Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/01166

 

Ч.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00543 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.Цгийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Н-т холбогдох

 

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н-ын тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.У-ийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн эд хөрөнгийн үнэлгээний талаарх 4/679 тоот мэдэгдлийг хүлээн авч танилцаад гомдлоо  мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргасан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 287 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд нэхэмжлэгчийн өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр, 10 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү2202010931 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн “С” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаарх саналыг талуудаас албан ёсоор гаргуулан авч, улмаар талууд харилцан тохиролцож үнэ тогтоох, хэрэв ингэж чадаагүй бол хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ хийлгэхээр заасан байна. Гэтэл Н нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар үнийн санал гаргуулалгүйгээр, мөн талуудын хооронд эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцуулах арга хэмжээ авалгүйгээр, 2018 оны 01 дүгээр 05-ны өдөр шууд шинжээч томилж, зах зээлийн үнэ ханшаас хамаагүй багаар үнэлж, өмч хөрөнгийг үнэгүйдүүлж, ихээхэн хохирол амсах байдалд хүргээд байна. Зах зээл дэх үл хөдлөх эд хөрөнгийн үнэ ханшийг судалж үзвэл тус үл хөдлөх эд хөрөнгө нь хамгийн багадаа л 410 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэхээр байна. Гэтэл шинжээч “С” ХХК нь 336 680 000 төгрөгөөр үнэлж, үнэгүйдүүлж байна. Мөн “С” ХХК-ийн үнэлгээний тайлан, үнэлгээ хийсэн аргачлал нь ч холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд зөрчилтэй болсон. “С” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч Ч.Ц-гийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны 19а байрны 10 тоот хаягт байрлах 1177.2 м.кв талбай бүхий обьектыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг талуудаас авахад төлбөр төлөгч Ч.Ц барьцааны хөрөнгөд үнийн санал өгөх боломжгүй шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу хөндлөнгийн шинжээч “С” ХХК-иар үнэлгээг тогтоолгож 336 680 000 төгрөгөөр үнэлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ч.Ц мэдэгдлийг хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дах хэсэгт заасны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1 сарын хугацаатай бие даан борлуулах хүсэлт гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “С” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай Ч.Ц-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Ц-гээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 177 дугаар зүйлд албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар талуудын хооронд харилцан тохиролцуулах арга хэмжээ авах тухай заасан байхад хариуцагч нь дээрх ажиллагааг хийхгүй шууд шинжээч томилсон. Энэ талаар Н-аас санаачлан ямар нэгэн арга хэмжээ авсан талаар тодорхой баримт байдаггүй. Гэтэл анхан шатны шүүх нь зөвхөн төлбөр төлөгчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар санал өгөхгүй, шинжээч томилуулна гэсэн хүсэлтийг үндэслэн Нрыг талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар үнэ тохиролцуулах арга хэмжээ авсан гэж үзэж буйд гомдолтой. Анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ  “С” ХХК-ийн үнэлгээ бодитой болохыг нотолж чадаагүй гэжээ. Тэгвэл Нрын зүгээс ч гэсэн шинжээчийн үнэлгээ бодитой болохыг нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй байхад шүүх зөвхөн нэг талыг барьж, нэхэмжлэгчийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэж буйд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүйд болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж  өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зйүлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Ц нь хариуцагч Н-т холбогдуулж барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн “С” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн үнэлгээг хүчингүйд тооцуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...,үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулсан” гэж маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 287 дугаартай шүүгчийн захирамжаар Ч.Ц нь 148 300 000 төгрөгийг “Ж ББСБ” ХХК-нд хувиарын дагуу төлөхөөр, үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны 19а байрны 10 тоотод байрлах 177,2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-ийн 5-6 дугаар хуудас/

 

Дээрх шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн бөгөөд төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Ч.Ц үнэлгээний талаар маргаж байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч тал өөрийн явуулсан үйл ажиллагааг хуулийн хүрээнд болсоныг нотлох зорилгоор шүүхийн гүйцэтгэх хуудас, эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгийг хураасан тогтоол, Ч.Ц-гийн шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлт, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үнэлгээний тайлан зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргахдаа өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” тэмдгийг дарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. /хх-ийн 66-78/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэсэн заалт нь хэргийн оролцогчид хамаарахгүй юм.

 

Хэргийн 66 дугаар хуудсанд авагдсан баримтын баруун дээд буланд “шүүх хуралдаан дээр шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргээс эх хувиар нь шинжлэн судлав” гэсэн гар тэмдэглэлийг шүүгч хийсэн. Мөн хэргийг дагалдаж шийдвэр гүйцэтгэлийн 17300905 тоот хувийн хэрэг эх хувиар ирсэн байна.

 

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд “.., хэрэгт авагдсан нотлох баримтыг бүхэлд нь шинжлэн судлав. Мөн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргээс гүйцэтгэх хуудас, албадан гүйцэтгүүлэх захирамж, эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан талаарх шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Ч.Ц-гийн шинжээч томилуулах хүсэлт, үнэлгээ хийсэн обьектын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг тусгайлан шинжлэн судлав” гэжээ./хх 82 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотлогооны хэрэгслийн нэг бөгөөд мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дах хэсэгт зааснаар тэмдэглэлд шинжлэн судлаж үзлэг хийсэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичсэнээр тухайн шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэх боломжтой болох юм. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дах хэсэгт зааснаар үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, нотлох баримтад агуулагдаж буй мэдээллийг тусгаагүйгээс шинжлэн судласан гэх нотлох баримтуудыг үнэлэх боломжгүй болжээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ч.Цгийн шинжээч томилуулах хүсэлт, эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангаагүй баримтуудын агуулгыг зааж шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 116 дугаар зүйлийн 116.3 дах хэсэгт заасантай нийцэхгүй болжээ.

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг гаргуулах, шинжлэн судлахтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.3 ,51 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00543 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Цгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                               ШҮҮГЧИД                                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД