Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2020/0663

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Гуравдагч этгээд: Х ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай;

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэр гарахаас өмнө барьцаалагч Х ХХК-д мэдэгдээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ХХК төлөөлөгч Д.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу захиргааны актын агуулга нь ойлгомжтой, тодорхой байхыг шаарддаг.

Гэтэл маргаан бүхий шийдвэрт Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дах хэсэгт заасан хоёр үндэслэлийн чухам аль үндэслэлээр нь манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан болох нь тодорхойгүй байна. Нөгөө талаас С ХХК нь Өмнөговь аймгийн ******* ******* нутагт ашигт малтмалын хайгуулын 11178Х дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан. Уг тусгай зөвшөөрлийн талбайдаа хайгуулын ажил явуулж байгаад хайгуулын ажлын үр дүнд нөөц тогтоогдсон тул Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах 24 дүгээр зүйлийн 24.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй гэж заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газарт батлагдсан маягтын дагуу гаргасан байдаг. Улмаар тус газраас бидний хүсэлт болон хүсэлтэд хавсаргаж өгсөн холбогдох бусад шаардлагатай баримт, материалыг хүлээн авч хянаад ашигт малтмалын МV-*******, МV-******* дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг тус тус олгосон юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-д заасны дагуу комисс ажиллаж уурхайн нээх зөвшөөрлийг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр олгосон учир бид 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд уурхай нээж, нүүрс олборлож эхэлсэн ба үүнээс хойш 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 9 сар хүрэхгүй хугацаанд үйл ажиллагаа явуулсан болно. Энэ хугацаанд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд байгаль орчинд хортой нөлөөлсөн үйл ажиллагаа огт явуулаагүй.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 сарын 12-ны өдөр А/425 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулсан байх ба уг ажлын хэсэг нь байгуулагдсан өдрөө манай компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд биечлэн очиж танилцалгүйгээр 2019/01 тоот дүгнэлт гаргасан. Улмаар Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь дээрх дүгнэлтийг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч мөн өдөртөө маргаан бүхий шийдвэрийг гаргасан байдаг.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахын тулд шийдвэр гаргах үйл ажиллагааг нэг өдрийн дотор зохион байгуулж, Ашигт малтмалын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчиж хуулийн үндэслэлгүй шийдвэр гаргасан нь илэрхий байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж заасны дагуу Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон талаар бидэнд 10 өдөрт багтаан мэдэгдэх үүрэг хүлээсэн байдаг.

Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр А/425 дугаар тушаалаар байгуулсан, 2019 оны 8 сарын 12-ний өдрийн 2019/01 тоот дүгнэлтийг үндэслээд уг дүгнэлтийг нь бидэнд огт танилцуулж, тайлбар, тодруулга, нотлох баримт авалгүйгээр 2019 оны 8 сарын 12-ны өдөр 405 дугаар Тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэрийг гаргаж дээрх хуулийг илтэд зөрчсөн байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Төрийн захиргааны байгууллага нь шийдвэр гаргахаасаа өмнө ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн санал, тайлбарыг авах буюу сонсох ажиллагааг зайлшгүй явуулах үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл хуульд заасан сонсох ажиллагааг огт хийлгүйгээр С ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн болно.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Ашигт малтмал, Газрын тосны кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар Тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өмнөговь аймгийн ******* ******* нутагт байрлах ******* нэртэй 37221.42 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын *******А дугаартай тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагын кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 345 дугаар шийдвэрээр анх С ХХК-д олгожээ.

Өмнөговь аймгийн ******* ******* нутагт байрлах ******* нэртэй 12380.72 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын *******А дугаартай тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагын кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 653 дугаар шийдвэрээр анх С ХХК-д олгосон байна.

Өмнөговь аймгийн Засаг дарга Өмнөговь аймгийн ******* ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа С ХХК нь байгаль орчныг хамгаалах тухай хууль, тогтоомжуудыг зөрчиж байгаа талаар Мэргэжлийн хяналтын газарт 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1-2004 тоот, тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар С ХХК нь Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхгүй хангалтгүй ажиллаж буй тухай 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 210 тоот албан бичгийг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд ирүүлж байжээ.

Байгаль орчин, Аялал жуулчлалын яам 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 2019/01 дугаар бүхий дүгнэлтийг гаргаж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 02/5540 тоот албан бичгээр ирүүлсэн байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам дээр дурдсан албан бичгийг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01/2291 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлжээ.

3. Гурав: Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 12- ны өдрийн 2019/01 дугаар бүхий дүгнэлтэд  ХХК-ний эзэмшдэг *******А, *******А тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэв гэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан.

Дээрх хуулийн заалтыг үндэслэн манай байгууллагын Кадастрын хэлтсийн даргын 405 дугаар шийдвэр гарсан.

Захиргааны Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, мөн 28.1.2-т гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан.

Иймд С ХХК-ний захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 405 дугаар Тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Х ХХК шүүхэд ирүүлсэн бие даасан шаардлагадаа: 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Д нь 405 дугаартай Тусгай зөвшөөрөл цуцлах тухай маргаан бүхий захиргааны акт гаргасан байдаг.

Улмаар 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус банкнаас Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэг болон 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын дээд шатны захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Х.Х-д 3/5778 дугаартай Гомдол гаргах тухай албан бичгийг хүргүүлсэн.

Ашигт малтмал, газрын тосны газар нь тус банкны гомдлыг хянан үзээд Ашигт малтмал. газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 405 дугаартай Тусгай зөвшөөрөл цуцлах тухай захиргааны акт нь хууль зөрчөөгүй байна гэх агуулга бүхий 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1/6918 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгийг Худалдаа, хөгжлийн банканд ирүүлсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2.1.22.3 дахь хэсгийг тус тус удиртгал болгож, дараах үндэслэлээр бие даасан шаардлага гаргаж байна.

Тус банкны субьектив эрх болох өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хэрэгжүүлэх болон хангахын тулд бусдаас тодорхой үйлдэл хийх, татгалзах, түүнчлэн ямар нэгэн үйлдлийг зогсоохыг шаардах боломжийг дээр дурдсан маргаан бүхий захиргааны актаар хязгаарласан байна.

Х ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3 дах хэсэг, мөн Ашигт малтмал, газрын тосны газраас С ХХК-д олгосон МV-*******, МV-******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүд, холбогдох баримт бичиг, зээлийн барьцаанд бүртгэсэн тухай Ашигт малтмал, газрын тосны газрын тодорхойлолтыг тус тус үндэслэн С ХХК-ийн МV-*******, МV-******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг барьцаалж, зээлдэгч болох С ХХК-ийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалтаар нийт 19,270,000.00 (арван есөн сая хоёр зуун далан мянга) ам.долларын зээл олгосон. Тус зээлийн үүрэг хангагдахгүй нөхцөл үүсвэл банк дээр дурдсан барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгчтэй харилцан тохиролцсон.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаартай Тусгай зөвшөөрөл цуцлах тухай захиргааны акт гаргаж, тус банкны барьцаанд байгаа МV-*******, МV-******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна. Ийнхүү цуцлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй, эсхүл энэ хуулийн 22, 28 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох нөхцөл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ тухай барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч нь мөн хуулийн 7.1-д заасан эрх бүхий этгээдэд эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрөл шилжүүлэх саналыг тэргүүн ээлжид гаргах эрхтэй гэж заасны дагуу ажиллагаа хийгээгүй байгаа үйлдэл нь барьцаалагч болох Худалдаа, хөгжлийн банкны субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх талаар тэргүүн ээлжид санал гаргах эрхийг эдлүүлээгүйгээс шалтгаалан тус банкны барьцааны эрх дуусгавар болж, С ХХК-д олгосон зээлийг эрсдэлд оруулж байна.

"С ХХК нь МV-*******, МV-******* дугаар тусгай зөвшөөрлүүдийг барьцаалж зээл авснаас хойш өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 19,088,231.19 (арван есөн сая наян найман мянга хоёр зуун гучин нэгэн ам.доллар арван есөн цент) ам.доллар, үндсэн хүүгийн өр 8,650,437.88 (найман сая зургаан зуун тавин мянга дөрвөн зуун гучин долоон ам.доллар наян найман цент) ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 1,692,249.50 (нэг сая зургаан зуун ерэн хоёр мянга хоёр зуун дөчин есөн ам.доллар тавин цент) ам.долларын нийтдээ 29,430,918.57 (хорин есөн сая дөрвөн зуун гучин мянга есөн зуун арван найман ам.доллар тавин долоон цент) ам.долларын өр хуримтлагдаад байна. Тус банкнаас олгосон зээл ямар ч барьцаагүй болж буй нь зээлийг эрсдэлд оруулж байна. Өөрөөр хэлбэл, Банк барьцааны зүйлээс үүргийг хангуулах ямар ч боломжгүй болж их хэмжээний хохирол учрах нөхцөл бүрдсэн.

Банк нь Төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу барьцаалсан шударга барьцаалагч юм.

Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаартай Тусгай зөвшөөрөл цуцлах тухай захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлд заасны дагуу ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоож, холбогдох нотлох баримтыг цуглуулан, оролцогчид тайлбар, санал гаргах боломжийг олгож, сонсох ажиллагаа явуулаагүй зөрчил гаргасан.

Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны байгууллага захиргааны акт ... гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын тайлбар, санал гаргах боломж олгох", мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэгт заасны дагуу захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлж, сонсох ажиллагааны тухай мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлнэ, 27.5 дахь хэсэгт сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна", 27.6 дахь хэсэгт сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна", 27.7 дахь хэсэгт сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй гэж тус тус хуульчилсны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж байгаа этгээд болох Худалдаа, хөгжлийн банканд захиргааны акттай холбоотой санал гаргах боломж олгоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй зэрэг зөрчил гаргасан.

Иймд, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаартай Тусгай зөвшөөрөл цуцлах тухай захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтыг үндэслэн хүчингүй болгох, маргаан бүхий захиргааны акт гаргахаас өмнө С ХХК-ийн MV-0190036. МV-******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг барьцаалж буй барьцаалагч болох Х ХХК-д мэдэгдээгүй эс үйлдэхүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад заасны дагуу хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өмнөговь аймгийн Засаг дарга Өмнөговь аймгийн ******* ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа С ХХК нь байгаль орчныг хамгаалах тухай хууль, тогтоомжуудыг зөрчиж байгаа талаар Мэргэжлийн хяналтын газарт 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1-2004 тоот, тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар С ХХК нь Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхгүй хангалтгүй ажиллаж буй тухай 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 210 тоот албан бичгийг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд ирүүлж байжээ.

Байгаль орчин, Аялал жуулчлалын яам 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 2019/01 дугаар бүхий дүгнэлтийг гаргаж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 02/5540 тоот албан бичгээр ирүүлсэн байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам дээр дурдсан албан бичгийг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01/2291 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлжээ.

Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2019/01 дугаартай дүгнэлтэд С ХХК-ийн эзэмшдэг *******А, *******А тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэв гэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан.

Дээрх хуулийн заалтыг үндэслэн манай байгууллагын Кадастрын хэлтсийн даргын 405 дугаар шийдвэр гарсан.

Захиргааны Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, мөн 28.1,2-т гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан.

Иймд Х ХХК-ийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ

Нэхэмжлэгч С ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл болон гуравдагч этгээд Х ХХК-иас гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэр гарахаас өмнө барьцаалагч Х ХХК-д мэдэгдээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэв.

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/367 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн ******* ******* , тосон бумын нурууны байгалийн нөөц газар орчимд нүүрсний орд ашиглаж буй үйл ажиллагаанаас байгаль орчин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй эсэх талаар газар дээр нь шалгалтын ажил зохион байгуулж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсэг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 01/2019 дугаар илтгэх хуудас үйлджээ.

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий байнгын ажлын хэсэг мөн өдрийн огноотой 2019/01 дугаар дүгнэлтээр Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/367 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, MV-*******, MV-******* дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх үүргээ хэрэгжүүлээгүй, байгаль орчинд хортой нөлөөлж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэнийг болон Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 07-ны 01-2004 тоот албан шаардлага, тус аймгийн байгаль, орчин аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 210 дугаар албан бичгийг тус тус үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

Дээрх дүгнэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01/2291 дүгээр албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хүргүүлснийг үндэслэн тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэрээр С ХХК-ийн MV-*******, MV-******* дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байхдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан болох нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019/01 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон гэж MV-*******, MV-******* дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн илтгэх хуудас болон дүгнэлттэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж зааснаар ажлын хэсгийн дүгнэлт, илтгэх хуудсанд дурдсан нэхэмжлэгч компани байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх үүргээ хэрэгжүүлээгүй, байгаль орчинд хортой нөлөөлж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэх асуудалд шүүх дүгнэлт хийх боломжгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагаа хийхгүй байх талаар зохицуулсан боловч Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ. гэж зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль нь Ашигт малтмалын тухай хууль тул тус хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5.-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан; бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлт ирсэнтэй холбогдуулан С ХХК-ийн эзэмшиж байсан MV-*******, MV-******* дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан гэх боловч мөн хуулийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана., 56.3-д Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ., 56.4-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ. гэж зааснаар хариуцагч тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш 10 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нотлох баримт тайлбар гаргах боломжийг олгоогүй нь хуульд нийцээгүй гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч С ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд;

Гуравдагч этгээд Х ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэр гарахаас өмнө барьцаалагч Х ХХК-д мэдэгдээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч С ХХК нь Х ХХК-иас авсан зээлийн барьцаанд MV-*******, MV-******* дугаар тусгай зөвшөөрлийг барьцаалж, зээлийн барьцааны гэрээ байгуулан, гэрээг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй, эсхүл энэ хуулийн 22, 28 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох нөхцөл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ тухай барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч нь мөн хуулийн 7.1-д заасан эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх саналыг тэргүүн ээлжид гаргах эрхтэй. заажээ.

Тус заалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй бол гэж заасан нь гэрээний талуудад хамааралтай бөгөөд харин эсхүл холбоосын дараах нөхцөл болох тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох нөхцөл бүрдсэн тохиолдолд барьцаалагчид мэдэгдэх үүрэг нь төрийн захиргааны байгууллагад хамааралтай гэж үзлээ.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрлийг цуцлах талаар гуравдагч этгээд Х ХХК-д мэдэгдээгүйг буруутгах үндэслэлгүй тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.3.14 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэрийг хүчингүй болгосугай.
  2. Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Х ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэр гарахаас өмнө барьцаалагч Х ХХК-д мэдэгдээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН