| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2022/0330/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/929 |
| Огноо | 2023-10-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Г.Баярмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/929
2023 09 13 2023/ШЦТ/929
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
улсын яллагч Г.Баярмаа,
шүүгдэгч И.Б, түүний өмгөөлөгч К.Манлай,
шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн,
шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч М.Цэндсүрэн нарыг оролцуулан эрүүгийн........... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ойжуулагч мэргэжилтэй, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, И.Б /регистрийн дугаар/,
2. Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Э.Б /регистрийн дугаар/,
3. Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, эгчийн хамтаар амьдардаг гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Л.Н /регистрийн дугаар/,
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
И.Б, Э.Б, Л.Н нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм ашиглаж:
2021 оны 12 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт авто машины зогсоол дээр байсан иргэн Н.Б-н эзэмшлийн Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 500.000 төгрөгийн,
2021 оны 12 дугаар сарын 16-ны шөнийн 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, авто машины зогсоолд байсан иргэн О.С-н эзэмшлийн Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 230.000 төгрөгийн,
2021 оны 12 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто машины зогсоол дээр байсан иргэн Э.З-н эзэмшлийн Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 230.000 төгрөгийн буюу бусдад нийт 960.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч И.Б, Э.Б, Л.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Шүүгдэгч И.Б, Э.Б, Л.Н нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн үйл баримт нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Б мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл байхгүй... гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Н бид хоёр балгас шиг 2 давхар байшингийн зүүн талд шороон зогсоолд байсан хар өнгийн Т.Приус 30 маркийн автомашины жолоочийн эсрэг талын ард талын 17 инчийн сток обудтай 1 ширхэг дугуйг тайлж авч оронд нь тоосго ивээд хулгайлсан...” гэсэн мэдүүлэг /1хх-н 12-13/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл байхгүй... гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Н, Б 2 балгас шиг 2 давхар байшингийн зүүн талд шороон зогсоолд байсан хар өнгийн Т.Приус 30 маркийн автомашины жолоочийн эсрэг талын ард талын 17 инчийн сток обудтай 1 ширхэг дугуйг тайлан авч оронд нь тоосго ивээд хулгайлсан дугуйгаа машиндаа ачаад нийт 4 дугуй хулгайлсан...” гэсэн мэдүүлэг /1хх-н 5-6/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Н мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл байхгүй... гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хар өнгийн приус маркийн машин дээр очоод зүүн талын урд, хойд талын хоёр дугуйг авсан дугуйг нь авахдаа би данхраадаж өргөөд Б дугуйг тайлаад Б блок тоосго зөөж эвсэн..." гэсэн мэдүүлэг /1хх-н 19-20/,
хохирогч Ш.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн үед өөрийн амьдардаг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Тоёота приус-30 тээврийн хэрэгслийг тавиад маргааш өглөө нь буюу 2021 оны 12 дугаар сарын 17-ны өглөө манай дүү П 7 цаг 30 минутад залгаад машины чинь 2 дугуй байхгүй байна гэхээр нь гараад хартал миний машины жолоочийн эсрэг талын урд болон хойд талын 17 инчийн сток обудтай 2 ширхэг дугуй алга болсон байсан...би алдагдсан 2 дугуйгаа нийтдээ 900.000 төгрөгөөр үнэлж байна..." гэсэн мэдүүлэг /1хх-н 36-37/,
хохирогч О.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед гэрийн гадна өөрийн машинаа байршуулж тавиад маргааш өглөө нь буюу 2021 оны 12 дугаар сарын 17-ны өглөө 07 цагийн үед гэрээсээ гарч харахад машины жолооч талын урд талын дугуй байхгүй байхаар нь хичээлдээ сууж ирчхээд цагдаад 13 цагийн үед дуудлага өгсөн...би 400.000 төгрөгөөр үнэлж байна...гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1хх-н 104/,
хохирогч Э.З-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн орчимд “Тоёота приус-30” маркийн авто машин байршуулж тавьсан. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 11 цаг 22 минутын орчим гарч ирэхэд жолоочийн эсрэг талын хойд 1 ширхэг дугуй алдагдсан байсан...би алдагдсан дугуйгаа 400.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1хх-н 104/,
гэрч Д.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг байхгүй үед манай эхнэр А-д 4 ширхэг дугуйг авч ирж өгөөд 500.000 төгрөгийг шилжүүлж аваад явсан байсан...би тэр хүүхдүүдэд 4 ширхэг дугуй олж өгөхийг захиалсан дарамталсан юм байхгүй. Б өөрөө л надад “манай найз машинаа зарна, дугуйгаа авч үлдэнэ гэж байна лээ” гэж ярихаар нь “ахдаа гайгүй аваад өгчхөөрэй” гэж хэлсэн чинь тэгье гээд зөвшөөрсөн... 4 обуд ижил 1-2 дугуй нь өөр байсан...” гэх мэдүүлэг /2хх-н 172/,
гэрч П.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн үед нөхөр байхгүй хөдөө явчихсан байсан...дугуйны мөнгө болох 500.000 төгрөгийг өөрийн данснаас Б-н данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх-н 207-208/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-н 99-117/,
“Дамно” ХХК эд хөрөнгийн үнэлгээ /2хх-н 180-181/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч И.Б, Э.Б, Л.Н нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм ашиглаж:
2021 оны 12 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах авто машины зогсоол дээр байсан иргэн Н.Б-н эзэмшлийн Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 500.000 төгрөгийн,
2021 оны 12 дугаар сарын 16-ны шөнийн 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, авто машины зогсоолд байсан иргэн О.С-н эзэмшлийн Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 230.000 төгрөгийн,
2021 оны 12 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто машины зогсоол дээр байсан Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 230.000 төгрөгийн буюу бусдад нийт 960.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан шинжийг бүрэн агуулсан, прокуророос тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч И.Б, Э.Б, Л.Н нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч И.Б, Э.Б, Л.Н нарын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүгдэгч нарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
Шүүх шүүгдэгч И.Б, Э.Б, Л.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч И.Б, Э.Б, Л.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элдүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б-д 500.000 төгрөг, хохирогч О.С-д 230.000 төгрөг, хохирогч Э.З-д 230.000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба дээрх хохирлыг шүүгдэгч нар нь төлж барагдуулсан байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь “БСБ Финанс ББСБ” ХХК-ийн эзэмшилд байх тул уг автомашиныг үнэлсэн хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон үнийн дүн буюу 10.473.149 мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500.000 төгрөг нийт 10.973.149 төгрөгийг шүүгдэгч нарын хувьд ногдох хөрөнгө орлогоос хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 3.657.716 гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр тогтов.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч И.Б, Э.Б, Л.Н нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч И.Б, Э.Б, Л.Н нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан И.Б, Э.Б, Л.Н нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б, Э.Б, Л.Н нараас тус бүр 3.657.716 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч И.Б, Э.Б, Л.Н нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Б, Э.Б, Л.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР