Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/232

 

 

 

 

2023/ШЦТ/232

 

 

 

/


М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: А.Амарсанаа

Хохирогч: Г.Ш

Шүүгдэгч: Г.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Гын Гт холбогдох 2312000000223 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: М Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сан” их сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт А аймгийн Х сумын Ө багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, М овогт Гын Г /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2023 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Нефтун" бааранд Г.Шыг шалтаг шалтгаангүйгээр гараараа аман тус газар нь цохиж улмаар биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: Тухайн өдөр Булган ууланд зул өргөөд найзтайгаа стрессээ тайлах гээд бааранд орсон. Тэр үед маш их хүн байсан. Тэр дунд намайг ямар ч шалтгаангүй байж байхад нэг өндөр залуу цохисон. Тэгээд би зөрүүлж цохисон нь үнэн. Миний буруу гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Г.Ш мэдүүлэхдээ: Найзуудтайгаа зул өргөчихөөд Нефтун бааранд орсон. Тэгээд бүжиглэж байсан чинь  2-3 залуу ирээд мөрлөөд байсан. Тэгээд би цаашаа бол гээд түлхсэн чинь хажуу талаас нэг намхан залуу ирээд цохисон. Намайг унагаах гээд дайраад байсан бөгөөд би түлхээд эргэж хараад явсан чинь миний араас ирээд 2 удаа цохисон. Тэрнээс бол би гар хүрээгүй. Бичлэг дээр байгаа. Би гомдолтой байна. Хагалгаандаа хурдан орохгүй бол миний хамар нэг тал нь байнга битүү байдаг. Хохирлоо барагдуулвал хагалгаандаа ормоор байна гэв.

Мөрдөн байцаалтын шатанд 2312000000223 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Шын мэдүүлсэн: ...Би 2023 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багт байрлах Нефтун бааранд бүжиглэж байхад нэг өндөр залуу нь ирээд шахаад байхаар нь цааш нь түлхэхэд нэг намхан залуу миний баруун талын шанаа хэсэгт гараараа цохихоор нь эргэж хараад хэн цохисон юм бэ гэж асуухад нөгөө намхан залуу хөл рүү дайраад унагаах гээд байхаар нь салгаад байж байтал Г гэх өндөр залуу нь миний хамар хэсэгт 2 удаа гараараа цохисон. Тухайн үед хамраас их хэмжээний цус гараад байхаар нь найзуудынхаа хамтаар эмнэлэг явж үзүүлээд оёдол тавиулсан. Миний биед учирсан гэмтлийг Г гэх залуу учруулсан. Би хамрын зүүн хажууд 5 оёдол, хамрын нуруу үүрсэн таславч далийсан зэрэг нь хамрын хагалгаанд орох заалт үүссэн. Би хэн нэгэн хүнд гар хүрч, цохиж, зодсон зүйл байхгүй. Манай найз Б, А нар харсан. Би гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардал болон цаашид гарах зардлыг бүрэн гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Бий мэдүүлсэн: ...Би 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр найз болох Г.Ш, Б, А нарын хамтаар Булган ууланд зул өргөчихөөд Нефтун бааранд орсон. Шөнийн 02 цаг өнгөрч байхад манай найз Штай хүмүүс маргалдаж улмаар Г гэх залуу нүүр хэсэгт нь 2 удаа гараараа цохихоор нь би хооронд нь салгаад эмнэлэг явж үзүүлсэн. Г гэх залуу учруулсан. Харин зодоон болсны дараа С гэх залуу Г.Ш руу архины шил бариад дайраад байсан. Гэхдээ хэн нэгэн хүнийг цохиогүй. Намайг харж байхад нүүр юмуу шанаа хэсэгт нь нэг удаа гараараа цохиж байсан. Г.Ш гар хүрсэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бийн мэдүүлсэн: ...Би 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр найзуудтайгаа Булган ууланд зул өргөөд Нефтун орж суух уу гэхээр нь Г.Ш, Б, А нарын хамтаар суусан. Тухайн үед Г гэх залуу нь нилээн согтуу бүжгийн талбай дээр хүмүүстэй маргалдах гээд байсан. Тэгээд би машинтай явж байсан болохоор архи дарс уугаагүй байж байгаад шөнийн 02 цаг 40 минутын үед гэртээ харихаар гараад явсан. Явсан хойгуур зодоон болсон байсан. Би зодоон болсон талаар маргааш өглөө нь мэдсэн. Би яг хараагүй болохоор мэдэхгүй байна. Г.Ш надад хэлэхдээ Гыг цохисон гэж хэлсэн. Би тухайн үед байгаагүй болохоор мэдэхгүй байна...гэх мэдүүлэг/хх-ийн 27-28 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Сийн мэдүүлсэн: ...2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр найз болох Г.Гтай авто засварын газрын гадна уулзаад 23 цагийн үед Нефтун бааранд ороод бүжиглэж байсан чинь Г.Г нэг залуу цохих шиг болохоор нь салгах гээд очиход Г.Ш гэх залуу намайг нэг удаа нүүр хэсэгт цохисон. Тэгэхээр нь ерөнхийдөө салгах гэхэд нуруу хүрэхгүй болохоор нь хөлийг нь барьж авахад хүмүүс салгасан. Тэгсэн чинь найз Г.Г ирээд Г.Шын хамар хэсэгт 2 удаа гараараа цохиход хамраас нь их цус гарсан. Үүний дараа бид 2 баарнаас гарсан. Харин Г.Шыг хаашаа явсан талаар мэдэхгүй байна. Би гар хүрээгүй. Би салгах үед араас нь би тэвэрч авсан. Тэрийг цохисон гэж бодсон байх. Манай найз Г.Г учруулсан. Өөр хэн нэгэн учруулаагүй. Зүүн нүдний доор хөхөрсөн. Өөр гэмтэл шарх учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Гын мэдүүлсэн: ...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Татгалзах зүйл байхгүй. Би 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумаас орж ирээд орой 23 цаг өнгөрч байхад найз болох Сийн хамтаар Нефтун бааранд ороод 2 шил “Сэнгүр” нэртэй 0.5 граммын пивийг аваад нэг нэгээр нь уугаад бүжгийн талбай дээр бариад бүжиглэж байсан. Тэгсэн чинь бүжгийн талбай дотор байхад нэг залуу хоолой руу түлхээд миний зүүн шанаа хэсэгт гараараа цохиход манай найз С салгах гээд дундуур орсон чинь над руу дайраад байхаар нь би баруун гараараа 2 удаа нүүрэн тус газар нь цохиход хамраас нь их цус гарсан. Тэгээд найзын хамтаар баарнаас гараад гэртээ харьсан. Би гараараа учруулсан. Шалтгаан нь түрүүлж намайг цохисон. Би тухайн үед үзүүлэхгүй гэсэн боловч одоо хамраас амархан цус гарч толгой таллаж өвдөөд байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Манай найз салгах гэж л оролдсон. Тэрнээс бол миний харснаар гар хүрсэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 279 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Г.Шын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл тус бүр нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 33-35 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 62 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Нефтун" бааранд Г.Ш нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2023 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Нефтун" бааранд Г.Шыг хувийн таарамжгүй харилцааны улмаас гараараа аман тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

хохирогч Г.Шын мэдүүлсэн “Би 2023 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багт байрлах Нефтун бааранд бүжиглэж байхад нэг өндөр залуу ирээд шахаад байхаар нь цааш нь түлхэхэд нэг намхан залуу миний баруун талын шанаа хэсэгт гараараа цохихоор нь эргэж хараад хэн цохисон юм бэ гэж асуухад нөгөө намхан залуу хөл рүү дайраад унагаах гээд байхаар нь салгаад байж байтал Г гэх өндөр залуу нь миний хамар хэсэгт 2 удаа гараараа цохисон. Тухайн үед хамраас их хэмжээний цус гараад байхаар нь найзуудынхаа хамтаар эмнэлэгт явж үзүүлээд оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/,

гэрч З.Бий мэдүүлсэн “Шөнийн 02 цаг өнгөрч байхад манай найз Штай хүмүүс маргалдаж улмаар Г гэх залуу нүүр хэсэгт нь 2 удаа гараараа цохихоор нь би хооронд нь салгаад эмнэлэг явж үзүүлсэн. Г гэх залуу учруулсан. Харин зодоон болсны дараа С гэх залуу Г.Ш руу архины шил бариад дайраад байсан. Намайг харж байхад нүүр юм уу шанаа хэсэг нь нэг удаа гараараа цохиж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

гэрч Д.Бийн мэдүүлсэн “Явсан хойгуур зодоон болсон байсан. Би зодоон болсон талаар маргааш өглөө нь мэдсэн. Г.Ш надад хэлэхдээ Гыг цохисон гэж хэлсэн” гэх мэдүүлэг/хх-ийн 27-28/,

гэрч Б.Сийн мэдүүлсэн “2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр найз болох Г.Гтай авто засварын газрын гадна уулзаад 23 цагийн үед Нефтун бааранд ороод бүжиглэж байсан чинь Г.Г нэг залуу цохих шиг болохоор нь салгах гээд очиход Г.Ш гэх залуу намайг нэг удаа нүүр хэсэгт цохисон. Тэгэхээр нь ерөнхийдөө салгах гэхэд нуруу хүрэхгүй болохоор нь хөлийг нь барьж авахад хүмүүс салгасан. Тэгсэн чинь найз Г.Г ирээд Г.Шын хамар хэсэгт 2 удаа гараа цохиход хамраас нь их цус гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Г.Гын яллагдагчаар мэдүүлсэн “Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Би 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумаас орж ирээд орой 23 цаг өнгөрч байхад найз болох Сийн хамтаар Нефтун бааранд ороод 2 шил “Сэнгүр” нэртэй 0.5 граммын пивийг аваад нэг нэгээр нь уугаад бүжгийн талбай дээр бариад бүжиглэж байсан. Тэгсэн чинь бүжгийн талбай дотор байхад нэг залуу хоолой руу түлхээд миний зүүн шанаа хэсэгт гараараа цохиход манай найз С салгах гээд дундуур орсон чинь над руу дайраад байхаар нь би баруун гараараа 2 удаа нүүрэн тус газар нь цохиход хамраас нь их цус гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59/,

хохирогч Г.Шын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 279 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-35/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Г.Г нь гэм буруутай байна.

Иймд шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Г нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Г.Г 2023 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Нефтун" бааранд Г.Шыг гараараа аман тус газар нь цохиж, зодсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзаж шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Г.Ш нь хохиролд 6.000.000 төгрөгийг нэхэмжилсэн, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн байх бөгөөд хохирогч Г.Шын хэрэгт өгсөн хохирогчийн эмчилгээтэй холбоотой нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нотлогдсон 140.000 /үзлэгийн мөнгө/ +125.000+125.000+44.982+13.880+100.700+50.900+30.000+248.530 /эм тарианы мөнгө/ нийт 878.992 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Г.Шт олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч Г.Г нь шүүх хуралдаанаас завсарлага авч төлж барагдуулсан байна.

 

Харин хохирогч Г.Шын хамрын хагалгаанд орох төлбөрийг урьдчилан төлүүлэх боломжгүй гэж дүгнэв.

 

Хохирогч Г.Шын нэхэмжлэлээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй юу авсан нь тодорхойгүй, харагдахгүй болсон нотлох баримтын шаардлага хангахгүй 22.980 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж, хохирогчийн нэхэмжлэлээс 5.098.028 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.   

 

Шүүгдэгч Г.Гыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох боломжтой талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн байх тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

 

М Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Гын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч Г.Шын нэхэмжлэлээс 22.980 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 5.098.028 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь бусад учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Р.АЛТАНЦЭЦЭГ