Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/01127

 

Н.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00478 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Мийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Н.О-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 2 290 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө 7 цаг 45 минутад Хурд хорооллын урд замаар зүүнээс баруун тийш зорчиж явахад баруунаас зүүн тийш зорчиж явсан 09-09 УБВ улсын дугаартай Ниссан экстерра маркийн автомашиныг жолоодож явсан Н.О нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан жолооч баруун гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг зөрчиж урьдчилан анхааруулалгүй буцаж эргэх үйлдлийг хийхдээ миний машины урдаас мөргөсөн. Миний автомашинд 1 721 500 төгрөгийн хохирол учирсан болох нь үнэлгээгээр тогтоосон. Шат шатны цагдаагийн байгууллагуудаас гэм буруутай тухай шинжээчийн дүгнэлт гарсан боловч одоог хүртэл миний хохирлыг барагдуулахгүй байна. Мөн явах эд ангийн оношлогоо хийлгэсний төлбөрт 35 000 төгрөг, авто үнэлгээ хийлгэсэн төлбөрт 58 000 төгрөг, тэгээд энэ өдрөөс хойш машин маань ашиглах боломжгүй болсон учраас 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр буюу шүүхэд хандах хүртэл хүүхдээ таксигаар авч явсан 28 хоногийн төлбөрт өдрийн 17 000 төгрөгөөр тооцож 476 000 төгрөг,нийт 2 290 500 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.

 

Хариуцагч Н.О шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-уул дүүргийн нутаг дэвсгэр 15 дугаар хороо, “Хурд” хорооллын зам дээр эргэлтийн дагуу эргээд явж байтал өглөөний 7 цаг 50 минутын үед 21-95 дугаартай цагаан өнгийн приус маркийн авто машин ардаас орж мөргөсөн. Уг цагаан өнгийн 21-95 дугаартай приус машины жолооч мөргөсөн даруйдаа өөрийнхөө таньдаг Л.Баясгалан гэгч цагдаагаар хэмжилт хийлгэж, уг хэмжилтээр илтэд намайг буруутгаж гаргасан. Уг зураг болон бусад бичиг баримттай танилцуулахад зөвшөөрөхгүй талаар дурдаж мэдүүлсэн. Харин зам тээврийн хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэлд ХУД-ийн хэрэг бүртгэгч, ахлах дэслэгч А.Баасанчүлтэм хийсэн мэтээр бичиг баримт бүрдүүлж гарын үсэг зуруулсан, гэрчийн тэмдэглэлийг нэг хүн бичсэн байгаа нь бичгийн хэв, балнаас мэдэгдэж байна. Тэд гэрч байсан мэтээр Д.Батмөнх, Р.Ундрахболд гэсэн хүмүүсийг хуурамч гарын үсэг зуруулсан байна. Тухайн өдөр нэг ч хүн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд гарын үсэг зураагүй, хэргийн газрын үзлэгийг ахмад Л.Баясгалан хийж хэнээр ч гарын үсэг зуруулаагүй ба үзлэг хийсний дараа манай нөхөр Б.Бат-Эрдэнийн машинд сууж ХУД-ийн цагдаагийн хэлтэс орж тэндээсээ Цагдаагийн авто бааз дээр хүргүүлсэн. Гэтэл холбогдох захиргааны зөрчлийн бичиг баримтууд дээр ахлах дэслэгч А.Баасанчүлтэм хэргийн газрын үзлэг хийсэн мэтээр бүрдүүлжээ. Жолооч Н.М нь өөрийн танил болох ахмад Л.Баясгаланг дуудаж хэмжилт хийлгүүлсэн байх магадлалтай байна. Дээрх үйлдэл нь илтэд нэг талыг барьсан хуурамч бичиг баримтууд бүрдлүүлсэн байх тул уг захиргааны зөрчлийн гомдлыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. “...2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 7 цаг 50 минутад уг осол гарсан байдаг. Урьд урьдын шүүх хуралдаануудад цагдаа нь хэргийн газрын үзлэгийг хууль бусаар хийсэн гэдэг зүйл яригдсан. Анх хэмжилт буруу хийгдсэн учраас түүнийг үндэслэж гарсан шинжээчийн дүгнэлт буруу гарсан учраас бид зөвшөөрөхгүй байна. Бид Цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар дотоод хяналтын ахмад н.Мөнхзул нь шалгахад хэмжилтийг ажлын байрны тодорхойлолтод зөрчсөн буюу хийх ёсгүй хүн хийсэн байна. Мөн хүмүүсийн гарын үсэг хуурамчаар зурсан байна гэж үзэж дахин хэргийн газрын үзлэг, хэмжилт хийхээр болсон байдаг. Үүнтэй холбоотой баримт хэрэгт бий. Мөн хэмжилт хийсэн цагдаа болох Л.Баясгалангийн ажлын хуваариар Хан-Уул дүүргийн тамгын газраас баруун тийш, харин н.Баасанчүлтэм бол зүүн тийш 1 дүгээр бүсийг хариуцдаг нь харагдаж байгаа юм. Ингээд дахин үзлэгийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ослын газар байсан гэх хүмүүсийг байлцуулан хийсэн байдаг. Үүнтэй холбоотой дахин шинжээчийн дүгнэлт арай гараагүй байна. Тэгэхээр анхнаасаа хэмжилт нь буруу хийгдсэн буюу таньдаг мэддэг хүмүүсээ дуудаад хэмжилт хийлгүүлсэн байдаг учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дүгээр зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.О-аас 1 779 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72 398 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Оаас 43 422 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Мт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хөтлөх замаар тодруулсан. Нэхэмжлэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан талаар баримтыг шүүхэд гаргасан боловч шүүх үнэлээгүй. Н.Оыг осол гаргасанд буруутай мэтээр дүгнэсэнд гомдож байна. Хэрэв үнэхээр бид буруутай байсан нь тогтоогдсон бол бид шүүх дээр нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлын үнэлгээн дээр нь маргах байсан. Гэтэл бид өөрсдийн буруугүйг нотлохоор нотлох баримтуудаа өгсөн ч шүүх үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Н.О-ад холбогдуулан гэм хорын хохиролд 2 290 500 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1 814 500 төгрөг болгон багасгажээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргасан байна./ хх-ийн 26 дугаар хуудас/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Хурд хорооллын урд талын замд Н.О нь С.Намжилсүрэнгийн эзэмшлийн Ниссан экстерра маркийн 09-09 УБВ улсын дугаартай автомашин жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д “жолооч зүүн гар тийш буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс Тоёота приус маркийн 21-95 УНН дугаартай автомашиныг мөргөж Н.Мийн автомашинд хохирол учруулсан зам тээврийн осол гаргажээ./ хх –ийн 176 дугаар хуудас/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт зааснаар тухайн гарсан осолд гэм буруугүй гэдгээ хариуцагч өөрөө нотлох үүрэгтэй юм.

 

Хариуцагч нь зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийг байцаагч Л.Баясгалан хийж, байцаагч А.Баасанчүлтэмд шилжүүлсэн нь үндэслэлгүй гэсэн гомдлыг дээрх цагдаагийн алба хаагчдад холбогдуулан гаргасны улмаас Цагдаагийн Ерөнхий газрын Замын цагдаагийн албанаас буруутай албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулж, дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилон ослын шалтгааныг тогтоож, үйл ажиллагаагаа хуульд нийцүүлэн залруулсан байна. /хх-ийн 170,176-177 дугаар хуудас/ Тодруулбал, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэх тогтоол, зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Замын цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 98 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр “О нь Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.12 дах хэсэгт заасан “жолооч зүүн гар тийш буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн, Н.М нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл, заалтыг зөрчөөгүй” гэх нөхцөл байдлын талаар заажээ./хх-ийн дугаар 176 дугаар хуудас/

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна.

 

Дээрх ослын улмаас Н.Мийн автомашинд учирсан эвдрэл гэмтэл, хохирлын хэмжээг Хөрөнгө үнэлгээний “Вендо” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээгээр 1 721 500 төгрөг болохыг тогтоосон, авто үнэлгээ хийлгэсэн төлбөрт 58 000 төгрөг зэрэг зардал, хохирол гарсан нь нотлох баримтаар нотлогдсон. /хх-ийн 9, 11 дүгээр хуудас/

 

Хариуцагч Н. О нь С. Намжилсүрэнгийн эзэмшлийн 09-09 УБВ улсын дугаартай Ниссан экстерра маркийн тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрлөөр жолоодож явсанд маргаагүй. Хариуцагч нь осолд гэм буруугүй гэдгээ нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1 779 500 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00478 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.О-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 422 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                     Ш.ОЮУНХАД