нь миний бие муу байна аавыгаа бодоод нэг юм олоод хэлчих гэж хэлж байсан. Тухайн үед би бие өвдөөд эмнэлэг орж тариа хийлгэж эм ууж жоохон хэвтэж байгаад ирсэн. Тэр булган малгайг н.Амартүвшинтэй хамт гялгар уутанд хийгээд сумын төвд ирж н.Баатармөнхөд өгсөн. Тухайн 2 ширхэг малгайг 4 ширхэг булганы арьсаар өөрөө элдэж н.Пүрэвдулам эгчээр мөнгийг нь өгч оёулсан. ..” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 57 талд/,

-2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол /3-р хх-ийн 63-64 тал/

-2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 31 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол /3-р хх-ийн 69-70 тал/,

-Яллагдагч Ж.Ааас дахин өгсөн “...2019 оны 12 дугаар сарын эхээр байсан байх Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг болох Даваат гэх газар өөрийнхөө хонгор морьтой чаг мөөг түүх зорилгоор явж байхдаа бүдүүн хар модны доор том хар зүйл хэвтэж байхаар нь очиж үзэхэд жижгэвтэр баавгай хэвтэж байхаар нь дөрвөн саврыг нь авчихаад явсан. Дараа нь 2020 оны 01 дүгээр сард байх Захарын даваанд бас хонгор морьтойгоо чаг мөөгөнд явж байхдаа морио уячихаад бие засаад сууж байхад нүдний үзүүрт нэг хар зүйл харагдсан. Тэгээд хартал хар хүрэн өнгийн том баавгай байсан. Тэгээд намайг барих нь гэж бодсон яг миний өөдөөс хурдтай явж байсан. Тэгэхээр нь буугаа аваад буудчихаад яваад өгсөн. Тэрнээс хойш хэд хоногийн дараа тухайн баавгай дээр очоод саврыг нь авсан юм...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 76 тал/,

-Шүүгдэгч Р.Тийн яллагдагчаар өгсөн “...Миний хувьд 4 ширхэг булганы арьсаар оёсон лоовуузан малгайг цагаан сарын өмнөхөн аваачиж өгсөн. Мөн 2 ширхэг булганы арьсыг шүд өвдөөд эмнэлэг явахдаа гэрээсээ хүнд үзүүлж мөнгө цаас болгочих санаатай авч явчхаад шүдээ эмнэлэгт үзүүлж чадалгүйгээр кроно вирус гээд хөл хорио тогтоочихсон байсан болохоор болиод буцахдаа Т.Баатармөнхийн үүдний амбаарийн түлээн завсар хавчуулж хийчихсэн байсан бөгөөд буцахдаа мартаад явчихсан байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 88 тал/,

-Гэрч С.Дуламын “...Энэ ТОЗ-8 буу бол миний буу. Улаанбаатар хотоос буу зардаг дэлгүүрээс 2010 онд худалдаж авсан байх. 2017 онд Р.Т гэх хүн надаас нэг шүдлэн үхрээр худалдаж аваад явсан. Дараа нь би нэрээ шилжүүлэх гэсэн чинь Р.Т бууны сургалтад суугаагүй болохоор гэрчилгээ гарахгүй, шилжүүлж болохгүй гээд нэрээ шилжүүлж чадаагүй. Одоо би жил болгон бууны татвараа төлөөд явж байгаа...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 92 тал/,

- -“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 07/140 дугаартай шинжээчийн дүгнэлт /3-р хх/ийн 97-106 тал/,

-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 07/144 дугаартай шинжээчийн дүгнэлт /3-р хх/ийн 109-112 тал/,

-Гэрч Л.Ган-Эрдэнийн “...Миний хувьд 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын төвд байрлах Т.Баатармөнхийн гэрт хууль бус ангийн эд зүйл байна гэх мэдээлэл авч түүний дагуу хариуцсан тасгийн дарга хошууч Г.Жанчив Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч ахлах дэслэгч Л.Баянмягмар нарт танилцуулсан. Үүний дагуу тус сумын сум дундын ойн анги орж Т.Баатармөнхтэй уулзахад өөрөө байгаа, баавгайн сарвуунуудыг нь та байхгүй болгочих гээд байсан. Тэгээд би дахин даргад танилцуулан үүрэг чиглэл авч тухайн үед хяналтын прокурорт мэдэгдчихлээ очоод шууд үзлэгээ хийгээд эд зүйлийг нь хураагаад авчих гэж Г.Жанчив дарга хэлсний дагуу дахин Т.Баатармөнхтэй уулзаж гэр рүү нь явсан гэрт нь сумын Экологийн байцаагч н.Өлзийбаянмөнх, олон нийтийн цагдаа н.Ганзориг захиргааны жолооч нарын хамтаар очиж үзлэг хийж өөрөөр нь заалгуулан эд зүйлийг гаргуулан ирж үзлэг хийсэн. Гадаа үзлэг хийгээд байж байтал гэрт гэнэт хиншүү үнэртээд явчихсан. Ороод үзэхэд Т.Баатармөнхийн эхнэр нь булганыхаа арьсыг шатааж байхаар нь гаргаж ирээд мөн тэмдэглэлд тусган хураан авсан. Тэгээд эргээд эд зүйлийг нь хурааж аваад Т.Баатармөнхийг араас ирээрэй таваас алба хаагч нар ирж байгаа ирэхээр нь уулзан гэж хэлээд явсан. Түүний дараа 3-4 цагийн дараа х/ч Г.Жанчиваар ахлуулсан ажлын хэсэг суман дээр ирсэн. Тэгээд би хийсэн ажлаа болон хураан авсан эд зүйлсээ хүлээлгэн өгсөн. Үүний дараа би хүмүүсээ дуудаж авч ирээд нэг нэгээр нь тусгаарлан уулзаж мэдээлэл авсан. Тэгээд 12-13-нд шилжих үүрээр Г.Жанчив дарга гарч ирээд явъя гэж хэлээд н.Амаржаргал, Р.Т нарыг машиндаа суулгаад хөдөлсөн. Тэр хүмүүс өөрсдөө ан агнасан буугаа гаргаж өгнө гэж байсан. Тэгээд гэрийг нь заалгуулан хамт явж гэрт ороод өөрсдөө буугаа гаргаж ирсэн. Тэр буунуудыг нь аваад ирсэн. Үүнээс хойш би уг хэрэгт ямар нэгэн байдлаар оролцоогүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 142 тал/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 144-151 тал/,

-Гэрч Ц.Цогтбаярын “...Би ЗДТГ-ын жижүүр дээр сууж байтал Л.Ган-Эрдэнэ төлөөлөгч манай ажил дээр ирээд намайг манай захиргааны машинтай аваад Ойн анги орно гээд дагуулаад явсан. Тухайн үед бид нар олон нийтийн цагдаа н.Ганзори, экологийн цагдаа н.Өлзийбаянмөнх, хэсгийн төлөөлөгч Л.Ган-Эрдэнэ бид нар хамт бид нар хамт явсан. Тэгээд ойн анги дээр очиж цагдаа нар бүгдээрээ явж орсон бөгөөд удалгүй гарч ирээд Т.Баатармөнхийн гэрт очно гээд бид нар түрүүлж Т.Баатармөнхийн гэрт очсон ба араас Т.Баатармөнх ирсэн. Тэгээд би Т.Баатармөнхийн хашаанд орж зогссон бөгөөд хэсгийн төлөөлөгч болон цагдаа нар Т.Баатармөнхийн гэрт ороод буцаж гарч ирээд гэрийнх нь зүүн талд байсан амбаар руу ороод дотроос нь шуудайтай зүйл гаргаж ирээд асгахад баавгайн савар, бугын эвэр зэрэг эд зүйлс гарч ирснийг эгнүүлж тавиад зургийг нь авад тэмдэглэл хөтөлж байсан. Тэгээд экологийн байцаагч н.Өлзийбаянмөнх Т.Баатармөнхийг гэр рүүгээ ороход араас нь дагаж ороод эргэж гарч ирэхдээ утаа суунаглуулсан үстэй зүйл гаргаж ирээд газар шидээд гишгэж унтраагаад байсан. Би бага зэрэг холоос харж байсан болохоор юу байсан болохыг сайн мэдэхгүй байна. Тэгээд тэр үед хэсгийн төлөөлөгч Л.Ган-Эрдэнэ өөрийн бичиж байсан тэмдэглэл дээрээ надаар хөндлөнгийн гэрчээр оролцсон учраас гарын үсэг зуруулаад нөгөө эд зүйлсийг шуудайнд хийж машиндаа ачаад Мөнгөнморьт сумын кобон дээр авч ирээд оруулсан. Би буцаад ажил руугаа явсан юм...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 153 тал/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 154-157 тал/,

Гэрч Н.Шинэбаярын “...Амьтны экологи эдийн засгийн үнэлгээг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар сарын 1 дүгээр хавсралтад зааснаар ховор амьтны жагсаалтад багтдаг амьтан юм. Уг амьтны үнэлгээг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ”-нд зааснаар хүрэн баавгайн эр бодгаль нь 6.500.000 төгрөг, эм бодгаль нь 7.500.000 төгрөгөөр тогтоогдсон байдаг. Үнэлгээнд өөрчлөлт гарахгүй тогтоолд насны талаар тодорхойлж заасан зүйл байхгүй бол зөвхөн эр эмээс шалтгаалан үнэлгээний хувьд зөрүүтэй байдаг болохоос насны ангиллаар үнэлгээ өөрчлөгдөнө гэсэн ойлголт байхгүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 3 тал/,

-Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-ийн 13-17 тал/,

-Шүүгдэгч Р.Тийн яллагдагчаар өгсөн “...Надад нэмж ярих зүйл байхгүй би өмнө нь мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Ж.Амартүвшингийн хувьд булга агнасан зүйл байхгүй би өөрөө булга агнасан нь үнэн...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 87 тал/,

-2023 оны 03 дугаар сарын 22-ны өдийн 8 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /4-р хх-ийн 128 тал/,

-2023 оны 03 дугаар сарын 24-ний өдийн 10 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай” прокурорын тогтоол /4-р хх-ийн 130 тал/ зэрэг болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,  энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Ж.А нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Мөнгөнморьт сумын “Даваат” гэх газраас 1 тооны хүрэн баавгай, үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 01 дүгээр сард Мөнгөнморьт сумын нутаг “Захарын даваа” гэх газраас 1 тооны хүрэн баавгай зэргийг тус тус өөрийн эзэмшлийн скиз маркийн буугаар буудаж, ховор амьтны тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан,

Шүүгдэгч Р.Т нь 2020 оны 02 дугаар сард Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дунд гуя” гэх газраас 4 тооны булгыг, мөн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Зүүн сээр” гэх газраас 2 тооны булга буюу ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр буудаж агнасан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Р.Т, Ж.А нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг ойлгохоор хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар, Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн тохиолдолд, тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор ховор амьтныг агнаж, барьж болохыг зөвшөөрсөн, бусад тохиолдолд хориглосон байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай, “Жагсаалт, журам батлах тухай (Ховор амьтны)” тогтоолын 1 дүгээр хавсралтын Нэг. Хөхтөн 17-д Ойн булга “Martes zibellina”, Хүрэн баавгай “Ursus arctos” зэргийг ховор амьтны жагсаалтад оруулжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тус тус тооцохоор байна.

 

Ховор, нэн ховор амьтны эд эрхтэн, түүхий эдийн зүйлийг худалдах, худалдан авах, тээвэрлэх үйлдэл нь бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй боловч хууль бусаар ан агнах гэмт үйлдэлтэй шууд холбоотой, тодруулбал хууль бусаар ан агнагчдыг дэмжиж, эд зүйлийг нь худалдан авч, хадгалж, тээвэрлэж, цааш худалдан борлуулж эргэлтэд оруулж байгаа бүхий л үйлдлийг гэмт хэрэгт тооцох замаар экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг.

Дээрх агуулгаар Монгол Улсын Эрүүгийн хуульд “...Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн...” бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.А болон түүний өмгөөлөгч нараас “Ж.Аын үйлдэл нь хангалттай нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль бус нэгжлэг хийж, хууль бусаар баривчилсан. Хууран мэхэлж, эрүүдэн шүүж мэдүүлэг авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн тул энэ нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэх агуулга бүхий хүсэлтийг гаргаж маргаж мэтгэлцдэг.

Шүүгдэгч Ж.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох баавгайг агнахдаа эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй, шүүгдэгч Ж.Аын тухайд Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэм буруутай талаар үүрэг хүлээхгүй байх  эрхтэй. Гэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт баавгайн сарвууг авсан талаараа маргаж мэтгэлзээгүй. Энэ хэргийн хувьд гомдол мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдсан бөгөөд шүүгдэгч Ж.А нь ховор амьтан үхсэн байсан талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үхсэн баавгай таарсан атлаа дахин 2020 оны 01 дүгээр сард  дахин ховор амьтан болох баавгайн таарч буудсан гэж мэдүүлсэн мэдүүлгийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Аын үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар 2–д “Талууд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах “ талаар санал хүсэлт гаргаагүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй шүүх мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана “ гэсний дагуу хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. 

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Р.Т, Ж.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...овор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Ц.Сонинмөнхөөс: “Шүүгдэгч Р.Тт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, хязгаарлалтын бүсийг шүүгдэгчийн оршин суух хаяг болох Төв аймгийн Мөнгөнморьт сумаар тогтоолгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 1 жилийн хугацаанд арилгах үүрэг хүлээлгэх.

 Мөн шүүгдэгч Ж.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, хязгаарлалтын бүсийг шүүгдэгчийн оршин суух хаяг болох Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутгаар тогтоолгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол 25.500.000 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлөх үүрэг хүлээлгэх” ялын дүгнэлтийг,

Шүүгдэгч Ж.Аын өмгөөлөгч Б.Отгонбаяраас: “ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэлх хугацаагаар, түүнээс бага хугацаагаар заасан гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэргийг тэнсэн харгалзах ялаар сольж болно гэсэн зохицуулалтын дагуу зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү ” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Р.Тийн өмгөөлөгч Б.Батмөнхөөс: “Р.Тт тэнсэн харгалзах ял оноож өгнө үү ” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Р.Т, Ж.А нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Тт 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Ж.Ад 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Т, Ж.А нарын цагдан хоригдсон 33 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Р.Тийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 10 сар 27 хоног, шүүгдэгч Ж.Аын зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил, 10 сар, 27 хоногийн хугацаагаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Т, Ж.А нарыг Төв аймгийн Мөнгөнморьт сумаас бусад нутаг дэвсгэрт явахыг хориглох, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Р.Т, Ж.А нарыг Төв аймгийн Мөнгөнморьт сумаас бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу хорих ялаар солихыг анхааруулж, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харъяа дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Аын өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэлх хугацаагаар, түүнээс бага хугацаагаар заасан гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэргийг тэнсэн харгалзах ялаар сольж болно гэсэн зохицуулалтын дагуу зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү” гэх агуулга бүхий дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Р.Тийн өмгөөлөгчөөс “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтүүдийг тус тус гарсанг хүлээн авах боломжгүй.

Шүүгдэгч Ж.А, Р.Т нарын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, ямар орлоготой болох талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй /эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдаагүй/, гэм буруугүйг шүүх хуралдаанаас байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан боловч хохирлоо бүрэн төлөөгүй байдал зэргээс дүгнэхэд торгуулийн ял биелэгдэх боломжгүй гэж үзсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх “ талаар хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч Ж.Аын өмгөөлөгчийн хүсэлт нь дээрхи хуульд нийцэхгүй буюу “ зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэн харгалзах ялаар солих “ гэж хуульчлаагүй байна.

Шүүгдэгч Ж.Аын хувьд гэм буруугийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт маргаж мэтгэлздэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх ойлголт юм.

 

Шүүгдэгч Р.Т, Ж.А нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад шүүгдэгч урьд ял шийтгэлгүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байх ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “иргэн ...нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж, 4 дэх хэсэгт “энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно” гэж, мөн хэсгийн 2 дахь заалтад “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж тус тус заажээ.

Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 2-т зааснаар шүүгдэгч Р.Төөс 6 /эм/ ширхэг булганы үнэлгээ болох нийт 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/, шүүгдэгч Ж.Ааас 1 ширхэг эм хүрэн баавгай, 1 ширхэг эр хүрэн баавгайн үнэлгээ болох нийт 28.000.000 /хорин найман сая/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгож шийдвэрлэсэнг, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар” шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргаж мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.

 

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Ж.А нь Байгаль орчин, уур амьсгалын сангийн 1009000013040 дугаартай дансанд 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 2.500.000 төгрөг төлж, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө , шүүгдэгч Р.Т нь мөн хохирлоо нөхөн төлөхөө тус тус илэрхийлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ТОЗ-8 маркийн буу 1 ширхэг, ABN14638, ИТ9185 дугаар бүхий гол төмөр бүхий буу тус тус 1 ширхгийг /яллах дүгнэлтэд КС25254, ОЖ4918 дугаартай гэх боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлахад ABN14638, ИТ9185 дугаар бүхий гол төмрийн дугаартай байснаар/, шүүгдэгч Р.Тийн эзэмшлийн 626.000 төгрөгийн үнэлгээ бүхий буурал зүсмийн цөм тамгатай адуу, шүүгдэгч Ж.Аын эзэмшлийн 626.000 төгрөгийн үнэлгээ бүхий хонгор зүсмийн адууг тус тус улсын орлого болгож,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг булган малгайг шүүгдэгч Р.Тт буцаан олгож, 2 ширхэг булганы арьс, 7 ширхэг баавгайн сарвууг тус тус устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж,

Шүүгдэгч Р.Тт 5.400.000 төгрөгийн, шүүгдэгч Ж.Ад 25.500.000 төгрөгийн хохирлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт “ гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” гэж зааснаар улсын орлого болгохыг 1 /нэг/ жилийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгч нарт тус тус үүрэг болгож,

шүүгдэгч Р.Т, Ж.А нарыг шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар тус тус солихыг,

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №06 дугаартай “Прокурорын зөвшөөрөлгүй хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол, 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №12 дугаартай, 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №31 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгохыг, Эрүүгийн 2034002530233 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Р.Т, Ж.А нар нь энэ хэрэгт 33 хоног цагдан хоригдсонг, шүүгдэгч нараас тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Р.Т, Ж.А нарыг “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Тийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

-Шүүгдэгч Ж.Аыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Т, Ж.А нарын цагдан хоригдсон 33 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Р.Тийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 10 сар 27 хоног, шүүгдэгч Ж.Аын зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил, 10 сар, 27 хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Т, Ж.А нарыг шүүхээс тогтоосон Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг тус тус сануулсугай.

             

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д тус тус зааснаар шүүгдэгч Р.Т, Ж.А нарыг шүүхээс тогтоосон Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, тодорхой газар очих хязгаарлалтыг тус тус тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Т, Ж.А нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.

 

  1. Шүүгдэгч Р.Т, Ж.А нарын зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т зааснаар шүүгдэгч Ж.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.500.000 төгрөг төлсөнг, үлдэх 25.500.000 төгрөгийг шүүгдэгч шүүгдэгч Ж.Ааас, шүүгдэгч Р.Төөс 5.400.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Т, Ж.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ТОЗ-8 маркийн буу 1 ширхэг, ABN14638, ИТ9185 дугаар бүхий гол төмөр буу тус тус 1 ширхгийг, шүүгдэгч Р.Тийн эзэмшлийн 626.000 төгрөгийн үнэлгээ бүхий буурал зүсмийн цөм тамгатай адуу, шүүгдэгч Ж.Аын эзэмшлийн 626.000 төгрөгийн үнэлгээ бүхий хонгор зүсмийн адууг тус тус улсын орлого болгож, Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №06 дугаартай “Прокурорын зөвшөөрөлгүй хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоолыг, 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №12 дугаартай 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №31 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Р.Т, Ж.А нарт гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг 1 /нэг/ жилийн дотор арилгах үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Т, Ж.А нарыг шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

  1. шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн 2034002530233 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг булган малгайг буцаан шүүгдэгч Р.Тт буцаан олгож, 2 ширхэг булганы арьс, 7 ширхэг баавгайн сарвууг тус тус устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, шүүгдэгч Р.Т, Ж.А нар нь 33 хоног цагдан хоригдсонг, шүүгдэгч нараас тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Р.Т, Ж.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.Т, Ж.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА