Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 18

 

Б.Ч-, Б.У-, П.Х-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0032/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                        Б.Сүрмандах

Хохирогч                                        Т.Мөнхболд                                     

Хохирогчийн өмгөөлөгч                Б.Содболд

Шүүгдэгч                                        Б.Ч-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Л.Оюунсувд, Н.Баярмаа

Нарийн бичгийн дарга                  Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолтой, Б-гийн Ч-, П-ын Х-, Б-ын У- нарт холбогдох, 1818005110418  дугаартай эрүүгийн  хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Ч-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй,  ********** регистрийн дугаартай, З- овогт Б-гийн Ч-.,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт П-ын Х-.,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй,  ********** регистрийн дугаартай, Б- овогт Б-ын У-.

Шүүгдэгч Б.Ч- нь:

2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Б.У-аас өөрийгөө “Япон улсаас машин оруулж ирдэг компанид менежерээр ажилладаг” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон машин захиалгын урьдчилгаа төлбөр гэж 7.000.000 төгрөг, мөн 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт иргэн Б.У-аас тарч Япон улсаас Монгол улсад машин захиалан оруулж ирэх санал тавин мөнгөө хувааж гаргаад, ашгаа хувааж авна гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 5.000.000 төгрөг нийт 12.000.000 төгрөгийг залилан авсан,

2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Т-аас өөрийгөө Япон улсаас машин оруулж ирдэг компанид менежерээр ажилладаг хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон машин захиалгын урьдчилгаа төлбөр гэж 1.700.000 төгрөгийг залилан авсан,

2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Aliexpress” гэх онлайн сүлжээгээр хямд бараа захиалж өгнө гэж хуурч иргэн Л.Д-оос 18.1000 төгрөгийг залилан авсан,

2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Aliexpress” гэх онлайн сүлжээгээр хямд бараа захиалж өгнө гэж хуурч иргэн Д.А-ээс 771500 төгрөгийг залилан авсан,

2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Aliexpress” гэх онлайн сүлжээгээр хямд бараа захиалж өгнө гэж хуурч иргэн Д.О-оос 3.011.200 төгрөгийг залилан авсан,

2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд “Чех дэх Монголчуудын групп” гэх фэйсбүүк хаягт “Чех улс руу ажлын гэрээгээр гаргаж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Д.Ч-аас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төрийн банкны дансаар 3.326.000 төгрөгийг залилан авсан,

2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд “Чех дэх Монголчуудын групп” гэх фэйсбүүк хаягт “Чех улс руу ажлын гэрээгээр гаргаж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Х.Б-аас Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт интернет банкаар 7.009.800 төгрөгийг залилан авсан,

2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Н-аас Япон улсаас “Тоёота приүс-30” маркийн машин захиалж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2.500.000 төгрөгийг залилан авч, бусдад нийт 30.499.500 төгрөгийн хохирол учруулсан,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мартини Бакарди" ХХК-нд нягтлан бодогчоор 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 14.541.604 төгрөгийн бэлэн мөнгө, 640.382 төгрөгийн бараа материалыг завшиж, “Мартини Бакарди" ХХК-нд нийт 15.181.986 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч П.Х- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мартини Бакарди” ХХК-д 2019 оны 07 дугаар сарын сарын 09-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл худалдагчаар ажиллах хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 223.440 төгрөгийн бэлэн мөнгө, 87.163 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, нийт 310.603 төгрөгийг завшсан,

Шүүгдэгч Б.У- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мартини Бакарди” ХХК-нд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл худалдагчаар ажиллах хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох кассын орлогоос 128.230 төгрөгийг завшсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч З- овогт Б-гийн Ч-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 30499500 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн,

мөн албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас 15181986 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б- овогт П-ын Х-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 310603 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б- овогт Б-ын У-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 128230 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч З- овогт Б-гийн Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Б- овогт П-ын Х-, Б- овогт Б-ын У- нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн /нэг жил/ хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1., 6.8 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч Б.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын /гурван жил зургаан сар/ гугацаагаар хорих ял тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5.т зааснаар шүүгдэгч П.Х-, Б.У- нарт тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4.т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч П.Х-, Б.У- нарт анхааруулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.т зааснаар шүүгдэгч Б.Ч-аас 42697486 /дөчин хоёр сая зургаан зуун ерэн долоон мянга дөрвөн зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж, 10300000 /арван сая гурван зуун мянга/ төгрөгийг хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 20 дугаар багийн Даваат ундарга 17 дугаар гудамжны 8 тоотод оршин суух М- овогт Б-ийн У-ад РД:/ **********/, 1700000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын Хээтэй 4 дүгээр хорооллын 3 дугаар байрны 265 тоотод оршин суух Б- овогт Б-ын Т-ад РД:/**********/, 174000 /нэг зуун далан дөрвөн мянга/ төгрөгийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын 15 дугаар багийн Рашаант 27 дугаар гудамжны 19 тоотод оршин суух Ч- овогт Л-ийн Д-ид РД:/ **********/, 771500 /долоон зуун далан нэг мянга таван зуу/ төгрөгийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын 9 дүгээр багийн Шандын 25 дугаар гудамжны 38 тоотод оршин суух Б- овогт Д-ийн А-эд РД:/ **********/, 3011200 /гурван сая арван нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар багийн Уртбулаг 5 дугаар хорооллын 17 дугаар байрны 52 тоотод оршин суух Х- овогт Д-ын О-д РД:/ **********/, 3326000 /гурван сая гурван зуун хорин зургаан мянга/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны 2-147 тоотод оршин суух Б- овогт Д-ийн Ч-ад РД:/ **********/, 5732800/таван сая долоон зуун гучин хоёр мянга найман зуу/ төгрөгийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Монелийн 28-602в тоотод оршин суух А- овогт Х-ийн Б-д РД:/ **********/, 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн 8-113 тоотод оршин суух Б- овогт Ч-ын Н-ад /РД: **********/, 1.5181.986 /арван таван сая нэг зуун наян нэгэн мянга есөн зуун наян зургаа/ төгрөгийг “Мартини Бакарди” ХХК-нд тус тус олгож, хохирогч Б.У-ын 1.700.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4., 1.7., 1.8., 1.9.т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч П.Х-, Б.У- нар нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Х-, Б.У- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Ч-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан- Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Х-, Б.У- нарт авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Б.Ч-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

            Анхан шатны шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6.т заасан үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж дараахь үндэслэлээр эсэргүүцэл гаргаж байна. Үүнд:

            Шүүгдэгч Б.У-ын “Мартини Бикарди” ХХК-нд нягтлан бодогчоор 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл худалдагчаар ажиллах байхдаа бусдын итгэмжпэн хариуцуулсан хөрөнгө болох кассын орлогоос завшиж, компанид 128.230 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3.т заасан “бага хэмжээний хохирол” учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт зааснаар гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй байхад прокурор түүний энэ үйлдлийг гэмт хэрэгт тооцон яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн, шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5.т зааснаар “шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэсэн заалтыг зөрчиж шийдвэрлэсэн байна.

            Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолын Б.У-ад холбогдох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3.т заасан үндэспэлээр зохих өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор эсэргүүцлээ дэмжин оролцох болно гэжээ.

Шүүгдэгч Б.Ч- давж заалдах гомдолдоо:

Миний бие оюутан байхдаа Т- гэх залуутай үерхдэг байсан бөгөөд Т- миний бусдыг хуурч авч байсан мөнгөний 50 хувийг авч хэрэглэж байсан бөгөөд намайг хэргээ хүлээгээд даачих, чамд хохирлын мөнгөнөөс чинь төлөлцөнө, авсан юмаа өгнө гэж хэлсэн учраас Цагдаагийн газар өсгөн удаа дараагийн мэдүүлэгтээ энэ талаар хэлж байгаагүй. Т-ыг хохирол төлөлцөх байх гэж найдаж зөндөө харсан ч сүүлд утсаа авахаа больсон.

Сүүлд Цагдаагийн газарт шалгагдаж байхдаа хохирол өгөхөөр 1.700.000 төгрөг аваад явж байхад мэдчихээд түр зээлээч орой буцаагаад өгье гэж хэлээд гуйж аваад буцааж өгөөгүй. Т- надаас авсан мөнгөнүүдээ ярьсандаа өгсөн бол миний ял шийтгэл хөнгөрөх байсан байх. Би одоо 3 сартай жирэмсэн бөгөөд хохирлыг ганцаараа төлж чадахгүй нь илэрхий болсон тул хохирлыг Т-тай хуваалцаж төлчихвөл хохирогчид хохиролгүй болно. Мөн Лхагвасүрэнд хохирогчдоос авсан 1.800.000 төгрөгийг өгч байсан бөгөөд энэ мөнгийг Лхагвасүрэнгээс гаргуулвал 1 ч гэсэн хохирогчийн хохирол төлөгдөх юм.

“Мартини Бакорди” ХХК-н санхүүгийн баримтанд аудит хийлгэмээр байна. Хохирлыг хурдан төлж хохирогчдыг хохиролгүй болгох хүсэлтэй байгаа бөгөөд миний бусдад төлөх хохирлын 50 хувь нь Т-, Лхагвасүрэн нарын өгөх мөнгөнөөс бүрдэх ёстой. Иймд хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон дээд шатны прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн Б.Ч-д оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Иймд түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн дээд шатны прокурор гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Ч- тайлбартаа:

Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би гэмт хэргийг н.Т- гэдэг залуутай хамтарч хийсэн. Түүнээс хохирол төлбөрийг гаргуулах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Ч-ын өмгөөлөгч Л.Оюунсувд тайлбартаа:

“Мартини Бакарди” ХХК-н аудитын үнэлгээ үндэслэлгүй гарсан. н.Т- нь гэмт хэргийг хамтарч үйлдсэн бөгөөд энэ нь шүүгдэгчийн мэдүүллэгээр нотлогддог. Иймд хэргийн бодит байдлыг тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Б.У-ад төлсөн 150.000 төгрөгийг хасаж тооцоогүй нь учир дутагдалтай гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Н.Баярмаа тайлбартаа:

Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Т.Мөнхболд тайлбартаа:

Аудитын үйлчилгээний хөлс болох 800.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.У-ын өмгөөлөгч Б.Содболд тайлбартаа:

Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийн дэмжиж байна. Өөр саналгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

-Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Ч-ыг 2018 оны 04 дүгээр сараас 7 сар хүртэлх хугацаанд “Aliexpress” гэх онлайн сүлжээгээр хямд бараа захиалж өгнө гэж., “Япон улсаас машин оруулж ирдэг компанид менежерээр ажилладаг” тул машин хямд оруулж ирнэ гэж., “Чех дэх Монголчуудын групп” гэх фэйсбүүк группд “Чех улс руу ажлын гэрээгээр гаргаж өгнө” гэж 8 иргэнийг хуурч 30.499.500 төгрөг авсан., “Мартини Бакарди" ХХК-нд нягтлан бодогчоор 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох бэлэн 4.541.604 төгрөг., 640,382 төгрөгийн бараа материалыг завшиж, 15.181.986 төгрөгийн хохирол  тус тус учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1., 17.4 дүгээр зүйлийн 2.1.д заасан гэмт хэрэгт .,  

-Шүүгдэгч П.Х-ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мартини Бакарди” ХХК-д 2019 оны 07 дугаар сарын сарын 09-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл худалдагчаар ажиллах хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох бэлэн 223.440 төгрөг, 87.163 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, нийт 310.603 төгрөгийг завшсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт,

-Шүүгдэгч Б.У-ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мартини Бакарди” ХХК-нд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл худалдагчаар ажиллах хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох кассын орлогоос 128.230 төгрөгийг завшсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Б.Ч-, П.Х- нарын үйлдэл тогтоогдсон, тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв,  анхан шатны шүүх  хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, шинж зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Ч-ын үйлдсэн хэрэг тус бүрт нь ял оногдуулж, Эүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1., 6.8 дугаар зүйлийн 2.т зааснаар нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сар хорих ял.,

шүүгдэгч П.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1.т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн /нэг жил/ хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бүхий байна.

Шүүгдэгч Б.Ч-ын гаргасан  ...би үйлдсэн хэрэгтээ  маш их гэмшиж байна., хохирогч нараас авсан мөнгийг төлж барагдуулна., харин мөнгийг найз  Т- гэгчтэй хамтран ашигласан тул хохирлыг хамтран хариуцах мөн зарим тооцоо хийх шаардлагатай байх тул  хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Шүүгдэгчийн давж заалдсан гомдолд дурдсан асуудлыг анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тухайн үйл баримт тогтоогдоогүйгээс гадна шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан эрүүгийн хариуцлагад нөлөөлөхөөргүй байна.

Шүүгдэгч Б.Ч- нь дээрх хохирлын талаар Т- гэгч этгээдэд холбогдуулан хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлж  Цагдаагийн байгууллагад гомдол гаргах эсхүл иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ч-аас “Мартини Бакарди" ХХК-д учруулсан хохирлыг бодитой, бүрэн тогтоох зорилгоор аудитын шинжээч томилон санхүүгийн баримтад зохих шалгалтыг хийж, ажлын хөлс 800.000 төгрөгийг  “Мартини Бакарди" ХХК төлсөн болох нь тогтоогдож байх тул хохирогч Т.Мөнхболдын хүсэлтийг хүлээж авах үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.У-ын үйлдэл холбогдлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол  учруулсан бол “Гэмт хэрэгт тооцохгүй” байх шаардлагыг анхаарч үзээгүй байна.

Өөрөөр хэлбэл: Шүүгдэгч Б.У- нь “Мартини Бикарди” ХХК-нд худалдагчаар ажиллах хугацаандаа бусдын итгэмжпэн хариуцуулсан хөрөнгө болон кассын орлогоос  128.230 төгрөгийг завшсан үйлдэлд анхан шатны шүүх  гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1.д заасан хариуцлагыг оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болно.

Иймд энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Б.У-ад холбогдох хэргийг “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр  хэрэгсэхгүй болгох., мөн 800.000 төгрөгийг Б.Ч-аас гаргуулж “Мартини Бакарди" ХХК-д олгох талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2.,  39.7 дугаар зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолд :

            - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.д заасныг баримтлан  Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Б-ын У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн 1., 3., 6., 7., 9., 10., 12  дугаар заалтын Б.У-ад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

          2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дугаар заалтын:

Шүүгдэгч Б.Ч-аас ...нийт 42.697.486... /дөчин хоёр сая зургаан зуун ерэн долоон мянга дөрвөн зуун наян зургаа/ төгрөгийг гаргаж  гэснийг ,...нийт 43.497.486 төгрөг гаргаж.. гэж.,   

           ...15.181.986 /арван таван сая нэг зуун наян нэгэн мянга есөн зуун наян зургаа/ төгрөг гаргаж  “Мартини Бакарди” ХХК-нд...  гэснийг ...15.981.986 /арван таван сая есөн зуун наян нэгэн мянга есөн зуун наян зургаа/ төгрөг гаргаж  “Мартини Бакарди” ХХК-д..,   гэж  тус, тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Б.Ч-ын  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

           4. Б.У-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч,  хохирогч, тэдний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ТУЯА

                                                                    ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

                                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР