Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Алтанчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Үржинхандын Даваабаяр, Боржигон овогт Дагвын Түвшинжаргал нарт холбогдох эрүүгийн 201603000462 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар баг, Хөөвөр гэх газар оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Үржинхандын Даваабаяр /РД:ЙР97102777/

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, эрэгтэй, 28 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар баг, Хөөвөр гэх газар оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Дагвын Түвшинжаргал /РД:ЙЕ88121418/

 

Шүүгдэгч Ү.Даваабаяр, Д.Түвшинжаргал нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 10 дугаар сарын 09-ний орой Архангай аймгийн Хашаат сумын Номгон баг, Тарнын гүүр гэх газарт байрлах Архангай аймаг дахь Цагдаагийн газрын  Авто замын хяналт, шалгалтын барилгын байрны 4 ширхэг доторлогооны хавтан, цонхны дотор талын бариул /ручик/, 3 ширхэг хуванцар сандал зэргийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

            201603000462 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Д.Гэрэлтийн: “...Би эрх, үүргийг ойлгосон, асууж тодруулах зүйл байхгүй. Тус аймгийн Цагдаагийн газар нь 2015 оны 11 дүгээр сарын эхээр ашиглалтанд оруулсан Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг Тарнын гүүр гэх газар барьсан замын хяналт, шалгалтын барилгын байрыг хажуу талд нь ойролцоо оршин суух Ганхуяг гэх хүнд захиж 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоосон. Тухайн байрыг цоожилж орхин, албан ёсны манаачгүй, Ганхуяг эргэж тойрч байсан. Гэтэл тухайн барилгын цонхоор нь хүн орж дотор талд байсан 3 ширхэг хуванцар сандлыг эвдэж, ханыг нь 4 хэсэг газар цөмөлж эвдэлсэн байсан. Би энэ талаар хараагүй болохоор нарийн сайн мэдэхгүй байна. Гэхдээ Ганхуяг надад хэлээд би дараа нь очиж үзсэн. Яг хэдэн сарын хэдний өдөр болсон асуудал гэдгийг мэдэхгүй байна. Би хараагүй болохоор хэн эвдэлсэн талаар мэдэхгүй байна. Дотор талын хавтан нэг ширхэг нь дунджаар 9000 төгрөгийн үнэтэй байдаг, замаск будаг хийж засах шаардлагатай болно, 3 ширхэг хуванцар сандал бол нэг ширхэг нь хэдэн төгрөгийн үнэтэй гэдгийг мэдэхгүй байна, ямар ч байсан сандалуудыг төлж шинээр тавьсан байсан, цөмөлсөн ханануудаа битүүлж зассан байна лээ, цонхны салхивчийн ручик хугалсан байсан, тэрийг солиогүй байсан. Барилгыг яагаад эвдэж сүйдэлсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Хананд хэдэн ширхэг хавтанг ямар хэмжээтэй цөмөлсөн байсан талаар нарийн мэдээгүй. Хэн эвдэлсэн талаар харсан хүн байхгүй, харин эвдсэн байхыг нь Ганхуяг эргэж тойрч байгаад харсан байсан. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-40-41х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Анхбаярын: “...Би эрх, үүргийг ойлгосон, асууж тодруулах зүйл байхгүй. Даваабаяр бид хоёр найз нөхдийн харьцаатай, Түвшинжаргалыг бол сайн танихгүй, Даваабаяртай найз нөхөд, бидний хооронд садан төрлийн холбоо байхгүй. 2016 оны 10 дугаар сарын 09-ний өглөө ажил дээрээс буугаад 10 цагийн үед гэртээ хариад байж байсан чинь Даваабаяр над руу утсаар яриад хүрээд ир гэж дуудаад Түвшинжаргал намайг гэрээс мотоцикльтой ирж авсан. Тэгээд Даваабаярын гэрт очиж Түвшинжаргал, Даваабаяр бас танихгүй 3 залуугийн хамт зургуулаа пиво уусан. Тэгээд пивоо ууж дуусаад намайг хүргэж өгөхөөр Түвшинжаргал мотоцикльтой яваад Тарнын гүүр орж 3 сав пиво аваад Түншинжаргал, Даваабаяр бид 3 цагдаагийн постын байранд орж пивоо уусан, постын цонх онгорхой байсан. Бид нар тэнд пивоо ууж дуусаад дахиж би пивонд яваад 2.5 литртэй пиво аваад буцаад пост орсон чинь Даваабаяр, Түвшинжаргал 2 постын дотор талын хана, таазыг эвдэж цөмөлсөн байсан. Тэгээд би Түвшинжаргалтай хана цөмөлснөөс болж маргалдаад авсан пивоныхоо талыг ууж, талыг нь асгаад гарч тарсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Хана, таазыг нь эвдэж, цөмөлсөн бас хуванцар сандал эвдэлсэн, өөр эвдсэн зүйл байхгүй. Би тэр газар ямар нэгэн зүйл эвдээгүй. Намайг ирэхэд Даваабаяр, Түвшинжаргал хоёр эвдэлсэн байсан, гэхдээ сандал хэдэн ширхэг байсан гэдгийг мэдэхгүй байна. Бид нар согтуу байсан болохоор согтуудаа орчихсон, яагаад эвдсэн гэдгийг байгаагүй болохоор мэдэхгүй байна. Би уруу татагдаад байсан асуудал байхгүй, эд зүйл эвдэхэд бол байгаагүй, мэдээгүй. Ер нь бол Даваабаяр, Түвшинжаргал бид гурав байсан, өөр хүн байгаагүй, эд зүйлс эвдсэн талаар хэн мэдэж цагдаад хэлсэн талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Гар, хөлөөрөө эвдсэн, ямар нэгэн зүйл ашиглаагүй...” гэх мэдүүлэг /хх-42-43х/  

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Д.Банзрагч: “...Би эрх, үүргийг ойлгосон, асууж тодруулах зүйл байхгүй. Тиймээ би эдгээр хүүхдүүдийг зүс л мэддэг, нэг нутгийн л хүмүүс байгаа юм. 2016 оны 10 дугаар сарын дундуур шиг санагдаж байна, манай нөхөр болох Ганхуяг цагдаагийн пост орж ирээд дотор талыг нь юу ч үгүй эвдсэн байна, цагдаад мэдэгдсэн гэж хэлсэн. Би өөрөө тухайн постод очиж эвдэрсэн зүйл байдлыг нь хараагүй. Харин цагдаа нар ирээд л энэ хоёрыг барьж аваад явсан. Даваабаяр, Түвшинжаргал нар тэр барилгыг эвдсэн талаар би хэлж мэдэхгүй байна, гэхдээ эвдэрсэн талаар нь бол нутгийн хүмүүс мэдэж байгаа байх. Би зан байдлыг нь яаж мэдэх вэ, зүгээр л зүс мэдэхээс цаашгүй...” гэх мэдүүлэг /хх-46х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Н.Ганхуягийн: “...Би эрх, үүргийг ойлгосон, асууж тодруулах зүйл байхгүй. Би Ү.Даваабаяр, Д.Түвшинжаргал нарыг танина, нэг нутгийн хүмүүс байгаа юм. 2016 оны 10 дугаар сарын дундуур цагдаагийн постыг эргэх гээд очих үед цонхыг нь онгойлгоод ороход хоёр давхрын зүүн талын өрөөг  хана, сандал, тааз зэргийг эвдэж гэмтээсэн байсан, тэгээд цагдаад хандсан. Үгүй, тэр огт мэдэгдээгүй. Даваабаяр, Түвшинжаргал нар тус барилгыг хэрхэн эвдсэн талаар би үзэж хараагүй учраас мэдэхгүй байна. Эдгээр хүүхдүүдийн зан аашийг мэдэхгүй, зүс таних нутгийн хүүхдүүд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-47х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Н.Өсөхбаярын: “...Би эрх, үүргийг ойлгосон, асууж тодруулах зүйл байхгүй. Ч.Даваабаяр, Д.Түвшинжаргал нарыг танина, манай дэлгүүрийн энэ хавиар ирж наймаа хийдэг, нэг нутгийн хүүхдүүд байгаа юм. Би тухайн постыг хэрхэн, яаж эвдсэн талаар мэдэх зүйл байхгүй, харин эвдэрсэн талаар нь тухайн үед нь Ганхуяг ахаас л сонссон. Энэ хоёр хүүхэд уг нь хоёулаа төлөв хүүхдүүд байгаа юм. Заримдаа Түвшинжаргал нь архи уух нь уудаг, гэхдээ хүн амьтантай маргалдах нь гайгүй байдаг...” гэх мэдүүлэг /хх-48х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Чагнаадоржийн: “...Би эрх, үүргийг ойлгосон, асууж тодруулах зүйл байхгүй. Би тэр хүмүүсийг танихгүй, ямар нэгэн харьцаа холбоо байхгүй. Тухайн үед хамгийн сүүлд байцаагч Лхагвадорж, Ламзав нарын хамт үүрэг гүйцэтгэж байгаад хяналтын ажил буугаад 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр цонх, хаалгыг нь цоожилж манаач Ганхуяг гэх хүнд түлхүүрийг нь хүлээлгэж өгсөн. Хана, тааз бүрэн бүтэн байсан, 3 ширхэг хуванцар сандал байсан, сандлууд бүгд бүтэн байсан, ямар нэгэн эвдэрч хэмхэрсэн зүйл огт байгаагүй. Тухайн байрнаас хамгийн сүүлд би гарч хаалгыг цоожилсон. Бүх зүйл бүрэн бүтэн байсан...” гэх мэдүүлэг /хх-49-50х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шинжээч эмч А.Бямбажавын: “...Би эрх, үүргийг ойлгосон, асууж тодруулах зүйл байхгүй. Би тухайн үнэлгээг мөрдөн байцаагч Ц.Ганбатын тогтоолын дагуу хэргийн материалыг үндэслэж 4 хэсэг газар цөмөрсөн хана 4 ширхэг хавтан, эвдсэн 3 ширхэг хуванцар сандал, вакум цонхны ручик зэргийг зах зээлийн ханшаар үнэлсэн, үнэлгээ гаргахдаа орон нутгийн зах зээл дээр ижил төрлийн бараа материалын дундаж үнэ, ханшийг үндэслэж гаргасан. Ер нь бол ханыг анхны байдалд оруулахад өмнө нь байсан замаск, будаг, шохой гэх мэт зүйл наад зах нь хэрэг болно, тэгээд тухайн ажилд зарцуулах хөдөлмөрийн зардлын тооцоог хийхдээ нийт материалын зардлын 30 хувиар тооцож, зардлыг тооцож гаргасан...” гэх мэдүүлэг /хх-53-54х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн сэжигтэн, яллагдагч Д.Түвшинжаргалын: “...Би эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Надад сэжигтнээр тооцох тогтоолтой холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Би өмгөөлөгч аваагүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би мэдүүлэг өгнө. Би нэгдүгээр анги төгссөн, уншиж, бичиж чадахгүй...

...Би эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Яллагдагчаар татсан тогтоолтой холбоотой тайлбар байхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би Б.Алтанчимэг өмгөөлөгчийг сонгон авсан. Сонсгож байгаа ял миний үйлдэлд тохирч байна. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2016 оны 10 сарын 09-ний өдөр Даваабаяр, Анхбаяр бид гурав хамт Даваабаярын гэрт пиво уугаад Анхбаярыг хүргэж өгөх гэж Тарнын гүүр ороод байж байсан чинь Даваабаяр араас ирээд Анхбаяр дахин 2 ширхэг том пиво аваад, гадаа хүйтэн байсан болохоор даараад цагдаагийн пост руу орж пивоо уусан. Тэр цонхыг нь Анхбаяр онгойлгосон, тэгээд цонхоор орсон. Бид нар постын байранд 3 ширхэг том пиво уугаад сүүлдээ согтсон байсан бөгөөд нэг мэдсэн чинь хана нь цөмөрсөн, би цохиж нэмж цөмөлсөн. Даваабаяр бид хоёр цөмөлсөн. Анхбаяр Тарнын гүүр рүү явсан байсан, Анхбаяр ямар нэгэн зүйл эвдээгүй, тэгээд тэндээсээ гараад салаад явцгаасан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй, 3 ширхэг сандал эвдэлсэн, ханыг дотор талд 4 хэсэг газар том жижиг цөмөлсөн байсан. Яагаад цөмөлсөн гэдгээ сайн мэдэхгүй байна. Цонхны ручик бүтэн байсан, цонхны ручикийг хэн хугалсан гэдгийг мэдэхгүй байна. Эвдэлсэн сандлуудаа сольж шинээр тавиад, хананд завсар хийж хэвийн болгосон, 80.000 төгрөгийн засвар хийсэн. Даваабаяр, Анхбаяр бид 3 байсан, өөр хүн байгаагүй, харсан хүн байхгүй. Надад цагдаад өс санасан ямар нэгэн санаа зорилго байхгүй, согтсондоо эвдсэн байсан, яагаад эвдсэнээ мэдэхгүй байна. Анхбаяр ямар нэгэн зүйл эвдээгүй. Эрдэнэчулуун, Мундрай гэх хоёр найз байсан, тэр хоёр өмнө нь салаад явсан учраас пост руу орсон болон эд зүйл эвдэлсэн талаар мэдэхгүй. Би эцэг, эхээсээ зургуулаа бөгөөд Дагва гэдэг хүний хамгийн том хүү нь байгаа юм, сургуульд огт суугаагүй, мал дээр өссөн, цэргийн алба хаагаагүй, гэр бүлтэй болж тусдаа гараагүй, өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй.

...Би эрх, үүргийг ойлгосон, асууж тодруулах зүйл байхгүй. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй, таазнаас өөр эвдсэн зүйл байхгүй. Бид нарыг анх ороход харанхуй болсон байсан, гэхдээ эвдэрсэн зүйл мэдэгдээгүй. Тарнын гүүр нутгийн хил газар Архангай аймаг, Булган аймаг, Өвөрхангай аймгийн зааг газар, пост байгаа газар бол Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-72, 74-75, 77х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн сэжигтэн, яллагдагч Ү.Даваабаярын: “...Би эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би өмгөөлөгч авахгүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би мэдүүлэг өгнө, татгалзах зүйл байхгүй. Хэдний өдөр гэдгийг санахгүй байна, 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байх өглөө 10 цагийн үед Анхбаяр, Түвшинжаргал 2 манайд мотоцикльтой ирсэн бөгөөд ирэхдээ манайд 3 ширхэг 2.5 литрийн том “Нийслэл” гэсэн пиво авч ирсэн. Тэр пивоо уучихаад Анхбаяр, Түвшинжаргал хоёр Тарнын гүүрний урд байж байсан. Намайг очиход Түвшинжаргал, Анхбаяр нар 2 ширхэг 2.5 литрийн Нийслэл пиво авчихсан байсан. Гэтэл Анхбаяр цагдаагийн пост руу орж пивоо ууя гэхээр нь хамт яваад цонхоор нь орж пивоо уусан. Тэгээд 2 пивоо дуусаад Анхбаяр дахиж пивонд явсан, тэр хойгуур Түвшинжаргал ах цонхны хажуугийн ханыг гараараа цохиод цөмөлсөн, гэтэл гаднаас Анхбаяр ирээд боль гэж хэлээд Түвшинжаргал Анхбаяр хоёр маргалдсан. Тэр үед би больцгоо гэж хэлээд уурандаа санаандгүй цонхны доод хана руу өшиглөсөн чинь хана цөмөрсөн. Анхбаяр эвдэлж хэмхэлсэн зүйл байхгүй, сандлуудыг Түвшинжаргал өшиглөөд эвдэлж хэмхэлсэн. Тэгээд тэндээсээ гарцгаасан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Ямар ч байсан 3 хэсэг газар цөмөлсөн байснаа засаж янзалсан. Яагаад хана цөмөлсөн гэдгийг мэдэхгүй байна, би бол санаандгүй өшиглөсөн чинь цөмөлчихсөн. Анхбаяр эвдэлж хэмхэлсэн зүйл байхгүй. Анхбаяр бид хоёр найз нөхөд, харин Түвшинжаргал бид хоёр хамаатан садан хүмүүс юм. Бид нарыг цагдаагийн постын эд зүйлийг хэмхэлсэн талаар мэдэх хүн байхгүй, шөнө болсон байсан учраас харсан хүн байхгүй. Ямар ч байсан 3 ширхэг хуванцар сандал байсныг хэмхэлсэн бөгөөд гурвууланг нь шинээр авч тавьсан. Манайд Эрдэнэчулуун, Мундрай нар байсан. Энэ хүмүүс дараа нь пост руу ороход байгаагүй учраас болсон хэргийн талаар мэдэхгүй.

...Би эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Тайлбар байхгүй, би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгч авахгүй. Сонсгож байгаа зүйл анги миний үйлдсэн хэрэгт тохирч байна. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би өмнө нь сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийг нь ярьсан, өөр нэмж ярих зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, түргэн шуурхай шийдэж өгнө үү. Анхбаяр ямар нэгэн зүйл эвдэлж хэмхлээгүй. Би цонхны доод талд нэг жижиг газар цөм өшиглөсөн, өөр эвдэж хэмхэлсэн зүйл надад байхгүй. Бусдыг нь Түвшинжаргал эвдэлж хэмхэлсэн. Цонхны ручикийг хэн хугалсан гэдгийг мэдэхгүй. Хамгийн анх Анхбаяр цонхоор орох санааг гаргасан. Анхбаяр цонхийг онгойлгосон. Тэгээд цонхоор орсон. Эд зүйл эвдэхийг мэдсэн харсан хүн байхгүй.

...Би эрх, үүргийг ойлгосон, асууж тодруулах зүйл байхгүй. Анхбаяр оролцоогүй, тайлбар өгөхдөө хамгийн анх гурвуулаа хамт пиво уусан юм чинь хамт хэргээ хүлээе гэж бодоод Анхбаяр хамт байсан, эд зүйл эвдсэн гэж худлаа хэлсэн. Анхбаяр үнэн хэрэгтээ ямар ч эд зүйл эвдээгүй. Эвдсэн зүйл байхгүй, дүүжин таазны хавтан унасан байсан. Эвдэрч хэмхэрсэн зүйл байхгүй, хэвийн байсан. Тарнын голоор Архангай, Өвөрхангай, Булган аймаг заагладаг. Тарнын гүүрнээс хойшоо цагдаагийн пост байдаг газар нь Булган аймгийн Хашаат сум, харин гүүрнээс урагш бол Өвөрхангай аймгийн Бүрд сум байдаг...” гэх мэдүүлэг /хх-80-82, 84-85, 86х/

Хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-06-10х/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-12х/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13х/

2016 оны 11 сарын 29-ний өдрийн 316 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-52х/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-89, 93х/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-90, 94х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-91-92, 95-96х/

Нутгийн хил заагийг тогтоосон газрын зураг /хх-16х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ү.Даваабаяр, Д.Түвшинжаргал нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 09-ний орой Архангай аймгийн Хашаат сумын Номгон баг, Тарнын гүүр гэх газарт байрлах Архангай аймаг дахь Цагдаагийн газрын  Авто замын хяналт, шалгалтын барилгын байрны 4 ширхэг доторлогооны хавтан, цонхны дотор талын бариул /ручик/, 3 ширхэг хуванцар сандал зэргийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Гэрэлтийн: “Тухайн барилгын цонхоор нь хүн орж дотор талд байсан 3 ширхэг хуванцар сандлыг эвдэж, ханыг нь 4 хэсэг газар цөмөлж эвдэлсэн байсан. Дотор талын хавтан нь нэг ширхэг нь дундажаар 9000 төгрөгийн үнэтэй байдаг, замаск будаг хийж засах шаардлагатай болно, 3 ширхэг хуванцар сандал бол нэг ширхэг нь хэдэн төгрөгийн үнэтэй гэдгийг мэдэхгүй байна, ямар ч байсан сандалнуудыг төлж шинээр тавьсан байсан, цөмөлсөн ханануудаа битүүлж зассан байна лээ, цонхны салхивчийн ручик хугалсан байсан, тэрийг солиогүй байсан” гэх мэдүүлэг /хх-40-41х/

 

Гэрч Б.Анхбаярын: “Намайг ирэхэд Даваабаяр, Түвшинжаргал хоёр эвдэлсэн байсан. Гар, хөлөөрөө эвдсэн, ямар нэгэн зүйл ашиглаагүй” гэх мэдүүлэг /хх-42-43х/ 

 

Гэрч Д.Банзрагч: “2016 оны 10 дугаар сарын дундуур шиг санагдаж байна, манай нөхөр болох Ганхуяг цагдаагийн пост орж ирээд дотор талыг нь юу ч үгүй эвдсэн байна, цагдаад мэдэгдсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-46х/

 

Гэрч Н.Ганхуягийн: “2016 оны 10 дугаар сарын дундуур цагдаагийн постыг эргэх гээд очих үед цонхыг нь онгойлгоод ороход хоёр давхрын зүүн талын өрөөг  хана, сандал, тааз зэргийг эвдэж гэмтээсэн байсан, тэгээд цагдаад хандсан” гэх мэдүүлэг /хх-47х/

 

Гэрч Б.Чагнаадоржийн: “...Хана, тааз бүрэн бүтэн байсан, 3 ширхэг хуванцар сандал байсан, сандлууд бүгд бүтэн байсан, ямар нэгэн эвдэрч хэмхэрсэн зүйл огт байгаагүй. Тухайн байрнаас хамгийн сүүлд би гарч хаалгыг цоожилсон. Бүх зүйл бүрэн бүтэн байсан...” гэх мэдүүлэг /хх-49-50х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн сэжигтэн, яллагдагч Д.Түвшинжаргалын: “...Бид нар постын байранд 3 ширхэг том пиво уугаад сүүлдээ согтсон байсан бөгөөд нэг мэдсэн чинь хана нь цөмөрсөн, би цохиж нэмж цөмөлсөн. Даваабаяр бид хоёр цөмөлсөн. 3 ширхэг сандал эвдэлсэн, ханыг дотор талд 4 хэсэг газар том жижиг цөмөлсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-72, 74-75, 77х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн сэжигтэн, яллагдагч Ү.Даваабаярын: “...Тэгээд 2 пивоо дуусаад Анхбаяр дахиж пивонд явсан, тэр хойгуур Түвшинжаргал ах цонхны хажуугийн ханыг гараараа цохиод цөмөлсөн, гэтэл гаднаас Анхбаяр ирээд боль гэж хэлээд Түвшинжаргал Анхбаяр хоёр маргалдсан. Тэр үед би больцгоо гэж хэлээд уурандаа санаандгүй цонхны доод хана руу өшиглөсөн чинь хана цөмөрсөн. Ямар ч байсан 3 ширхэг хуванцар сандал байсныг хэмхэлсэн. Би цонхны доод талд нэг жижиг газар цөм өшиглөсөн, өөр эвдэж хэмхэлсэн зүйл надад байхгүй...” гэх мэдүүлэг /хх-80-82, 84-85, 86х/, хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-06-10х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-12х/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ү.Даваабаяр, Д.Түвшинжаргал нарыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан ял оногдуулах нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ү.Даваабаяр, Д.Түвшинжаргал нар нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул тэдгээрийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн болон хувийн байдлыг харгалзан тэдгээрт шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ү.Даваабаяр, Т.Түвшинжаргал нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн хуванцар сандлын хагархай хэсгүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Үржинхандын Даваабаяр, Боржигон овогт Дагвын Түвшинжаргал нарыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар шүүгдэгч Ү.Даваабаярыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Түвшинжаргалыг 1 /нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ү.Даваабаярт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Д.Түвшинжаргалд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Шүүгдэгч Ү.Даваабаяр, Т.Түвшинжаргал нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн хуванцар сандлын хагархай хэсгүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ү.Даваабаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1/нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.Түвшинжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1/нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Даваабаяр, Д.Түвшинжаргал нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авсан  өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Р.АЛТАНЦЭЦЭГ