Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
Хэргийн индекс | 176/2023/0159/Э/223/2022/0064 |
Дугаар | 2023/ШЦТ/354 |
Огноо | 2023-09-08 |
Зүйл хэсэг | 17.3.2.2., |
Улсын яллагч | Л.Наранхүү |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/354
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
Улсын яллагч Л.Наранхүү,
Хохирогчийн хууль ёсны төлөөөлөгч С.Түвшинжаргал,
Шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Г.Ичинхорол,
Шүүгдэгч Ө.С, түүний өмгөөлөгч М.Чинзориг,
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Г, Ө.С нарт холбогдох эрүүгийн 1934000790455 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Урьд өмнө Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ж.Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Г, Ө.С нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 19-нийг хүртэл 9 удаагийн үйлдлээр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Синчи ойл” ХХК-ийн шатахуун түгээх станцад шинээр ашиглалтад орсон эрхлэгч Г.Сорцэнгэлийг “манай уурхай танай шатахуун түгээх станцтай гэрээтэй, түлш байнга зээлээр аваад сарын сүүлд тооцоо хийдэг” гэж хууран мэхлэж, 27.000 литр түлшийг залилан авч бусдад 53.460.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ө.С нь: “2018 оны 6 дугаар сард Ж.Гтой Заамар явахаар болсон. Ж.Г надад очиход тоног төхөөрөмж бүрэн байгаа гэж хэлсэн. Газар дээрээ очиход ямар ч тоног төхөөрөмж байгаагүй өрөнд хураагдсан байгаа гэж байсан. н.Даваасүрэн гээд хүнээс 60.000.000 төгрөг зээлсэн байгаа тоног төхөөрөмжөө авна гэж байсан. Тэгээд Ж.Г бид хоёр тоног төхөөрөмжийг нь цуглуулсан. Ж.Г намайг анхнаасаа худлаа ярьж Заамарт аваачсан. Анх колонкоос бензин авахад н.Азбилэг гэдэг хүнтэй таарсан. н.Азбилэг нь Ж.Гын нутгийнх нь хүн юм байна лээ. Ж.Г тэгээд хоёулаа н.Азбилэгт бензин заръя гэж байсан. Тэгээд учир байдлаа хэлээд н.Азбилэгт түлшээ зарахаар болсон. Ж.Г 3 тонн түлшээ 8 дугаар сарын 01-ний өдөр өөрийн машинаар н.Азбилэгийн уурхай руу хүргүүлсэн. Орж ирсэн мөнгө бол н.Азбилэгээс орж ирж байгаа мөнгөнүүд юм. Ж.Г надад н.Оюунбилэгийн данс ч гэж хэлээгүй. Ж.Гын өгсөн данс руу өгсөн мөнгийг нь шилжүүлж байсан. Одоо тэр Ө.Сийн зөвшөөрөлтэй газар дээр орсон гэж ярьдаг. Тэр бол эхнээсээ худлаа дандаа тийм мэдүүлэг өгсөн байсан, хэлсэн. н.Даваасүрэн гэж хүнээс өөрөөр нь дамжуулж намайг мөнгө зээлсэн гэж хэлсэн байсан. Мэдүүлэг дээрээ болохоор н.Даваасүрэн гэж хүн намайг огт танихгүй гэж хэлсэн. Би тэр хүнээс нэг ч төгрөг зээлж аваагүй” гэв.
Шүүгдэгч Ж.Г нь: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул ахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Түвшинжаргал нь: “Энэ хугацаанд маш их цаг хугацаа зарцуулсан. Төв аймаг Заамар сум хоёрын хооронд маш их явсан. Ө.Сэрсэндэмэдийн эхнэр дансны хуулга гаргаж өгсөн. Дундуур нь ковид гарсан. Манай байгууллагад 53.000.000 төгрөгийн хохирол учирсан одоо 16.730.000 төгрөг дутуу байгаа. Ө.С манай дээр ирж уулзсан бид 2 хоёулаа юм чинь ихэнх мөнгийг Ж.Г үрсэн гэж ярьдаг байсан. Сүүлдээ хохирлын талыг төлсөн. Ж.Гын хувьд үлдсэн мөнгөө сар болгон 4.000.000 төгрөг төлнө гэж санал болгосон. Энэ саналыг миний зүгээс компанид уламжилсан. Компани энэ саналыг хүлээн зөвшөөрөөгүй. Манайх хохирлоо төлбөл ямар нэг гомдол саналгүй. Гэр орондоо үр хүүхдүүдтэйгээ байгаасай гэж хүсэж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 1934000790455 дугаартай дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Үүнд: Шүүгдэгч Ж.Г, Ө.С нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 19-нийг хүртэл 9 удаагийн үйлдлээр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Синчи ойл” ХХК-ийн шатахуун түгээх станцад шинээр ашиглалтад орсон эрхлэгч Г.Сорцэнгэлийг “манай уурхай танай шатахуун түгээх станцтай гэрээтэй, түлш байнга зээлээр аваад сарын сүүлд тооцоо хийдэг” гэж хууран мэхлэж, 27.000 литр түлшийг залилан авч бусдад 53.460.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Гэрч Г.Сорцэнгэл нь “...Би 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт байх Синчи Ойл шатахуун түгээх станцад эрхлэгчээр орж 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажлаа хуучин эрхлэгч н.Батчимэг гэх хүүхнээс ажлаа хүлээж аваад байж байхад Ж.Г, Ө.С гэх хоёр залуу манай шатахуун түгээх станц дээр ирж надтай уулзаад Ж.Г, Ө.С хоёр хоёулаа надад манай уурхай танайхаас түлш байнга зээлээр авдаг сарын сүүлээр 25-нд тооцоогоо хийдэг юм гэхээр нь би этгээд эхний ээлжинд 3 тонн түлш өгөөд явуулсан. Тэгсэн түүнээс хойш нийт 9 удаа 3 тонноор 27 тонн буюу 53.460.000 төгрөгөөр түлш зээлээр аваад сураггүй болчихсон юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16-17 тал/,
-Гэрч Г.Энхболдын “...Ж.Г гэх хүнийг танихгүй, Ө.С гэх хүн нь манай Синчи ойл шатахуун түгээх станцаас 27 тонн түлш зээлээр аваад мөнгө өгөхгүй алга болчихсон байгаа юм. Өөрөөр бол харилцаа холбоо байхгүй. 2018 оны 08 дугаар сарын 01-с 19-ний хооронд 9 удаагийн зөөврөөр 37 тонн түлш зээлээр авсан байсан. Гэрээ байгуулсан талаар нь мэдэхгүй, манай эрхлэгч Г.Сорцэнгэл гэх хүн зээл өг гээд өгүүлж байсан. Сүүлд нь олдохгүй байхад нь өөрөө өрөөс явж олж байан. Би бол 2018 оны 08 дугаар сарын 07-с 19-ний өдрүүдэд эрхлэгчийн зөвшөөрлөөр 2 удаа зээо өгсөн. Манайхаас түгээгчээр ажиллаж байсан н.Эрдэнэбат, н.Пагамдулам, н.Энхтуяа эгч бид нар түлш өгсөн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17 тал/,
-Гэрч Э.Энхтуяагийн “...Ж.Г, Ө.С нарыг танихгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Харин манай Синчи ойл шатахуун түгээх станцаас 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 19-ний хооронд Ө.С гэх хүн жолоочийнхоо хамт ирж манайхаас 27 тонн түлш зээлээр авсан. Энэ асуудал нь одоо Хан-Уул дүүргийн шүүх дээр шалгагдаж байгаа гэж байсан. “73-40 УБС”, “46-44 ӨВА” улсын дугаартай 3 тонн ордог запрушка буюу түлшний ёмкостой тээврийн хэрэгсэлтэй ирж авдаг байсан. Ө.С өөрөө Т.Ланд 80 маркийн тээврийн хэрэгсэлтэй хамт дагаж ирээд аваад явдаг байсан. Гэрээ байгуулсан эсэхийг би мэдэхгүй эрхлэгч Г.Сорцэнгэл түлш өг гэж зөвшөөрсний үндсэн дээр түгээгч нар зээлээр түлш өгөөд гарын үсэг, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 17 дугаар маягт буюу газрын тосны бүтээгдэхүүний зээлээр олгосон бүртгэл дээр бүртгэж олгдог байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19 тал/,
-Гэрч С.Отгоны “...Би хуурай н.Сандаг гэх залуугаар дамжуулан Ө.С гэх залуутай 2015 оны үеэр танилцаж байсан. Ж.Гтой болохоор нь Ө.Сээр дамжуулж 2018 оны зун танилцаж байсан юм. Өөрөөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. 2015 онд барилгын би гэх компанид Ө.С менежер хийдэг байхад нь би тэр компанид нь машин зараад танилцаж байсан юм. 2018 оны зун бол Ө.С надтай хамтарч ажиллахаар ирээд Ж.Г гэх залууг танилцуулж байсан юм. Тэгээд хамтарч ажиллахаар болоод Ө.С, Ж.Г хоёр надаас 2017 оны 07 дугаар сарын эхэн үед 5 тонн түлш 3.500.000 төгрөг бэлнээр, миний эксковатор, өөрөө буулгагч хоёрыг 2018 оны 07 дугаар сараас 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл түрээслэж өөрөө буулгагчийг сарын 11.000.000 төгрөг, эксковаторыг сарын 22.000.000 төгрөгөөр авсан юм. Тэгээд би 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн мөнгө орж ирэхгүй болохоор нь хоёр техникээ татаад авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,
-Гэрч М.Энхтуяагийн “...Манай Синчи ойл ХХК нь бусдад гэрээ байгуулаагүй тохиолдолд ямар ч албан тушаалтын түлш, шатахуун зээлээр олгодоггүй юм. Гэтэл тус станцийн эрхлэгчээр ажилд орсон Г.Сорцэнгэл нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хуучин эрхлэгч н.Батчимэгээс ажлаа авсан анхны өдөр Ө.С гэх хүнд дизель түлш олгож эхэлсэн байсан. Энэ талаараа бид нарт мэдэгдээгүй. Асуухаар нь Ө.С нь урьд өмнө танай компаниас шатахуун аваад сар бүрийн 25-ны дотор төлбөрөө төлдөг талаар худал хэлж түлш залилан мэхэлж авсан байсан. Урьд өмнө бол манайх зээлээр Ө.С, Ж.Г гэх хүмүүст зээлээр түлш огт өгч байгаагүй. Хамгийн анхны 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 7340 УБС улсын дугаартай авто цистерээр Ө.С түгээгч н.Пагамдуламаас 3000 литр буюу 5.940.000 төгрөгийн түлш өгч явуулсан. Маргааш нь буюу 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 7340 УБС улсын дугаартай авто цистерээр Ж.Гын хадам ах н.Баттулга гэх нөхөр ирж түгээгч н.Эрдэнэбатаас 3000 литр 5.940.000 төгрөгийг түлшийг авсан. 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 7340 УБС улсын дугаартай авто цистерээр н.Баттулга нь түгээгч М.Энхтуяагаас 3000 литр буюу 5.940.000 төгрөгийг түлшийг авч явсан. 2018 оны 08 дугаар сарын 6-ны өдөр 4644 улсын дугаартай авто цистерээр 3000 литр түлшийг Ө.С нь түгээгч н.Эрдэнэбатаас авя явсан. 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 4644 улсын дугаартай авто цистерээр 3000 литр түлшийг түгээгч н.Энхболдоос Ө.С авч явсан. 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 7340 УБС улсын дугаартай авто цистщрээр Ө.С нь 3000 литр түлшийг түгээгч н.Эрдэнэбатаас авч явсан. 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 7340 УБС улсын дугаартай авто цистерээр Ө.С нь 5000 литр түлгийг түгээгч М.Энхтуяагаас авч явсан. Энэ өдрөө 7340 УБС улсын дугаарта авто цистерээр Ө.С нь 1000 литр түлгийг буюу 1.980.000 төгрөгийн түлгийг авч явсан. 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 4644 улсын дугаартай авто цистерээр 3000 литр түлшийг түгээгч н.Энхболдоос н.Баттулга авч явсан. Ингээд нийт 27000 литр буюу 53.460.000 төгрөгийн хохирол учруулаад байна. Энэ үйлдлүүд нь манайхаас түлш хүлээн авсан хүлээлгэн өгсөн гарын үсгээр тогтоогдож байна. Эрхлэгч Г.Сорцэнгэлийг залилаан мэхэлж түгээгч нарт Г.Сорцэнгэлээр хэлүүлж аваад явсан байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-22 тал/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 40-51 тал/,
-Гэрч Б.Эрдэнэбатын “...7340 УБС, 4644 ӨВА улсын дугаартай 3 тонн ордог запрушка буюу түлшний ёмкостой тээврийн хэрэгсэлтэй ирж авдаг байсан. Ө.С өөрөө Т.Ланд 80 маркийн тээврийн хэрэгсэлтэй хамт дагаж ирээд аваад явдаг байсан. Тэгээд зээлээр түлш өгсөн маягт дээр гарынхаа үсгийг зураад явдаг байсан. Эрхлэгчтэй утсаар яриад л зээлээр түлш авах зөвшөөрөл аваад зээлийн мягт дээр гарынхаа үсгийг зураад л явдаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63 тал/,
-Гэрч Д.Бадамийн “...Би Ж.Г гэх залууг нь танина. Харин Ө.С гэх залууг нь огт танихгүй. Ж.Г бид хоёр одоогоос 2-3 жилийн өмнөөс эхлэн хамтарч бичил уурхай ашиглаж байсан юм. Хамгийн сүүлд нь Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Булга жалга гэх газарт 2018 оны 07 дугаар сарын үед хамтарч ажиллах гэж гараад 1 сар гаруй ажиллаж байгаад юм гараагүй учир буусан. Манай талаас бол надаас өөр хүн байхгүй. Би өөрөө газар дээрээ Ж.Гыг оруулсан ашиг гарвал хувь авах байсан. Ашиг гараагүй учир хувь авч чадаагүй. Ж.Гын дагуулж ирсэн хүмүүсийг би сайн танихгүй учир нэр усаар нь хэлж мэдэхгүй байна. Ажилчид нь 5-6 хүн байсан. Мөн Ж.Гтой нэг залуу байнга хамт яваад байсан. Бодвол Ө.С байж таарна. Их сонин нэртэй залуу байсан. Техник хэрэгслийн хувьд эксковатор, ковш, зөөврийн тэрэг зэрэг техникүүд харагдаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64 тал/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхтуяагийн “...Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт байх манай Синчи-Ойл шатахуун түгээх станцын 22 дугаар салбараас 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 18 хоногийн хугацаанд 9 удаагийн үйлдлээр Ж.Г нь салбарын шинэ эрхлэгчээр ажилд орсон Г.Сорцэнгэл гэх хүнд манай Синчи-Ойл ХХК-тай гэрээтэй өмнө нь түлш авч байсан гэж худал ярьж залилан 53. 460.000 төгрөгийн түлшийг авсан байсан. Түлшээ авахдаа Ж.Г нь хамтран бичил уурхайг хамт ажиллуулж байсан гэх Ө.С өөрийн хадам ах н.Баттулга нарыг явуулж шатахуун авч байсныг тухайн түлш авсан өдрүүдэд түгээгчээр ажиллаж байсан түгээгч нар гарын үсэг зуруулж түлш авсан тээврийн хэрэгслийн улсын дугаар марк зэргийг бичиж тэмдэглэж авч үлдсэн байсан. Тухайн үед Г.Сорцэнгэл гэх эмэгтэй эрхлэгчээр дөнгөж ороод удаагүй абйсан юм. Манайхаа авсан түлшээ бичил уурхайдаа ашиглаагүй Ж.Г Ө.Сийн эхнэр н.Шинэгэрэл гэх эмэгтэйн хаан банкны 5090537281 тоот дансаар авч хувьдаа ашиглаж байсныг дансны хуулганаас харсан. Энэ талаар 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай компанийн шалгалтын комисс буюу компанийн хуулийн зөвлөх С.Түвшинжаргал, борлуулалтын албаны дарга Н.Энтөгс, хөдөлмөр хамгааллын инженер Э.Баярмаа, тооцооны нягтлан бодогч С.Мөнхцэцэг нар очиж шалгалт хийгээд илрүүлсэн юм. Тэгээд энэ асуудлаас болж Г.Сэрцэнгэлийг асуудлаа шийд гээд явуулсан чинь Г.Сорцэнгэл Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаад тухайн гаргасан өргөдлийг нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай хаасан байсан. Хаасан асуудал нь компанийг төлөөлж хувь хүн гомдол гаргасан гэх шалтгаанаар хаагдсан байсан учир манай компанийн зүгээс дахин өргөдөл гаргасан. 27 тонн түлш буюу 53.460.000 төгрөгийг Ж.Г, Ө.С нараас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-90 тал/,
-Гэрч Б.Гүрдоржийн “...Би Шинжлэх ухаан технологийн их сургуулийн салбар Механик тээврийн сургуульд сурж байхдаа зунхаа амралтаар ажил хайхад Ө.С ах надад Төв аймгийн Заамар сумын нутагт алтны уурхай дээр ажиллана чи тэнд очиж усан буун дээр ажиллах чадах уу, чамд сарын 1.000.000 төгрөг өгнө гэхээр нь хувцасныхаа мөнгийг хийе гэж бодоод чадна гэж хэлээд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Заамар сум руу явах Ж.Гын таньдаг хамт ажиллах н.Баттулга, н.Азбаяр гэх хоёр хүний хамт тэдний машинтай нь бид нарын хамт Ө.С, Ж.Г, н.Ганхуяг нар Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэлтэй хамт явж Ж.Гын уурхайн кемп дээр ирсэн. Бид ирэх замдаа хоолонд ороход Ж.Г ах очиход бүх юм бэлэн гэсэн чинь яг очсон чинь юу ч байхгүй хоосон газар байсан. Ж.Г техник тоног төхөөрөмжүүд барьцаанд байгаа одо хэдүүлээ цуглуулна гэж ярьсан. Би Ж.Г уурхайн кемп гэх айлын хашаан дахь төмөр чингэлэгт тэд нарын хамт ямар ч ажил хийхгүй 4 хоног хэвтсэн. Энэ үед Ж.Г, Ө.С хамт ажиллах гэж ирсэн хүмүүс бүгдээрээ л юу ч хийхгүй хөзөр тоглоод л байгаад байсан. Өдрийн цагаар Ж.Г, Ө.С ах нар Заамар сумын Хайлааст багийн төв рүү явж ирээд байсан. Тэгэж байгаад манайд ажил явдал гарч би Улаанбаатар хотод ирээд ажил явдлаа гаргаж дуусгаад наадам өнгөрөөгөөд Заамар сумын Хайлааст баг руу явах таксинд сууж Сов дээр ирэхэд Ө.С ах тосож аваад Ж.Г шороо угаах газар буюу Булган аймгийн нутагт нилээн хонхор газарт ирэхэд н.Баттулга ах нь архи уугаад наадам тэнээд алга болчихсон н.Азбаяр дээр нэмэгдэж 3 залуу ирчихсэн шороо угаах газар алт угаах функер суурилуулж дуусч байсан. Түрээсийн техник гээд 1 эксковатор 1 сонсмол авч ирсэн байсан. Шороо угаагаагүй 7 хоног шахуу алт угаах функерээ янзалж дуусгаад шөнийн цагаар 2 машин шороо буудаж үзээд юм гарахгүй байна гээд ярилцаад байсан. Тэгсэн Ж.Г ахыг таньдаг гээд нэг хүүхэн ирээд газар зааж өгөөд шороо ачуулсан чинь алтны уурхайн газраас шороо авсан гээд бөөн хэрүүл болсон. Авсан шороогоо буцаагаад асгасан. Тэгээд анх функер угсарсан газрынхаа урдхан талаас дахиж нэг Хово нэмж түрээслээд хөрс хуулаад доошоо 3-4 метр ухсан чинь доороос нь ус гараад дээрээс нь шороо нураад эксковаторыг нь дарчих гээд байсан. Гэхдээ тэндээс 1 шөнө бүтэн шороо зөөж буудсан чинь олигтой юм гарахүй байна гээд тэгтэл шалгалт явж байна гээд сандраад түрээсийнхээ техник хэрэгслийг уул руу гаргасан. Функер дээр хүн битгий очоорой гээд бид нар шинээр ухсан газрынхаа хойд талд 2 тооны монгол гэр бариад байж байсан. Тэгсэн шалгалт асуусан чинь бид нар бүгдээрээ хэний уурхай гэдгийг нь мэдэхгүй, ажиллахгүй байгаа гэж хэлээд явуулсан юм. Шалгалт ирээд явсны дараа 2 гэр барьсан газрын гадаа байсан 3 тонн ордог ёмкост түлш авч ирж хийгээд намайг харж бай гэж Ө.С ах хэлсэн. Тэгээд техникүүдээс нь хэн нь хичнээн литр түлш авч байгааг тэмдэглэж бай гэж хэлсэн. Үүнээс хойш шороо угаахгүй хэсэг байж байгаад дахиж нэг шөнө шинэ ухсан газраасаа бүтэн шөнө шороо зөөж буудаад тэгээд юм гараагүй. Түүнээс хойш хавтгай архидсан. Түрээсийн эксковаторын эхнэр нь Баянхонгор аймгаас ирэхдээ айраг авч ирж өгсөн. Би тэрнээс нь уугаад гэдэс өвдөөд босож чадахгүй 3 хоног хэвтсэн. Тэгээд л Ө.Сэрсэндэмтид ахад за больё гэж хэлээд Улаанбаатар хот руу таксигаар явсан. Би түлш авсан техникийн тэмдэглэл хөтлөөд тэгээд хаячихсан юм. Намайг байх хугацаандаа 3 тонн ордог ёмкост 1 удаа түлш авч ирж хийсэн. Түүнээс хойш түл авч ирээгүй, харин хөрс хуулахад хаанаас түлш авч хэрэглэснийг нь мэдэхгүй. Шалгалт ирээд явсны дараа л 3 тонн түлш ирсэн. Хаанаас авч ирснийг нь би мэдэгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-94 тал/,
-Гэрч Б.Шинэгэрэлийн “...Би очиж үзээгүй, би бодохдоо уурхай нь ажиллаж байна гэж ойлгосон. Яагаад гэвэл миний өөрийн хаан банкны 5090537281 тоот данс руу 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс хойг орлого орж ирдэг байсан. Миний данс руу орж ирсэн мөнгийг Ө.С утсаар хэлээд одоо чиний данс руу мөнгө орно, тэрийг тэр данс руу хийгээрэй гээд хэлдэг, би тэр орж ирсэн мөнгийг нь хэлсэн данс руу нь шилжүүлээд явуулдаг байсан. Өөр дээрээ бол тэр мөнгөнөөс нь мөнгө авдаггүй байсан. Ихэнх мөнгийг нь Д.Оюунжаргал гэх хүний 5076376004 гэсэн данс руу шилжүүлж байсан. Бусад шилжүүлж байсан дансийг нь яг хэний данс гэдгийг нь мэдэхгүй байна. Миний хаан банкны дасны хуулган дээр тодорхой байгаа байх...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-97 тал/,
-Гэрч Т.Азжаргалын “...Надад Ж.Г Ө.С түлшээ гаргана. Би тенхик хэрэгсэл, шороо угаах газраа олно гарсан ашгаа хамт хувааж авна гэж тохиролцож гарсан. Тэгээд ашиг олоогүй ирсэн. Би бол уурхай дээр очиж үзээгүй. Ж.Гыг дагаад манай ээжийн дүү н.Баттулга ах, манай төрсөн дүүгийн эхнэр н.Долгор нар явсан. Мөн Ж.Г өөрийн таних ганц нэг залуучуудыг авч явсан байх. Уурхайд гарна гээд Ж.Г өөрийн таних н.Даваасүрэн гэх хүнээс 50.000.000 төгрөг, үүний өмнө бас шороо угаах газрын хүнд өгнө гээд 10.000.000 төгрөг нийт 60.000.000 төгрөг хүүтэй зээлсэн. Энэ мөнгийг ч гэсэн Ө.С хувааж төлнө гэж ярьж байгаад зээл авсан. Эхний 10.000.000 төгрөгийг Ө.Сэд 11.000.000 төгрөг болгож төлсөн. Одоо Ж.Г бид хоёр н.Даваасүрэн гэх хүнээс зээлсэн 50.000.000 төгрөгийг төлж дуусгаагүй хүүнд нь бариулаад баларч байна. Энэ зун Ж.Г Сэлэнгэ аймаг руу явж газар шорооны ажил хийсэн боловч ямар ч ашиг орлого олоогүй ирсэн. Ө.С гэх залуугаас болж Ж.Г бид хоёр өрөнд ороод байна. Мөн Заамар сумын нутагт ажиллах гэж авч явсан техникийн түрээс, хүмүүсийн цалин гээд бөөн мөнгө гарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98-100 тал/,
-Гэрч Д.Баттулгын “...Ж.Г техник хэрэгслээ, Ө.С түлшээ гаргана гэж хийлсэн гэж Ж.Г надад хэлсэн. Түлшээ Синчи-Ойл гээд шатхуун түгээх станцаас Ө.С түлшээ очиж авдаг байсан. Нийт хичнээн тонн түлг авсан эсэхийг нь мэдэхгүй байна. Түлш авахад нь би түлшний тэрэг барьдаг байсан учир хамт явж авдаг байсан юм.Ө.С бид хоёр л байнга явж Синчи-Ойл шатахуун түгээх станц дээрээс түлшээ авдаг байсан. Түгээгч эрхлэгч нартай нь Ө.С л харьцдаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-103 тал/,
-Гэрч Б.Долгорын “...2018 оны 06 дугаар сард Ж.Г намайг Төв аймгийн Заамар сумын нутагт уурхайд алтны угаагчаар ажилд авч явсан. Би 2018 оны 07 дугаар сар гарангуут буцаад ирсэн. Шороо угаагаагүй. Цалин мөнгө аваагүй. Бид нар 2 удаа шороо буудсан юм гараагүй. Гэрээс гардаггүй л байж байгаад хүрээд ирсэн. Ажил нь жигдэрч өгөөгүй юм гараагүй учир буцсан. Хаанаас хэнээс түлш авдаг байсныг мэдэхгүй шүү. Ямар ч байсан хөрс хуулаад л байсан. Би ер нь нарийн ширийн зүйлийг нь мэдэхгүй шүү Ж.Г, Ө.С нар надтай юм яриад байдаггүй юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104-105 тал/,
-Гэрч Г.Сорцэнгэлийн “...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр буюу би анх Синчи-Ойл ШТС-д ажилд орсон өдөр санагдаж байна. Би ШТС-ийн өрөөнд сууж байхад өөрийгөө намайг Ө.С гэдэг би өмнө нь танайхаас түлш авдаг байсан одоо 3 тонн түлш авах гэсэн юм гэж хэлсэн. Тэр үед би тэр залууг өөрийгөө Ө.С гэж хэлсэн залуу танихгүй болохоор энэ хүн манайхаас түлш авч байсан юм уу гэхэд хамт гарч байсан түүгээгч тийм ээ авч байсан гэж хэлсэн. Тэр үед Ө.С надтай ШТС-ийн цонхоор уулзаад л явсан. Харин ногоон хар өнгийн Ланд-80 машин мөн 3 тонны түлшний запрушик машин хамт зогсож байсан. Би тэр үед ганцхан Ө.Стэй цонхоор уулзаад л түгээгчээсээ асуугаад өгөөд явуулсан. Өөр хүн надтай уулзаагүй харин цаана нь тэр машин дотор хэн явсан болон Ж.Г нь хамт ирсэн эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-122 тал/,
-Гэрч Н.Энхтөгсийн “...Миний Синчи-Ойл ХХК-ийн захирлын тушаалын дагуу хуульч С.Түвшинжаргал, нягтлан н.Мөнхцэцэг, ХАБЭА ажилтан Э.Баярмаа нарын хамт явсан. Би компанийнхаа борлуулалтын салбарыг хариуцдаг гэдэг утгаараа ажлын хэсэгт орж явсан. Тухайн шалгалтаар илэрсэн зөрчил гэвэл одоо миний санаж байгаагаар ШТС-22 салбарт 27.000.000 литр түлшийг компанийн зөвшөөрөлгүйгээр гаргасан зөрчил илэрсэн. Нарийн тооцооны асуудлыг тэр үед ажлын хэсэгт орж явсан н.Мөнхцэцэг мэдэж байгаа болно...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 123-124 тал/,
-Гэрч Э.Баярмаагийн “...Би сар, өдрийг нь тодорхой санахгүй байна. 2018 оны намар санагдаж байна. Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг ШТС-22 дээр шатахуун дутсан гэдэг асуудал гараад захирлын тушаалаар шалгалтын ажлын хэсэгт орж явсан. Шалгалтын ажлын хэсгийг компанийн хууль С.Түвшинжаргал ахалж явсан бөгөөд бид нар шалгалтаар ажиллах явцад миний үндсэн ажил нь бол ШТС-ийн шатахуун савны хэмжилтийн тооцоолол гаргах байсан бөгөөд би тухайн ажлаа л хийсэн. Харин бусад санхүүтэй холбоотой асуудлыг бол би мэдэхгүй болно...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 125-126 тал/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Түвшинжаргалын гэрчээр өгсөн “...Миний бие Синчи-Ойл ХХК-ийн хуулийн зөвлөхөөр 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А52/018 дугаартай гүйцэтгэх захирал Э.Баярмаагийн тушаалын дагуу Төв аймгийн Заамар сум дахь ШТС-22 клонкийн газрын тосны дутагдал шалтгааныг илрүүлэх, эзэнжүүлэх комиссыг ахалж ажилласан. Төв аймгийн Заамар суманд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон зах зээл борлуулатын албаны дарга Н.Энхтөгс, ерөнхий нягтлан бодогч С.Мөнхцэцэг, ХАБЭА-ын ажилтан Э.Баярмаа нарын хамт захирлын тушаалын дагуу 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт үйл ажиллагаа явуулдаг ШТС-22 дээр шалгалтаар ажилласан. Тухайн ШТС-ын зээлийн бүртгэлийг авч үзэхэд 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 9 удаагийн үйлдлээр 27.000 литр буюу 5346000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг Seven Gold ХХК-д 99034385 дугаарын утсыг тэмдэглэж өгсөн байсан. 9 удаагинй үйлдлээ шатахуун авсны 6 удаагийнх нь Ө.С, 3 удаагийнх нь н.Баттулга гэх хүний гарын үсгээр гарсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 127-128 тал/,
-Гэрч Г.Оюунжаргалын “...Миний эзэмшлийн 5076376004 тоот дансыг миний нэр дээр манай аав Ж.Г одоог хүртэл ашиглаж байгаа. Би шилжүүлгийн талаар мэдэхгүй. Би энэ мөнгө шилжүүлсэн гэх цаг хугацаанд хятад улсад сурч байсан. Монголд ирээд бол хадгаламжийнхаа 5076404169 тоот дансыг ашиглаж байна. 5076376004 дансны мэдээлэл бол аав ээж нарт л байдаг юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 147-148 тал/,
-Гэрч Ж.Баттулгын “...2018 оны намар л Ж.Г Ө.С хоёр над дээр ирээд бэлэн мөнгөөр нь түлш авчихаад мөнгөний чухал хэрэг болоод байна аа гээд Ж.Г, Ө.С хоёр хоёулаа гуйхаар нь би хайшдаа л түлш хэрэглэдэг юм чинь гээд нэг удаа бол тэгж тусалья гэж шийдээд 3 тонн түлш авсан санагдаж байна. Түлшээ хаанаас авах вэ гэхэд Сов дээр байдаг Синчи-Ойл шатахуун түгээх станцаас авна аа гээд түлшний нярав н.Батсайханыг түлшний машинтай дагуулаад явсан. Мөнгийг нь энэ данс руу хийгээрэй гээд данс өгсөн. Тэр данс руу манай компанийн нягтлан Б.Энхтуяагийн 5021210815 тоот данснаас Ө.Сийн данс руу 5.940.000 төгрөгийг тэр өдөр нь шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 227-228 тал/,
-Шүүгдэгч Ж.Гын яллагдагчаар өгсөн “...Би урьд, урьдны мэдүүлэг дээрээ ч гэсэн ярьж байсан. Би анхнаасаа Ө.Стэй хамтарч ажилласан бөгөөд ажиллах явцдаа би болохоор ттоног төхөөрөмжөө гаргасан бас техник хэрэгсэл, хүн хүчнийхээ зардлыг хувааж төлөөд Ө.С болохоор түлшээ хариуцахаар болсон. Тэгээд би өөрөө тоног төхөөрөмж дээрээс нь ажилчид зөөх олон суудалтай старекс машин, хэрэглээнд унах ланд-80 маркийн машин зэргийг гаргаад би хүнээс мөнгө зээлж 50.000.000 төгрөг гаргасан. Харин Ө.С болохоор түлш гаргана гэж хэлээд бид 2 хамтарч ажиллаад тухайн үедээ ашиг олоогүй шатсан болно. Тэгээд одоо сүүлд нь аль, аль хүн нь бизнесийнхээ эрсдлийг даах ёстой байтал Ө.С нь өөрөө зээлж авсан түлшний мөнгөнийхөө асуудлыг надаар төлүүлэх гээд намайг хэрэгт оролцуулж байгаа би ерөөсөө ойлгохгүй байна. Би энэ хэрэгт хэн нэгнийг хохироосон гэж бодохгүй байгаа болохоор ямар нэгэн хохирол төлж барагдуулаагүй болно. Би өмнө Ө.Сийг зодож хөнгөн хохирол учруулсан гэх шалтгаанаар 1 удаа шүүхээр орж байсан. Тухайн үед Ө.С бид хоёр хоёулаа согтуу маргалдаад зодолдож байсан. Би нэлээн олон жилийн өмнө эксковаторын түрээс өгөөгүй гэх үндэслэлээр иргэний хэргийн шүүхээр орж нөгөө техникээ түрээсэлсэн хүнд 18 сая төгрөгийн төлбөр төлөх ёстой гэж дансаа шүүхийн шийдвэрээр хаалгасан болно. Тэгээд явсаар байгаад тухайн мөнгөө 2020 онд төлж дуусгаад шүүхийн шийдвэрт ямар нэгэн өр төлбөргүй болсон юм. Би хэд хоногоос шүүхийн шийдвэрт өр төлбөргүй гэсэн бичгээ авч өг хэрэгт хавсаргуулна. Би энэ хэрэгт өөрийн ойр дотны хэн нэгэн хүнээр өөрийнхөө хувийн зан байдлын талаар мэдүүлэг өгүүлмээргүй байна. Учир нь би ойр дотныхоо хэн нэгэн хүмүүст өөрийнхөө гэмт хэрэгт холбогдож явна гэдгээ мэдүүлмээргүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 249-250 тал/,
-Шүүгдэгч Ө.Сийн яллагдагчаар өгсөн “...Би Ж.Гоор дамжуулж н.Даваасүрэн гэх хүнээс 10 сая төгрөг аваагүй. Би н.Даваасүрэн гэх хүнийг огт танихгүй. Би Синчи-Ойл ХХК-с 6 удаа гарын үсэг зурж түлш авахад байлцсан. Гэхдээ тухайн түлшийг Ж.Гын хадам ах н.Баттулга гэх запрушиктай ачиж аваад явдаг байсан. Тухайн хүн хаана аваачиж буулгасныг нь би мэдэхгүй. Би Төв аймгийн Заамар сумын Өл гэх газарт байх н.Бооёо гэдэг хүнийг бол танина. Гэхдээ би тухайн хүнд өөрөө бол ямар нэгэн түлш өгч байгаагүй болно. Би Ж.Гын доор ажилтнаар ажиллаж байх хугацаандаа түлшээ өөрийн хадам ах гэх хүнээс түлш авах талаар хэлж байгаагүй. Надад түлш өгчихөөр, түл зардаг хадам ах байхгүй болно. Би 2016 онд хувь хүнээс тоног төхөөрөмж зээлээв аваад тухайн мөнгөнийхөө эргэн төлөлтийг төлж чадаагүй байсан болохоор нөгөө талаас намайг шүүхэд өгөөд улмаар шүүхийн шийдвэрийн дагуу дээрх дансаа битүүмжлүүлсэн. Гэхдээ одоо дээрх битүүмжлэлтэй холбоотой өр төлбөрийн асуудал байхгүй болно. Би өнгөрсөн цаг хугацаанд Улаанбаатар хотод байсан. Гэхдээ би бас Хэнтий болон Өмнөговь аймгуудаар ажилтай явж байгаад саяхан ирсэн болно. Би одоо цаашид 88882962 гэсэн утсан дээр байх болно. Цаашид цагдаа, шүүх, прокурорын байгууллагаас дуудсан цагт бэлэн хүрэлцэн ирэх болно...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 20-21 тал/,
-Гэрч Д.Азбилэгийн “...Би 2018 оны 07, 08 дугаар сард Төв аймгийн Заамар сумын Өлийн даваа гэх газар уурхайд ажиллаж байсан. Тэгээд манай уурхай түлш зөөх запрушик машин байхгүй байсан болохоор портер дээр 2 тонн ордог усны саванд түлшээ авч клонкоос бэлэн мөнгөөр авдагч байсан. Тэгтэл тухайн үед Ж.Г надтай таараад уулзсан. Учир нь би Синчи-Ойл клонкоос усны савандаа түлш шахуулах гээд зогсож байхад Ж.Г над дээр хүрч ирээд нутгийн улсууд зүс таньдаг болохоор танайх бэлэн мөнгөөр түлш авдаг юм уу, манайх Синчи-Ойл ХХК-тай гэрээтэй бид нар машинаар хүргээ өгье гэхээр нь би өө тэгье гэж хэлээд авсан. Бас клонкийн үнээс бага зэрэг татуу өгч байсан. Хамгийн гол нь надад клонкийн түлшийг өөрийнхөө машинаар хүргэж өгье гэж хэлэхээр нь өө за гээд авсан. Гэхдээ 1 удаа л авсан. Дахин авалгүй манай уурхай буугаад өөр тийшээ нүүсэн. Тэр үед би Ж.Гтой ганц 2 удаа таарахад тэр Ө.С гэдэг залуутай хамт хар ногоон өнгийн ланд-80 машинтай явж байсан. Би мөнгөө дансаар нь өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 30-31 тал/,
-Гэрч Б.Батчимэгийн “...Би Ө.С болон Ж.Г гэдэг хүмүүсийг танихгүй. Гэхдээ миний ажиллаж байсан Синчи-Ойл клонкоор ямар нэгэн байдлаар бол үйлчлүүлж байсан эсэхийг би мэдэхгүй байна. 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Г.Сорцэнгэл эрхлэгч надаас дээрх хүмүүсийн талаар асууж байгаагүй. Хэрэв надаас Г.Содгэрэл эрхлэгч асуусан байлаа гэж бодоход би дээрх 2 хүнийг танихгүй юм чинь мэдэхгүй л гэж хариулсан байх. Гэхдээ бид нар тухайн үедээ компанитай гэрээтэй хэдхэн тооны хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага, уурхайд л зээлээр түлш олгодог байсан. Тэр хүмүүс нь байнга авдаг байсан болохоор харваас тодорхой, бүгд тэр хүмүүсээ таньдаг байсан. Одоо ч гэсэн би дээрх хүмүүсээ бол санаж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 33 тал/,
-Гэрч Г.Сорцэнгэлийн “...Тухайн өдөр Ө.С гэж хүн Синчи ойл ШТС-ийн байрны цонхон дээр ирж надтай уулзсан ба тэгэхэд Ө.С Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан бөгөөд би Синчи-Ойл ШТС-ийн байрнаас гараагүй цонхоор Ө.С гэж хүнтэй уулзсан болохоор машиндаа хүнтэй явсан уу, ганцаараа явсан гэдгийг нь хараагүй мэдэхгүй байна. Дахин би уг Ө.С гэж хүнтэй уулзаагүй ба дандаа орой харанхуй болсон үеэр ирээд түлш аваад явдаг байсан байна лээ. Би түгээг н.Пагамдуламаас дээрх Ө.С гэх хүнийг зээлээр түлш авдаг байсан юм уу гэхэд түгээг н.Пагамдулам тийм ээ түлш ирж авдаг байсан гэж байсан тэрнээс би тэр Ө.С гэж хүнийг танихгүй учраас түл зээлээр авдаг байсан үгүйг мэдэхгүй юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 35 тал/,
-Гэрч Ш.Пагамдуламын “...Би Ө.С болон Ж.Г гэдэг хүмүүсийг танихгүй. Гэхдээ миний ажиллаж байсан Синчи-Ойл клонкоор ямар нэгэн байдлаар бол үйлчлүүлж байсан эсэхийг мэдэхгүй байна. 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Г.Сорцэнгэл эрхлэгч надаас дээрх хүмүүсийн талаар асууж байсан талаар санахгүй байна. Хэрвээ надаас Г.Сорцэнгэл эрхлэгч асуусан байлаа гэж бодоход би дээрх 2 хүнийг танихгүй юм чинь мэдэхгүй л гэж хариулсан байх. Гэхдээ бид нар тухайн үедаа компанитай гэрээтэй хэдхэн тооны хувь хүн, аж ахуй нэгж байгууллага уурхайд л зээлээр түлш олгодог байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 39 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Дээрх тогтоогдсон үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч Ж.Г, Ө.С нарыг бүлэглэж, бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ө.С, Ж.Г нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг тусган хуульчилж,
Мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг,
Мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “... их хэмжээний хохирол учруулж үйлдсэн... ” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус тодорхойлсон байна.
Их хэмжээний хохирол учруулах гэдгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээ”-г ойлгоно гэж заажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.
Шүүгдэгч Ө.С, Ж.Г нарын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн үндсэн шинж болох хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг, шүүгдэгч нь тухайн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг буцаан өгөхгүй, үнийг төлөхгүй байх санаа зорилготойгоор өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авдаг шинжийг хангаж байна.
Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцно.
Харин залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.
Шүүгдэгч Ө.С, Ж.Г нар нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулжээ.
Хэдийгээр шүүгдэгч Ө.С, Ж.Г нарын үйлдэл нь хуулийн этгээдээс зээлээр авч байгаа иргэний эрх зүйн шинжтэй харилцаа мэт боловч гэрээний харилцаа үүсээгүй, хохирогчийн төлбөрийг буцаан төлөх боломжгүй болмогц бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийг хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч залилах нь гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог
Шүүгдэгч Ө.С, Ж.Г нар нь хохирогч “Синчи-Ойл” ХХК-аас нийт 27.000 литр дизель түлш зээлээр авч залилсан байдал, мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх гэмт санаа зорилгоо нэгтгэсэн байдал, өмнө нь зээлээр авдаг байсан гэж хохирогчид ойлгуулсан, ойлгогдох нөхцөлийг бүрдүүлсэн зэрэг нөхцөл байдлуудад дүгнэлт хийхэд залилах гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч нар нь санаатай нэгдэж бүлэглэсэн гүйцэтгэсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.С, Ж.Г нарыг уурхайн үйл ажиллагаа явуулдаг байсан гэх үйл баримтыг үгүйсгэгхгүй боловч энэ гэмт хэргийн улмаас хохирогчоор тогтоогдсон 1 хуулийн этгээдийн хувьд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны үргэлжлэл, төлбөрөө буцаан төлөөгүй байж дахин авсаар байсан зэрэг хохирогч хуулийн этгээд байгууллагыг давтан хохироосон хуурч залилсан нөхцөл байдлууд хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт вагдсан болон бусад бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын мэтгэлцээний дүнд хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Г, Ө.С нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 19-нийг хүртэл 9 удаагийн үйлдлээр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Синчи ойл” ХХК-ийн шатахуун түгээх станцад шинээр ашиглалтад орсон эрхлэгч Г.Сорцэнгэлийг “манай уурхай танай шатахуун түгээх станцтай гэрээтэй, түлш байнга зээлээр аваад сарын сүүлд тооцоо хийдэг” гэж хууран мэхлэж, 27.000 литр түлшийг залилан авч бусдад 53.460.000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Г, Ө.С нар нь хохирогч “Синчи-Ойл” ХХК-ийн 27.000 литр дизель түлшийг авч, хууль бусаар эзэмшилдээ оруулж, өөртөө захиран зарцуулах боломжийг бий болгосноор залилах гэмт хэрэг нь төгссөн гэж үзнэ.
Шүүгдэгч Ө.С, Ж.Г нар нь шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ маргаагүй, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж оролцсон болохыг дурдах нь зүйтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Ж.Г, Ө.С нарыг бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож их хэмжээний хохирол учруулж, залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Ө.С, Ж.Г нарыг гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Л.Наранхүүгээс: “Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийн харгалзан шүүгдэгч Ж.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулах хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна. Шүүгдэгч Ө.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргаж байна” гэх ялын дүгнэлтийг,
Шүүгдэгч Ж.Гын өмгөөлөгч Г.Ичинхоролоос: “Миний үйлчлүүлэгчийн тухайд гэм буруу дээрээ маргаагүй оролцсон. Өөр ноогдох 26.730.000 төгрөгийн хохирлоос 10.000.000 төгрөг төлсөн. Үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Ж.Гын хувьд эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь худалдааны байгууллагад ажилладаг. Ж.Г Цагаанхадад ажилладаг тиймээс торгуулийн ялыг төлөх боломжтой. Эрүүгийн ерөнхий ангийн 5.1 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан байдаг. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч огт маргахгүй байгаа, мөн хохирлын тодорхой хэсгийн төлсөн тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Энэ гэмт хэрэг сонгох санкцтай тул торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ө.Сийн өмгөөлөгч М.Чинзоригоос: “Прокурорын саналыг дэмжиж байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Эдгээр байдлууд нь Ө.Сийн тухайд гэм буруу дээрээ маргаагүй, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, гэм буруу дээрээ маргаагүй зэрэг байдлаас эрүүгийн хариуцлагын зорилго хангагдсан гэж үзэж байна. Мөн эрүүгийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нөхцөл байдлыг буруугаар ойлгосны улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Ө.С дансны хуулга гаргаж өгсөн сарын дундаж орлого 20 гаруй сая төгрөг байгаа тул торгох ял биелэгдэх боломжтой гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Түвшинжаргалаас: “Ж.Г настай ээжтэйгээ байдаг юм байна лээ. Хохирлоо нөхөн төлнө гэж байгаа юм чинь заавал хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзэж байна. Г.Ичинхорол өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Ж.Г, Ө.Сэрсэндмид нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих...” ял оногдуулах сонгомол санкцтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Ж.Г, Ө.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Сэд оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
-шүүгдэгч Ж.Год оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.Г, Ө.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршиг бусад асуудлаар:
Шүүгдэгч Ж.Г, Ө.С нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “Синчи-Ойл” ХХК-д 53.460.000 төгрөгийн хохирол учирсанаас шүүхийн шатанд шүүгдэгч Ө.С нь 26.730.000 төгрөгийг, шүүгдэгч Ж.Г нь 10.000.000 төгрөгийг тус тус төлсөнг тус тус дурьдаж, үлдэх 16.730.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Гоос гаргуулж, хохирогч “Синчи-Ойл” ХХК-д олгож,
Шүүгдэгч Ж.Г нь хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт “ гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” гэж зааснаар шүүгдэгч Ж.Г нь хохирогч “Синчи-Ойл” ХХК-д гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны дотор арилгах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэж,
Эрүүгийн 1934000790455 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.Г, Ө.С нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ө.С нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА