Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2020/0745

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А ХХК

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Ц.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Ц.Э-ын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Ч, хариуцагч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А ХХК-иас  Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ц.Э-лд холбогдуулан гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ц.Э-ын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

А ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон ТЗ ******* дүгээр тусгай зөвшөөрлийн үндсэн дээр брокер, дилерийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд тус тусгай зөвшөөрлийг мөн хорооны 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар тогтоолоор 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байна. 

Нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд үйл ажиллагаа явуулж, иргэдийн нэр дээр данс нээсэн зөрчил гаргасан гэж Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд, эсхүл хүчингүй болгосны дараа тухайн хуулийн этгээдийн харилцагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөс бусад аливаа гэрээ, хэлцэл, гүйлгээ хийсэн; бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасныг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.  

Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... илэрсэн зөрчлийн хувьд компанийн гүйцэтгэх захирал Ц.Ц нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө бус өөрийн хувийн ашиг сонирхлын төлөө компаний байранд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан зөрчил бөгөөд холбогдогч этгээдийг буруу тодорхойлон хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан зөрчлийн хэрэгт буруутай этгээд болох Ц.Ц надад торгууль оногдуулах нь зүйтэй бөгөөд А ХХК-д торгууль оногдуулсан нь үндэслэлгүй гэж тодорхойлжээ. 

Нэхэмжлэгч зөрчлийн үйл баримттай маргаагүй учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зөрчлийн үйл баримтад дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Харин хариуцагч А ХХК-д шийтгэл оногдуулах үндэслэл байсан эсэх, зөрчлийг хэн үйлдсэн талаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж байгаа үндэслэлд дүгнэлт өгөх нь зүйтэй байна. 

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-д Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна., Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ. гэж заажээ. 

Дээр дурдсан нөхцөл байдал болон хуулийн заалтуудаас дүгнэвэл гүйцэтгэх захирал нь Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар компаний өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах бөгөөд нэхэмжлэгч А ХХК брокер, дилерийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах эрхтэйн хувьд тус компаний гүйцэтгэх захирал Ц.Ц үүрэг өгч компаний ашиг сонирхлын төлөө үйл ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Харин гүйцэтгэх захирал Ц.Ц-ыг компаний ашиг сонирхлын төлөө бус хувийн ашиг сонирхлын төлөө компаний байранд үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгох ТОГТООХ НЬ:

  1. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А ХХК-иас  Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ц.Э-д холбогдуулан гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ц.Э-ын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Н.ДАМДИНСҮРЭН