Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/396

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

-Улсын яллагчаар Э.Уянга,

-Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн 2334000000357 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хот, Багахангай дүүрэгт төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ц.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баян сумын Цант 1 дүгээр баг “Жаргалантын гол” гэх газарт 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэн Ш.Зын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ц.Б нь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баян сумын Цант 1 дүгээр баг “Жаргалантын гол” гэх газарт 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэн Ш.Зын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 тал/,

-Хохирогч Ш.Зын мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

-Гэрч З.Ганчимэгийн мэдүүлэг /хх-ийн 18 тал/,

-Гэрч Ц.Нэргүйгийн мэдүүлэг /хх-ийн 20 тал/,

-Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 23-24 тал/,

-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 537 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-27 тал/,

-Шүүгдэгч Ц.Бгийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,

-Шүүгдэгч Ц.Бгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүх хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ц.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Б нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 62 тал/,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянга нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт /хх-ийн 62 тал/-ийг хүлээн авч 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 132 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 64 тал/ 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Ц.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Ц.Бд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол нь үндэслэлтэй, байна.

Шүүгдэгч Ц.Бгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцэж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Ц.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Хохирол хор уршиг, бусад асуудлаар:

            Шүүх хуралдааны товыг хохирогч Ш.Зт мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Бгээс гаргуулах хохирол төлбөргүй,

            Эрүүгийн 2334000000357 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд шүүхээс тогтоосон Улаанбаатар хот, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ц.Бд Улаанбаатар хот, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж , тодорхой газар очих хязгаарлалт тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

6. Шүүгдэгч Ц.Бгийн зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн 2334000000357 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА