Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2020/01412

 

 

 

 

2019 оны 5 сарын 14 өдөр Дугаар102/ШШ2019/01412 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: М-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Д-д холбогдох

 

            хүүхдийн сургалтын төлбөр 750.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Булган хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******-******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.******* нь 1-5 дугаар анги хүртэлээ 24-р сургуульд сурсан. 6-р ангиас нь эхлээд ******* сургуульд суралцаж байгаа. 2-р ангид байхаас нь эхлээд багш нар нь энэ хүүхдийг тусгайлан тулж ажиллаж чадах сургуульд өгөх хэрэгтэй гэдэг байсан. Тухайн үед хувийн сургуульд сургахгүй гэдэг байсан. Гэвч энэ хүүхэд олон хүүхэд дунд суралцаж чадахгүй гэдэг зүйлийг сургуулийн багш нар нь хэлдэг байсан. Тиймээс хүүхдийг хамгийн бага төлбөртэй хувийн сургуульд суралцуулж эхэлсэн. Сургуулийн захиргаа нь цаашид сургалтын төлбөрийг нэмэхгүй гэсэн зүйл хэлсэн. Б.******* нь Тэмүүлэн Од ХХК-д ажилдаг. 2 хүүхэдтэйгээ надтай 4-үүлээ хамт амьдардаг. Амьдралын бололцоо тааруу. Тиймээс сургалтын төлбөрийн 50 хувь болох 750,000 төгрөгийг Ц.*******оос гаргуулах хүсэлтэй байна... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмнөх шүүх хуралдаан дээр ярьсан тайлбараа бүрэн дэмжиж байна. Үүн дээр нэмээд хэлэхэд шүүгчийн захирамжаар шаардсан нотлох баримттай холбоотой нотлох баримтын хувьд зөрүүтэй зүйл харагдаад байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ 1,000,000 төгрөгийг өгсөн гэдэг. Гэтэл энэ баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт харагдаж байна. Мөн энэ мөнгийг Б.******* гэдэг хүн төлөөгүй. Эмээ нь төлсөн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Тиймээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Ц.*******ийн хувьд өнөөдрийн шүүх хуралдаанд ирнэ гэж байсан боловч өчигдөр шөнө аав нь өөд болсон учраас ирж чадаагүй... гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц.*******ид холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөр 750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2010 оны 07 сарын 28-ны өдрийн 1398 дугаар Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрээр эцэг Ц.*******оос хүү М.*******ад хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна. /хэргийн 6-7 дугаар тал/

 

2007 оны 06 сарын 03-ны өдөр төрсөн 11 настай хүү М.******* нь Ерөнхий боловсролын ******* бүрэн дунд сургуулийн 6 дугаар ангид сурдаг байна.

 

Тус сургуулийн хичээлийн жилийн сургалтын төлбөр 1500.000 төгрөг бөгөөд М.*******ын сургалтын төлбөрийн 1000.000 төгрөгийг эх Б.******* төлсөн нь 2018 оны 10 сарын 16-ны өдрийн ******* бүрэн дунд сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, Б.*******ын эзэмшлийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга, 2019 оны 05 сарын 03-ны өдрийн 011/0027 тоот ******* бүрэн дунд сургуулийн захирлын тодорхойлолт, 2018 оны 08 сарын 29-ны өдрийн М.*******ын сургалтын төлбөр 1 сая төгрөг төлсөн тухай кассын орлогын баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 5, 31, 40 дүгээр тал/

 

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 48 дугаар зүйлд заасны дагуу хүү М.*******ын эх Б.******* хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хүүгийн сургуулийн сургалтын зардал төлбөрийн тал хувь буюу 750.000 төгрөгийг хүүгийн эцэг Ц.*******оос гаргуулахаар нэхэмжлэл гарган шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...Гэр бүлийн тухай хуульд заасан онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзэх боломжгүй, бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй авах боломжтой тул хариуцагчаас 750.000 төгрөг гаргуулах шаардлагагүй... гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 48, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.8-д зааснаар хүүхдээ асран хамгаалж, тэжээн тэтгэх, хүүхдийг хөгжих, төлөвшихөд нь дэмжин туслах, хүүхдэд бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх үүрэгтэй байна.

 

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 18 дугаар зүйлийн 1-д хүүхдийн хүмүүжил болон хөгжилд эцэг, эх тэгш хариуцлага хүлээх бөгөөд хүүхдийн хүмүүжил болон хөгжилд эцэг эх гол хариуцлагыг хүлээнэ, энэ нь тэдний анхаарал чиглэх гол зүйл болохыг тодорхойлсон байна. Мөн уг конвенцийн 27 дугар зүйлийн 2-т эцэг эх хүүхдийг хүмүүжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцлийг өөрсдийн чадавхи, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүрэгтэй гэжээ.

 

Хариуцагч Ц.******* нь өөрийн хүү М.*******ын эрх, ашиг сонирхлыг хамгаалах, боловсрол эзэмшихээр сурч боловсрох, хүмүүжих, хөгжихөд нь шаардлагатай орчин, нөхцлийг бүрдүүлэхэд эхийн нэг адил тэгш үүрэгтэй оролцохоор хуульд тогтоосон байна.

 

Иймд хариуцагч Ц.*******оос хүү М.*******ын сурч буй сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын зардал төлбөрийн тал хувь болох 750.000 төгрөгийг гаргуулан эх М.*******д олгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Ц.*******оос улсын тэмдэгтийн хураамж 22500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагч Ц.*******оос сургалтын төлбөрт 750.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Ц.*******оос улсын тэмдэгтийн хураамж 22500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ