Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/279

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

-Улсын яллагчаар Д.Дэлгэрсүрэн,

-Иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Б,

-Шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Эд холбогдох эрүүгийн 1934010390091 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ц.Э

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Э нь Төв аймгийн Зуунмод сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7. Дугаар зүйлийн 7.1.1, 7.1.4, 7.1.6, 7.1.7-д зааса хэм хэмжээг тус тус зөрчиж Бүгд Найрамдах Солонгос улсын Инчион хотын Мичихүл дүүргээс Монгол Улсын Төв аймгийн Зуунмод сумын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль, цэцэрлэнгийн анги танхимыг засварлаж тохижуулах зорилгоор тусламжаар ирүүлсэн 39.963.000 төгрөгөөр тус аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрлалтай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг, сургуулийн анги танхимыг тохижуулах ажлын тендер сонгон шалгаруулалтыг хууль бусар явуулж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгон тус мөнгийг хувийн дансаар шилжүүлэн авч төрд 19.013.496 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ц.Э нь: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:

Шүүгдэгч Ц.Э нь Төв аймгийн Зуунмод сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7. Дугаар зүйлийн 7.1.1, 7.1.4, 7.1.6, 7.1.7-д зааса хэм хэмжээг тус тус зөрчиж Бүгд Найрамдах Солонгос улсын Инчион хотын Мичихүл дүүргээс Монгол Улсын Төв аймгийн Зуунмод сумын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль, цэцэрлэнгийн анги танхимыг засварлаж тохижуулах зорилгоор тусламжаар ирүүлсэн 39.963.000 төгрөгөөр тус аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрлалтай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг, сургуулийн анги танхимыг тохижуулах ажлын тендер сонгон шалгаруулалтыг хууль бусар явуулж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгон тус мөнгийг хувийн дансаар шилжүүлэн авч төрд 19.013.496 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон хуулбарууд /1-р хх-ийн 34-71 тал/,

-Иргэний нэхэмжлэгч С.Гантөгсийн “...Ц.Э нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гадаад харилцааны нэр хүндийг ашиглаж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд очих ёстой мөнгийг зүй бусаар зарцуулж, хувьдаа завшсан үйлдэлд гомдолтой байна. Мөн тэрээр олон төрийн алба хаагчдийг хууль бус үйдэл рүү уруу татан алба хаагчийн ёс зүйгүй үйлдэл гаргасан гомдолтой байгаа ба энэ хэрэгт холбогдон гарсан зардлыг тухайн гэм буруутай этгээдээс нөхөн гаргуулах саналтай байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-76 тал/,

 

-Гэрч С.Намширын “.... 39 сая төгрөгийг “Тусгал төв” ХХК цэцэрлэг, сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анги танхим засаж тохицуулах ажилд шилжүүлсэн. Тухайн үед тендерыг Тамгын газар хариуцан зохион явуулсан. Одоо тендерийн материал Зуунмод сумын архивт хадгалагдаж байгаа. ИТХ-ын дарга Ц.Э дарга наад мөнгөө шилжүүлэхгүй бол компани нь материал авах гээд байна гэж яриад байна наад мөнгөө гялс шилжүүлчих гэсэн. Би С.Гантөгс эгч байхгүй байна гэхэд Ц.Э дарга би ярьчихсан мэдэж байгаа өөрөө ирээд гарын үсэг зурна гэж хэлээд надаар төлбөрийн хүсэлтийг шивүүлсэн. Би төлбөрийн хүсэлтийг төрийн санд өгсөн. С.Гантөгс орой ажил тарсны дара ирж гарын үсэг зурж тамга дарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-83 тал/,

-Гэрч О.Баасанхүүгийн “...Солонгос улсаас тусламжаар ирсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анги танхим тохижуулах 40 сая төгрөгийн тендерийн ажлын даалгаварыг бэлтгэсэн. Зуунмод сумын ИТХ-ын дарга Ц.Э “Тусгал төв” ХХК, “Дөрвөнлхагва” ХХК, “Төв гэрэл” ХХК-уудад урилга бич гэж хэлж урилга бичүүлээд Ц.Э өөрөө урилгуудыг авсан. Он сарыг нь санахгүй байна дараа нь Ц.Э дарга тендерийн гурван байгууллагын битүүмжилсэн материалыг авч ирж өгсөн. Тухайн материалыг би задалж үзээгүй ажлаа орхиод ажлаас гарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-87 тал/,

-Гэрч Ц.Алтанцэцэгийн “...2018 оны 08 дугаар сарын дундуур Зуунмод сумын ИТХ-ын дарга Ц.Э утсаа яриад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 2 анги нээгдэнэ төсөв мөнгө нь ороод ирсэн. Ажлыг гүйцэтгэж байгаа компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулах хэрэгтэй байна гэрээг бэлэн болгоод туслах н.Буянжаргалд үлдээсэн байгаа танилцаад гарын үсэг зурчхаарай гэж хэлсэн. Тэгээд очиж гэрээтэй танилцахад ганц гэрээг хоёр хувь болгож бэлдсэн байсан, тухайн ажил гүйцэтгэх компани нь гарын үсэг зурж тамга дарсан байсан. Би хоёр гэрээн дээр гарын үсэг зураад н.Буянжаргалд үлдээсэн. Дараа нь ажлын гүйцэтгэлийг үзэх гээд ажлын хэсэг байгуулсан боловч цуглаагүй одоо хүртэл ажлыг хүлээн аваагүй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-94 тал/,

-Гэрч Л.Эрдэнэбаатарын “...Би тодорхой санахгүй байна. Манай компанид урилга ирсэн. н.Мөнхжин л санал болгосон байх. Тэгээд би бичиг баримт бүрдүүлж өгсөн. Хэрхэн шалгарсан талаар би мэдэхгүй. Тэгээд шалгарсан гэрээ хийх болсон гэсэн. Ингээд энэ гэрээг хийсэн. Гэрээнд би хүүгийнхээ нэрээр гарын үсэг зурж, гэрээг би өөрөө баталсан байгаа. Манай компанийн талаас Зуунмод сумын ИТХ-ын талаар хэн гэрээг хийсэнг би мэдэхгүй. Хэдний өдөр гэрээ хийсэнг санахгүй байна. ИТХ-ын дарга Ц.Этэй нүүр нүүрээр хараад уулзалдаад гэрээ хийсэн юм байхгүй таарвал бид толгой дохиод л өнгөрдөг хүмүүс. н.Мөнхжин гээд дүүтэй нь л би хамтран ажилладаг юм. 2018 оны 08 дугаар сард манай компанийн дансанд Зуунмод сумын ИТХ-ын 39.963.756 төгрөг орж ирсэн тэр өдөр нь би н.Мөнхжийнгийн “Веста групп” ХХК-д өгсөн байгаа, шилжүүлгээр хийсэн санагдаж байна. Манай компани гэрээнд заасан ажлыг гүйцэтгээгүй харин манай компанийн хэд хэдэн ажилтан тэнд ажилласан. Н.Мөнхжин хийж гүйцэтгэсэн ажил санхүүгийн зарцуулалтыг тайлбарлах байх. Манай компанийн ажилтнуудыг авч ажиллуулаад цалинг нь өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114-155 тал/,

-Гэрч А.Мөнхбаатарын “...2018 онд Зуунмод сумын нэг цэцэрлэг бас бага сургууль дээр ширээ, сандал, тоглоом, ариун цэврийн өрөөний хэрэгсэл зэрэг зүйлсийг Ц.Э өөрийн Тоёота алфард маркийн машинаараа тээвэрлэн авчрахад эдгээр зүйлсийг зөөвөрлөн оруулан өгч байсан. Ц.Э дарга над руу залгаад хүрээд ир юм зөөгөөд оруулаад өг гэсэн юм. Надаас өөр хүн очиж юм зөөгөөгүй. Ц.Э дарга бид хоёр л зөөгөөд оруулсан, хөнгөн зүйлсүүд байсан. Тухайн үед Ц.Э дарга хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн анги танхим тохижуулна гээд хэлж байсан. Өөрөөр би ямар нэгэн ажилд оролцоогүй.  Ингэж ширээ сандал тоглоом зөөж 2-3 өдөр болсон юм байна. Эхний 2 өдөр нь Ц.Э дарга өөрийнхөө Тоёота алфард маркийн машинаараа тээвэрлэн авч ирж байсан 3 дахь өдөр нь нэг портер машинаар ширээ сандлууд нь буюу овор ихтэй тавилга ирж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116 тал/,

-Гэрч Л.Жаргалын “..."Веста групп" ХХК-д ажиллаж байхад юм зун байсан сар өдрийг нь санахгүй байна. Ц.Э дарга над руу залгаад чи ирээд Хүмүүн цогцолбор сургуулийн бага сургууль, цэцэрлэг дээр ирээд цэвэрлэгээ хийгээд байж байгаач гэсэн юм. Тэгээд би 2 өдөр ажилласан. Нэг өдөр нь цэцэрлэг дээр, нэг өдөр нь сургууль дээр ажилласан. Намайг очиход н.Мөнхбаатар, н.Төгөлдөр гээд "Веста групп" ХХК-ийн инженерүүд ажиллаж байсан. Бас Ц.Э даргын ээж нь цэвэрлэгээ хийж байсан. н.Мөнхжин ах ямар нэгэн ажил хийгээгүй. Тэнд тоглоом зөөж авчирч байсан санагдаж байна, тухайн үед н.Мөнхжин ах тусдаа барилга дээр ажиллаж байсан юм. Ямар учиртай сургуулийн болон цэцэрлэгийн анги тохижуулаад байсанг мэдээгүй байсан. Ц.Э дарга хэлэхдээ би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн анги танхим тохижуулж байгаа юм ирээд туслаач гэж хэлж байсан. Би ойлгохдоо Ц.Э дарга хувиасаа л ийм ажил хийж байгаа юм байна гэж ойлгосон. Эгч дүү нар нь бас хувийнх нь компанийх нь ажилтан нар ажиллаад байхыг бодоход хувиасаа л хийж байгаа гэж ойлгогдохоор байсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117-118 тал/,

-Гэрч Б.Сайханцэцэгийн “...2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн Ц.Э манай компаниар цэцэрлэгийн гадны талын гулсууртай, савлууртай цогцолбор тоглоом хийлгүүлэхээр болж 16.000.000 төгрөгийг шилжүүлсэн ба тухайн ажлыг манай компанийн зүгээс хийж гүйцэтгэсний дараа мөнгөө өгөхгүй байж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр үлдэгдэл 16.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн юм. Уг тоглоомийг Төв аймгийн Зуунмод сумын цэцэрлэгийн гадаа тавьсан ба яг ямар цэцэрлэгийн гадаа тавьсан талаар мэдэхгүй байна. Түүнийг би Төв амйгийн Зуунмод сумын нутагт очиж тоглоомоо очиж үзэхэд 2 давхар гурвалжин дээвэртэй, жижиг цэнхэр цайвар өнгийн цэцэрлэгийн хашаан дотор байрлуулсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119 тал/,

-Гэрч Ж.Адъяабазарын “...Манай “Дөрвөн лхагва” ХХК нь 2018 оны 08 дугаар сард Төв аймгийн Зуунмод сумын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль, цэцэрлэгийн тохижилтын ажлын тендер сонгон шалгаруулалтад үнийн санал хүргүүлж байсан. Тухайн албан бичиг манайд ирсэн байх. Гэхдээ хэн, хэзээ авч ирж өгсөн байсан талаар одоо би санахгүй байна. Уг тендерт оролцох талаар Ц.Э надад ямар нэгэн байдлаар хэлж ярьсан зүйл байсан эсэх талаар би санахгүй байна. Тухайн тендер харьцуулалтын тендер учир сумын Засаг даргын Тамгын газраас өгсөн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 127 тал/,

-“Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №20/10 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 12-27 тал/,

-2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол /3-р хх-ийн 130-131 тал/,

-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №07/102 дугаартай шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 136-155 тал/,

-Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 157-163 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Н.Цанлигсүрэнгийн “... “Тусгал төв” ХХК-ийн данс руу 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 39.963.756 төгрөгийг Зуунмод сумын Иргэдийн төлөөлөгчдийн нэмэлт санхүүжилтийн данснаас “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өрөөний тохижилтын ажлын хөлс” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн ба 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 39.963.000 төгрөгийг яллагдагч Ц.Эгийн данс руу шилжүүлсэн. “Бэсгэ” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №22/028 дугаартай шинжээчдийн багийн дүгнэлтээр Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн хөгжлийн бэрхшлээтэй хүүхдийн анийн барилгын засварын гүйцэтгэл, тус ангид нийлүүлсэн 34 төрлийн эд хөрөнгө, сургалтын хэрэглэгдэхүүн, гадна талбайд байрлуулсан хүүхдийн тоглоомууд нь 2018 оны 08 дугаар сарын байдлаар 20.949.504 төгрөг болсон. Яллагдагч Ц.Эгийн данс руу шилжүүлсэн мөнгөний зөрүү болох 19.013.496 төгрөгийг Ц.Эгээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 250 тал/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-р хх-ийн 2-17 тал/,

            -2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №22/028 дугаартай “Бэсгэ” ХХК-ийн шинжээчдийн багийн дүгнэлт /5-р хх-ийн 226-с 6-р хх-ийн 16 тал/,

-Гэрч Б.Сайханцэцэгийн “...Үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн 51, 52 зураг хэсэгт цэцэрлэг тохижуулж өгсөн гэх хүүхдийн гадна тоглоомыг харуулав гэх гэрэл зурагт авагдсан хүүхдийн савлууртай, гулсууртай тоглоом нь миний Ц.Эд зарсан тоглоом мөн бана...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 20 тал/,

-2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /6-р хх-ийн 141-142 тал/

-Гэрч Э.Гурванбаатарын “...БНСУ-ын Инчеон хотын Мичихүл дүүргийн ИТХ-ын тусламжаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчин нөхцөлийг сайжруулах төслийн хүрээнд хийсэн ажилт хяналт шалгалтыг дотоод хяналтын хорооны гишүүн Ч.Мөнхтуяа, Н.Дэлгэржаргал нар явуулахад тендерийг үнэлгээний хороо хууль журмын дагуу зохион байгуулаагүй, Ц.Э нь захиалагчийн эрх хэмжээнд хууль бусаар халдсан, гүйцэтгэлд хяналт тавиагүй, хуурамж баримт материал үйлдсэн, өөрийн ойр дотны хүний хувийн компаниийн дансаар дамжуулан төслийн мөнгийг зарцуулсан, эрх мэдлээ хэтрүүлэн хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл хийсэн, төрийн алба хаагчдад гэрээ байгуулах, гүйцэтгэлд батлах, төлбөрийн гүйлгээ хийхэд эрх мэдлээ хууль бус дарамт үзүүлсэн гэж зөрчлүүд илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 178-179 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Нийтийн албан тушаалтан албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг хууль бус бусад хангамж эдлэхийг Төрийн албаны хуулиар хориглосон бөгөөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах нь авлигын нэг төрөл юм.

Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй байна. Энэ үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Албан үүрэг, бүрэн эрх гэж сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг ойлгоно.

Албан тушаалын байдал гэдэгт албаны эрх нөлөө хамаарна.

Албаны эрх нөлөө гэж тухайн нийтийн албан хаагчийн хувьд хууль тогтоомж, дүрэм журмаар тогтоосон эрхлэх чиг үүрэг, бүрэн эрхэд шууд хамаарахгүй ч албан тушаалын дээгүүр нийтлэг давуу байдлаар бусад албан тушаалтанд нөлөөлөх боломжийг,

Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж албан үүрэг, албан тушаал, албаны байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг  тус тус ойлгоно.

Өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 “...тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ.

Төв аймгийн Зуунмод сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Э нь Нийтийн албан тушаалтан гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтанд тус тус хамаарна.

 

Шүүгдэгч Ц.Эгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хор уршиг учруулах аюултай байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

 

Иймд шүүгдэгч Ц.Эг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Д.Дэлгэрсүрэнгээс: “Шүүгдэгч Ц.Эгийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 6000 нэгж буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд төлж барагдуулах дүгнэлтийг гаргаж байна” гэх ялын дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэгээс: “Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгааны талаар шүүгдэгч өөрөө хэлж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа энэ анги танхимыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө энэ ажлыг хийсэн. Төрийн төсвөөс аваад өгье гэж бодоогүй. Гадаад руу яваад хандив авч хийсэн. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг ял шийтгэл дээр харгалзаж үзэх заалт байгаа. Хохирол төлбөрөө төлөх талаар тохиролцсон. Ц.Эгийн хувьд Эрүүгийн хуулийн 6.5 -р зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал  байгаа тул ял шийтгэл оногдуулахдаа анхаарч өгнө үү гэж хүсэж байна. Эрүүгийн хариуцлагын хувьд прокуророос ялласан саналын хүрээнд шийдэхэд татгалзах зүйлгүй” гэх дүгнэлтийг,

 

Иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Бээс: “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагчтай санал нийлж байна. Улсын яллагчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзсэн. Өмгөөлөгчийн хувьд хөнгөрүүлэх нөхцөл биш гэж үзэж байна. Шүүгдэгч энэ гэмт хэргийг тохиолдлын шинжтэй хийгээгүй. Өөрөө хүсэж үйлдэж байгаа” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Ц.Эгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт “нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Ц.Эгийн шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн зэрэг хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Ц.Э нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

Шүүгдэгч Ц.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Ц.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 8.000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд оногдуулсан 8.000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж,

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд оногдуулсан 8.000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 /найман сая/ төгрөгийн торгох торгох ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад урьд ял шийтгэлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хийснээр төгсдөг, хор учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд Ц.Эгийн гэм буруутай үйлдлийн улмаас улсад 19.013.496 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч Ц.Эгээс 19.013.496 төгрөгийг гаргуулж, Төв аймгийн Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд олгож,

Шүүгдэгч Ц.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” гэж зааснаар шүүгдэгч Ц.Эд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг 2023 оны 10 дугаар сарын 01-ний дотор арилгах үүрэг хүлээлгэх нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Ц.Эгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 3.480.000 төгрөгийг гаргуулж, Авлигатай тэмцэх газарт олгож, Авлигатай тэмцэх газар нь үлдэх 2.750.000 төгрөгийн зардлаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,

Эрүүгийн 1934010390091 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг “CD”, хэрэгт хавсаргагдаж ирсэн 249 хуудас “Нэмэлт санхүүжилтийн харилцахын баримт” гэх нэртэй баримтыг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Эгийн өмчлөлийн Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг 40 дүгээр байрны баруун урд талд байршилтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8., 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ц.ЭгНийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эг нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 8.000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд оногдуулсан 8.000 /найман мянга/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэнчлэн төлөхийг тотоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд оногдуулсан 8.000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.

 

  1. Шүүгдэгч Ц.Эд оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Эгээс 19.013.496 төгрөгийг гаргуулж, Төв аймгийн Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд олгож, шүүгдэгч Ц.Эгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 6.230.000 төгрөгөөс 3.480.000 төгрөгийг гаргуулж, Авлигатай тэмцэх газарт олгож, Авлигатай тэмцэх газар нь үлдэх 2.750.000 төгрөгийн зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Эд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг Төв аймгийн Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн  хуралд 2023 оны 10 дугаар сарын 01-ний дотор арилгах үүрэг болгосугай.

 

  1. Эрүүгийн 1934010390091 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг “CD”, хэрэгт хавсаргагдаж ирсэн 249 хуудас “Нэмэлт санхүүжилтийн харилцахын баримт” гэх нэртэй баримтыг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Эгийн өмчлөлийн Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг 40 дүгээр байрны баруун урд талд байршилтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ю.ЭНХМАА