Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                

    Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч П.Ганбаатар

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Насанжаргал

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гал овогт Ганжууржавын Батбаатар, Боржигон овогт Буяндэлгэрийн Саруул нарт холбогдох 201603000410 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат манхны 7 дугаар гудамжны 21 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Гал овогт Ганжууржавын Батбаатар /РД:АР77040318/

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 01 дүгээр баг Хайрханы 6 дугаар байр 36 тоотод оршин суух, 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж 2006 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр биеэр эдлээгүй үлдсэн 3 сар 8 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт Буяндэлгэрийн Саруул /РД:АГ82052110/

 

Шүүгдэгч Б.Саруул, Г.Батбаатар нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, машин механизм хэрэглэн, шунахайн сэдэлтээр, 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж баг Хонгоржийн тал гэх газраас иргэн Э.Алтанхуягийн олон тооны буюу 13 тооны адууг хулгайлж, Э.Алтанхуягт 7.450.000 төгрөгийн, Б.Саруул, Г.Батбаатар нар нь урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм хэрэглэн, давтан үйлдлээр 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг дэвсгэр Уртын даваа гэх газраас иргэн Ө.Мөнхтөрийн 5 тооны адууг хулгайлж, Ө.Мөнхтөрд 2.400.000 төгрөгийн, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг дэвсгэр Шовон гэх газраас 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Л.Лханоровын 3 тооны адууг хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 3 удаагийн хулгайн үйлдлийн улмаас бусдад үлэмж хэмжээний буюу 11.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            201603000410 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Э.Алтанхуягийн: “...Би эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Би Г.Батбаатар, Б.Саруул нарыг огт танихгүй, огт харж байгаагүй хүмүүс бөгөөд найз нөхөд, садан төрлийн холбоо байхгүй. 2016 оны 09 дүгээр сарын 14-15-ны үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн Айраг нуурын ар У хөтөл гэх газраас өөрийнхөө 13 тооны адуугаа бүртгэж, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн Хонгоржийн тал гэх газарт бэлчээрт гаргаж 09 дүгээр сарын 18-ны өдөр адуугаа хайгаад олоогүй, тэгтэл 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нутгийн хүмүүс танай адуу байж магад Эрдэнэмандал сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаа нар Хануйн голын эрэг доорх адууны хашаанд хулгайлагдсан адуу мал авчирсан байна гэж утсаар хүмүүс ярьж байсан бөгөөд орой нь 17 цагийн үед цагдаагаас ярьж байна, танай адууг хүмүүс хулгайлж Алаг-Уул багийн Шовон гэх газар айлын малын хашаанд хашсан байхыг олж тогтоон адуу малыг авчирсан, та ирж уулзах хэрэгтэй байна гэхээр нь эхнэрийнхээ хамт очиход манай 13 тооны адуу зүсээрээ байсан ба өөр бас 5 тооны адуу байсан, тэнд байсан нутгийн хүмүүс ярихдаа Л.Лханоров 3 морио саяхан аваад явсан гэж ярьцгааж байсан, би хулгайд алдсан адуугаа зүсээр нь авч явсан. Ийм л асуудал болсон. Миний хулгайд алдсан адуу маань сартай хонгор зүсмийн зөв талын гуяндаа гурвалжин тамгатай, буруу талын гуяндаа нар, саран тамгатай азаргаа 3.000.000 төгрөгөөр үнэлж байна. Хар хээр алаг зүсмийн зөв талын чих цуулбар имтэй соёолон байдсаа 500.000 төгрөг, хээр зүсмийн зөв талын гуяндаа давхар саран тамгатай гүүгээ 500.000 төгрөг, шар хээр зүсмийн зөв талын гуяндаа давхар саран тамгатай гүүгээ 600.000 төгрөг, хээр зүсмийн хоёр талын гуяндаа наран саран тамгатай шүдлэн байдсаа 400.000 төгрөг, шар хээр зүсмийн хоёр гуяндаа нар саран тамгатай байдсаа 500.000 төгрөг, хээр зүсмийн им тамгагүй байдсаа 500.000 төгрөг, бор хээр зүсмийн им тамгагүй байдсаа 450.000 төгрөг, шар хээр зүсмийн им тамгагүй даагаа 300.000 төгрөг, хүрэн зүсмийн зөв талын чих цуулбар имтэй байдсаа 400.000 төгрөг, бор хээр зүсмийн зөв талын чих цуулбар имтэй байдсаа 400.000 төгрөг, хээр зүсмийн им тамгагүй байдсаа 400.000 төгрөг, улаан хээр зүсмийн зөв талын гуяндаа 5 тоо тамгатай, давхар хас тамгатай, буруу талын гуяндаа нар саран тамгатай, зөв талын чих нь онь имтэй байдсаа 400.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. 2014 оны 08 дугаар сарын сүүлчээр Төв аймгийн Жаргалант сумын гэх зүс таних хүн Эрдэнэмандал суманд ирж, адуу мал зарж явахад нь хурдан удамын угшилтай гэхээр нь сартай хонгор зүсмийн азаргаа 3 сая төгрөгөөр худалдан авч байсан. Манай эхнэр мэдэж байгаа бөгөөд гаргасан амжилт баримт байхгүй. Надад ямар нэгэн санал байхгүй. Одоо би сартай хонгор зүсмийн азаргаа худалдаж авсан хүнээ танихгүй. Миний адууг хэн хулгайлсан талаар сэжиг таамаг байгаагүй бөгөөд манай адуу Цэцэрлэг сумын Хонгорж багийн Хонгоржийн талд бэлчээрлэж байсан ба адууг хашсан гэх Алаг-Уул багийн Шовон гэх газар хүртэл 40 гаруй км зайтай байгаа болно. Би хашаанд хашаатай байгааг хараагүй. Би маш их гомдолтой байгаа бөгөөд хулгайд алдсан адуугаа зүсээр нь бүрэн хүлээн авсан болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-38-40х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Ө.Мөнхтөрийн: “...Би эрх, үүргийг ойлгосон, асууж тодруулах зүйл байхгүй. Би Б.Саруул гэх хүнийг танина, ямар нэгэн найз нөхөд, садан төрлийн холбоо байхгүй. Харин Г.Батбаатар гэх хүнийг танихгүй. 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хайрхан сумын Хайрхан багийн Байшинтийн хамтрал гэх газар өөрийн алаг зүсмийн азаргатай алаг голдуу морьдтой 63 тооны адуу маань бэлчээрт байсан ба адуугаа 19-ний өдрөөс эхлэн хайгаад олдоогүй, тэгтэл манай адуунаас гурвалжин сартай хүрэн гүү зөв талын гуяндаа Е үсгэн тамгатай, цагаан дэлтэй цавьдар гүү зөв талын гуяндаа Е үсгэн тамгатай, хүрэн халзан морь зөв талын гуяндаа Е үсгэн тамгатай, хар хүрэн морь зөв талын гуяндаа Е үсгэн тамгатай, хар хээр морь зөв талын гуяндаа Е үсгэн тамгатай 5 тооны адуу хулгайлагдсан байсныг олж мэдсэн. Тэгээд ирж үзэхэд манай адуу зүсээрээ байсныг нь Эрдэнэмандал сумын цагдаагийн албан хаагч нараас зүсээр нь хүлээн авсан бөгөөд манай 5 тооны адууг тус сумын Алаг-Уул багийн Шовон гэх газрын малын байранд хашиж хоргоож байхад нь цагдаагийн албан хаагч нар хулгайчийг олж тогтоосон байсан ба Л.Лханоровын 3 тооны морь, Э.Алтанхуяг гэх хүний 13 тооны адууг мөн хулгайлсан талаар мэдсэн. Б.Саруул нь урьд өмнө нь манай хамаатны 8 тооны монголын шарыг хулгайлан төхөөрч машинтай авч явж байгаад баригдаж байсан, мөн өөр хүний үхэр мал хулгайлж баригдаж, шалгуулж байсан талаар сонсож байсан. Б.Саруулыг ирлээ гэх сургаар нутгийн хүмүүс малаа ойртуулдаг жишиг тогтсон байдаг. Гурвалжин сартай хүрэн гүү зөв талын гуяндаа Е үсгэн тамгатай, цагаан дэлтэй цавьдар гүү, зөв талын гуяндаа Е үсгэн тамгатай, хүрэн халзан морь зөв талын гуяндаа Е үсгэн тамгатай, хар хүрэн морь зөв талын гуяндаа Е үсгэн тамгатай, хар хээр морь зөв талын гуяндаа Е үсгэн тамгатай, имгүй, адуунууд байсан ба тухайн үед манай эхнэр Отгонтуяа тайлбар мэдүүлэг өгөх үедээ тус бүрийг нь 500.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Би тэгж үнэлж байгаа. Би адуунуудаа хөлөөрөө явж байгаа гэж хайж явсан ба тухайн үед надад сэжиг таамаг байгаагүй, манай адуу Хайрхан сумын Хайрхан багийн Байшинтийн их гэх газраар бэлчээрлэж байсан. Манай адуу Хайрхан сумын Хайрхан багийн Байшинтийн их гэх газар бэлчээрлэж байсан ба адууг хашсан гэх газар нь Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн Шовон гэх газрын малын байранд хашсан байсан ба багцаагаар 20 орчим км зайтай гэж бодож байгаа. Адуу хашаатай байхыг харсан, хэн, хэн хашиж байсныг би мэдэхгүй, бодвол харсан үзсэн хүн нь цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн гэж бодож байна. Би үнэлгээний комиссын үнэлгээтэй танилцсан, хүлээн зөвшөөрч байгаа, ямар нэгэн санал байхгүй. Би гомдолтой байгаа бөгөөд хулгайд алдсан адуугаа зүсээр нь бүрэн хүлээн авсан болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-42-44х/  

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Л.Лханоровын: “...Би Б.Саруул, Г.Батбаатар нарыг танина, найз нөхөд, садан төрлийн холбоо байхгүй. 2016 оны 09 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд өөрийн шар халтар морь, хээр морь, хүрэн халзан морио Алаг-Уул багийн Их нуурын урд талд бэлчээрт гаргасан бөгөөд ойр орчимд хээр халзан азаргатай адуугаа харж явахад манай гурван морь харагдаагүй, гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр манай хадам ах Айлтгүй утсаар ярихдаа чиний гурван морийг хүн хулгайлаад баригдаад хүрээд ирсэн байна, чи Хануйн голын эрэг дээр доорхи адууны хашаан дээр хүрээд ир гэхээр нь яваад очиход 21 тооны адуу хашаатай байсан бөгөөд миний 3 тооны адуу зүсээрээ байсан, ингээд өөрийн адуугаа зүсээр нь бүрэн бүтэн цагдаагаас хүлээн авсан. Ийм асуудал болсон. Зөв талын гуяндаа саран дээр дөл тамгатай, имгүй хээр зүсмийн морь, зөв талын гуяндаа сар, нар дөл тамгатай, имгүй шар халтар морь, зөв талын гуяндаа саран дээр дөл тамгатай, имгүй хүрэн халзан морь байсан ба би урд өмнө нь тайлбар мэдүүлэг өгөх үедээ тус бүрийг 500.000 төгрөгөөр үнэлсэн. Надад ямар нэгэн сэжиг таамаг байгаагүй бөгөөд манай адуу Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн Их нуур орчимд бэлчээрлэж байсан ба Шовон гэх газарт явах боломжтой. Алаг-Уул багийн Шовон гэх газрын дээд эхэнд хашаанд хашсан талаар мэдсэн бөгөөд манай адуу байсан гэх газраас ойролцоогоор 8 орчим км зайтай ба хулгайд алдсан талаар би өөрөө мэдээгүй явсан, чухам Б.Саруул, Г.Батбаатар нар хулгайлсан адуугаа хашсан байхыг хэн нэгэн хүн цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн байх. Би тэр талаар мэдэхгүй. Надад ямар нэгэн санал байхгүй. Би гомдолтой байгаа бөгөөд хулгайд алдсан адуугаа зүсээр нь бүрэн хүлээн авсан болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-46-48х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Саруулсайханы: “...Би эрх, үүргийг ойлголоо. Б.Саруул, Г.Батбаатар нарыг хулгай хийсэн талаар мэдэхгүй, надад хулгай хийх талаар ямар нэгэн зүйл яриагүй бөгөөд миний гаднаа унаж байсан шар цоохор зүсмийн зөв талын гуяндаа нар сар тамгатай хээр мориор миний төрсөн ах Б.Саруул, хамаатны ах Г.Батбаатар нар унаж яваад бусдын адууг хулгайлж ирээд Шовон гэх газрын эзэнгүй айлын хашаанд хашсан байсныг харсан бөгөөд хулгай хийх үеэр нь би өөрийн төрсөн дүүгийн хамтаар өвсөнд явсан байсан болохоор хулгай хийсэн талаар огт мэдээгүй, харин өвснөөс ирээд, энэ талаар цагдаа нараас мэдэж хашаатай байсан адуун дээр очиж харсан. Г.Батбаатар нь манай хүргэн ах бөгөөд урьд нь хэрэгт холбогдож байсан талаар мэдэхгүй, харин архинд дуртай, дуу цөөнтэй хүн байдаг бөгөөд миний төрсөн ах Саруул нь гэр бүлтэй, архи тамхи хэрэглэж байгаагүй, сэргэлэн цовоо, хүнд тусархуу зантай, урьд нь малын хулгайн хэргээр ял шийтгэгдэж байсан. Би өөрийн шар цоохор морио 450.000 төгрөг, хээр морио 450.000 төгрөг, саарал өнгийн Даюун маркийн мотоциклио 500.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-49х/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Саруулсайханы дахин мэдүүлсэн “...Би эрх, үүргийг ойлголоо. Миний төрсөн ах Саруул болон хамаатны ах Батбаатар нар нь миний Даюун маркийн мотоцикль, шар хээр зүсмийн морь зэргийг намайг эзэнгүй байхад унаж яваад хулгай хийсэн талаар мэдээгүй ба шар цоохор, хээр зүсмийн морь, Даюун маркийн мотоциклио нэхэмжлэхгүй бөгөөд надад гомдол санал гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-50х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч А.Отгонтуяагийн: “...Би эрх, үүргийг ойлголоо. Манайх 2016 оны 09 сарын 18-ны өдөр Хайрхан сумын Хайрхан багийн Байшинтын Хамтралтын их гэх газраас зөв талын гуяндаа Е үсгэн тамгатай бараан хар хээр морь, хар хүрэн морь, хүрэн халзан морь, гурвалжин сартай хүрэн гүү, цагаан дэлтэй цавьдар гүүгээ хулгайд алдсан байсан ба 2016 оны 09 сарын 21-ний өдөр 15 цагийн үед Эрдэнэмандал сумын цагдаагаас ярьж байна, танайх адуугаа хулгайд алдсан уу, энд Е үсгэн тамгатай хар хээр морь, хар хүрэн морь, хүрэн халзан морь, гурвалжин сартай хүрэн гүү, цагаан дэлтэй цавьдар гүүг хүн хулгайлсан байсан ба та ирж уулзах хэрэгтэй байна гэхээр нь хүргэн ахыгаа дагуулаад Эрдэнэмандал сумын Хануйн голын эрэг доорх адууны хашаан дээр ирж үзэхэд манай адуу зүсээрээ хашаатай байсан, өөр бас 16 тооны адуу хамт байсан, тэнд байсан хүмүүс Шовон гэх газрын малын байранд Б.Саруул, Г.Батбаатар нар хашсан байна, тэгээд цагдаад баригдсан талаар ярьж байсан. Би өөрийн адуунуудаа зүсээр нь бүрэн бүтэн хүлээн авсан. Миний сонсож байснаар Б.Саруулыг нутгийн хүмүүс хулгай хийдэг гэж ам дамжин ярилцаж байдаг, мөн урьд өмнө нь бусдын үхэр малыг хулгайлан төхөөрч ачиж яваад баригдлаа гэж сонсогдож байсан. Харин Г.Батбаатарыг огт танихгүй. Ө.Мөнхтөрийг адуугаа хулгайд алдсан талаар манай нутгийн хүмүүс мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-51-52х/  

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч М.Есөн-Өрлөгийн: “...Би эрх, үүргийг ойлголоо. Би Б.Саруул, Г.Батбаатар нарыг танина, ямар нэгэн найз нөхөд, садан төрлийн холбоо байхгүй. Саруулын төрсөн ээж болон дүү нар нь Алаг-Уул багийн Шовон гэх газрын аманд намаржиж байгаа бөгөөд тус багт мал маллаж амьдардаг. Харин Саруул нь Дархан-Уул аймгийн Шарын гол суманд амьдардаг бөгөөд урьд өмнө нь айлын мал хулгайлаад, баригдаад, хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан талаар нутгийн хүмүүс ярьдаг, сэргэлэн цовоо, зальжин байрын хүн байдаг. Харин Батбаатар нь Орхон аймагт амьдардаг, хамаатан садангийн хүмүүс нь тус суманд байдаг. Сүүлийн үед Б.Саруултай хамт явах болсон талаар нутгийн хүмүүс ам дамжин ярьдаг бөгөөд архинд дуртай, хүнд уруу татагдах нь амархан болов уу гэмээр ажиглагдсан, харин урьд өмнө нь хулгайн хэргээр ял шийтгэл эдэлж байсан гэж сонсогдож байгаагүй. Гэтэл саяхан Саруул, Батбаатар нарыг бусдын 20 гаруй тооны адууг хулгайлж айлын эзгүй хашаанд хашиж байгаад баригдаж хулгайлсан адуугаа сумын төвийн урд Хануйн голын эрэг дээр адууны хашаанд тууж ирээд хашаанд байж байхад нь очиж уулзсан байсан. Миний сонсож байснаар Хайрхан сум, Эрдэнэмандал сумын залгаанаас хоёр айлын 7-8 тооны үхэр мал хулгайлаад баригдаж хэрэг үүсгэн, ял шийтгэл эдэлж байсан талаар мэднэ. Б.Саруулын төрсөн ээж, дүү нар нь Алаг-Уул багт амьдардаг бөгөөд Саруул байнга л Дархан-Уул аймгийн Шарын гол болон сумын хооронд ирж очдог бөгөөд ирэх үедээ мал ачиж ирсэн байна гэж нутгийн хүмүүс ярьдаг ба буцах үедээ мал ачиж явсан гэж сонсогддог. Чухам ямар мал хаанаас ачсан талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-52-53х/

 

 Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ц.Айлтгүйн: “...Би хуульд заасан эрх, үүргээ ойлголоо. Би Б.Саруул, Г.Батбаатар нарыг танина, ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Б.Саруулын төрсөн ээж, дүү нар нь тус сумын Алаг-Уул багийн Шовон гэх газар амьдардаг бөгөөд Саруул нь Дархан-Уул аймгийн Шарын гол гэх газар амьдардаг, урьд өмнө нь Хайрхан сумаас бусдын үхэр мал хулгайлж, ял шийтгэл эдэлж байсан гэж сонссон. Нутгийн хүмүүс ам дамжин ярихдаа Саруулыг ирэх үед нь өөрсдийн малаа ойртуулдаг, хулгай хийдэг гэж ярилцдаг, сэргэлэн цовоо хүн бөгөөд гэр бүлтэй залуу байдаг. Харин Г.Батбаатар нь Алаг-Уул багт урьд нь амьдардаг байсан, одоогоор Орхон аймагт амьдардаг, тус суманд амьдарч байх үедээ архи уудаг, хүнд гэмгүй залуу байсан. Тэгтэл саяхан Б.Саруул, Г.Батбаатар нар нь миний хүргэн дүү Л.Лханоровын 3 тооны морийг Тээл багийн иргэн Э.Алтанхуягийн 13 тооны адууг хулгайлж хамт хашсан байсан. Миний сонсож байснаар Хайрхан сум Эрдэнэмандал сумын залгаанаас айлын 10 гаруй тооны үхэр мал хулгайлаад баригдаж, хэрэг үүсэн шалгагдаж байсан гэж сонссон. Б.Саруул, Г.Батбаатар нар нь сүүлийн жилүүдэд найз нөхдийн холбоотой болсон байсан ба Саруул өөрийн төрсөн ээж, дүү нар дээрээ байнга ирж очдог бөгөөд Батбаатарын хамаатан саданууд Алаг-Уул багаар байдаг...” гэх мэдүүлэг /хх-54-55х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Л.Оюунцэцэгийн: “...Би эрх, үүргийг ойлголоо. Манай нөхөр Э.Алтанхуяг 2016 оны 09 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд өөрийн сартай хонгор зүсмийн азаргатай 13 тооны адуугаа Тээл багийн Айраг нуурын ар У хөтөл гэх газар бүртгэж Цэцэрлэг сумын Хонгоржийн тал руу адуугаа бэлчээгээд 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр адуугаа хайгаад олоогүй, тэгтэл 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нутгийн хүмүүс болон сумын цагдаагаас утсаар ярьж, танай адууг хүмүүс хулгайлсан байна, одоо сумын төв рүү орж ирээд уулзах шаардлагатай байна гэхээр нь нөхөр Э.Алтанхуягийн хамтаар мотоциклиор орж ирээд цагдаатай уулзсанд манай адууг Алаг-Уул багийн Шовон гэх газар Г.Батбаатар, Б.Саруул нар нь бүлэглэн хулгайлж хашсан байхыг мэдэж, танай адууг авчихлаа гэхээр нь адуугаа хартал манай адуу зүсээрээ байсан ба 5 тооны адуу хамт байсан. Тэгтэл тэнд байсан хүмүүс Л.Лханоров 3 морио сая аваад явсан гэж байсан ба би ч бас нөхрийн хамтаар адуугаа бүрэн бүтэн хүлээн авсан. Э.Алтанхуяг нь 2014 оны 09 сарын 20-ны үед Эрдэнэмандал сумын төвд Төв аймгийн Жаргалант сумаас ирсэн хүн адуу мал зарж байхад нь хурдан удамын гэх сартай хонгор зүсмийн азарга 3 сая төгрөгөөр худалдан авсан юм. Миний харснаар зөв талын гуяндаа Е үсгэн тамгатай цавьдар гүү, хүрэн гүү, хүрэн халзан морь, хар хээр морьд байсан...” гэх мэдүүлэг /хх-56-57х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Г.Дашжамцын: “...Би эрх, үүргийг ойлголоо. Би дээрх хүмүүсийг танихгүй, садан төрлийн холбоо байхгүй. Иргэн Э.Алтанхуягийн 13 тооны адуу, иргэн Л.Лханоровын 3 тооны адуу, иргэн Ө.Мөнхтөрийн 5 тооны адууг тухайн сум орон нутгийн зах зээлийн дундаж үнэлгээгээр үнэлгээний комиссын гишүүдтэй ярилцаж байгаад үнэлсэн бөгөөд иргэн Э.Алтанхуягийн сартай хонгор зүсмийн азаргыг эд зүйлийн үнэлгээний тайлбар хэсэгт худалдаж авсан гэх үнээр нь үнэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-62х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Н.Лхагвадоржийн: “...Би эрх, үүргийг ойлголоо. Б.Саруул, Г.Батбаатар гэх хүмүүсийг зүс таних бөгөөд ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Тус сумын үнэлгээний комиссын гишүүдтэй ярилцаж байгаад иргэн Э.Алтанхуягийн 13 тооны адуу, иргэн Л.Лханоровын 3 тооны адуу, иргэн Ө.Мөнхтөрийн 5 тооны адууг тухайн сум орон нутгийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож үнэлсэн бөгөөд харин иргэн Э.Алтанхуягийн сартай хонгор зүсмийн азаргын үнэлгээг худалдан авсан гэх үнээр нь үнэлсэн...” гэх мэдүүлэг /хх-63х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Д.Ичинхоролын: “...Би хуульд заасан эрх, үүргийг ойлгож мэдлээ, асуух зүйл байхгүй. Бүгд үнэн, нэмж ярих зүйл байхгүй. Би уг үнэлгээг үнэлгээний комиссын гишүүдийн хамтаар зах зээлийн орон нутгийн дундаж ханш судалж байж хуучин Даюун маркийн мотоциклийг 500.000 төгрөгөөр, уналгын нас нийлсэн морийг тус бүрд нь 450.000 төгрөгөөр, хуучин мяндсан ногтыг нэгийг нь 6000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Үнэлгээ гаргахдаа хүний үгээр орж, худал үнэлсэн асуудал огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-65х/

 

Шүүгдэгч Г.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би эрх, үүргийг ойлголоо, тайлбар байхгүй. Мэдүүлэг өгнө, татгалзах зүйл байхгүй. Миний үйлдэлд сонсгож байгаа зүйл анги тохирч байна. 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Саруулын хамт Саруулсайханыхаас 2 морийг унаад Цэцэрлэг сумын Хонгоржийн тал руу тарваганд явсан. Тарваганд явахдаа талд байсан хонгор халзан азаргатай адуугаар тарвага оруулж сахиж байгаад буцахдаа тууж явсан. Тэгээд Шовон гэх газар авч ирээд өвөлжөөний хашаанд хашсан. Маргааш нь буюу 20-ны өглөө хашсан байсан 13 тооны адуугаа гаргаж Уртын даваа гэх газраас алаг азаргатай адуу авч ирээд 3 тооны морь, 2 тооны гүү барьж авч уясан. Тэр орой Саруул хонинд явсан чинь адуу гарчихсан мөн уясан байсан 2 адуу алдуурсан байхаар нь дахиад бүгдийг нь барьж авч уясан. Тэгээд адууг хашаад заримыг нь уясан байж байхад цагдаа нар ирээд шалгаж эхэлсэн бөгөөд хашсан байсан бүх адууг эзэнд нь хүлээлгэж өгсөн. Надад мөнгөний хэрэг болоод би хулгай хийх санааг гаргасан, манайх байшин барьж байгаа бөгөөд материал дутаад, мөнгө хэрэг болоод байсан. Бид хоёрын хулгай хийж байхыг харсан хүн байхгүй. Бид хоёрын хулгай хийсэн талаар мэдэх хүн байхгүй. Бид хоёр хулгай хийхдээ Саруулсайханы 2 морь, мотоциклиор явсан. Би тарваганд явах гэж явсан. Саруулсайханд хулгай хийх гэж байгаа талаар хэлээгүй, тэр энэ талаар огт мэдээгүй. Хонгор азаргатай нэг хээр алагтай дан бараан зүсмийн адуу, мөн дандаа байдсан гүүнүүд байсан, насыг нь нарийн сайн мэдэхгүй. Уртын даваанаас авсан 5 тооны адууны 2 хүрэн гүү, хүрэн халзан морь, хээр морь, хүрэн морь байсан. Лханоровынх шар хээр морь, улаан хээр морь, хүрэн халзан үрээ байсан. Хулгайлсан адуунуудаа зарж борлуулах талаар хэн нэгэнтэй ярьж тохирсон зүйл байхгүй. Би ямар ч байсан Эрдэнэт рүү аваад явна гэж бодож байсан. Би уг нь 5 тооны адуу авч явах гэж байсан. Үнэлгээтэй холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй...” гэх мэдүүлэг /хх-73-76х/

Шүүгдэгч Б.Саруулын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би эрх, үүргээ ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Миний үйлдэлд сонсгож байгаа зүйл анги тохирч байна. Би мэдүүлэг өгнө. 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн төрсөн дүү Саруулсайханаас тарваганд яваад ирье гэж гуйгаад 2 морь авч Батбаатарын хамт Цэцэрлэг сумын Хонгоржийн тал руу тарваганд явж байгаад талд адууг тууж, гарсан тарвагыг оруулж явсаар тэр адуугаа тууж яваад дүүгийнх байдаг Шовон гэх газар ирээд ойролцоо малын хашаанд хашсан. Тэгээд дүүгийнд очиж хоноод маргааш өглөө нь маргааш өглөө нь хашсан адуун дээрээ очоод Батбаатар надад 5 адуу аваад явчихъя гэхээр нь дандаа бага адуу байна гэж хэлээд нөгөө адууг гаргасан. Тэгээд Батбаатар мөнгөний хэрэг байна, байшин барьж байгаа 5 адуу ачаад явах хэрэгтэй байна гэхээр нь Эрдэнэмандал сумын Уртын даваа гэх газар руу явж тэнд байсан нилээн олон иооны адуунаас 3 тооны морь, 2 тооны гүү барьж аваад өмнө нь адуу хашсан хашаанд барьж авч уясан. Гэтэл нөгөө 5 адуу унгалдаад тэмүүлээд байхаар нь хань болгож өмнө нь хашаад гаргасан 13 тооны адууг буцааж хашсан. Тухайн үед хонгор азарга морьдыг хазаад байхаар нь азаргыг барьж аваад уясан. Тэгээд 20-ны орой 18 цагийн үед би хонь эргүүлээд явж байтал хашсан адуу гарчихсан гол дээр явж байхаар нь Батбаатарт хэлээд буцааж хаших гэсэн орохгүй байхаар нь гол дээр хамт бэлчиж байсан Лханоровын 3 тооны морийг хамт хашсан, мөн Лханоровын 2 тооны морь номхон морь байсан болохоор барьж аваад уясан. Батбаатар байшин барьж байгаа гээд гуйгаад байхаар нь хамт хулгай хийсэн. Хулгай хийх санааг Батбаатар гаргасан. Шовон гэх газар байрлах хашаа Хонгоржийн талаас 10 гаруй км зайтай байх гэж бодож байна. Уртын даваа нь харагддаг, ойролцоогоор 2 км орчим байх, Лханоровын адуу байсан газар бол хажууд нь байсан. Адууг туугаад хашиж байхыг харсан үзсэн, мэдэх хүн байхгүй. Хонгор халзан азаргатай янз янзийн тамгатай байдас голдуу адуу байсан, хээр алаг байдас, шар хээр байдсан гүү, хээр голдуу байдаснууд байсан бөгөөд нэг даагатай байсан. Би нэг бүрчлэн хэлж мэдэхгүй байна. Е үсгэн тамгатай хээр морь, хүрэн морь, хүрэн халзан морь, 2 хүрэн гүү байсан. Харин Лханоровын адуу бол 2 хүрэн морь, нэг хээр хүрэн халзан үрээ байсан. Үнэлгээний комиссын гаргасан үнэлгээтэй холбоотой тайлбар байхгүй. Саруулсайханы хүрэн цоохор, хээр зүсмийн 2 морь байсан, мөн Саруулсайханы Даюун маркийн саарал өнгийн мотоциклиор явсан. Дүүгийн ногт хазаарыг ашигласан. Өөр ашигласан зүйл байхгүй. Саруулсайхан хулгай хийх талаар мэдээгүй, би юу ч хэлээгүй. Би хураалгасан ногт хазаараар ногтлоод явсан бөгөөд илүү эмээл байхгүй байсан учир Батбаатар бид хоёр эмээлгүй зайдан мориор явсан, зайдан явахад Хонгоржийн тал ойрхон...” гэх мэдүүлэг /хх-80-82х/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд Г.Батбаатараас асууж авсан тайлбар: “...Би эрх, үүргийг ойлгосон, асууж тодруулах зүйл байхгүй. 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Орхон-Уул аймгийн төвөөс Саруулын хамтаар 6 хуц, 1 ухна ишиг ачаад Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн Шовон гэх газар байх Саруулын ээж Буянхүүгийнд ирсэн бөгөөд маргааш нь буюу 15-ны өдөр Урт шивээт гэх газар очиж өвс татаж ээжийнхээ өвөлжөөн дээр буулгах үедээ 3 хуцыг хүргэн нь болох Баасаа гэх залууд өгсөн юм. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 16 цагийн үед Саруул нь Цэцэрлэг сумын нутаг Хонгоржийн тал гэх газар руу тарваганд явсан. Тухайн үед Саруул хээр зүсмийн морьтой дүү Саруулсайханы ТОЗ-8 маркийн калибр бууг үүрч, би цагаан цоохор морь унаж хамт яваад тарвага сахиад алж чадалгүй оройтож, Хонгоржийн талын замд байсан сартай хонгор зүсмийн азаргатай, нэг хээр алагтай бараан зүсмийн 13 тооны адууг хулгайлж, шөнө 23 цагийн үед Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн Шовон гэх газарт байдаг Чунаг гэх хүний үхрийн хашаанд хашаад Саруулын ээжийнд орж хоносон ба маргааш өглөө нь 09 цагийн үед хулгайлж авчирсан 13 тооны адуугаа хашаанаас нь гаргаж, гэр орчимд хоргоож байсан. Тухайн үед Саруул нь Саруулсайханы саарал өнгийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн Даюун маркийн мотоциклиор ганцаараа Шовон гэх газраас урагш явж хүрэн морь, хүрэн халзан морь, 2 хүрэн гүү, шар халтар зүсмийн морь, улаан хээр морь, хүрэн халзан үрээг тууж ирэхэд нь 11-12 цагийн орчимд ирсэн, дээрхи адуунууд нь мөн хулгайн адуу байсан ба тухайн үед Саруулын хамтаар Чунаг гэх хүний үхрийн хашаанд нийлүүлж хашаад Сартай хонгор азарга, улаан хээр морь, шар халтар морь, хүрэн морь, хээр морь, 2 хүрэн гүү барьж аваад, ногт, хазаараа ногтолж хашаан дотор нь уясан асуудал болсон. Саруул ээжийнхээ гэрээс ногт, хазаар авсан байсан. Саруулын ээж нь Саруулсайхан, Баярсайхан гэх хоёр хүүгийнхтэйгээ хамт айл байдаг бөгөөд ойролцоо Хад, Чунаг гэх айлууд байдаг бөгөөд Саруулын ээжийнд тухайн үед хүн байгаагүй. Саруулсайхан, Баярсайхан гэх хоёр дүү нь хөдөө хээр өвсөнд гарсан, харин Баярсайханы эхнэр нь байсан. Саруул мал хулгайлах талаар анх санааг нь гаргасан. Саруул өөрийнхөө цагаан өнгийн портер машинд ачиж Дархан-Уул аймаг Шарын гол руу гэр рүүгээ явах нь гэж байсан юм. Би Саруулын машины дугаарыг нь мэдэхгүй. Саруулын төрсөн дүү Саруулсайханы буу байсан бөгөөд би бичиг баримттай байсан эсэх талаар мэдэхгүй байна. Би Саруултай хамт явж адуу хулгайлсандаа гэмшиж байгаа...” гэх тайлбар /хх-3-4х/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16х/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-17-21, 24, 30, 34-35х/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-22-23, 25, 33х/

Мөрдөн байцаан ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-122-123х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-94-95, 117-118х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Саруул, Г.Батбаатар нар нь бүлэглэн, машин механизм хэрэглэн, 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж баг Хонгоржийн тал гэх газраас иргэн Э.Алтанхуягийн олон тооны буюу 13 тооны адууг хулгайлж, Э.Алтанхуягт 7.450.000 төгрөгийн, давтан үйлдлээр 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг дэвсгэр Уртын даваа гэх газраас иргэн Ө.Мөнхтөрийн 5 тооны адууг хулгайлж, Ө.Мөнхтөрд 2.400.000 төгрөгийн, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг дэвсгэр Шовон гэх газраас 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Л.Лханоровын 3 тооны адууг хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 3 удаагийн хулгайн үйлдлийн улмаас бусдад үлэмж хэмжээний буюу 11.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь: 

 

Хохирогч Э.Алтанхуягийн: “...Би өөрийнхөө 13 тооны адуугаа бүртгэж, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн Хонгоржийн тал гэх газарт бэлчээрт гаргаж, 09 дүгээр сарын 18-ны өдөр адуугаа хайгаад олоогүй, тэгтэл 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нутгийн хүмүүс танай адуу байж магад Эрдэнэмандал сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаа нар Хануйн голын эрэг доорх адууны хашаанд хулгайлагдсан адуу мал авчирсан байна гэж утсаар хүмүүс ярьж байсан бөгөөд орой нь 17 цагийн үед цагдаагаас ярьж байна, танай адууг хүмүүс хулгайлж Алаг-Уул багийн Шовон гэх газар айлын малын хашаанд хашсан байхыг олж тогтоон, адуу малыг авчирсан та, ирж уулзах хэрэгтэй байна гэхээр нь эхнэрийнхээ хамт очиход манай 13 тооны адуу зүсээрээ байсан ба өөр бас 5 тооны адуу байсан, тэнд байсан нутгийн хүмүүс ярихдаа Л.Лханоров 3 морио саяхан аваад явсан гэж ярьцгааж байсан...” гэх мэдүүлэг /хх-38-40х/

 

Хохирогч Ө.Мөнхтөрийн: “...2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн алаг зүсмийн азаргатай алаг голдуу морьдтой 63 тооны адуу маань бэлчээрт байсан ба адуугаа 19-ний өдрөөс эхлэн хайгаад олоогүй, тэгтэл манай адуунаас 5 тооны адуу хулгайлагдсан байсныг олж мэдсэн. Тэгээд ирж үзэхэд манай адуу зүсээрээ байсныг нь Эрдэнэмандал сумын цагдаагийн албан хаагч нараас зүсээр хүлээн авсан бөгөөд манай 5 тооны адууг тус сумын Алаг-Уул багийн Шовон гэх газрын малын байранд хашиж хоргоож байхад нь цагдаагийн албан хаагч нар хулгайчийг олж тогтоосон байсан ба Л.Лханоровын 3 тооны морь, Э.Алтанхуяг гэх хүний 13 тооны адуу хулгайлсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-42-44х/ 

 

Хохирогч Л.Лханоровын: “...2016 оны 09 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд өөрийн шар халтар морь, хээр морь, хүрэн халзан морио Алаг-Уул багийн Их нуурын урд талд бэлчээрт гаргасан бөгөөд ойр орчимд хээр халзан азаргатай адуугаа харж явахад манай гурван морь харагдаагүй, гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр манай хадам ах Айлтгүй утсаар ярихдаа чиний гурван морийг хүн хулгайлаад баригдаад хүрээд ирсэн байна, чи Хануйн голын эрэг дээр доорхи адууны хашаан дээр хүрээд ир гэхээр нь яваад очиход 21 тооны адуу хашаатай байсан бөгөөд миний 3 тооны адуу зүсээрээ байсан, ингээд өөрийн адуугаа зүсээр нь бүрэн бүтэн цагдаагаас хүлээн авсан...” гэх мэдүүлэг /хх-46-48х/

 

Гэрч Б.Саруулсайханы: “...Миний гаднаа унаж байсан шар цоохор зүсмийн зөв талынхаа гуяндаа нар саран тамгатай морь, зөв талын гуяндаа нар саран тамгатай хээр мориор миний төрсөн ах Б.Саруул, хамаатны ах Г.Батбаатар нар нь унаж яваад бусдын адууг хулгайлж ирээд Шовон гэх газрын эзэнгүй айлын хашаанд хашсан байсныг харсан...” гэх мэдүүлэг /хх-49х/

 

Гэрч А.Отгонтуяагийн: “...Манайх 2016 оны 09 сарын 18-ны өдөр Е үсгэн тамгатай бараан хар хээр морь, хар хүрэн морь, хүрэн халзан морь, гурвалжин сартай хүрэн гүү, цагаан дэлтэй цавьдар гүүгээ хулгайд алдсан байсан ба 2016 оны 09 сарын 21-ний өдөр 15 цагийн үед Эрдэнэмандал сумын цагдаагаас ярьж байна, танайх адуугаа хулгайд алдсан уу, энд Е үсгэн тамгатай хар хээр морь, хар хүрэн морь, хүрэн халзан морь, гурвалжин сартай хүрэн гүү, цагаан дэлтэй цавьдар гүүг хүн хулгайлсан байсан ба та ирж уулзах хэрэгтэй байна гэхээр нь хүргэн ахыгаа дагуулаад Эрдэнэмандал сумын Хануйн голын эрэг доорх адууны хашаан дээр ирж үзэхэд манай адуу зүсээрээ хашаатай байсан өөр бас 16 тооны адуу хамт байсан, тэнд байсан хүмүүс Шовон гэх газрын малын байранд Б.Саруул, Г.Батбаатар нар хашсан байна, тэгээд цагдаад баригдсан талаар ярьж байсан. Би өөрийн адуунуудаа зүсээр нь бүрэн бүтэн хүлээн авсан...” гэх мэдүүлэг /хх-51-52х/ 

 

Гэрч М.Есөн-Өрлөгийн: “...Гэтэл саяхан Саруул, Батбаатар нарыг бусдын 20 гаруй тооны адууг хулгайлж айлын эзгүй хашаанд хашиж байгаад баригдаж хулгайлсан адуугаа сумын төвийн урд Хануйн голын эрэг дээр адууны хашаанд тууж ирээд хашаанд байж байхад нь очиж уулзсан байсан. Миний сонсож байснаар Хайрхан сум, Эрдэнэмандал сумын залгаанаас хоёр айлын 7-8 тооны үхэр мал хулгайлаад баригдаж хэрэг үүсгэн, ял шийтгэл эдэлж байсан талаар мэднэ. Б.Саруулын төрсөн ээж, дүү нар нь Алаг-Уул багт амьдардаг бөгөөд Саруул байнга л Дархан-Уул аймгийн Шарын гол энэ хоёрын хооронд ирж очдог бөгөөд ирэх үедээ мал ачиж ирсэн байна гэж нутгийн хүмүүс ярьдаг ба буцах үедээ мал ачиж явсан гэж сонсогддог...” гэх мэдүүлэг /хх-52-53х/

 

Гэрч Ц.Айлтгүйн: “...Нутгийн хүмүүс ам дамжин ярихдаа Саруулыг ирэх үед нь өөрсдийн малаа ойртуулдаг, хулгай хийдэг гэж ярилцдаг. Тэгтэл саяхан Б.Саруул, Г.Батбаатар нар нь миний хүргэн дүү Л.Лханоровын 3 тооны морийг Тээл багийн иргэн Э.Алтанхуягийн 13 тооны адууг хулгайлж хамт хашсан байсан. Миний сонсож байснаар Хайрхан сум Эрдэнэмандал сумын залгаанаас айлын 10 гаруй тооны үхэр мал хулгайлаад баригдаж хэрэг үүсэн шалгагдаж байсан гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-54-55х/

 

Гэрч Л.Оюунцэцэгийн: “...Манай нөхөр Э.Алтанхуяг 2016 оны 09 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд өөрийн сартай хонгор зүсмийн азаргатай 13 тооны адуугаа Тээл багийн Айраг нуурын ар У хөтөл гэх газар бүртгэж Цэцэрлэг сумын Хонгоржийн тал руу адуугаа бэлчээгээд 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр адуугаа хайгаад олоогүй, тэгтэл 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нутгийн хүмүүс болон сумын цагдаагаас утсаар ярьж, танай адууг хүмүүс хулгайлсан байна, одоо сумын төв рүү орж ирээд уулзах шаардлагатай байна гэхээр нь нөхөр Э.Алтанхуягийн хамтаар мотоциклиор орж ирээд цагдаатай уулзсанд манай адууг Алаг-Уул багийн Шовон гэх газар Г.Батбаатар, Б.Саруул нар нь бүлэглэн хулгайлж хашсан байхыг мэдэж танай адууг авчихлаа гэхээр нь адуугаа хартал манай адуу зүсээрээ байсан ба 5 тооны адуу хамт байсан. Тэгтэл тэнд байсан хүмүүс Л.Лханоров 3 морио сая аваад явсан гэж байсан ба би ч бас нөхрийн хамтаар адуугаа бүрэн бүтэн хүлээн авсан. Миний харснаар зөв талын гуяндаа Е үсгэн тамгатай цавьдар гүү, хүрэн гүү, хүрэн халзан морь, хар хээр морьд байсан...” гэх мэдүүлэг /хх-56-57х/

Гэрч Г.Дашжамцын: “...Иргэн Э.Алтанхуягийн 13 тооны адуу, иргэн Л.Лханоровын 3 тооны адуу, иргэн Ө.Мөнхтөрийн 5 тооны адууг тухайн сум орон нутгийн зах зээлийн дундаж үнэлгээгээр үнэлгээний комиссын гишүүдтэй ярилцаж байгаад үнэлсэн бөгөөд иргэн Э.Алтанхуягийн сартай хонгор зүсмийн азаргыг эд зүйлийн үнэлгээний тайлбар хэсэгт худалдаж авсан гэх үнээр нь үнэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-62х/

 

Гэрч Н.Лхагвадоржийн: “...Тус сумын үнэлгээний комиссын гишүүдтэйгээ ярилцаж байгаад иргэн Э.Алтанхуягийн 13 тооны адуу, иргэн Л.Лханоровын 3 тооны адуу, иргэн Ө.Мөнхтөрийн 5 тооны адууг тухайн сум орон нутгийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож үнэлсэн бөгөөд харин иргэн Э.Алтанхуягийн сартай хонгор зүсмийн азаргын үнэлгээг худалдан авсан гэх үнээр нь үнэлсэн...” гэх мэдүүлэг /хх-63х/

 

Гэрч Д.Ичинхоролын: “...Би уг үнэлгээг үнэлгээний комиссын гишүүдийн хамтаар зах зээлийн орон нутгийн дундаж ханш судалж байж хуучин Даюун маркийн мотоциклийг 500.000 төгрөгөөр, уналгын нас нийлсэн морийг тус бүрд нь 450.000 төгрөгөөр, хуучин мяндсан ногтыг нэгийг нь 6000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Үнэлгээ гаргахдаа хүний үгээр орж, худал үнэлсэн асуудал огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-65х/

 

Г.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Тарваганд явахдаа талд байсан хонгор халзан азаргатай адуугаар тарвага оруулж сахиж байгаад буцахдаа тууж явсан. Тэгээд Шовон гэх газар авч ирээд өвөлжөөний хашаанд хашсан. Маргааш нь буюу 20-ны өглөө хашсан байсан 13 тооны адуугаа гаргаж Уртын даваа гэх газраас алаг азаргатай адуу авч ирээд 3 тооны морь, 2 тооны гүү барьж авч уясан. Тэр орой Саруул хонинд явсан чинь адуу гарчихсан мөн уясан байсан 2 адуу алдуурсан байхаар нь дахиад бүгдийг нь барьж авч уясан. Тэгээд адууг хашаад заримыг нь уясан байж байхад цагдаа нар ирээд шалгасан. Надад мөнгөний хэрэг болоод би хулгай хийх санааг гаргасан, манайх байшин барьж байгаа бөгөөд материал дутаад мөнгө хэрэг болоод байсан. Бид хоёр хулгай хийхдээ Саруулсайханы 2 морь, мотоциклиор явсан. Саруулсайханд хулгай хийх гэж байгаа талаар хэлээгүй, тэр энэ талаар огт мэдээгүй. Хонгор азаргатай нэг хээр алагтай дан бараан зүсмийн адуу, мөн дандаа байдсан гүүнүүд байсан, насыг нь нарийн сайн мэдэхгүй. Уртын даваанаас авсан 5 тооны адууны 2 хүрэн гүү, хүрэн халзан морь, хээр морь, хүрэн морь байсан. Лханоровынх шар хээр морь, улаан хээр морь, хүрэн халзан үрээ байсан. Хулгайлсан адуунуудаа зарж борлуулах талаар хэн нэгэнтэй ярьж тохирсон зүйл байхгүй. Би уг нь 5 тооны адуу авч явах гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-73-76х/

 

Б.Саруулын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн төрсөн дүү Саруулсайханаас тарваганд яваад ирье гэж гуйгаад 2 морь авч Батбаатарын хамт Цэцэрлэг сумын Хонгоржийн тал руу тарваганд явж байгаад талд адууг тууж гарсан тарвагыг оруулж явсаар тэр адуугаа тууж яваад дүүгийн байдаг Шовон гэх газар ирээд ойролцоо малын хашаанд хашсан. Тэгээд дүүгийнд очиж хоноод маргааш өглөө нь хашсан адуун дээрээ очоод Батбаатар надад 5 адуу аваад явчихъя гэхээр нь дандаа бага адуу байна гэж хэлээд нөгөө адууг гаргасан. Тэгээд Батбаатар мөнгөний хэрэг байна, байшин барьж байгаа 5 адуу ачаад явах хэрэгтэй байна гэхээр нь Эрдэнэмандал сумын Уртын даваа гэх газар руу явж тэнд байсан нилээн олон тооны адуунаас 3 тооны морь, 2 тооны гүү барьж аваад өмнө нь адуу хашсан хашаанд барьж авч уясан. Гэтэл нөгөө 5 адуу унгалдаад тэмүүлээд байхаар нь хань болгож өмнө нь хашаад гаргасан 13 тооны адууг буцааж хашсан. Батбаатар байшин барьж байгаа гээд гуйгаад байхаар нь хамт хулгай хийсэн. Хулгай хийх санааг Батбаатар гаргасан. Хонгор халзан азаргатай янз янзийн тамгатай байдас голдуу адуу байсан, хээр алаг байдас, шар хээр байдсан гүү, хээр голдуу байдаснууд байсан бөгөөд нэг даагатай байсан. Е үсгэн тамгатай хээр морь, хүрэн морь, хүрэн халзан морь, 2 хүрэн гүү байсан. Харин Лханоровын адуу бол 2 хүрэн морь, нэг хээр хүрэн халзан үрээ байсан. Саруулсайханы хүрэн цоохор, хээр зүсмийн 2 морь байсан, мөн Саруулсайханы Даюун маркийн саарал өнгийн мотоциклиор явсан. Дүүгийн ногт хазаарыг ашигласан...” гэх мэдүүлэг /хх-80-82х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-17-21, 24, 30, 34-35х/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-22-23, 25, 33х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.   

 

 Иймд шүүгдэгч Б.Саруул, Г.Батбаатар нарыг бүлэглэн, давтан үйлдлээр бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял оногдуулах нь үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч  нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн хуучин мяндсан ногт 6 ширхэг, хазаар 3 ширхэг зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар устгаж, Б.Саруул, Г.Батбаатар нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан Даюун маркийн мотоцикль, 2 тооны морь зэргийг өмчлөгч Б.Саруулсайханд олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Саруул нь 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр биеэр эдлээгүй үлдсэн 9 сар 8 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т зааснаар ялтай байдал нь өршөөгдөж байх тул шүүгдэгч Б.Саруулыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Саруул, Г.Батбаатар нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж шүүх үзлээ.

 

 Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                         

     

    ТОГТООХ нь:

           

  1. Шүүгдэгч Гал овогт Ганжууржавын Батбаатар, Боржигон овогт Буяндэлгэрийн Саруул нарыг давтан үйлдлээр, бүлэглэн машин механизм хэрэглэн, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Г.Батбаатарыг 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Саруулыг 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Батбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Б.Саруулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Г.Батбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн Цагдаагийн газарт, шүүгдэгч Б.Саруулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт тус тус даалгасугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн хуучин мяндсан ногт 6 ширхэг, хазаар 3 ширхэг зэргийг устгасугай.
  6. Шүүгдэгч Г.Батбаатар, Б.Саруул нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2016 оны 11 сарын 05-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 2 тооны морь, Даюун маркийн мотоцикль зэргийг өмчлөгч Б.Саруулсайханд буцаан олгосугай.
  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ болох 450,000 төгрөгийн 225.000 төгрөгийг шүүгдэгч Б.Саруулаас, 225.000 төгрөгийг шүүгдэгч Г.Батбаатараас, мотоциклийн үнэ болох 500.000 төгрөгийн 250.000 төгрөгийг шүүгдэгч Б.Саруулаас, 250.000 төгрөгийг шүүгдэгч Г.Батбаатараас тус тус гаргуулж, улсын орлого болгосугай.
  9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Батбаатар, Б.Саруул нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар гардан авсан  өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                           

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Р.АЛТАНЦЭЦЭГ