Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/255

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

-Улсын яллагчаар А.Ариунтуяа,

-Шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Эд холбогдох эрүүгийн 2334000000174 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл гэх газарт оршин суух хаягтай,

Урьд Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ж.Э  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Э нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэх газарт иргэн Ц.Бтай маргалдаж, улмаар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

             

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ж.Э нь: “Гэм буруугаа хүлээж байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Э нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өвөр тосон” гэх газарт иргэн Ц.Бтай маргалдаж, улмаар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч Ц.Бгийн “...Би Төв аймгийн Эрдэнэ сумын Хашинга 4 дүгээр баг Өвөр тосон гэх газар өөрийн гэртээ 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн орчим унтаж байтал гаднаас Ж.Э гэх газлуу согтуу орж ирээд заамдаж аваад баруун гараараа миний зүүн нүд рүү 1 удаа цохиод хөлөөрөө миний цээжний зүүн хэсэгт 2 удаа ашиглаад хажуу талаас н.Сүхээ гэх залуу орж ирээд Ж.Эг надаас салгаад гадагшаа аваад гарахаар нь би хамраас цус гараад байхаар нь угаачхаад гэртээ байж байтал Ж.Э дахиад хутга барьчихсан ирээд миний хоолойг огтолно гээд орилоод байж байтал араас нь эгч нь ирээд Ж.Эг аваад явсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 тал/,

-Гэрч Ж.Баасанхүүгийн “...Тухайн өдөр 17 цагийн үед би Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багт Тосон гэх газарт гэртээ байж байгаад манайхаас урд зүгт байх н.Калиммурат гэх айлд яваад очтол манай дүү Ж.Э намайг зодсон хүн хаана байна гэж орилоод хэлтэл байшингийн ард тал руу орсон. Тэгтэл удалгүй н.Батаагийн хамраас цус гарсан Ж.Этэй цуг гарч ирсэн. Би цохиж барьсан эсэхийг нь хараагүй. Ямар ч байсан манай дүү Ж.Э н.Батаа руу хандаж та намайг шордож байгаад зодуулсан биздээ гээд яриад байсан. Тухайн хүн нь ямар хүн байсныг нь хараагүй. Тэгээд Ж.Эг аваад машиндаа суулгаад гэр рүү нь аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,

-Гэрч Х.Өсөхжаргалын “...Тухайн өдөр 16 цагаас 17 цагийн үед байх би н.Калиммурат гэх айлд байшингийнх нь таамбарт унтаж байтал гаднаас танихгүй хүн орж ирээд н.Калиммурат байна уу гэж асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүн шууд хойд өрөө рүү явж ороод төд удалгүй том том дуу гараад байхаар нь араас нь ортол н.Батаа ахыг хувцаснаас нь барьчихсан цохиж байхаар нь би салгаад нөгөө хүнийг гадагшаа гаргасан. Тэгээд нөгөө хүн яваад өгсөн. Тэгээд би шадуур явж байгаад орой нь гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 202 дугаартай “...Ц.Бгийн биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн нүдний доод зовхины зулгаралт, хамрын үзүүрийн зөөлөн эдэд зулгаралт, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. Ц.Бгийн биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХӨНГӨН” зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 18-19 тал/,

-Шүүгдэгч Ж.Эгийн яллагдагчаар өгсөн “...Тухайн өдрийн өглөө эхнэр н.Саранчимэг нь Налайх дүүрэг рүү өвсөнд явсны дараа бага зэргийн ханиадтай байсан учир гэрт байсан 4 шил архийг уугаад цааш нь юу болсныг сайн мэдэхгүй байна. Тэгээд тухайн өдрийн орой 22 цагийн орчимд ээжийндээ унтаж байхад гэнэт цагдаа орж ирээд намайг Эрдэнэ сум руу авч явсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ж.Э нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өвөр тосон” гэх газарт иргэн Ц.Бтай маргалдаж, улмаар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Прокуророос шүүгдэгч Ж.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Ж.Эгийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Ж.Э нь хохирогч Ц.Бг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Ж.Э нь хохирогч Ц.Бг цохисны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна. Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд цээжинд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Мөн шүүгдэгч Ж.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Ж.Э нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

Иймд шүүгдэгч Ж.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч А.Ариунтуяагаас “Шүүгдэгч Ж.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар үйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжилсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна” гэх ялын дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгаас: “Миний үйлчлүүлэгч Ж.Э нь гэм буруутай. Хохирлоо төлсөн. Мөн Ж.Эгийн хувийн байдал нь охин нь хүнд өвчтэй, их нялхас явах гээд гадаа хүлээж байна. Тийм учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Ж.Эгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ж.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар хэсэгчлэн төлүүлэхгүйгээр шүүгдэгч Ж.Эд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Эгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад урьд 1 удаагийн ял шийтгэлтэй байх анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрөө төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

Шүүх хуралдааны товыг хохирогч Ц.Бд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлоо барагдуулбал гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байна.

Хэрэгт авагдсан материалаас үзэхэд хохирогч Ц.Б нь мөрдөн байцаалтын шатанд 956.360, шүүхийн шатанд 180.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхийн шатанд шүүгдэгч Э.Эрдэнээ нь 960.000 төгрөг төлсөнг, үлдэх 180.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн 2334000000174 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8., 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Ж.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг  сануулсугай.

 

4.Шүүгдэгч Ж.Эд оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э нь хохирогч Ц.Бд 960.000 төгрөгийг төлсөнг, хохирогч Ц.Б нь 180.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6.Эрүүгийн 2334000000174 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ю.ЭНХМАА