Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/388

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа тэмдэглэл хөтлөн,

Улсын яллагч М.Хэрлэнчимэг,

Хохирогч Э.Дгийн өмгөөлөгч Б.Алтанцэцэг,

Шүүгдэгч Ш.Т, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга, Л.Данзанноров нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Их тугтан овгийн Ширчинжавын Төгсбаатарт холбогдох эрүүгийн 2134000980407 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                                                                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эдийн засагч мэргэжилтэй, хувиараа газар тариалан эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ял шийтгэгдэж байсан, Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, регистрийн дугаартай, Ш.Т.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Т нь бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Д.Даваасүрэнгээс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 3 ширхэг трактор, 2 ширхэг хадуурыг худалдан авахаар тохиролцож дээрх техникүүдийг Дорнод аймгийн Баяндун сумаас Төв аймгийн Цээл суманд авчруулж өөрийн эзэмшилд шилжүүлэн авч 72.600.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Ш.Т: “...Э.Дтэй би 2017 оны 10 дугаар сарын сүүлээр Дорнод аймгийн Гурван загал Чойбалсан сумын зааг дээр танилцсан. Даваасүрэн надад би гаднаас техник оруулж ирдэг миний техник бол хүчин чадал сайтай гэж маш их сурталчилж байсан. Бид нар зэргэлдээ хадлан хадаж байсан. 2017 оны 2 сард уулзсан. Намайг гэрт нь очиж уулзахад надад зарж болно шүү гэж хэлж байсан. Би 3 сар болтол ямар нэг хариу өгөөгүй. Тэгээд би 2018 оны 3 дугаар сард би таны техникийг худалдаж авъя ямар боломж байна гэхэд энэ жил болон дараа жилдээ хуваагаад төлчихөөрэй гэж байсан. Өөрөө эхлээд надад гаднаас оруулж ирдэг гэж ойлгуулсан. Зээлээр авсан гэж хэлж байгаагүй. Бид 2 ярьж хөөрч байгаад надад хэлэхдээ би аваачиж өгье тэгээд  би зардлыг нь даая гэж хэлж байсан. Тэр үед бид 2 хамтран ажиллах талаар ярилцсан. Би хамтран ажиллах саналыг хүлээн зөвшөөрсөн. Э.Д надад би бригад ахалъя гэж хэлсэн би тэр саналыг нь талархалтай хүлээн авч байсан. Бид хоёр  2018 оны 4 сард ажиллаж байсан. Өөрөө надад хэлэхдээ чи эхлээд чулуу түүгээд бай араас нь би ажиллаад байя гэж байсан. 4 сараас хойш 2-3 ажил хамтарч хийсэн. Нөхөр хэд хэдэн болчимгүй үйлдэл гаргаж байсан би тэрэнд нэг их ач холбогдол өгөхгүй байсан. Гэтэл 2018 оны 5 дугаар сарын дундуур Завханд ажил хийхээр болсон. Завханы зам АЗЗА-ийн дарга н.Болд, Завхан аймгийн Их-Уул сумын засаг дарга н.Гансүх гэж намайг урьсан. Улсын их хурлын дэд дарга байсан н.Санжмятав гэж хүний туслах над руу яриад чамайг тэнд оч гэж байна гэж хэлсэн. Гэтэл тэр ажлын бригадын даргаар Э.Дг томилж явуулсан. Э.Дг явуулаад хотод ирсэн байх үед манай н.Мөнхнасан гэж жолооч яриад ахаа өлсөж үхлээ энэ хүнтэй таарахгүй байна гэж байсан. Би тухайн үеийн ханшаар 2.000.000 төгрөг өгсөн байсан. Бас бололцооны мөнгө өгсөн. АЗЗА-гийн ажил хийж байхдаа 480 литр шатахуун зээлээр авсан байсан. Тэгээд Э.Д хаана байсан гэсэн чинь бид хоёрыг хаяад явсан гэж байсан та хоёр яаж байна  гэсэн чинь Идэрийн голоос загас барьж ирээд байж байна гэж байсан. Тэгээд хотоос очиход АЗЗА-гийн захирал н.Болд гэж чиний бүрдүүлсэн баг мэргэжлийн бус байна ажлаа болъё  гэж байсан. Их хурлын дэд дарга байсан н.Санжмятав гишүүн надаар 200га газар тариалалт хийлгүүлнэ гэж байсан.н.Болд гэж хүн 50га газар тариалалт хийлгүүлнэ гэж байсан. Мөн Их-Уул суманд 30 га газар тариалалт хийлгүүлэх байсан. Их-Уул суманд 15га газар тариалалт хийлгээд талыг нь цуцалсан байсан.  Х.Болд 28га газар тариалалт хийлгүүлсэн тэрнээс 12га газар нь боломжийн үлдсэн хэсэг нь ямар ч шаардлага хангахгүй байна гэж байсан. Н.Санжмятав гэж хүн надтай Тэлмэн суманд уулзсан. н.Болд гэж ах маш өндөр дүнтэй ажил учраас чи дараа нь асуудалд орно танай баг чадваргүй гэж байсан. Энэ мэтчилэн миний ажлыг маш их бусниулсан. Тэгээд би Завхан аймагт очиход Э.Д байхгүй байсан. Болд дарга нөгөө хүн чинь замын урд талд бэлэвсэн хүнийд очоод орогноод байж байна гэж хэлсэн. Ийм байдлаас болоод бид хоёр муудсан. Над дээр ирээд хэдэн өдөр архи уусан нэвширсэн гар хөл салгалсан, чичирсэн, нүүр ам нь хавагнасан өвгөнтийн архичин шиг л хүн ирсэн. Ирээд надад чи ажил дээрээ байхгүй юм чинь би байж яахын гэж хэлж байсан. Тэр хүнийг би ажиллуулах гэж авсан болохоос өөрөө ажиллах байсан бол тэр хүнийг ажиллуулах хэрэг байгаагүй. Эндээс эхлээд үл ойлголцоод би та эндээс буц гэж хэлсэн. Би 1га газрыг тухайн үед 1.000.000 төгрөгөөр тарьдаг байсан. Би маш их хохирсон. Би тэгээд та намайг маш их алдагдалд оруулсан гэж хэлсэн тэгсэн утсаа салгаад алга болсон. Ковидын үед над руу залгаад техникээ авъя гэж байсан. Эхнэр нь  намайг дээрэмчин, луйварчин гэж өөдөөс цамнаад байсан. Энэ маргаан шийдэлд хүрээгүй байхад ковид гарсан. Мөнгөө өгөхгүй залилан хийсэн гэж байна энэ бол боломжгүйдээ л мөнгөө өгөөгүй. Газар тариалан зардал ихтэй. Газар тариалангийн техник өндөр үнэтэй. 4 жил бол урт хугацаа. Надад санхүүгийн хувьд хангалуун байсан үе байгаагүй. Газар тариалан дэмжих сангаас авсан зээл хүүтэй төлөгддөг. Миний дансаар болон компанийн, эхнэрийн дансаар  орж гарсан зардал дандаа давхардсан тоогоор орж гарсан зардал байгаа. Их зардал ороод хүний мөнгө өгөхгүй байсан юм биш. Анхнаасаа мөнгөө өгнө гэж бодож байсан. Надад бол хүнийг хохирооё гэсэн бодол байгаагүй...” гэв.

 

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134000980407 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Ш.Т бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Д.Даваасүрэнгээс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 3 ширхэг трактор, 2 ширхэг хадуурыг худалдан авахаар тохиролцож дээрх техникүүдийг Дорнод аймгийн Баяндун сумаас Төв аймгийн Цээл суманд авчруулж өөрийн эзэмшилд шилжүүлэн авч 72.600.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

            Тээврийн хэрэгсэл, техник эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 39-46 дугаар хуудас/,

Хохирогч Д.Даваасүрэнгийн өгсөн ...Би Төгсбаатар гэх хүнд 3 ширхэг трактор, 2 ширхэг хадуурыгзарсан..., тухайн үед 72.600.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод урьдчилгаа 9.000.000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-78 дугаар хуудас/,

Гэрч Э.Хунтогосийн өгсөн...2018 оны 3 дугаар сард уулзаж ярилцсаны дараа 3-4 сар орчим манай нөхөр Төгсбаатарт 3 ширхэг, 2 ширхэг хадуурыг нийт 70 орчим сая төгрөгөөр бодож өгөхөөр тохиролцоод манай нөхөр Дорнод аймагт байсан техникүүдээ өөрөө явж татаж авчраад Төгсбаатар тээврийн зардал гэж нэг сая төгрөг зардал дээр нь нэмж өгсөн. Одоо манай 3 ширхэг Трактор, 2 ширхэг хадуур нь Төгсбаатар 3 жилийн хугацаанд ашиглаж байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-88 дугаар хуудас/,

Гэрч Б.Даариймаагийн өгсөн ...Миний бие Ш.Ттай 2006 оноос хойш амьдарсан бөгөөд 2017 билуу 2018 оны хавар ХАА-н техник болох 3 ширхэг трактор, 2 ширхэг хадуурыг Улаанбаатар хотын харьяат Даваасүрэн гэх хүнээс худалдаж авахаар боллоо гээд Улаанбаатар хотоос Төв аймгийн Цээл сум руу аваад явахад би хамт байсан. Тухайн техникүүдийг авч явахад Даваасүрэн хүүхэдтэйгээ өөрийнхөө крантай машинаар хүргэж өгсөн. Харин Төгсбаатар бид хоёр хамт явсан. Би 2020 онд Ш.Ттай шүүхээр орж гэр бүл салсан. Намайг 2020 оны 04 сар хүртэл Ш.Ттай амьдраад шүүхээр салах хүртэл миний мэдэхийн Ш.Т нь дээрх 3 ширхэг трактор, 2 ширхэг хадуур зэрэг техникээр Төв аймгийн Цээл суманд газар тариалангийн чиглэлээр ашиглаж байсан. Мөн Завхан аймаг, Сэлэнгэ аймаг Эрдэнэбүрэн сум, Хэнтий аймаг, Багануур дүүрэг зэрэг газруудад царгас гэх тэжээлийн ургамал тариалах явцдаа дээрх техникүүдийг ашиглаж газар хагалах, үр суулгах зэрэгтээ хэрэглэдэг байсан. Одоо бол дээрх техникүүд Төв аймгийн Цээл суманд байгаа эсэхийг мэдэхгүй байна. Би яг хэдээр худалдаж авсан болохыг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан урьдчилгаа 10 сая төгрөг өгсөн гэж ярьж байсан. Даваасүрэн, Ш.Ттай хамт ажиллаж байх хугацаандаа архи дарсны асуудал гарч байсныг бол би мэдэхгүй. Харин Даваасүрэн гэх хүн Завхан аймагт Ш.Тт зарсан гэх эш трактор, 2ш хадуур зэргээр өөрийнхөө крантай машинтай ажил хийх явцдаа өөрийнхөө хүүхэдтэй хамт ажиллаж байсан бөгөөд тухайн үед Ш.Ттай түрээсийн мөнгө цалин өгөхгүй байна гэсэн маргаан гараад өөрөө явсан байдаг. Гэхдээ өөрийнхөө хүүхдийг крантай машинтай нь хамт үлдээгээд явсан байдаг... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96 дугаар хуудас/,

Гэрч Ц.Ширчинжавын өгсөн ...Миний бие Төв аймгийн Цээл суманд амьдардаг. Насаараа л газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байна. Би Монгол оронд Монгол царгас гэх ургамлын нутагшуулж, гаргаж ирсэн юм. Монгол царгас гэх ургамлыг Монголын хөрс шороонд тариалж нутагшуулснаар газар тариалангийн үр шимийг сайжруулж, бэлчээрийн цөлжилтийн асуудлаас урьдчилан сэргийлэх, малын таргалалтын чанарын асуудлыг сайжруулдаг тэжээлийн өвс ургамал юм. Миний хүү Ш.Т нь “Хүүлэй Ханы Хишиг” ХХК-ний захирал ажилтай бөгөөд би тухайн компанид нь зөвлөх агрономичоор ажилладаг болно. 2017 оны өвөл миний хүү Ш.Т нь Улаанбаатар хотын харьяат Даваасүрэн гэх хүнтэй миний гаргасан Монгол царгас тэжээлийн ургамлыг тарихад хамтарч ажиллахаар болоод харилцан тохиролцсон. Тохиролцооны гол шалтгаан нь Даваасүрэнгээс 3 ширхэг трактор болон 2 ширхэг хадуурыг нийтдээ 68 000 000 жаран найман сая төгрөг\ төгрөгөөр бодож авахаар болсон бөгөөд бид нар ажил хийгээд тэндээс нь мөнгөө хувааж төлөхөөр тохиролцсон. Мөн би ажил олоод Царгас тарих арга аргачлалыг зааж өгнө, харин Даваасүрэн манайд зарсан 3 ширхэг трактор болон 2 ширхэг хадуур зэргээр тухайн газарт очиж ажиллана. Ажиллах явцдаа өөрийнхөө крантай машиныг хамт ашиглана, үүнээс олсон ашгийн 10 хувийг Даваасүрэн авахаар болсон. Ингээд Даваасүрэн нь өөрийнхөө хүүтэй хамт манайд крантай машинтайгаа ирж ажиллахаар болсон. Ашгийн 10 хувь өгөх бол нөгөө техник худалдаж авсан 68 сая төгрөгөөс тусдаа асуудал юм. Дээрх тохиролцоонд хүрсний дараа 2018 оны хавар 4 дүгээр сард Завхан аймгийн асуудал Тосонцэнгэл, Их Уул суманд нийтдээ гэрээгээр бол 80 га газарт Монгол Царгас тэжээлийн ургамал тариалж өгөхөөр болоод Даваасүрэн 3 трактор, 2 хадуур зэргээ аваад өөрийнхөө хүү нэрийг мэдэхгүй байна. Манай нутгаас Мөөгий гэдэг залуугийн хамт явсан. Тэд нар Завхан аймгийн Тосонцэнгэл, Их Уул суманд очиж ажиллаад 80 га талбайд 7-10 хоногийн хугацаанд тариалахаас 20 гаран хоногийн хугацаанд 40 га газарт тариалсан. Тэгээд би Даваасүрэнд удаан ажиллаж байгаа талаар анхааруулж хэлээд дараа дараагийн гэрээ хийсэн газар болох Төв аймгийн Баянчандмань суманд 4 айлын захиалга ирсэн байсныг мэдэгдээд ирж хийсэн. Тэгээд Завхан аймгаас Төв аймгийн Баянчандмань сум руу ирэх замдаа Баруун Хараа дээр том машин эвдэрсэн гэж хэлээд 4 хоносон, ямар эвдрэл гарсан талаар асуухад мотор нь цохисон гэж хэлсэн. Гэтэл бид нар 4-5 хоноод ирсний дараа хамт явсан Мөөгий гэх залуугаас асуугаад машин чинь зүгээр үү мотор нь цохисон юм уу гэж асуухад машины мотор цохиогүй ээ Даваасүрэн ах согтуу машин барьж байгаад цагдаад баригдаж машинаа журамлуулаад эрхээ хасуулаад удсан гэж хэлсэн. Даваасүрэн Завхан аймагт ажил аваад хийж байхдаа ажлын хариуцлага алдаж ажлыг маш удаан хийсэн, хажуугаар нь архи их ууж ажил алддаг байсан. Лав аймгийн Баянчандмань суманд ирээд ажил аваад хийх явцдаа хүмүүсээс менге авах гэхээр нь уурлаад наад хүмүүс чинь чамтай биш надтай харьцах ёстой харин чи өөрийнхөө урдах ажлаа сайн хийгээрэй гэж хэлээд 4 айлын ажил хийлгэсэн. Тэгээд тэр жилийн Царгас тарилтын ажил дууссан бөгөөд хамгийн суулийн айлын захиалга хийж байхдаа тэр айлаас тариалсан газарт нь хашаа хийж өгнө манайх хашаа хийдэг гэж хэлээд сая төгрөг авсан байсан. Би тэр айлуудад хүртэл төлбөр тооцоогоо зөвхөн надтай харьцаж хийгээрэй наад хүн чинь архинд жоохон дуртай худлаа ярьдаг хүн шүү гэж хэлсэн. Тэрний дараагаар Цээл суманд ажил байсан боловч машин техникээ тэнд үлдээчхээд Улаанбаатар хот руу яваад 7 хоносон байсан. 8 дахь хоног дээр нь дээрх 3 трактор 2 хадуур зэргийг 2018 оны 5 сард өөрөө авч ирж өгчхөөд крантай маяти машинаа аваад Ш.Таас дээрх 3 техникийн урьдчилгаа гээд 9 сая төгрөг аваад явсан.. Бид нар хоорондоо ямар нэгэн гэрээ байгуулаагүй болно. Даваасүрэнгээс авсан гэх 3 ширхэг трактор болон 2 ширхэг хадуур зэрэг техник одоо манай Төв аймгийн Цээл суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хүүлэй Ханы Хишиг” ХХК-ний хашаанд бүрэн бүтэн хэвийн ажиллагаатай байна. Би нар цаг хугацаанд нь засвар үйлчилгээг нь хийж байгаа болно... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Пүрэвбаатарын өгсөн ...Миний бие 2018 оны 04 сарын 01-ний өдрөөс аав болох Даваасүрэнтэй хамт Дорнод аймгийн Баяндун сумаас тэнд ажиллаж байсан 3 ширхэг трактор, 2 ширхэг хадуур зэргийг Төв аймгийн Цээл суманд Ширчинжав гэх хүний хашаанд аваачиж буулгасан… гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-110 дугаар хуудас/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 07/300 дугаартай ...Зах зээлийн хандлагаарх нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн  байдлаар зах зээлийн үнэ цэнэ нь 27.200.000 /хорин долоон сая хоёр зуун мянга/ төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 34.828.700 /гучин дөрвөн сая найман зуун хорин найман мянга долоон зуу/ төгрөг гарч үйлчлүүлэгчид хүргүүлж байна... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 114-123 дугаар хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 130 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ш.Тын Хаан бакны депозит дансны хуулга /1-р хх-ийн 146-193 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ш.Тын яллагдагчаар өгсөн ...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үнэлгээгээр тогтоогдсон мөнгөнөөс Даваасүрэн, Хунтогс нарт урьд өмнө өгсөн мөнгөө хасаад хохирлыг бүрэн барагдуулах болно. гэх мэдүүлэг /2-р хх-ийн 165-166 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.Тын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

“Залилах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг.

 

Өөрөөр хэлбэл хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг байна.

Харин шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмшиж, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэ гэмт хэргийн шинж хангагддаг.

 

Мөн шүүгдэгч нь “...гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдэх боломжгүй, хохирогчид мэдэгдэхгүй, зээл бүтнэ, удахгүй орж ирнэ...” гэх зэргээр хэлж төөрөгдөлд оруулж, шилжүүлж авсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хохирогчид буцаан өгөхгүй байгаа үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноровын “...Иргэний эрх зүйн харилцаа гэж үзэж байна. Гэрээ хэлцлийн тухайд яг 2 адилхан гэрээ байхад Конкрэйт машин ХХК Номин ургацтай хийсэн гэрээ. Нөгөөх нь Номин ургац  өөр компанитай хийсэн гэрээ нэг нь иргэний шүүхээр яваад нэг нь эрүүгийн гэмт хэргээс шалгуулаад байгаа асуудал байна...” гэх дүгнэлт няцаагдаж байна гэж шүүх үзсэн.

 

Учир нь шүүгдэгч Ш.Тын үйлдэл нь хохирогч Д.Даваасүрэнгээс 3 ширхэг трактор, 2 ширхэг хадуурыг худалдан авахаар тохиролцож авч байгаа иргэний эрх зүйн шинжтэй харилцаа мэт боловч гэрээний харилцаа нь иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй. Гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх боломжгүй болох тохиолдолд гэрээний тэгш эрхийн зарчмын үндсэн дээр гэрээний нэг тал нөгөө талд мэдээлэх, харилцан мэдээлэл солилцох, гэрээний үүрэг эрсдэлд орсон талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Мөн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийг хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч залилах нь гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.

 

Шүүгдэгч Ш.Т урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч Д.Даваасүрэнд учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Т “Хаврын тариалалт хамгийн цаад тал нь 6 дугаар сарын 20 хүртэл явагддаг. 4 дүгээр сарын 28-наас эхэлж хамтран ажилласан. 2 сар хамтран ажиллахаар тохиролцсон ” талаар мэдүүлдэг бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 1-нээс хойш буюу 4 жилийн хугацаанд “Хүүлэй хааны хишиг” /өөрийнх нь эзэмшил/ компаний дансаар болон хувийн дансаар их хэмжээний мөнгөн гүйлгээнүүд тогтмол хийгдэж байсан нь арилжааны банкны дансны хуулга болон гэрч нарын мэдүүлэг зэргээс дүгнэхэд нотолбол зохих байдал болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “ гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”  нотлогдсон байна.

  Иймд шүүгдэгч Ш.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:   

  Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

  Улсын яллагч М.Хэрлэнчимэг: “...Шүүгдэгч Ш.Тыг шүүхээс гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал яригдана. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд  болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал харгалзан  үзсэн. Шүүгдэгч Ш.Т нь шүүхийн шатанд хохирол төлбөрөө төлсөн. Тиймээс шүүгдэгч Ш.Тыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох санал гаргаж байна. Шүүгдэгч Ш.Тт урьд цагдан хоригдсон тул цагдан хоригдсон нэг хоногийг 15 нэгжээр тооцож торгуулийн ялаас хасах санал гаргаж байна. Шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйг дурдаж байна...” гэх ялын дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Алтанцэцэг: “...Ш.Тын үйлдсэн гэмт хэргийн сэдэлт зорилго, учруулсан хохирол шүүхийн хэлэлцүүлгээр тодорхой яригдсан гэж үзэж байна. Хуульд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь цээрлүүлэх зөрчигдсөн эрх сэргээх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх  зорилготой байдаг. Улсын яллагчийн саналыг хохирогчийн өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна....Хохирогчийг сэтгэл санаа, цаг хугацаа бүх зүйлээр нь гэр бүл үр хүүхэд, эхнэр хүүхэдтэй нь хохироогоод байдаг. Энэ хүртэлх хугацаанд уучлалт гуйгаагүй. Шүүх хуралдаан дээр шүүгдэгч хохирогчоо яллаад архичнаар дуудаад доромжилдог энэ хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зохимжгүй гэж үзэж байна. Улсын яллагчийн ялын саналыг дэмжихгүй байна. Шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэгтэй нь тохирсон ял оногдуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров: “...Ш.Тт хорихоор өөр төрлийн ял, торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Хохирлоо нөхөн төлсөн байдлыг заавал харгалзаж үзэх ёстой. Тэрнээс гадна хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн. Тухайн үед хохирогч харилцсан тохиролцсон шигээ хэвийн ажиллаад явсан бол өнөөдрийн ийм үйл явдал болохгүй байсан. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан нөхцөл байдал байгаа гэж үзэж байна. Мөн хохирогчийн өмгөөлөгчийн тухайд ёс зүйн хэм хэмжээгээ зөрчиж байна гэж үзэж байна. Ялын санал хэлэх эрх бүхий хүн прокурорт байгаа мөн шүүгдэгчтэй хувийн харилцаатай гэсэн сэжиг таамаг шууд хэлж байна. Ийм сэжигээр эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл болгож байгаа нь буруу байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан гэх мэтчилэн хуульд байсан зүйл тоочиж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болгож хэлж байгаа нь, прокурорыг чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө ийм асуудал ярьж байгаа нь хуульчийн ёс зүйн хэм хэмжээнээс гадуур асуудал гэж үзэж байна. Тийм учраас энэ хэргийн нөхцөл байдал, шалгагдсан асуудал хэргийн бодит байдлыг тогтоохын төлөө явсан дээрээс нь харин ч мөрдөгчийн талаас нэг талыг харж шалгасан байна уу гэсэн нөхцөл байдал байдаг. Миний хувьд шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр ажилласан тул гомдол гаргах нөхцөл байгаагүй. Тийм учраас эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Хохирлоо бүрэн төлсөн, энэ хэрэг хохирогчийн зүй бус үйлдлээс болж гарсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгуулийн ялыг аль болох бага хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга: “...Л.Данзанноров өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Хохирол дутуу гэж байна шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлыг төлсөн. Хавтаст хэргийн хүрээнд шийдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж байна сая л гэм бурууг шүүх тогтоож байна шүүгдэгч гэм буруугаа хүлээх алба байхгүй. Монгол улсын үндсэн хуульд зааснаар  мэдүүлэг өгөхгүй байх эрх байгаа. Харин дэлгэрэнгүй мэдүүлэг өгдөг. Хохирогчийн архичин гэсэнгүй тохирсон ажлаа хийгээгүй гэсэн зүйл ярьж байна. Хохирлоо нөхөн төлсөн хохирогчийн буруутай үйлдлээс болоод гэмт хэрэг үйлдсэн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Түүний үйлдсэн гэмт хэрэг сонгох санкцтай эрүүгийн хариуцлагын зорилго бас нийгэмшүүлэхэд оршдог. ..Би шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана.Миний үйлчлүүлэгчид торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

 Шүүх шүүгдэгч Ш.Тт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж 20.000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэж,

шүүгдэгч Ш.Тын цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийн 1 /нэг/ хоногийг 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож 870.000 /найман зуун далан мянга/ төгрөгийг хасч, торгох ялыг 19.130 /арван есөн мянга нэг зуун гуч/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 19.130.000 /арван есөн сая нэг зуун гучин мянга/ төгрөгөөр торгох ялаар тооцож,

 

шүүгдэгч Ш.Тт оногдуулсан 19.130 /арван есөн мянга нэг зуун гуч/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 19.130.000 /арван есөн сая нэг зуун гучин мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч Ш.Тт оногдуулсан 19.130 /арван есөн мянга нэг зуун гуч/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 19.130.000 /арван есөн сая нэг зуун гучин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчөөс “улсын яллагчийн ялын саналыг дэмжихгүй байна. Шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял оногдуулах саналтай байна торгуулийн ял оногдуулах нь зохимжгүй” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзсэн.

 

Учир нь  шүүгдэгч Ш.Тт холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих...” ял оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

          Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

 Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, үнэлгээний тайлан зэргийг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч Ш.Тын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Даваасүрэнд нийт 72.600.000 төгрөгийг бүрэн  /далан хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан байна.

 

Шүүгдэгч Ш.Т нь хохирогчид урьдчилгаа 9.000.000 төгрөг өгсөн гэдэг дээр хэн аль нь маргаагүй. Шүүхийн шатанд үлдэгдэл 63.600.000 төгрөг /3-р хх-ийн 45 тал/-ийг төлсөн байна.

 

             Эрүүгийн 2134000980407 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна

 

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 22.4.1 дэх заалт, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Их тугтан овгийн Ширчинжавын Төгсбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их  хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Их тугтан овгийн Ширчинжавын Төгсбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Их тугтан овгийн Ширчинжавын Төгсбаатарын цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийн 1 /нэг/ хоногийг 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож 870.000 /найман зуун далан мянга/ төгрөгийг хасч, торгох ялыг 19.130 /арван есөн мянга нэг зуун гуч/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 19.130.000 /арван есөн сая нэг зуун гучин мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Их тугтан овгийн Ширчинжавын Төгсбаатарт оногдуулсан 19.130 /арван есөн мянга нэг зуун гуч/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 19.130.000 /арван есөн сая нэг зуун гучин мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Их тугтан овгийн Ширчинжавын Төгсбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 19.130 /арван есөн мянга нэг зуун гуч/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 19.130.000 /арван есөн сая нэг зуун гучин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6.Шүүгдэгч Их тугтан овгийн Ширчинжавын Төгсбаатарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

7. Эрүүгийн 2134000980407 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Их тугтан овгийн Ширчинжавын Төгсбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Их тугтан овгийн Ширчинжавын Төгсбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА