Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/01165

 

С.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/01027 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Тын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Ж.А, Д.Т холбогдох

 

Зээл, хүү, алдангид нийт 34 650 000 00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Т, хариуцагч Ж.А, хариуцагч нарын өмгөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь  хэд, хэдэн удаа хариуцагч нарт зээл өгч байсан. Бид 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 16 600 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн мөнгөн хөрөнгө болох 16 600 000 төгрөгийг хоёр хувааж, 8 630 000 төгрөгийг бэлнээр, 7 970 000 төгрөгийг Хаан банк ХХК дах өөрийн эзэмшлийн 5171053201 тоот данснаас 5099163838 тоот дансанд шилжүүлсэн. Энэ талаар  бичиг үйлдсэн боловч хариуцагч нар 8 630 000 төгрөгийг аваагүй, хоосон цаасан дээр гарын үсэг зуруулаад улмаар нөхөж бичсэн гэж маргаж байна. Хариуцагч нараар хоосон цаасан дээр гарын үсэг зуруулаагүй, шахаж, дарамтлаагүй, энгийн ухамсарын түвшинд ойлговол ямар ч хүн хоосон цаасан дээр тэр тусам 2 удаа юугаа ч мэдэхгүй гарын үсэг зурна гэж байхгүй. Хариуцагч тал өнгөрсөн хугацаанд 746 000 төгрөг төлсөн. Үндсэн зээл 16 600 000 төгрөг,  хүү 6 640 000 төгрөг, эдгээрийн нийлбэр 23 240 000 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 746 000 төгрөгийг хасч, үндсэн зээл, хүү 22 494 000 төгрөгөөс алданги 11 247 000 төгрөг тооцож нийт 33 741 000 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа  909 000 төгрөгөөр багасгасан. Хариуцагч нарын төлсөн 746 000 төгрөгийг 6 640 000 төгрөгийн хүүгээс хасч байгаа бөгөөд хэдийгээр нэхэмжлэгч нь тэднээс нэг бүрийн 675 000 төгрөгийн үнэтэй 2 хайрцаг цагаан өргөө хэмээх тамхийг авч байсан боловч хариуцагчдын өмнөх зээлийн өр авлагад суутгасан. Иймд 33 741 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.А, Д.Т нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тэдгээрийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д зааснаар талууд гэрээ байгуулах тохиолдолд харилцан хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн байх учиртай. Гэтэл хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон мөнгө авсан, шилжүүлсэн гэх баримтууд дээр хариуцагчдын хүсэл зориг огт тусгагдаагүй, нэхэмжлэгч тал эдгээр хүмүүсээр хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж, 16 600 000 төгрөгийг зээлсэн мэтээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй Хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан 16 600 000 төгрөгөөс 7 970 000 төгрөгийг дансаар авч, үүнээс бэлнээр 856 000 төгрөг, мөн 2 хайрцаг 1 350 000 төгрөгийн үнэтэй тамхи өгсөн тул бодитоор авсан зээлээс эдгээр төлбөрийг хасч, үлдэх хэсгийг буцаан төлөх ёстой гэжээ.

 

Хариуцагч Ж.А, Д.Т нараас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Өнгөрсөн хугацаанд талуудын хооронд энэ мэт зээлийн харилцаа байсан боловч нэхэмжлэгч хоосон цаас ашиглаж, түүн дээр гарын үсэг зуруулж, нөгөө талдаа шударга бус гэрээний нөхцлийг тулгаж байгаа нь үндэслэлгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн үйлдэл мөн юм.  Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохгүй. Иймд бодитоор 8 630 000 төгрөгийг хүлээн аваагүй ба энэхүү гэрээ нь хууль зөрчсөн, хариуцагч талын хүсэл зориг тусгагдаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Таас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн хувьд хууль зөрчсөн ямар үйлдэл хийсэн талаар тодорхой дурдаагүй, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулахдаа албан шахалт үзүүлсэн, төөрөгдүүлсэн, хууран мэхэлсэн зүйлгүй, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг тус тус үндэслэн Ж.А, Д.Т нараас үндсэн зээл 16 600 000 төгрөг, зээлийн хүүнд 4 404 000 төгрөг, нийт 21 004 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 737 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасныг үндэслэн хариуцагч Ж.А, Д.Т нарын гаргасан нэхэмжлэгч С.Тт холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331 200 төгрөг, хариуцагчдын төлсөн 241 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 262 970 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ж.А, Д.Т нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүгч хэргийн оролцогчдын тайлбарт дүгнэлт хийхдээ хэт нэг талыг барьсан. Хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу болон буруу үнэлж зөвхөн нэхэмжлэгчээс гаргасан хх 3-р хуудсанд авагдсан 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ, хх 32-р хуудсанд авагдсан мөнгө шилжүүлсэн тухай баримтыг үндэслэн 16 600 000 төгрөг зээлэх хүсэл зориг байсан учраас дансанд 7 970 000 төгрөг шилжүүлсэн гэж дүгнэсэн. Мөн хариуцагч тал үндэслэлтэй тайлбар өгөөгүй гэжээ. Шүүх хэрэгт хамааралтай нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой хариуцагч Ж.Агаас гаргасан гэрч Ганчимэгийн бичсэн гэх дэлгүүрийн орлогоос тухайн өдөрт гаргасан зарлагыг хөтөлсөн хар дансны бүртгэлийн дэвтрийг нотлох баримтын шаардлага хангахгүй гэдэг шалтгаанаар үнэлээгүй. С.Таас авсан зээлийн хэмжээ, зээлийн хүүгийн хэмжээ, тэдгээрийн эргэн төлөлтийн байдлыг шүүх хуралдаан дээр тодорхой тайлбарлаж, тооцоолж дурдсан атал харгалзан үзсэнгүй. Нэхэмжлэгчийн зээлийн гэрээ болон мөнгө шилжүүлсэн гэх бичгийг зөв дүгнээгүй, уг бичигт 8 630 000 төгрөгийг бодитоор Ж.Ад хүлээлгэж өглөө гэсэн үг, үсэг ч бичигдээгүй, уг мөнгийг тоолж хүлээлгэж өгсөн гэх баримтгүй байхад ямар баримтыг үндэслэж мөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн ойлгомжгүй,  Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Зээлийн гэрээ байгуулагдсан байж болох ч мөнгө бодитоор зээлдэгчийн өмчлөлд буюу захиран зарцуулах эрхэд шилжээгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 6 434 600 төгрөг төлөх боломжийг олгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч Ж.А, Д.Т нарт холбогдуулан зээл, хүү, алдангид нийт 34 650 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээл 16 600 000 төгрөг, зээлийн хүү 6 640 000 төгрөг нийт 23 240 000 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 746 000 төгрөгийг хасч, зээл, хүү 22 494 000 төгрөг, алданги 11 247 000 төгрөгийг нэмж, нийт 33 741 000 төгрөг гэж багасгаж тодорхойлжээ.

 

Хариуцагч нар 7 970 000 төгрөгийн зээлийг дансаар шилжүүлэн авсанд маргаагүй. Харин бэлнээр зээлдүүлсэн гэх 8 630 000 төгрөгийг зээлдүүлэгч шилжүүлэн өгөөгүй гэж маргажээ.

 

Хэрэгт нэхэмжлэгч С.Т нь 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Ж.А, Д.Т нарт 16 600 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн бичгийн гэрээ авагджээ. /х.х-ийн 3 дугаар хуудас/.

 

Дээрх гэрээнд “.., мөнгийг бүрэн хүлээн авсан “ гэж бичсэн байх бөгөөд хариуцагч нар гэрээнд зурагдсан гарын үсгийг өөрсдийн гарын үсэг биш гэж маргаагүй.

 

Мөн нэхэмжлэгч С.Т нь 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хаан банк ХХК дах өөрийн эзэмшлийн 5171053201 тоот данснаас 5099163838 тоот дансанд 7 970 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд хариуцагч нар уг мөнгөн хөрөнгийг хүлээн авсанд маргаагүй. /хх-ийн 33 дугаар хуудас/.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар зээл 8 630 000 төгрөгийг өмчлөлдөө шилжүүлэн аваагүй гэх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, түүнчлэн 8 630 000 төгрөгийг бэлнээр, 7 970 000 төгрөгийг дансаар нийт 16 600 000 төгрөгийг зээлдүүлсэн гэх бичмэл баримт болох гэрээг няцаагаагүй, өөрийн татгалзал, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлож чадаагүй.

 

Гэрч Г.Ганчимэгийн “Ж.А цагаан цаасан дээр гарын үсэг зурсныг харж байсан” гэх мэдүүлэг нь хариуцагч нарын “хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан” гэх тайлбарыг нотлох үндэслэл болохгүй юм. /хх-ийн 69-70 дугаар хуудас/

 

Хариуцагч нар нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээл, хүүг буцаан төлөх үндэслэлтэй.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд алдангийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд тооцохоор тусгаагүй, хэрхэн яаж тооцох нь тодорхойгүй, алдангийн талаар тохиролцсон гэж үзэхгүй тул анхан шатны шүүхээс анз 11 247 000 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ. /хх-ийн 104-110 дугаар хуудас/

 

Мөн хариуцагч Ж.А, Д.Т нараас нэхэмжлэгч С.Тт холбогдуулан гаргасан 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хэргийн үйл баримт болон нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзэж анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/01027 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Агийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 970 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                               ШҮҮГЧИД                                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД