Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2026/0024

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Я, М.Э нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

 

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Я.А

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч Ц.Я, М.Э

          Хариуцагч Нийслэлийн Засаг дарга

          Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга

          Гуравдагч этгээд Б.М, П.Х

 

          Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Б.М, П.Х нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ц.Я, М.Э нарын газар эзэмших хүсэлтийг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмшүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0745 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э

          Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч

          Хэргийн индекс: 128/2025/0316/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч Ц.Я, М.Э нараас Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Б.М, П.Х нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ц.Я, М.Э нарын газар эзэмших хүсэлтийг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмшүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах”-аар маргасан байна.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 745 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, (2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөс өмнөх), Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Я, М.Э нараас Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Б.М, П.Х нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ц.Я, М.Э нарын газар эзэмших хүсэлтийг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Я.А нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1 “...Нэхэмжлэгчийн хувьд түүний охин Я.А, М.Э нар анх 2018 оны 07 дугаар сард газар эзэмших хүсэлтийг гаргасан. Түүнийг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба бүртгэн хүлээн авсан талаар нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа тодорхой баримтаар тайлбарладаг. Газар эзэмших хүсэлтийг 2018 оны 07 дугаар сард гаргасныг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны “Ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэр 2”-ийн **-** дугаарт тус бүр 4 өргөдөл хүсэлт бүртгэгдсэн байдаг. Харин гуравдагч этгээдийн газар эзэмших хүсэлт нь 2018 оны “Ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэр 2”-ийн ****-**** дугаарт бүртгэгдсэн талаар шүүхийн шийдвэрт дурдсан атлаа тухайн бүртгэл үнэн зөв болох талаар, тухайн дэвтэр нь 2500 гаруй иргэний өргөдөл хүсэлт бүртгэх боломжтой дэвтэр мөн эсэх, нэхэмжлэгчийн өргөдлийн бүртгэлийн тухайд бүртгэлийн дугаар, өргөдөл гаргагчийн нэр, эзэмших, өмчлөх аль нь болох, регистрийн дугаар, бүртгүүлсэн огноо зэрэг дарааллаар бүртгэсэн байхад гуравдагч этгээдийн бүртгэл нэг дэвтэрт өргөдөл хүсэлтийг өргөдлийн дугааргүй, өөрөөр бүртгэсэн байгаа талаар дүгнэлт хийгээгүй. Дээрх өргөдлөөс хоёр өргөдлийг 2021 онд шийдвэрлэж газар олгосон боловч үлдэх 2 өргөдлийг шийдвэрлээгүй, энэ талаар удаа дараа газрын албанд хандсан боловч нэг хүнд хоёр газар эзэмшүүлэхгүй гэх хуульд заагаагүй үндэслэлээр эзэмшүүлэх шийдвэрийг гаргахгүй эс үйлдэл, хууль бус шаардлага тавьсан тул арга буюу шийдвэр гаргахгүй байсан хоёр газрын өргөдлийнхөө нэр төрсөн эцэг, эх болгон өөрчлөх замаар шийдвэрлүүлэхээр өөрчлөн бүртгүүлсэн. Энэхүү үйл баримтыг хариуцагч үгүйсгэдэггүй бөгөөд гэрч н.Б мэдүүлэгтээ дурдсан. Гэтэл анхан шатны шүүх Я.А, М.Э нар гомдол, нэхэмжлэл гаргаагүй гэж маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны зөрчсөн.

          3.2 Нэхэмжлэгч нар нь захиргааны байгууллагын өмнөөс өөрчилж бүртгэх боломжгүй, түүнчлэн өргөдөл гаргасан цаг хугацааг нөхөн тооцуулах талаар ямар нэгэн шаардлага хүсэлт гаргаагүй бөгөөд анх 2018 онд газар эзэмшихээр гаргасан хүсэлт шийдвэрлэгдээгүй үйл явдал үргэлжилсээр байхад нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбоотой анхдагч хүсэл зоригийн талаар үнэлэлт өгөлгүй орхигдуулж, зөвхөн нэр сольж бүртгүүлсэн гэдгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу 32.2-д заасан баримт бичгийг бүрэн хавсарган өгсөн, Газрын алба дээрх хүсэлтийг хүлээн авч бүртгэсэн, бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэсэн хуулийн дагуу хийгдсэн бүртгэл байхад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт болж чадсангүй.

          3.3  Нэхэмжлэгч нарын зүгээс Газрын тухай хууль тогтоомжид заасан шаардлагын хүрээнд түрүүлж хүсэлт гаргасан газрыг бусдад эзэмшүүлсэн нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаа үндэслэлээр маргааны зүйлээ тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн шийдвэр нь хуульд заасан хэлбэрийн шаардлагын хувьд хууль ёсны мэт боловч процессын шаардлагыг зөрчиж гарсан. Энэ нь ноцтой буюу нэхэмжлэгч нарын эрхийг хөндсөн агуулгаар маргасан боловч гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэх дүгнэлт үндэслэлгүй. Газар зохион байгуулалтын албаны  зүгээс иргэний өргөдлийг давхцалтай гэж дуудаж талуудыг байлцуулан үзлэг хийж, хэн түрүүлж өргөдөл гаргасныг нягтлахад гуравдагчийн хүсэлт хожим байсан үйл баримт бий болсон. Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчийн хүсэлтийг цахим системийн шилжилт гэж ямар ч үндэслэлгүйгээр шийдвэрлэх боломжгүй гэж хааж шийдвэрлэсэн атлаа гуравдагч этгээд нарын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн 9 хоногийн дараа эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Ингэхдээ тухайн хүсэлт гаргасан Б.М, П.Х нарын хийлгэсэн кадастр нь байрлалын хувьд зөрүүтэй байхад хүсэлт гаргагчийн хүсэлт зоригоос зөрүүлж эзэмшүүлэх шийдвэр гаргасан зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж дүгнэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

          3.4 Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 745 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Я.А нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

          Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;

          3. Анх 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр иргэн М.Э, Я.А нараас Хан-Уул дүүргийн Газрын албанд тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Бугын аманд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших 4 хүсэлт (М.Э 2, Я.А 2) гаргасныг дүүргийн Газрын албаны мэргэжилтэн Ш.М 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Хариу өгөх мэдэгдэл”-ээр  “...ГХГЗЗГ-ын даргын 2008 оны ** дугаар тушаалаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох” журамд заасны дагуу өргөдөлтэй танилцаж суурин судалгаа хийхэд тус журмын 6.1-д заасныг зөрчиж байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж “Хариу өгөх мэдэгдэл”-үүд үйлдсэн боловч М.Э, Я.А нарт уг мэдэгдлээ хүргүүлээгүй байна.

          4. Маргаж буй Хан-Уул дүүргийн Засаг дарга 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Газар эзэмших эрх олгох тухай” А/*** дугаар захирамжийн хавсралтаар Я.А, М.Э нарт ** дүгээр хороо, Т****** аманд тус бүр 700 м2 газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн. Тухайн үед үлдэх 2 хүсэлтийн талаар гомдол, хүсэлт гаргаагүй.

          5. Харин 2022 онд М.Э, Я.А нараас өмнө гаргасан хүсэлтээс 2 хүсэлтийг шийдвэрлээгүй гэж захиргааны байгууллагад хандаж, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Газрын кадастрын мэдээллийн системд өөрсдийн нэр дээрх 01122-05-*****-18, 01122-05-*****-18 дугаар өргөдлийн бүртгэлийг Ц.Я, М.Э нарын нэрээр өөрчлөн бүртгүүлсэн байна.

          6. Гуравдагч этгээд Б.М, П.Х нар (2 хүсэлт) анх 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Газрын албанд тус дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт Түргэний аманд газар эзэмших хүсэлтийг гаргасан бөгөөд дүүргийн Газрын албаны мэргэжилтэн Ш.М 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өдөр “...ГХГЗЗГ-ын даргын 2008 оны ** дугаар тушаалаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох” журамд заасны дагуу өргөдөлтэй танилцаж суурин судалгаа хийхэд тус журмын 6.1-д заасныг зөрчиж байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж “Хариу өгөх мэдэгдэл” хүргүүлсэн гэх боловч Б.М, П.Х нар тухайн үед уг мэдэгдлийг хүлээн аваагүй гэж маргадаг.

          7. Б.М, П.Х нар Засгийн газрын 11-11 төвд болон Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд “...Газрын албаны газар зохион байгуулагч Ш.М-тэй уулзаж байсан, тухайн үед бусдын газартай давхцалгүй газар гэж бидний хашаа барьсан газрыг зааж өгсөн, тиймээс бид хашаа барьсан, манай газартай давхцаж газар эзэмших хүсэлт өгсөн хүмүүс нь 4 айлын газар эзэмших хүсэлт өгөөд 2 айлын газар эзэмших гэрчилгээ гаргуулж авсан атлаа дахин 2 айлын газар эзэмшихээр бидний газар дээр хүсэлт гаргасан нь хууль бус байх тул хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх гомдол 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гаргасан.

          8. Ингээд төрийн захиргааны байгууллагаас гомдолд дурдсан нөхцөл байдлыг нягтлан шалгаад Б.М, П.Х нарыг “...хүсэлт, холбогдох материалын бүрдлийг ханган ирүүлэх” гэсний дагуу 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүсэлтээ дахин гаргаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/*** дугаар захирамжийн хавсралтаар ** дүгээр хорооны нутагт П.Х-д 699 м2, Б.М 678 м2 газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэн, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 0000*******, 0000******* дугаар Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

          9. Харин нэхэмжлэгч Ц.Я, М.Э нарын хувьд анх удаа буюу 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд “** дүгээр хороо, Б**** аманд зуслангийн зориулалтаар газар эзэмших” хүсэлтийг бичгээр гаргасан болох зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

          Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

          10. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32.4-д “Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө”, мөн (2023 оны нэмэлт, өөрчлөлтөөс өмнөх зохицуулалт) 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж иргэдийн газар эзэмших хүсэлт гаргах болон газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагуудыг тусгайлан заасан.

            11. Мөн тухайн үед мөрдөгдөж байсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 3.1-д “Иргэн, хуулийн этгээд нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас батлагдсан загварын дагуу дараах тохиолдолд өргөдөл гаргана”, 3.1.1-д “Шинээр газар эзэмших, ашиглах”, 4.3-д “Өргөдөл, түүнд хавсаргасан материалууд бүрэн шаардлага хангасан тохиолдолд аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны холбогдох мэргэжилтэн, сумын Газрын даамал нь доор дурдсан үйл ажиллагааг хийнэ”, 4.3.2-д “Өргөдлийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан “Өргөдөл бүртгэх дэвтэр”-т бүртгэх ба өргөдөл бүртгэх өгөгдлийн сан байгаа тохиолдолд уг санд бүртгэх”, 5.2-т “.Шинээр газар эзэмшүүлж, ашиглуулах тохиолдолд”, 5.2.2-т “Тухайн газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг шалгах” гэж тус тус зохицуулан журамлажээ.

          12. Дээрх хэсэгт тогтоогдсон үйл баримтуудаас үзэхэд, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны А/*** дугаар захирамжаар М.Э (01122-05-******-18), Я.А (01122-05-******-18) нарт Т****** аманд тус бүр 700 м2 газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, харин Газрын кадастрын мэдээллийн системд М.Э-ын 01122-05-*****-18, Я.А-ийн 01122-05-******-18 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу газар эзэмших эрх олгогдоогүй бөгөөд тухайн үед энэ талаар ямар нэгэн гомдол, хүсэлтийг захиргааны байгууллагад гаргаж байгаагүй байна.  

          13. Харин нэхэмжлэгч Ц.Я, М.Э нараас анх 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус дүүргийн ** дүгээр хороо, Б**** аманд зуслангийн зориулалтаар газар эзэмших хүсэлтийг бичгээр гаргасан байтал Газрын кадастрын мэдээллийн системд М.Э-ын (хүргэн) өргөдлийн бүртгэлийн 01122-05-******-18 дугаарт Ц.Я (аав), Я.А-ийн (охин) өргөдлийн бүртгэлийн 01122-05-*****-18 дугаарт М.Э (ээж) нарын нэрийг сольж, өөрчилж бүртгэсэн болох нь Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ** дугаар дүгнэлт, мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1/**** дугаар, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09-19/*** дугаар албан бичгүүдээр тус тус тогтоогдсон.

          14. Анхан шатны шүүхийн “...бодит байдалд нэхэмжлэгч нар өөрсдийн нэрээр 2018 онд газар эзэмшихээр дээрх хууль, журмын дагуу захиргааны байгууллагад хандаагүй, 2018 онд өөр иргэдийн нэрээр гаргасан өргөдлийн нэрийг 2022 онд сольж өөрчлөх, ингэснээр өргөдөл гаргасан цаг хугацааг нөхөн тооцох асуудал нь хууль болон журмаар зөвшөөрсөн зохицуулалт биш байх тул дээрх нөхцөл нь маргаан бүхий газрын эзэмших эрхийг түрүүлж үүсгэх хууль ёсны үндэслэл болохооргүй байна” гэх дүгнэлт үндэслэлтэй.

          15. Гуравдагч этгээд Б.М, П.Х нараас Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Т***** аманд газар эзэмшихээр 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан (Өргөдлийн бүртгэлийн дэвтрийн ****, **** дүгээрт бүртгэгдсэн) хүсэлтийг шийдвэрлээгүй гэж төрийн захиргааны байгууллагад хандаж удаа дараа гомдол, хүсэлт гаргасны дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/*** дугаар захирамжийн хавсралтаар П.Х, Б.М нарт ** дүгээр хорооны нутагт гэр, орон сууцны хашааны зориулалтаар газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3-д заасанд нийцсэн, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

          16. Энэ талаарх анхан шатны шүүхээс “...2018 онд захиргааны байгууллагад хандаж, хээрийн судалгаа хийлгэсний дагуу газрыг хашаалсан гэх бөгөөд Б.М, П.Х нараас 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн газар эзэмших эрх олгосон нь нэхэмжлэгч Ц.Я, М.Э нараас анх 2022 онд гаргасан хүсэлтээс түрүүлж гаргасан хүсэлт гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь зөв бөгөөд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж тус тус заасан тэгш байдал, шударга ёсны зарчимд нийцнэ.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Я.А нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 745 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Я.А нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                           Г.БИЛГҮҮН

 

                                    ШҮҮГЧ                                           А.САРАНГЭРЭЛ

 

                                 ШҮҮГЧ                                           М.ЦЭЦЭГМАА