Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2020/00806

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  дүүрэг, хороо, гудамж, тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Х.-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: дүүрэг, хаягт байрлах холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай  нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, хариуцагчийн төлөөлөгч С.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнх-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

        

Нэхэмжлэгч Х.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:2016 оноос  дүүргийн  дүгээр сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаад  даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/115 дугаар захирамжаар ажлаас халагдсан. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/02438 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 187 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2019/00760 тоот тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн.  дарга 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/21 тоот захирамжаар намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс ажилд томилсон 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 13 cap 20 хоногийн цалин 16,758,385 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж  өгөхийг хүсч байна. Тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/02438 тоот шийдвэрээр сарын дундаж цалинг 1,195,043 төгрөг, нэг өдрийн цалин 55,583 төгрөгөөр тогтоосон гэв.

Хариуцагч  дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  шүүхэд болон төлөөлөгч С.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй гэж заасан. Мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тус харьяаллын дагуу шийдвэрлэнэ гэж заасан. Үүнээс үзэхэд хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүхэд аль алинд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол гаргах хугацаа хамаарахаар байна. Нэхэмжлэгч нь гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Н-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч  дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/02438 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Х.Бг  дүүргийн  дүгээр сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар  дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 5,502,751 гаргуулж нэхэмжлэгч Х.Бд олгож, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Улаанбаатар хотын захирагчид даалгаж шийдвэрлэжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2019/00760 дугаар тогтоолоор “Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/02438 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 187 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Хариуцагч  дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь 2020 оны 02 сарын 05-ны өдрийн Б/21 тоот захирамжаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс ажилд томилж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлсэн учир ажилтан 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс ажилд томилогдох хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор шаардаж, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд хандсан байна.

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар олгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэдэг. Хариуцагч шүүхийн шийдвэрийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/21 тоот захирамжаар биелүүлсэн болох нь зохигчдын тайлбар,  даргын Б/21 тоот захирамж /хх-ийн 3 тал/ зэргээр тогтоогдож байна.  

 

Ажилтан ажлаас чөлөөлөгдөж, ажилгүй болох, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх, шүүх уг нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх нь ажил олгогчийн хууль бус шийдвэр гаргаснаас үүсэх эрх зүйн үр дагавар мөн тул ажилтны ажлаас халагдсанаас хойш ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаарах тул ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор олгох үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй.

 

Хариуцагч  дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь ажилтан Х.Бг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байна.

 

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх естой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу гомдлоо гаргана” гэж зохицуулсан.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/02438 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 187 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2019/00760 дугаар тогтоолын заалтыг хариуцагч биелүүлээгүй буюу 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар ажилтны эрх зөрчигдсөн хэвээр байсан тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/02438 дугаар шийдвэрээр Х.Бг  дүүргийн    дүгээр сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн  тогтоож,

сарын цалин хөлстэй тэнцэх олговрыг сард 1,195, 043 төгрөг, нэг өдрийн цалинг 55,583 төгрөгөөр тогтоосон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй.

 

Иймд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт /сард 1,195, 043 төгрөг, өдөрт 55,583 төгрөг х 306 өдөр/ 17,008,398 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч  Х.Бд олгож, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч  даргын тамгын газарт даалгах үндэстэй.

 

 дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ж.Гантулга, С.Х нарт итгэмжлэл олгож, төлөөлөгч Ж.Гантулга 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1/462 тоот албан бичгээр эрхээ төлөөлөгч С.Хд шилжүүлжээ.

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.7.Төлөөлөгч эрхээ бусдад шилжүүлсэн тухай болон итгэмжлэлийг шилжүүлэн авсан этгээдийн талаар төлөөлүүлэгчид мэдэгдэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол эрх шилжүүлэн авсан этгээдийн үйл ажиллагаанаас бий болох үр дагаврыг төлөөлөгч хариуцна” гэж заасан байна.

 

 Төлөөлөгч Ж.Гантулга энэ тухайгаа Н-д мэдэгдсэн гэж төлөөлөгч С.Х тайлбарлаж байх ба түүний 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр С.Хд олгосон итгэмжлэл хүчин төгөлдөр хэвээр гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч  даргын тамгын газраас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 17,008,398 /Арван долоон сая найман мянга гурван зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Бд олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч  даргын тамгын газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтанд зааснаар хариуцагч  даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 242,992 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгосугай.

 

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ