Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2026/0018

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ц-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Б.Ц

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч Б.Ц

          Хариуцагч Увс аймгийн У сумын * дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал

          Гуравдагч этгээд Б.Б

 

          Нэхэмжлэлийн шаардлага: Увс аймгийн У сумын * дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “У сумын * дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” ** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг даалгуулах

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 124/ШШ2025/0042 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Д.Д

          Хариуцагч О.Г

          Гуравдагч этгээд Б.Б

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн

          Хэргийн индекс: 124/2025/0042/3

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч Б.Ц нь Увс аймгийн У сумын * дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Увс аймгийн У сумын * дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Улаангом сумын * дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” ** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг Улаангом сумын * дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгуулах”-аар маргасан.

          2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 42 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4, 56 дугаар зүйлийн 56.5.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц-ийн “Увс аймгийн У сумын * дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Улаангом сумын * дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” ** тоот тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг Улаангом сумын * дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

          Давж заалдах гомдлын агуулга:

          3. Нэхэмжлэгч Б.Ц дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1 “...Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар шууд ардчиллын зарчмаар багийн Засаг даргыг тухайн багийн иргэдийн саналаар сонгогдох ёстой. У сумын * дугаар баг нь 1200 айл өрхтэй бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-аас дээш өрхтэй багт таван өрх тутмаас, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хорооны хэсэг тус бүрийн 20 өрх тутмаас, аймгийн төв, 20 мянгаас дээш хүн ам бүхий хот, суурин газрын иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд 50 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно” гэсэн заалтыг хэрхэн хангаж байгаа талаар ямар ч баримт байхгүй. Хуралдаанд хэдэн хүн ирсэн, хурлын ирц бүрдсэн эсэхийг хэрхэн шалгасан талаар тухайн хуралдаан дээр ямар нэг үйл ажиллагаа хийгээгүй, мөн энэ талаар тэмдэглэл дээр юу ч байхгүй. Өөрөөр хэлбэл хуралдаан эхнээсээ шаардлага хангаагүй. Мөн дээрх хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасан шаардлагыг хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх, 56.5.4-д нэр дэвшигч нь энэ хуульд заасан шаардлага хангасан байна гэж тус тус заасан. Гэтэл нэр дэвшигч нар нь хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг огтоос шалгаагүй тул хуулиар тусгайлан зохицуулсан заалт зөрчигдсөн байна.

          3.2 Хуралдааныг хуралдаан даргалагч иргэдийн Нийтийн Хурлын дарга удирдаж, иргэд оролцох ёстой. Гэтэл энэ удаагийн багийн даргын сонгууль зохион байгуулахад У сумын Засаг даргын Тамгын газрын албан тушаалтнууд шууд оролцсон нь багийн эрх хэмжээнд халдсан асуудал болсон. У сумын Засаг дарга нь багийн иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаанд оролцох эрхгүй дээр өмнөх сонгуульд ашигласан нэрсийн жагсаалт ашигласан гэж гэрчүүд мэдүүлсэн нь хувилан олшруулахыг хориглосон нэрийн жагсаалт хэнд байсан яаж гарч ирсэн, уг жагсаалт үнэн зөв эсэх гээд олон эргэлзээтэй асуулт дагуулж байна. Багийн Засаг даргын сонгууль зохион байгуулах талаар тусгайлан зохицуулсан хууль байхгүй тиймээс багийн иргэдийн Нийтийн Хурлаас баталсан хуралдааны журмаар нарийвчлан зохицуулна. Энэ удаагийн хуралдаан нь сонгуулиас хойш болж байгаа анхны хуралдаан тул журмаа хэлэлцэн батлах ёстой. Гэтэл хуралдааны дэгээ батлаагүй, дэг дээр багийн иргэдийн хэрхэн шалгах, сонгуулийг хэрхэн зохион байгуулах, тулгарсан асуудлыг хэрхэн шийдэх талаар тодорхой заалт байхгүй нь сонгуулийн талаар маргаан гарах шалтгаан болсон.

          3.3 Нэхэмжлэгчид өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг нь тайлбарлаж өгөөгүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах” эрхийг нь хангаагүй явдал бөгөөд үүний улмаас өөрийнх нь ямар эрх зөрчигдсөн, хэрхэн хангах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа үндэслэл бүхий тодорхой тайлбар гаргаж чадаагүй. Санал өгсөн хүний тоо, санал өгөхөөр гарын үсэг зурсан хүний тоо зөрсөн нь тодорхой бөгөөд үүнийг бүгд хүлээн зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл санал хураалт шударга бус болсон нь тодорхой байхад шүүх саналын тоо үр дүнд нөлөөлөхүйц биш гэж дүгнэж байгаа нь хууль бус шударга бус зүйлийг шүүх хүлээн зөвшөөрч хамгаалж байгаа хэлбэр болно.

          3.4 Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлох баримт цуглуулж үнэлсэн гэж үзэж болох ч шударга шүүхээр шүүлгэх, Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шүүхийн эрхэм зорилго түүн дотроо “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх”, “хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх” зорилгын хүрээнд нэхэмжлэгч нь шүүхээс юу хүсээд байгааг тодруулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан асуудлыг бүрэн тодруулж, дүгнэлт өгөөгүй байна. Иймд шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр тухайн асуудалд бүрэн дүгнэлт өгөх боломжгүй байхад шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

          Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд;

          3. Увс аймгийн У сумын * дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр багийн Засаг даргыг сонгохоор хуралдаж, Тооллогын комиссын “Санал хараалтын дүнгийн тухай” баримтаар Увс аймгийн У сумын * дугаар багийн Засаг даргыг сонгох санал хураалтын дүнгээр иргэн Б.Б 237 санал буюу 58.3 хувь, иргэн Б.Ц 203 санал буюу 45,7 хувийн тус тус санал авсан.

          4. Улмаар У сумын Шинэ ирээдүй багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “У сумын * дугаар багийн Засаг даргыг сонгох тухай” ** дугаар тогтоолоор багийн Засаг даргыг сонгох нууц санал хураалтын дүнгээр сонгогчийн олонхын саналыг авсан Б-ийн Б-ийг Улаангом сумын * дугаар багийн Засаг даргаар сонгож тогтоол үйлджээ.

          5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.2-д “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй”, 34 дүгээр зүйлийн 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заажээ. 

          6. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтуудыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй.

          7. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Баг нь нутгийн өөрийн удирдлагад иргэдийн оролцоог хангах, иргэдэд хуульд заасан үйлчилгээ хүргэх анхан шатны нэгж мөн”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн”, 32.2-т “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй”, 32.8.2-т “Хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх”, 46 дугаар зүйлийн 46.9-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална” гэж хуульчлан зохицуулжээ.

          8. У сумын * дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралдааныг товлон зарлах шийдвэр, тухайн хуралдаанаар хэлэлцэх асуудал, иргэдийн Нийтийн Хуралдааны дэг болон түүнийг баталсан тогтоол гарсан эсэх, иргэдийн Нийтийн Хурлаас гарсан шийдвэр (** дугаар тогтоол)-ыг У сумын Засаг даргад хэрхэн уламжилсан зэргийг тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр дүгнэлт хийж хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна.

          9. Өөрөөр хэлбэл Багийн иргэдийн Нийтийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага болохын хувьд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж болон өөрийн баталсан дүрэм, журмыг биелүүлэх үүрэгтэй болно.

          10. Нэхэмжлэгчийн “...энэ удаагийн хуралдаан нь сонгуулиас хойш болж байгаа анхны хуралдаан тул журмаа хэлэлцэн батлах ёстой. Гэтэл хуралдааны дэгээ батлаагүй, дэг дээр багийн иргэдийн хэрхэн шалгах, сонгуулийг хэрхэн зохион байгуулах, тулгарсан асуудлыг хэрхэн шийдэх талаар тодорхой заалт байхгүй нь сонгуулийн талаар маргаан гарах шалтгаан болсон” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

          11. Мөн түүнчлэн санал хураалтаар санал хураах хайрцгаас тоологдсон саналын хуудасны тоо нийт 444 гарч ирснээс сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зурсан саналын тоо 418 (Үүнд: лавлагаагаар 22, жагсаалтад гарын үсэг зурсан 396, гарын үсэг зураагүй 4) байх ба эдгээрийн хооронд 22 саналын хуудасны зөрүү үүссэн байх бөгөөд уг 22 санал нь гуравдагч этгээд Б.Б, нэхэмжлэгч Б.Ц нарын хэнд нь санал өгсөн болох, уг санал нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын эрх ашигт хэрхэн нөлөөлсөн, цаашилбал санал хураалтын үйл ажиллагаа хэрхэн явагдсан эсэх, энэ нь хуульд нийцсэн эсэх талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.  

          12. Энэ талаар гэрчүүдээс саналын хуудас авсан иргэдийн тоо, саналын хайрцгаас гарсан саналын хуудасны тоо зөрсөн талаар мэдүүлсээр байхад анхан шатны шүүх энэ талаарх нотлох баримтуудыг цуглуулж, нөхцөл байдлыг  бүрэн дүүрэн тодруулаагүй атлаа “...зөрчил бүхий 22 саналыг хасаж тооцсон ч нэр дэвшигч Б.Б 211 саналаас их буюу 215 иргэний саналыг авсан байх тул олонхын саналыг авсан гэж үзнэ” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

          13. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж зааснаар шүүх иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн эсэхийг шалгаж, дүгнэх учиртай.

          14. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “хууль зүйн туслалцаа авах эрхийг минь хангаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа үндэслэл бүхий тодорхой тайлбар гаргаж чадаагүй” гэж дурдсан ба анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд “...нэхэмжлэгч нь өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно” гэж мэдүүлсэн байх тул нэхэмжлэгчийг “хууль зүйн туслалцаа авах эрх”-ээр нь хангаагүй гэж үзэхээргүй байна.

          15. Иймд маргаан бүхий актын үндэслэлд хамаарах нотолгооны ач холбогдолтой баримтуудыг цуглуулж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Ц-ийн гомдлыг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 42 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                             Н.ХОНИНХҮҮ

 

                                    ШҮҮГЧ                                             Г.БИЛГҮҮН

 

                                ШҮҮГЧ                                              М.ЦЭЦЭГМАА