| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/1104/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/941 |
| Огноо | 2023-09-18 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/941
2023 09 18 2023/ШЦТ/941
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
улсын яллагч Д.Пүрэврагчаа,
хохирогч Т.А, Ж.Д,
шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч П.Гансүх нарыг оролцуулан эрүүгийн .......дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн .... суманд төрсөн, .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг ам бүл 2, нөхрийн хамтаар амьдардаг
урьд нь 1. Улаанбаатар хотын Найрамдлын районы ардын шүүхийн 1983 оны 5 дугаар 27-ны өдрийн 95 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110-р зүйлийн Б-ээр 4 жил, 109-р зүйлийн Б-ээр 5 жилийн хорих ял оногдуулж, хорих ялын доод хэмжээнээс доогуур тогтоож 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан,
2. Найрамдлын районы ардын шүүхийн 1987 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 66 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109-Б-ээр 5 жил, 110-Б-ээр 6 жилийн хорих ял оногдуулж урьдах тогтоолоор оногдуулсан 9 жилийн хорих заримыг нь нэмж нэгтгэн 10 жилийн хорих ял оногдуулж, 1992 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шүүхийн магадлалаар суллагдсан,
3. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 158 дугаартай ЭХ-ийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3-аар 8 жил, 123 дугаар зүйлийн 4-оор 3 жил, 131 дүгээр зүйлийн 2-оор 1 жил хорих ял оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн 12 жилийн хорих ял оногдуулснаас Монгол Улсын Өршөөлийн хуулийн 3-т зааснаар 2 жилийг өршөөлөөр хасаж 10 жилийн хорих ял онгогдуулсан,
4. Баянгол дүүргийн эрүүгийн шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 127 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3-д зааснаар 5 жил, 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жил ял оногдуулж хөнгөн ялыг хүндэд нь багтаан 5 жил хорих ял оногдуулж, урьд оногдуулсан хорих ялаас зарим хэсэг болох 8 жилийг нэмж 13 жилийн хорих ял оногдуулсан,
5. Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, урьд тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 2 жилийн хорих ял оногдуулж, 2007 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
6. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял, 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 200000 төгрөгийн хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэн 5 жил хорих ялаар, 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар 2 сар баривчлах ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Ц.Н (регистрийн дугаар),
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Ц.Н үргэлжилсэн үйлдлээр өөрийгөө үзэж хардаг хүн хэмээн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны хүнсний дэлгүүрийн эзэмшигч Ж.Д-н сүсэг бишрэлийг далимдуулан орлогын үүдийг нээж гарлагын үүдийг хааж өгнө засал хийнэ хэмээн хуурч мэхлэх аргаар эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг авч залилж нийт 1.679.130 төгрөгийн эд зүйл бэлэн болон дансаар 19.857.080 төгрөг авч нийт 21.536.200 төгрөгийн хохирол,
2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хямд түрээсийн байр олж өгч чадна хэмээн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, хашааны эзэмшигч Т.А-т зарах хашаа байшинг чинь худалдаж авна, мөнгө удахгүй хүү явуулна хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурах аргаар 15.000.000 төгрөгийг авсан,
Хашаа байшингаа түрээслүүлнэ гэж Үнэгүй.мн-д зар тавьсан байсан Г.Б-н байшинг түрээслэн сууна гэж 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нүүж орсон боловч түрээсийн төлбөр төлөөгүй хашаа байшингийн өөрийн эзэмшлийн хэмээн хуурах аргаар байшин дахь тавилгыг зарж 578.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн түүний сүсэг бишрэлийг нь далимдуулан би бөө, танайд засал хийх хэрэгтэй байна хэмээн хуурч мэхлэх аргаар 480.000 төгрөг авч нийт 1.058.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хохирогч Ц.О-д түрээслэх байр олж өгөхөөр тохиролцон зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хаан банкны дансаар 1.000.000 төгрөг шилжүүлэх авч залилсан,
2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өөрийгөө Н.Э-н дүү итгүүлэн Д.У-г түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулж байр авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын их дэлгүүрийн Хаан банкны салбарт Д.У-с 3.100.000 төгрөг шилжүүлэн авсан,
2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Ф.А хамтран ажиллаж түрээсийн төлбөрийг хамтран төлнө хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан ажиллуулж ажлын хөлс өгөөгүй, мөн өөрийгөө бөө хэмээн түүний сүсэг бишрэлийг нь далимдуулан ойр дотнын хүмүүст засал хийхгүй бол болохгүй хэмээн итгүүлэн хуурах аргаар эд хөрөнгийн үнэлгээгээр 1.698.600 төгрөг, бэлнээр болон дансаар 4.880.000 төгрөг, нийт 6.578.600 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б.О-д хувцас оёулж өгнө, цагаан идээ зарна, утас засуулж өгнө гэж хуурч, мэхлэх аргаар бэлэн мөнгө болон эд зүйлийг нь залилан авч 2.139.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Х.Б-д ахмадын байранд оруулж өгч чадна хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон “мөнгө байхгүй бол эгч нь өөрөө мөнгө гаргаад өгье үлдэгдлээ чи аргалаад өгчих” хэмээн хуурч өөрийн эзэмшлийн дансаар 400.000 төгрөг авч нийт 50.811.800 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Ц.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгч Ц.Н-н сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ц.Н нь үргэлжилсэн үйлдээр бусдыг залилж нийт 50.811.800 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Н нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилж нийт 50.811.800 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь:
Шүүгдэгч Ц.Н-г шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би Д гэдэг хүнээс 20.000.000 өгрөг авсан байх ёстой авсан мөнгөө хэнд гэдэг хүнд өгсөн гэдгээ одоо хэлмээргүй байна дараа хэлнэ. 5.000.000 төгрөгөөр 2 удаа авсан. Би өөрийгөө бөө гэж хэлээгүй надад таньдаг сайн бөө байгаа гэж хэлсэн түүнээр засал хийлгэнэ гэж архи, чихэр, жимс гэх зүйл авсан нь үнэн. Өөрийн нэг хүү болохгүй байна үзүүлээд өгөөч гэсэн түүнийг нь үзүүлтэл хулгай дээрмийн хэргээр шалгагдаж байгаа юм байна...” гэсэн мэдүүлэг /1хх-9-13, 90-91, 116-117, 139-140, 173-174, 2хх-112/,
хохирогч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт “…Өөрт учирсан хохирлоо шүүгдэгчээс нэхэмжилж байна...” гэв.
түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “…миний бие дэлгүүртэй хашаа байшин зарна гээд Үнэгүй.мн мөн хашаа байшин зарах фейсбүүк групп сайтууд дээр зар тавьсан бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гэсэн дугаараас над руу холбогдож зарах гэж байгаа хашаа байшинг чинь үзэж харъя гэж хэлээд Э гэх эмэгтэй нөхөр болон 20 гаран насны хүүхэд нь болох залуутай гурвуулаа ирсэн юм. Манай хашаа байшинг хараад худалдаж авна мөнгө төгрөгөө бэлэн болгоод хэлье гээд явсан бөгөөд миний дугаар руу 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр дугаараас залгаад та нүүх газраа олсон уу гээд асуусан бөгөөд Буянт ухаа 2 хороололд түрээсийн байр байгаа тэнд хямдхан оруулаад өгч чадна гэж хэлсэн юм. Тэгээд би үнэ өртгийг нь асуухад 15 сая төгрөгөөр 3 өрөө байр зарна гэж хэлсэн ба би тус байрыг очиж үзэж харалгүй 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 10 сая төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 5 сая төгрөгийг Хаан банкны данс руу шилжүүлсэн бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 20-ны орой утас нь холбогдохоо байгаад маргааш нь нэг өөр дугаараас над руу залгаад Багануур руу ажлаар явж байна удахгүй очоод яръя гэж хэлээд түүнээс хойш дугаар нь холбогдохоо байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-104, 106/,
хохирогч Ч.О-н “…Би 2018 оны 9 дүгээр сарын эхээр өөрийн амьдрах Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 9 дүгээр гудамж 149 тоот хашааг түрээслүүлэхээр үнэгүй.мн зарын сайтад зар байрлуулсан, оройн 19 цагийн үед дугаараас үл таних эмэгтэй хүн залгаж “маргааш очиж хашаа байшинг чинь үзье” хэмээн хэлсэн. Маргааш нь Зурагтын автобусны буудал дээр байна хүрч ирээд дагуулж яваад түрээслэх хашаагаа зааж өгөөч гэсэн, хашаа байшинд ирж түрээслэхээр болсон, хэзээ нүүж орж болох талаар асуухад нь би байр түрээслэхээр хайж байгаа талаараа хэлэхэд тухайн эмэгтэй “миний таньдаг дүү гадаад явахаар болчхоод жилийн 1.000.000 төгрөгөөр байраа түрээслэх гэж байгаа, би асуугаад өгье” гэж хэлсэн, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр тухайн эмэгтэй дахин гар утсаар холбогдоод “би дүүгийн түрээслүүлэх байрыг үзчихлээ, мөнгөө шилжүүлчих гэхээр нь тухайн хүний данс руу 15 цагийн үед 1.000.000 төгрөг шилжүүлсэн боловч гар утсаа унтраагаад одоо хүртэл холбоо барих боломжгүй болчхоод байгаа тухайн эмэгтэйг над руу мөнгөө шилжүүл гэж залгах үед нь би бэлнээр өгье гэхэд тэр эмэгтэй “энэ дүү нар надад л хямдхан түрээсэлье гээд байгаа юм. Чамайг харчихвал өөр хүн байна гээд түрээслэхээ больчих байх гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-130-131/,
хохирогч Д.У-н “…сургуульд эцэг эхийн хуралд очих үеэр урд нь Замын-Үүдэд хамт ажиллаж байсан Б гэдэг хүнтэй таарсан бөгөөд тэрнээс хойш хааяа уулздаг болсон. ...Б эгч надад “Н.Э намаас 30 байрны түрээсийн хөтөлбөрт хамруулж байгаа юм байна. нэг ордер 3.100.000 төгрөг байна. Би бас авах гэж байгаа, хоёулаа маргааш Э-н дүүтэй уулзъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яг үнэн үү” гэхэд үнэн надад итгэ, тэр том хүн болохоор нээх их юм ярих хэрэггүй шүү гэсэн. ...Маргааш нь 10 дугаар хорооллын эсрэг талын автобусны буудал дээр Б болон Н.Э-н дүү гэсэн Н гэдэг хүнтэй уулзаад Н нь би Н.Э дүү байгаа гэж өөрийгөө танилцуулж улмаар “түрээсийн байранд нэг хүн үлдсэн байгаа, би хүмүүсийн нэрсийг аваад явж байна, намын ажил болохоор намын байранд очиж ордерыг шивнэ” гэсэн, өөрийнхөө Н дансанд 3.000.000 төгрөг шилжүүлсэн, өөрийнхөө кредит картаас 100.000 төгрөг гаргаж өгсөн, Н-т 3.100.000 төгрөг, өөрийнхөө болон нөхөр болох С.Б-н иргэний үнэмлэх, тус бүр 3 хувь цээж зураг өгсөн. ...Маргааш 9 цагт Н-н утасны дугаар луу залгаж ярихад тэрээр “үйл ажиллагаа цуцлагдсан, Б та хоёрын ордерыг маргааш намын байранд өгнө, санаа зоволтгүй” гэсэн. Тэгээд маргааш нь Н-н утас руу залгахад холбогдохгүй байсан, дараа нь Б бид 2 МАХН-ын төв байрны гадаа уулзаж байхад Н.Б-н утас руу залгахаар нь би утсыг нь аваад ярьсан чинь “эгч нь том наймаа хийгээд мөнгөө хувааж авч байна” гэхээр нь та битгий худлаа яриад бай, би энэ хүнийг цагдаад өглөө гэхэд утсаа салгасан ба дахиж залгахад холбогдох боломжгүй болсон. Тэрнээс хойш уулзаж чадаагүй. Улмаар Б дагуулаад Н голд байдаг Н гэрт нь очиход үл таних 2 эмэгтэй байсан ба тэр хоёр эгч “та хоёр Н-н хамсаатан уу, энэ манай гэр Н нь түрээсэлж байсан, бид нарт хэлэхгүй нүүгээд явсан байна” гэж хэлсэн. Ингээд залилуулснаа мэдсэн, би Турк улс руу ажил хийх гэж байгаа тул хэргийн материал танилцах, шүүх хуралд суух боломжгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-150-151, 153/,
хохирогч Г.Б-н “…2019 оны 2 дугаар сард Үнэгүй.мн сайт дээр хашаа байшин түрээслүүлнэ гэсэн зар байршуулсан, удалгүй нэг эмэгтэй хүн утсаар холбогдож хашаа байшинг түрээслэхээр болж 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тэр эмэгтэй нүүж орсон. Анх түрээслэхдээ нэг сарын 100.000 төгрөг гэж тохиролцоод оруулсан. Тухайн үед тэр эрэгтэй шинийн 15 хүртэл даллага авхуулсан, түүнээс хойш мөнгийг өгнө өө гэж хэлээд орсон, нүүж орсон өдрөө над руу тэр эмэгтэй залгаж надад хэлэх юм байна, хүрээд ир гэхээр нь очиход яриа хөөрөө сайтай юм үзэж хардаг, өөрийгөө бөө гээд маш сайхан ярьсан. Тэгээд газар шороогоо аргадаж танайд маш том засал хийхгүй бол танай аав ээж үхэж үрэгдэх гээд байна, засал хийнэ 480.000 төгрөг болно. Үүнээс 200.000-аар нь аав ээжид чинь засал хийнэ үлдсэн мөнгөөр нь бусад зүйлээ хийнэ, маргааш ууланд очиж маш том засал, үйл хийнэ, мөнгөө яаралтай өг гэхээр нь итгээд маргааш өглөө нь өөрийн Хаан банкны мобайл ашиглан тэр эмэгтэйн өгсөн дансанд 480.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс 2-3 хоногийн дараа тэр эмэгтэй над руу залгаж хотын төвд уулзахад надад би зөндөө үйл үйлдсэн гээд арц, ганг, хүж, хамгаалалт гээд нэг зүйл идээний чихэр, боов зэргийг өгсөн. Эдгээрийг өгчхөөд танай гадаадад байдаг дүү осолд орох гээд байна, монедон гинж хэрэгтэй гээд 200.000 төгрөг, нөхөртөө чонын арьс ав гээд 180.000 төгрөг нэхээд байхаар нь сонин санагдаад өгөөгүй. 2019 оны 3 дугаар сарын 10-ны хавьцаа манай ээж С-рүү гаднаас үл таних хүн залгаж танайх 5 сая төгрөгөөр хашаа байшингаа зарах гэж байгаа юм уу би танай хуучин тавилгыг авсан хүн байна аа гэж ярьсан байхаар нь манайх хашаа байшингаа түрээслүүлж байгаа юмаа манай эд зүйлийг зарах ёсгүй гэж хэлээд маргааш нь эд зүйл худалдаж авсан гэх хүнтэй уулзахад надтай дугаараар зарын дагуу тавилга зарна гэсэн эмэгтэй хүнтэй холбогдож очиж үзээд мөнгөө шилжүүлээд 2-3 хоногийн дараа очиж авсан. Тэгэхэд тэр эмэгтэй надад түлхүүрээ үлдээсэн мөн хашаа байшингаа зарна урьдчилгаа 1 сая төгрөг өгчих гэж хэлсэн талаар манай хуучин тавилгыг худалдаж авсан хүн надад хэлсэн. ... Миний тооцоогоор түрээсийн 100.000 төгрөг, дээрээс нь дансаар өгсөн 480.000 төгрөг, тогийн 12.000, хуучин тавилгуудын үнэ зэрэг байгаа болно.Тавилгуудын зарим нь зарагдсан, зарим нь зарагдаагүй байгаа, эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1хх-187-188, 190/,
хохирогч Ф.А-н “…миний өөрийн дугаарын утас руу .........дугаартай утаснаас нэг үл таних эмэгтэй залгаад “захиалгаар юм оюулах гэсэн юм, та ажил дээрээ хэзээ ирэх вэ” гэхээр нь би өдөр очно гэж хэлээд тасалсан бөгөөд тэр өдрөө би оёдлын цех дээрээ иртэл нөгөө утсаар ярьсан үл таних эмэгтэй гаднаас оройхон ирээд надтай ярилцаж надтай хамтран ажиллах санал тавиад миний сарын түрээсийн мөнгө болох 180.000 төгрөгийг хуваан төлөх саналыг би хүлээн зөвшөөрөөд хамтран ажиллах болсон. ...Н гэх эмэгтэйн олж ирсэн хувцаснуудыг би оёдог байсан бөгөөд тэр эмэгтэй өөрөө гаднаас материалаа болон хэмжээгээ авчраад л би тэр хэмжээгээр нь хэлсэн хувцсыг нь оёдог байсан бөгөөд тэр хугацаанд тэр эмэгтэй Халамжид ажилладаг гэх эмэгтэйд болон мужаан гэх нэг залууд, мөн өөрийн нөхөр хүүхдэд хүртэл баахан хувцас оёулсан, надад нэг ч төгрөг өгөөгүй бөгөөд би тухайн үед Н-н олж ирсэн ажилд дарагдсан болохоор өөрөө ажил авахаа байсан. Тэгээд зөвхөн Н-н олж ирсэн хувцаснуудыг л оёсоор байгаад л цагаан сар болгосон, орсон орлогыг бүгдийг нь Нараа авдаг байсан, сүүлдээ Н нь надад өөрийгөө би бөө гээд манайхантай Н өөрөө утсаар яриад зарим нэгнийх нь нөхрийг архинаас гаргана гэж хэлээд манай 3 эгчээс болон манай хүргэчүүдээс засал хийнэ гээд цагаан идээ, мах, сүү, нэрмэл архи гээд зөндөө юм авсан, дээрээс нь мөнгө төгрөг хүртэл авсан бөгөөд зүүж байсан алтан ээмэг, бөгж зэргийг нь хамгаалалт хийж өгнө гэж авсан, ...надаар оёулсан зүйлс /жагсаалт гаргасан/ бөгөөд өөрийнхөө засалд 100.000 төгрөг, 10 төрлийн цагаан идээ авна гэж 70.000 төгрөг, хүүгийн засалд 70.000 төгрөг, хулдаасны захиалгын мөнгө гэж 30.000 төгрөг, миний ажлын мөнгөнөөс хонины мөнгө 49000 төгрөг авсан. Хүүд жолооны үнэмлэх авч өгнө гэж 100.000 төгрөг, миний өөрийн оёсон хүүхдийн 7 ширхэг хувцсыг 100.000 төгрөгт зарж өгнө гэж аваад мөнгө өгөөгүй, мөн хүний булган, Солонгос богино шубыг зарж өгнө гэж аваад өгөөгүй 500.000 төгрөг. Манай ээж эгч нарт Баавгайн чих өгнө гэж хэлээд надаас 60.000 төгрөг авсан, оёсон дээлүүдийн зураг, 8 ширхэг, 35 дээл хувцасны зураг, дансны хуулга 5 хуудас, ажлын дэвтрийн хуулбар 4 хуудас, хүлээлгэн өгч байна...” гэсэн мэдүүлэг /2хх-168-173/,
хохирогч Ж.Д шүүхийн хэлэлцүүлэгт “…Өөрт учирсан хохирлоо шүүгдэгчээс нэхэмжилж байна...”гэв.
түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “…2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нэг эмэгтэй хүн манай хүнсний дэлгүүрээр үйлчлүүлсэн юм. Тэр хүн удаа дараа орж ирэн үйлчлүүлэн танил болсон юм. Нэг өдөр эгч нь үзэж хардаг танай хүнсний дэлгүүрийн орлогын үүд хаагдаж, зарлагын үүд нээгдэж эгч нь янзлаад өгье эгчдээ мөнгө өгчих гээд удаа дараа итгэл эвлэн мөнгө болон бараа материал авч залилан мэхэлж сэтгэл санаа болон бие мах бодийн хохирол учруулсан 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр чиний наад үсэнд чинь муу муухай юм шингэчхэж хийморь сүлд чинь доройтсон байна чи наад үсээ хусуул би эхлээд гар хүрнэ гээд миний үсийг хуссан. Ц.Н нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 21536200 төгрөг залилан мэхэлж итгэл эвдэн авсан байна...” гэсэн мэдүүлэг /1хх-55-56, 57, 59, 61/,
хохирогч Б.О-н “…2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ц.Н гэх эмэгтэй ирээд танайд туслахаар ажиллах гэсэн юм гэж ирсэн. Тэгээд би тэр хүнийг туслахын ажилд авахдаа бүртгэл хөтлөх гэхэд уг эмэгтэй нь надад бичиг баримт байхгүй эгч нь найдвартай, оёдол хийнэ гэхээр итгээд бүртгэл хөтлөхгүй ажилд аваад сарын 550.000 төгрөгийн цалин авахаар тохирсон. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажиллаж байгаад нэг өдөр амраад ирье гэж хэлээд явахдаа хөдөөнөөс ах дүү нар ирж байгаа би чамд цагаан идээ авах уу гэхээр нь авъя гэтэл нөгөө хүмүүст хэлсэн байгаа одоо хөдөө явах гээд байна, бэлэн мөнгөөр төлнө гээд надаас 300000 төгрөг аваад, мөн манайд байсан чонын арьс янзлуулж өгье гэж хэлээд 150000 төгрөг авсан, мөн шавиараа дээл хувцас оёулна гээд 100.000 төгрөг, дээл хувцас оёж байгаа хөлс гэж 350.000 төгрөг авна гэхээр нь хүү Мэргэнээс 350.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлж аваад Н эгчид өөрөө АТМ-с авч бэлэн өгсөн. Ингээд нийтдээ 900.000 төгрөг өгсөн. Бараа материал гэвэл бараа авч явахдаа шинэ буйданг чонын арьс авсан хүн маань цагаан сар болж байгаа юм чинь арьсныхаа оронд буйдан авчихъя гээд манай гэрээс буйдан аваад явсан. ... миний утас ажиллахгүй байсан, Н эгч надад утас засдаг таньдаг хүн байгаа би янзлуулаад өгий гэж хэлээд Самсунг эс 5 маркийн гар утас аваад явсан одоо хүртэл эргүүлж өгөөгүй ээ. Самсунг эс 5 маркийн гар утас, шинэ гэрийн ор болдог энгийн буйдан, зөөлөвчтэй том сандал 4 ширхэг, чонын арьс, буйдангийн бүрээс 10 хос зэрэг эд зүйл залилж авсан...” гэсэн мэдүүлэг /2хх-119-120, 121-122, 124-125/,
Гэрч Б.Д-н “...ээж Ж.Д нь Н.Н гэх хүнд залилуулсан, ээжийн бие өвдөөд Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа, ээждээ хохирлын хэмжээг хэлсэн, ээж хүлээн зөвшөөрсөн, урьд өгсөн мэдүүлэг дээр байгаа хохирлын хэмжээ бүгд үнэн зөв орсон байна гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 68/,
Гэрч Ж.Н-н “...дүүгийнхээ гэр ороход манай дүү Н.Д нь энэ манай хуурай эгч байгаа юм, үзэж хардаг хүн гэж хэлсэн, манай дүү нар болон бүгдийг нь засаж өгнө хэмээн баахан юм шаардаж авсан, надаас авсан зүйл байхгүй, н.Д-с авсан байгаа…” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 70/,
Гэрч Ч.Тн “...би Ц.Н хамтран амьдрагч, албан ёсны баталгаа байхгүй, Н.Н намайг хашаа байшин үзээд ир гэж хэлсэн, 110 сая гэж байна чи яаж авахын гэсэн чинь Морингийн давааны тэнд газар байгаа, түүнийгээ зараад авна гэсэн, Н.Н бөөлдөг талаар мэдэхгүй, миний нүдэн дээр л лав бөөлж байгааг хараагүй, надад Н ямар нэгэн мөнгө харуулдаггүй, тэтгэврийн халамж гэж 100000 төгрөг авдаг, өөр мөнгө төгрөг хаанаас олдог талаар мэдэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 70/,
Гэрч Б.Б-н “...2019 оны 3 дугаар сарын дундуур түрээсэлж байсан байрнаас гарах гээд эд хогшлуудаа зарахаар зар тавьсан байсан. дугаараас залгаж зарын дагуу ярьж буйдан авья аа гэж залгасан. Тэрнээс хойш надтай танилцаад өөрийгөө Н “би оёдолчин хийж байгаа, дээл оёулахаар байвал эгчдээ хэлээрэй” гэсэн. Тэрнээс хойш Н нь байнга утсаар холбогддог, өөрийгөө бөө гэж хэлээд, үзүүлж байгаарай, охиноо дагуулж ирээд үзүүлээрэй” гэсэн.Тэгээд охин бид хоёрыг үзээд та 2 засал хийлгэ гэсэн.Тэгээд би засал хийлгээд, идээ, мах, хувцас хунар өгөөд байсан. Сүүлдээ ээж, дүүгээ үзүүлсэн. Улмаар тэр хүн би УИХ-ын гишүүдэд засал хийдэг, Н.Э-г арыг даадаг гэж хэлсэн. ...Сарын өмнө Н эгч утсаар ярьж түрээсийн байр мэдэх үү, чамд тийм боломж олдоод байна, чамайг хамруулж өгье, нэг байр үлдсэн шүү чи таньдаг хүн байвал хэлээрэй, хамаагүй хүнд хэлж болохгүй шүү гэхээр нь танил болох У-тай уулзаад түрээсийн байр хөтөлбөрөөс Н.Э-н нам ахмадуудад тарааж, бэлэг тарааж байгаа юм байна, надад нэг эгч байдаг, хамаатан нь юм байна, эгч нь дүүдээ авч өгөх гээд чадсангүй, найз чи байранд ороо, би хүнтэй уулзуулаад өгье гэж хэлсэн. ...У нь 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хаан банкны АТМ-ээс 3.100.000 төгрөг авч өгсөн. Тэгээд Н эгч яараад байсан болохоор У-г явуулсан. Н эгч дахиж нэг байр гарсан хүн олоорой миний утас хаагдана шүү, намын нууц ажилтай, бүх юмыг гардуулах ёслол даваа гарагт болно гэж хэлсэн …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 156-157/,
Гэрч Д.Д-н “...би зарын сонинд болон цахим хуудсанд цэвэрхэн эдэлсэн тавилга авна гээд зар байршуулдаг, дээрх айлаас жижиг мөлхөө цагаан өнгийн зурагтын суурь, оффисын зориулалттай саарал өнгийн шүүгээ, эвдэрхий гоо сайхны толь, хөл нь эвдэрсэн жижиг ширээ, эвдэрхий угаалгын машин, модон угаалтуур, жижиг хятад хөргөгч, урагшаа татдаг гар хийцийн буйдан, зэрэг эд зүйлийг нийтэд нь 350.000 төгрөгөөр худалдан авсан үнэ дээр унааны 30.000, ачигчийн 20.000 төгрөг төлсөн, тэр хүн анх эд зүйлээ зарахаас 5-7 хоногийн өмнө над руу эхэлж би байранд орсон юмаа тэгээд гэрт үлдсэн тавилгаа зарах гэсэн юм, ирээд үзээд үнэ тохироод авчхаач гэж анх холбогдсон, тэр хүн байнгын залгаж авахыг хүсдэг байсан, надад тавилгаа зарахдаа энэ хашаа байшинг 5 сая төгрөгөөр зарна, урьдчилгаа сая төгрөг өгчих гэж яриад байсан. Манай хүү байшинг худалдан авах санаатай асууж тодруулаад явахад хүн түрээсэлсэн, өөр хүний байшин болох нь мэдэгдсэн. Би мөлхөө болон хөргөгч буйдан, угаалтуурыг зарчихсан харин толь, шүүгээ ширээ нь манай агуулахад байгаа, гомдол санал нэхэмжлэх зүйл алга…” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 195-196/,
Гэрч Ф.Д-н “...дүү А-тай холбогдоход “Бушуухан заслаа хийхгүй бол хот чинь харлана, хамаг мал чинь сүйрлээ засал ном бушуухан хийлгэ” гэсэн, тэр Н гэх эмэгтэй ч надтай А-н утсаар ярьж одоо хонь мал чинь хавар болохоор сүйрч харлах гээд байна, би өөрөө бөө хүн байгаа юм. “Бөө буухаараа чиний засал номыг чинь хийж өгнө, танай аав чинь тэнгэрээс орж ирээд охидуудад туслаач гэсэн тэгээд эгч нь та нарт туслах гээд явж байна” гэж хэлсэн. Тэгээд засал номоо хийлгэхэд 1.000.000 төгрөг хэрэгтэй, мөн адууны болон хонь ямааны мах хэрэгтэй гэсэн. Махаар өргөл барьц барих хэрэгтэй, мөн алт монедон эдлэлээр та нарт хамгаалалт хийх бөгөөд надад өгсөн мөнгөнөөс нэг ч үлдэхгүй бүгд та нарт үлдэнэ гэж хэлсэн. итгээд эхлээд 1.000.000 төгрөг төрсөн дүү А-н Хаан банкны данс руу данснаас шилжүүлсэн, Нараа нь хэлэхдээ “танай охинд тусгайлан хамгаалалт хийхгүй бол болохгүй байна, засал хийнэ сая явуулсан мөнгө чинь хаана ч хүрэхгүй байна дахин мөнгө явуул” гэхээр нь чи 130.000 төгрөг мөн А-н данс руу банкнаас шилжүүлсэн, Г гэх эмэгтэй хамаатны дүүгээ хот руу явахаар нь бүтэн хонины болон 1 бүтэн ямааны мах 28 килограмм адууны мах, 5 литр нэрмэл архи явуулсан. Өөрийн хуримын хос монетон бөгж /500.000 төгрөгийн үнэтэй/-ийг явуулсан. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “малын бурхан бүтээнэ, Гүнгэрваа хийнэ” гэхээр нь 300.000 төгрөг бас А-н дансанд хийлгэсэн, цагаан сарын өмнө байхаа “засал хийлгэхэд хэрэгтэй” гэхээр нь 1 бүтэн хонины мах 5 литр нэрмэл архи явуулсан, цагаан сарын хотод би өөрөө ирсэн бөгөөд ирэхдээ 1 бүтэн хонины мах, 10 литр нэрмэл архи авчирсан, тэгээд уг Н уулзана гэхэд “өргөмөл хүү маань хүний гарт алагдчихлаа” гэж хэлээд ирээгүй, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хамгаалалтад хэрэгтэй гэхээр нь нөхрийн эмээлийн 4 ширхэг мөнгөн бааврыг авчирч Н-д өгсөн, 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр уулзана гэж байсан хүн байхгүй алга болсон. би тэтгэврийн зээлтэй болохоор миний данс руу ерөөсөө болохгүй гэж байсан, тэгээд л А-тай хамт ажилладаг болохоор А-н данс руу хий гэж байсан, хэрэгт хохирогчоор орохгүй, манай дүүгийн дансаар мөнгө авч байсан болохоор манай дүү А хэрэгт хохирогчоор орно, Хэнтий аймагт байдаг учраас байнга наашаа цаашаа явж чадахгүй, хэрэгт хохирогчоор оролцох хүсэлт байхгүй, манай дүү А хэрэгт хохирогчоор намайг төлөөлнө. Мөнгөн бааврын хэмжээг нь мэдэхгүй, дунд гарын гэдэг бөгөөд 1.000.000 төгрөгөөр үнэлнэ…” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 174-175/,
Гэрч Ф.Б-н “...төрсөн дүү болох А-н ажлаар манай том хүү Б ороод гарсан юм байна лээ.Тэгсэн манай дүү А-тай хамт ажиллаж байсан эмэгтэй болох өөрийгөө Н гэж танилцуулсан эмэгтэй манай дүү А руу хандан “уг сая ороод гарсан хүүхдэд засал хийлгэж хамгаалалт хийхгүй бол болохгүй болсон байна” гэж хэлсэн байсан. Тэгээд тэр оройдоо манай дүү миний гар утас руу залгаад хамт ажилладаг Н гэх эмэгтэй нь “танай хүүхдэд засал хийж хамгаалалт тогтоохгүй бол болохгүй болсон байна” гэж хэлсэн.Тэгэхээр нь тэр үгэнд нь итгээд ээжийгээ үзүүлэхэд бас “муу байна, засал хийлгэ, насыг нь уртасгаж өгнө” гэж хэлсэн байхаар нь итгээд ээжид засал хийлгэх гэж тухайн эмэгтэйд өгөх нэрийдлээр дүү А-н данс руу 370.000 төгрөг, 2018 оны 07 дүгээр сарын 08-ны өдөр хийсэн. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хамгаалалтын мөнгөн гинж авах гэж 120.000 төгрөг А-н дансаар явуулсан. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ээжийн алтан бөгж 450.000 төгрөгийн үнэтэй, өөрийн алтан ээмэг бөгж 380.000 төгрөгийн үнэтэй, мөн хуучин монедон ээмэг 200.000 төгрөг, өөрийн монедон ээмэг 420.000 төгрөгийн үнэтэй зүйлсийг шуудангаар явуулсан. 3 килограмм мах хамт явуулсан бөгөөд махаа үнэлэхгүй. Мөн хүү Б-н засал хийлгэх гэж 500.000 төгрөг, хүү Э-н засалд гэж 500.000 төгрөг, Н-н буулгадаг эмээгийн гуталд шаардлагатай гэж 60.000 төгрөг Э-н дипломыг янзалж өгнө гэхээр нь 800.000 төгрөг манай гэр бүлийнхний мөнгө даллаж өгнө гэхээр нь 60.000 төгрөг, Э-н хамгаалалт болон Н-н буулгадаг эмээгийн олбогод гэж 150.000 төгрөг, хамгаалалтын бугуйвч хийлгэнэ гэж 40.000 төгрөг, Н-н үеэл эгч нь нас барсан гэхээр нь тусламж гэж 50.000 төгрөг, бас Н-н хүү нас барсан гэхээр нь буяны ажилд шаардлагатай шар тосны мөнгө 15.000 төгрөг, хадгийн 8.000 төгрөг, тусламж болгож бэлэн 60.000 төгрөг бэлнээр өөрт нь гарт нь өгсөн. ...Тухайн үед би хотод ирсэн байсан, Н-н өвгөнөө буулгах үед түших түшээд нь зориулан бэлэг гэж 40.000 төгрөг бэлнээр мөн Нараад өгсөн, ингээд миний зүгээс нийт Н-т 2.773.000 төгрөг бэлнээр болон дансаар өгөөд мөн дээр нь нэмж 2 ширхэг алтан бөгж, 2 ширхэг монедон ээмэг өгсөн байгаа юм.Тэр хүний данс руу хийх гэхээр Н өөрөө А-н данс руу хийчхээрэй, миний данс руу хийхээр банканд өртэй болохоор шууд татаад авах гээд байдаг юм гэж хэлээд байдаг болохоор нь зөвхөн төрсөн дүү А данс руу хийдэг байсан, харин А нь өөрийн дансаар аваад бэлэн мөнгө болгож гарган аваад Н өгдөг байсан юм. ...Хохирогчоор орохгүй, манай дүүгийн дансаар мөнгө авч байсан болохоор манай дүү А хэрэгт хохирогчоор орно, миний өмнөөс миний алдсан хөрөнгийг нэхэмжилнэ, А л бүх л юмыг хэлээд байна гэхээр нь мөн манай аав болон ээж, хүүхдүүдийн талаар яриад байхаар нь тэр ярьсан зүйлс нь ортой байгаад байхаар нь л итгэсэн юм...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 176-177/,
Гэрч Д.Б-н “... Н гэх эмэгтэйг мэднэ манай буйдангийн үйлдвэрт ажиллаж байгаад 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр манай буйдангийн үйлдвэрээс бараа материал бэлэн мөнгө залилан авч явсан. Тухайн эмэгтэйг бид ар настай тогтвортой гэж бодон итгэн ажиллаж байсан, маш зальжин зантай настайгаар далимдуулж бусдын итгэлийг олж авдаг эмэгтэй байсан. Тухайн эмэгтэй нь манайд 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр манайд ажилд ороод 02 дугаар сарын 02-ны өдөр манайхаас бараа материал бэлэн мөнгө залилан авч явсан. Н нь хааяа гадуур явахаараа маск зүүж нүүрээ нууж явдаг байсан би тухайн үедээ юм бодоогүй одоо бодоход нүүр царайгаа нууж явдаг байсан байж магадгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 128-129/,
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-96-97, 183, 184-188/,
Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-76-78, 204, 2хх-133/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ц.Н үргэлжилсэн үйлдлээр өөрийгөө үзэж хардаг хүн хэмээн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны хүнсний дэлгүүрийн эзэмшигч Ж.Д-н сүсэг бишрэлийг далимдуулан орлогын үүдийг нээж гарлагын үүдийг хааж өгнө засал хийнэ хэмээн хуурч мэхлэх аргаар эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг авч залилж нийт 1.679.130 төгрөгийн эд зүйл бэлэн болон дансаар 19.857.080 төгрөг авч нийт 21.536.200 төгрөгийн хохирол,
2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хямд түрээсийн байр олж өгч чадна хэмээн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо хашааны эзэмшигч Т.А-д зарах хашаа байшинг чинь худалдаж авна, мөнгө удахгүй хүү явуулна хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурах аргаар 15.000.000 төгрөгийг авсан,
Хашаа байшингаа түрээслүүлнэ гэж Үнэгүй.мн-д зар тавьсан байсан Г.Б-н байшинг түрээслэн сууна гэж 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нүүж орсон боловч түрээсийн төлбөр төлөөгүй хашаа байшингийн өөрийн эзэмшлийн хэмээн хуурах аргаар байшин дахь тавилгыг зарж 578.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн түүний сүсэг бишрэлийг нь далимдуулан би бөө, танайд засал хийх хэрэгтэй байна хэмээн хуурч мэхлэх аргаар 480.000 төгрөг авч нийт 1.058.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хохирогч Ц.О-д түрээслэх байр олж өгөхөөр тохиролцон зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хаан банкны дансаар 1.000.000 төгрөг шилжүүлэх авч залилсан,
2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өөрийгөө Н.Э-н дүү итгүүлэн Д.У-г түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулж байр авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны салбарт Д.У-с 3.100.000 төгрөг шилжүүлэн авсан,
2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Ф.А-тай хамтран ажиллаж түрээсийн төлбөрийг хамтран төлнө хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан ажиллуулж ажлын хөлс өгөөгүй, мөн өөрийгөө бөө хэмээн түүний сүсэг бишрэлийг нь далимдуулан ойр дотнын хүмүүст засал хийхгүй бол болохгүй хэмээн итгүүлэн хуурах аргаар эд хөрөнгийн үнэлгээгээр 1.698.600 төгрөг, бэлнээр болон дансаар 4.880.000 төгрөг, нийт 6.578.600 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг оёдлын цехэд ажиллаж байхдаа иргэн Б.О-д хувцас оёулж өгнө, цагаан идээ зарна, утас засуулж өгнө гэж хуурч, мэхлэх аргаар бэлэн мөнгө болон эд зүйлийг нь залилан авч 2.139.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Х.Б-д ахмадын байранд оруулж өгч чадна хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон “мөнгө байхгүй бол эгч нь өөрөө мөнгө гаргаад өгье үлдэгдэлээ чи аргалаад өгчих” хэмээн хуурч өөрийн эзэмшлийн 5014417003 дугаарын дансаар 400.000 төгрөг авч нийт 50.811.800 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Н-г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Ц.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдоогүй ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ц.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Ц.Н дээрх үйлдлийн улмаас нэр бүхий хохирогч нийт 50.811.800 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирогч нар учирсан хохирлоос төлж барагдуулсан хохирол байхгүй байна.
Иймд шүүгдэгч Ц.Н-с нийт 50.811.800 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Д-д 21.536.200 төгрөг, Т.А-д 15.000.000 төгрөг, Ч.О-д 1.000.000, Д.У-д 3.100.000 төгрөг, Г.Б-д 1.058.000 төгрөг, Б.О-т 2.139.000 төгрөг, Ф.А-д 6.578.600, Х.Б-д 400.000 төгрөгийн тус тус олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Н-н энэ хэрэгт 298 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.Н хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Ц.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Ц.Н-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-н цагдан хоригдсон 298 хоногийг түүний эдлэх ялд оногдуулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Н-с 50.811.800 төгрөгийг гаргуулж, Ж.Д 21.536.200 төгрөг, Т.А 15.000.000 төгрөг, Ч.О 1.000.000, Д.У 3.100.000 төгрөг, Г.Б 1.058.000 төгрөг, Б.О 2.139.000 төгрөг, Ф.А 6.578.600 төгрөг, Х.Б 400.000 төгрөгийг тус тус олгосугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.Наранцэцэгийн эдлэх ялыг 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР