Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/129

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

улсын яллагч Я.Д,

орчуулагч, хэлмэрч

шүүгдэгч К.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч К.Ержан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Хожа ургийн овгийн Каримханы Ат холбогдох 2313000000156 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 07 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын... дугаар багт оршин суух хаягтай, урьд нь 1) Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1/9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 2) Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5/7 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, 3) Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 231 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Хургийн овгийн Кы А, регистрийн дугаар Б,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч К.А нь согтуугаар 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Жигер” барилгын материалын дэлгүүрийн урд талын зогсоолд хохирогч М.Хийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг:

2. 2313000000156 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн М.Хээс 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

2.2. Эрүүгийн цагдаа, дэд ахлагч С.Ариунболдын  2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр бичсэн илтгэх хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),

2.3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4 дэх тал),

2.4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-11 дэх тал),

2.5. Хохирогч М.Хийн хэрэг учрал болох үед өмсөж явсан гэх хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-14 дэх тал),

2.6. Гар утсаар бэхжүүлсэн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

2.7. Гар утсаар бэхжүүлсэн дүрс бичлэг, 1 ширхэг хүний шүдийг тус тус эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 21 дэх тал),

2.8. Хохирогч М.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байсан юм. Миний бие таксинд яваад 20 орчим жил болж байна. Тэгээд дээрх өдөр таксинд явахаар “Ак дам” захын урд хүү Х.Нуртуганы эзэмшлийн 68-58 БӨТ улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Тоёота ист” /Тоуоtа ist/ загварын тээврийн хэрэгсэлтэй такси зогсоолд зогсож байхад урьд нь намайг таксинд авч ийш тийш хүргүүлдэг байсан Озат нэг залуугийн хамт ирж “айлд хүргүүлье” гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр хоёрыг суулгаж аваад явж байхад Озат Сагсай явах зам дагуу байдаг “Скай палас” хуримын ордны тийшээ очоорой гэхээр нь би тэгье гэж хэлээд хэлсэн газарт нь очсон. Тэр газар нь тухайн хуримын ордноос зүүн тийшээ байдаг айл юм байна лээ. Тус айлын гадаа очиход Озат цуг яваа залуугийн хамт машинаас бууж, надад хандаад “хүлээж байгаарай, орчхоод” ирнэ гэхээр нь “тэгье” гэж хэлсэн юм. Тэгээд машин дотор хүлээгээд сууж байсан чинь нээх удаагүй намайг гэрт орж хоол идээрэй гэхээр нь би машинаас буугаад тэр айл руу орсон юм.

Орсон чинь мах чанасан, гурил тавьсан байсан. Озаттай цуг явж байсан залуугийн нэрийг нь А гэсэн бөгөөд тэр намайг хоол идээрэй гэхээр нь ширээнд суусан. Тэр нөхрийн зан байдал, ярьж байгаа үг нь эвгүй байхаар нь хурдан гэрээс нь гармаар санагдаад хоолноос нь амсчхаад эргээд гарсан юм. Миний араас Озат, А нар гарч ирээд “эргээд зах хүргэж өгөөрэй” гэж хэлсэн. Миний машины жолоочийн хажуугийн урд талын суудалд А хойно миний арын суудлын чанх хойно нь Озат сууж явж байсан.

Гэрээс нь хөдлөөд зах руу явж байх зам дагуу байсан дэлгүүрээс юм авна гээд А намайг машинаа зогсоо гэхээр нь машинаа дэлгүүрийн гадаа зогсоосон. Тэрээр ганцаараа дэлгүүрт ороод 1 шил архи, 1 ундаа авч гарсан. Тэгээд зах руу явах зам дагуу нийт 2 удаа зогссон байх, нөгөө дэлгүүрээс авсан архи, ундаагаа А өөрөө ганцаараа ууж дуусгасан.

...Ингээд замд явж байхад тэр А намайг өдөж хоргоогоод “машинтай чинь цуг шатаачих уу” энэ тэр гээд байхаар нь ер нь энэ нөхрийг камертай газарт буулгахгүй бол эвгүй нөхөр байна гэж бодоод шууд “Жигер” барилгын материалын дэлгүүрийн урд зогсоолд буулгахаар болсон юм. Тэгээд хойно сууж байгаа Озатыг хэзээ буусан болохыг санахгүй байна, нэг эргэж харсан чинь машинаас буусан байсан. Таксины хөлс 12.000 төгрөг гарсан байсан. ...Озат нь 6000 төгрөгийг төлөөд, үлдэгдлийн Аээс авахаар байсан чинь түүнд мөнгө байгаагүй. Тэгэхээр нь за за хая гэж бодоод машинаас буучих гэсэн чинь тэр миний машины урд талын хайрцагт шүлсээ хаясан. Тэгэхээр нь “чи яаж байгаа юм бэ, машинаас буу” гэсэн чинь баруун гарынхаа чигчий болон долоовор хуруугаа гозойлгож гаргаад бусад хуруунуудаа нугалаад миний хүзүүний төвөнх хэсэгт 2 удаа хатгаж аваад намайг машинаас буулгаж өг гэж хэлсэн.

Тэгэхээр нь ер нь энэ нөхрийг машинаас буулгахгүй бол асуудалтай юм байна гэж бодоод машины жолооч талын хаалгаар буугаад, машины араар тойроод тэр Аийн сууж байсан урд талын хаалгыг татаад онгойлгоод гараас нь барьж татаад буулгаж байсан чинь дахин машинтай чинь цуг шатаана энэ тэр гэхээр нь шууд уурлаад зүүн гараараа 1 удаа түүний зүүн талын шанаа хэсэг рүү цохиод, нуруунаас нь түлхэж холдуулсан. Түүнийг цохих явцад миний толгойд байсан саравчтай малгай хийсээд газарт унасан. Малгайгаа тонгойж газраас авч байхад А “хүрээд ир үзэх үү” гэж хэлэхэд нь би түүнд дөхөж очоод гэдэс тус газарт нь зүүн гараараа цохичхоод холдоод явж байхад тэр араас ирээд баруун, зүүн гараараа ээлжлээд миний нүүрэн тус газарт цохиод байсан. Хэд дэх удаагийн цохилтод унасан эсэхийг мэдэхгүй байна, ямартай ч цохиулчхаад газарт унасан байсан малгайгаа авах гэж тонгойход аман дотор сул унасан шүд байгаа нь мэдрэгдсэн.  Тэгэхээр нь машины урд хэсэг рүү ирж зогсоод унасан шүдийг цустай хамт гаргаад нөгөө шүдийг ялгаж аваад гартаа бариад машиндаа суусан. Тэгсэн араас ирээд дахин хэд, хэдэн удаа намайг цохисон. Тухайн үед даралт маань ихсээд манарсан байсан болохоор нэг бүрчлэн сайн санахгүй байна. Ямар ч гэсэн намайг цохиж байхад “Жигер” дэлгүүрийн туслах нь байх нэг залуу лав гараад ирсэн, салгаж байх шиг байсан. Ингээд машиндаа сууж байхдаа цагдаагийн байгууллагад мэдэгдээд хүү Нуртуган руу утсаар залгасан. Удахгүй цагдаа нар болон эмнэлгээс эмч ирээд намайг эмнэлэг рүү авч явсан.

Тухайн үед миний баруун талын хөмсөг задарсан, уруул сэтэрсэн, шүд унасан, энэ тэндээс цус гарсан байсан. ...МRI шинжилгээ хийлгэхэд 480.000 төгрөг бусад шаардлагатай эм тариаг авахад 217.700 төгрөг, одоогоор надаас гарсан зардал гэвэл 697.700 төгрөг болж байна. Энэ нь эмчилгээний явцад гарсан бодит хохирол дээр нэмж нэхэмжлэх зүйл гэвэл гэмт хэргийн улмаас миний 1 шүд унасан, нэг шүд маань хөдөлгөөнтэй болсон. Иймд шүд хийлгэх, эмчилгээ хийлгэхэд нийт 4.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Бүх эмчилгээ, цаашид гарах зардал гээд нийт 4.697.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөнгөний боломж бололцоогүйгээс шүд хийлгэж чадаагүй юм. К.Аийн зүгээс дээрх хохирлыг барагдуулж өгвөл шүд хийлгэх болно.” гэсэн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 25-326, 30 дахь тал), 

2.9. Гэрч Р.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дэлгүүрээс гарсан чинь нэг эрэгтэй хүн бас нэг эрэгтэй хүнийг зодож байсан. Тодруулж хэлэх юм бол хүмүүсийн хэлж сурснаар коббой малгай гэж хэлдэг тийм малгай өмссөн ах, саарал өнгийн куртиктэй, толгойдоо өмссөн байсан малгай нь газарт унасан байсан уу, газарт лав нэг малгай хэвтэж байсан ба тэр ахыг гараараа хэд хэдэн удаа толгой тус газарт нь цохисон. Тэр цохиж байсан ахад “боль та” гэж хэлсэн боловч тэр ах хувцсаа тайлснаа нөгөө нэг саарал куртиктэй ахыг гараараа нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа цохисон. Тэгсэн нөгөө саарал куртиктэй ах машины зөв талын урд суудалд очиж суусан. Тэгсэн нөгөө нэг цохиод байсан халзан ах араас нь очиж машины хаалгыг нээж дахин гараараа нөгөө саарал куртиктэй ахыг дахин цохисон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),

2.10. Гэрч Х.Ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Аавыг маань Мауитын Х гэдэг юм. Өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 12 минутын үед над руу утсаар залгаад “намайг “Жигер” барилгын дэлгүүрийн урд талын зогсоолд хүн зодчихлоо чи хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь яваад очсон чинь аав маань машин дотор сууж байсан, нүүр ам нь битүү цус болсон, тодруулж хэлэх юм бол дээд талын урд үүдэн шүд нь байсан байх тэр нь унасан, мөн хөмсөг, уруул нь сэтэрч бөөн цус нөжтэйгөө хутгалдсан сууж байсан.

Мөн тухайн үед аавыг маань зодсон гэх эрэгтэй хүн машины хажууд зогсож байсан ба насыг нь хэлж мэдэхгүй байна, 40-45 орчим насных байх, халзан эрэгтэй хүн байсан. Тэр хүний нэрийг Арман гэсэн байх, ямартай ч архи уусан согтуу байсан. Үг хэлбэл асуудал үүсгэхээр шинжтэй байсан юм. Тийм болохоор нь тэр хүнд хандаад юу ч хэлээгүй. Харин үнэн учрыг нь хуулийн байгууллага шийдэх байх гэж хэлсэн юм. Тэгээд цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Дуудлага өгөөд удаагүй алба хаагч нар ирээд, зодсон гэх эрэгтэй хүнийг авч яваад, аавыг маань эмнэлгээс түргэн ирж авч явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал), 

2.11. Гэрч С.Озатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Намайг буух үеэр А машины урд талын суудалд хоцорч үлдсэн. Тэгээд ажил дээрээ очоод байж байхад хүмүүс шуугилдаад эхлэхээр нь яасан бол гэж бодоод эргээд очсон чинь Х ахын нүүр, амнаас нь цус гарсан машинд сууж байсан. Би юу болсон талаар асуухад А зодсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал), 

2.12. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Х.Еын 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 350 дугаартай “...1. М.Хийн биед зүүн ухархайн доод хананы хугарал, баруун хөмсөгний оёдолтой шарх, хаван хавдар, доод уруулын няцарсан шарх, 1 шүд нь шинээр унасан гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн эдгэрэлтээс хамаарна. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал), 

2.13. Хохирогч М.Хийн “Тенгри өлгий” эмнэлэгт үзүүлсэн гэх соронзон резонанст томографийн оношилгооны хуудас (хавтаст хэргийн 48 дахь тал), 

2.14. Шинжээч Х.Ерболын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ухархайн хугарал ямар ч тохиолдолд эрүүл мэндийг түр хугацаагаар буюу 4 долоо хоногоос доош хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Толгойн КТГ яг нарийн гаргадаггүй. Харин тархины соронзон резонанст томографи нь нарийн гаргадаг учир хугарал гэмтэлтэй болох нь тогтоогдож байна.” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 57 дахь тал), 

2.15. Согтуурсан хэмжээг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 90 дэх тал), 

2.16. Эд зүйл баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 95 дахь тал),

2.17. Хохирогч М.Хээс гаргаж өгсөн эмчилгээ хийлгэж, эм худалдаж авсан талаарх НӨАТ-ын баримтууд  (хавтаст хэргийн 101-102 дахь тал), 

2.18. Яллагдагч К.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Одоо яг үнэнээ хэлэхэд тухайн үеийг орон гаран санаад байна. Санаж байгаа зүйлээ хэлэх юм бол Озатын хамт таксинд сууж байснаа, мөн өөрийнхөө гэрт очиж хоол идсэнээ санаж байна. Өөр санаж байгаа зүйл алга. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцаад, мөн хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон  бичлэгийг үзээд ихээр харамслаа. Би тухайн үед олон хоног архи уусан байсан болохоор болсон үйл явдлыг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 115 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.19. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “...Тус сумын багийн оршин суугч Каримхан овогтой А нь.......... тоот регистрийн дугаартай. Ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт 500 тоотод оршин суудаг болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 63 дахь тал),

-  Шүүгдэгч К.Аийн эзэмшлийн Хаан банкны 5194290199 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 64-78 дахь тал),

 - Шүүгдэгч К.Аийн иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа  (хавтаст хэргийн 80, 82 дахь тал),

-Шүүгдэгч К.Аийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн болон үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (хавтаст хэргийн 80-81 дэх тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 86 дахь тал),

-Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1/9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5/7 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 231 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар (хавтаст хэргийн 88-92 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.20. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

2.21. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

4.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч М.Х, гэрч Р.Алтынбек, Х.Нуртуган, С.Озат нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 25, 30, 33, 36-37, 41-42 дахь тал), эрүүгийн цагдаа дэд ахлагч С.Ариунболдын  илтгэх хуудас,  тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч М.Хийн хэрэг учрал болох үед өмсөж явсан гэх хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, гар утсаар бэхжүүлсэн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, (хавтаст хэргийн 3, 4, 8-11, 12-14, 16-17 дахь тал) шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 350 дугаартай дүгнэлт, согтуурлын хэмжээг шалгасан тэмдэглэл, эд зүйл баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 46-47, 90, 95 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч К.А  нь согтуугаар 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутагт дэвсгэрт байрлах “Жигер” барилгын материалын дэлгүүрийн урд талын зогсоолд хохирогч М.Хийг “биед нь халдаж, гар хүрсэн” гэх шалтгаанаар толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж зодсоны улмаас хохирогчийн биед нь шүд унах, зүүн ухархайн доод хананы хугарал, баруун хөмсөгний оёдолтой шарх, хаван хавдар, доод уруулын няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь нотлогдон тогтоогдож байна. 

5. Эрх зүйн дүгнэлт

5.1.Шүүгдэгч К.А нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

5.2 Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч К.Аийн согтуугаар хохирогч М.Хийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан  хохирогчийн халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн  шинжийг агуулсан байна.

5.3. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хохирогч М.Хийн биед нь үүссэн гэмтэл  нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй байх тул  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. (хавтаст хэргийн 32-34 дэх тал),

5.4. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч К.А нь хохирогч М.Хийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь нотлогдсон, шүүгдэгчийн гараараа цохисон идэвхтэй үйлдэл болон хохирогчийн биед үүссэн гэмтэл буюу эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаан холбоотой, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

5.5. Хэрэгт цугларсан согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэлээр шүүгдэгч Б.Аманбекийн амьсгал дахь спиртийн агууламж 2,32 хувь гарсан учир түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. (хавтаст хэргийн 94 дэх тал),

5.6. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хохирогчийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

5.7.  Иймд шүүгдэгч К.Аийг хохирогч М.Хийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5.7. Шүүгдэгчийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, түүний өөрийнхөө үйлдлийг ухамсарладаггүй зан байдал зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

6.1. Гэмт хэргийн улмаас хохирогч М.Хийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр шүүх хуралдаанд “зодуулсны улмаас 1 шүд маань унасан, эмчилгээ хийлгэх явцад дахин 1 шүд унаж, нийт 2 шүдний төлбөр 4.000.000 төгрөгийг нэхэмжилж байна, эмчилгээний зардал 697.600 төгрөгийг төлүүлж авсан”  гэж мэдүүлсэн боловч хиймэл шүдний үнэ, ханш, шүд хийлгэхэд гарах зардлын талаарх нотлох баримтууд хэрэгт цуглараагүй байна.

6.2. Иймээс хохирогчийн дээрх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж, хохирогчийн эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсний зардал буюу 700.000 төгрөгийн хор уршгийг шүүгдэгч төлж барагдуулсныг дурдав.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч К.Аийг шүүхээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч К.А нь хувийн байдлын хувьд урьд Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1/9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5/7 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 231 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг тогтмол орлоготой, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт тус аймгийн Өлгий сумын 7 дугаар багт оршин суудаг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 63-78, 80-82, 86, 88-92 дахь тал),

2.3. Шүүгдэгч К.Аийн үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй, мөн хохирогчийн иргэний нэхэмжлэлийн хэлэлцэхгүй орхисон, гэмт хэргийн хор уршиг бүрэн төлөгдөөгүй учраас учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

2.4. Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгч К.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж тус аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээр гарахыг хязгаарлах үүрэг хүлээлгэж, хохирогчийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих саналтай” гэсэн агуулгатай, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч К.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, цаашид гарах хор уршгийг нотлох баримтын хүрээн төлөхөө илэрхийлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хохирогчийн буруутай үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно.

2.5. Шүүх шүүгдэгч К.Аийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, түүнийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

2.6. Шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас, шүүгдэгч К.А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.

Гурав: Бусад асуудлын талаар

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч К.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2.  Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Хт 700.000 төгрөгийн хор уршгийг төлсөн болохыг тус тус дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий СД диск 1 ширхэг, шүд 1 ширхийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хургийн овгийн Кны Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Аийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч К.Ат сануулсугай.

4. Шүүгдэгч К.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Хийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа  бүрдүүлэн нэхэмжлэлээ иргэний хэргийн шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. 2313000000156 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 700.000 төгрөгийн хор уршгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий СД диск 1 ширхэг, шүд 1 ширхийг хэргийн хамт хадгалсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.Б