| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2023/0100/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/102 |
| Огноо | 2023-07-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ч.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн
Улсын яллагч Ч.Отгонбаатар
Хохирогч Ц.Баяраа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч Б.Ариунтуяа нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ариунтуяад холбогдох эрүүгийн 2322000750116 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1989 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, нөхөр 7 хүүхдийн хамт Дундговь аймаг Сайнцагаан сум 7 дугаар баг Нарлагийн 10 дугаар гудамж 1008 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, Алдарт эхийн 1 дүгээр одонгоор шагнуулсан, Хулан овогт Баярсайханы Ариунтуяа, Регистрийн дугаар: ЗП89060701
Шүүгдэгч Б.Ариунтуяа нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн иргэн Ц.Баяраагаас 2022 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Идэшний үхэр зарна” гэж 1.100.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Шүүгдэгч Хулан овогт Баярсайханы Ариунтуяа нь 2022 оны 08 дугаар сараас 10 дугаар сарын хооронд өөрийн өмчлөлд ямар нэгэн үхэр байхгүй боловч худалдан борлуулах идэшний үхэртэй хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад буюу хохирогч Ц.Баяраатай Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт хамт ажиллах явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, уг идэшний 1 тооны үхрийг зарна гэж хохирогч Ц.Баяраагаас 1.100.000 /Нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг бэлнээр болон банкны харилцах дансаар шилжүүлэн авч залилсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ариунтуяад залилуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Ц.Баяраагийн “Ноднин буюу 2023 оны 08 дугаар сард манай ажлын газарт хамт ажиллаж байсан үйлчлэгч эмэгтэй болох Ариунтуяа “Идэшний үхэр зарна” гэхээр нь би үхэр авъя гээд 09 сараас 10 сарын хооронд цалин дээрээсээ цувуулаад нийт 1.100.000 төгрөг өгсөн юм. Тэгсэн чинь Ариунтуяа идэшний үхрээ өгөөгүй надаас авсан 1.100.000 төгрөгөө ч буцааж өгөөгүй. Сүүлд мэдсэн чинь Ариунтуяа ямар ч малгүй гэдгийг хүнээс сонссон. Бэлнээр болон дансаар увуулж цувуулаад 1,100,000 төгрөг өгсөн. Ариунтуяа надад буцааж 200.000 төгрөг өгсөн. Одоо 900.000 төгрөг авах ёстой. Ариунтуяа утсаа авахгүй тэгээд өөдөөс “Удахгүй өгнөө та цагдаад битгий өгөөрэй" гээд мессеж бичээд байдаг юм. Мөнгөө л олж авмаар байна... Тэгээд хязаалан насны үхрийн зургийг нь үзүүлсэн нь ч болно гэж хэлсэн. Тэгээд би Ариунтуяад итгээд зургийг нь ч хараагүй эхний удаа Ариунтуяа нь “Айлын найранд очих боллоо мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь би “Үхрийн мөнгөнөөс суутгах юм уу” гэтэл Ариунтуяа “Тэгнэ” гэсэн, тэгээд хүүхдийн сургуулийн мөнгө, айлд очихдоо юм авна гээд бага багаар утаснаасаа мобайл банкаар шилжүүлээд өгөөд байсан. 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр цалин буух үед “Мөнгө байна уу, мөнгөний хэрэг байна” гээд надаас 400.000 төгрөгөөр 2 удаа бэлнээр 800.000 төгрөг авсан. Тэгээд явж байгаад бага багаар мөнгөө мобайл банкаар өгч байгаад 1.100.000 төгрөгөө бүгдийг нь 2022 оны 10 дугаар сарын сүүлээр гүйцээж дуусгаж өгсөн. Тэгээд үхрийг 2022 оны 11 сарын сүүлээр өгнө гээд яриад байсан, тэгээд ажлын газрынхан “Наадах чинь худлаа яриад байна аа” гээд байсан. Тэгээд явсаар байгаад 2022 оны 11 дүгээр сарын 20-д гараад иртэл худлаа болоод үхрээ өгөхгүй байхаар нь цагдаад хандаж байгаа юм. Би Б.Ариунтуяад 800.000 төгрөг бэлнээр цувуулаад цалин дээрээсээ бага багаар бэлнээр өгсөн, бусдыг нь би мобайл банкаар бага багаар шилжүүлсэн. Ариунтуяа манайд мал байдаг, манай малыг манай нөхөр, манай хадам харж байгаа. Мал нь Хөрхийн хаданд амралтын газрын цаана байдаг гэж ярьж байсан. Миний хохирлоос 200.000 төгрөг буцааж өгсөн. Би нөхөр нь болох Содномцэрэнгийн машиных нь бичиг баримтыг авч байгаад 200.000 төгрөгөө авсан. Ариунтуяа машиныхаа бичиг баримтыг аваад тэрнээс хойш надад дахин мөнгө өгөөгүй, хохирлоо барагдуулалгүй алга болсон. Би 2023 оны 04 дүгээр сард байх аа биеэр аймгийн төвд явж байгаад таарсан тэгээд мөнгөө асуутал “Ямаагаа самнаж байгаад таны мөнгийг өгнө өө” гэж хэлсэн. 900.000 төгрөгөө Б.Ариунтуяагаас буцааж авмаар байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 10, 13-р хуудас/
Хохирогч Ц.Баяраа нь “Хаан Банкны” 5450261532 дугаарын харилцах дансаар шүүгдэгч Б.Ариунтуяагийн “Хаан Банкны” 5465103692 дугаарын харилцах данс руу 2022 оны 08 дугаар сарын 29-нөөс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл мөнгө шилжүүлсэн талаархи дансны хуулга, /хх-ийн 16-18-р хуудас/
Шүүгдэгчийн өмчлөлд 2022 онд мал байгаагүй талаархи “Тус багийн иргэн Баярсайхан овогтой Ариунтуяа нь 2022 оны 08 дугаар сарын 31-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цавчир багаас Сайнцагаан сумын Нарлаг 7 дугаар багт шилжин ирсэн бөгөөд 2022 оны мал тооллогод хамрагдаагүй ба малын А данс байхгүй нь үнэн болно” гэх Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 64 дугаартай албан бичиг, /хх-ийн 31-р хуудас/ зэргээр нотлогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүгдэгч Б.Ариунтуяа нь Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт үйлчлэгчээр ажиллаж байсан хохирогч, болон шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Ийнхүү ажиллах хугацаандаа Б.Ариунтуяа нь өөрийн өмчлөлд үхэр малтай хэмээн хохирогч Ц.Баяраад итгүүлж улмаар уг үхрээ зарна урьдчилаад мөнгөө өгнө үү гэх байдлаар 2022 оны 08 дугаар сараас 10 дугаар сарын хооронд хохирогч Ц.Баяраагаас 1.100.000 /Нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг бэлнээр болон банкны харилцах дансаар шилжүүлэн авсан ба дээрх мөнгөний хэмжээний хувьд шүүгдэгч болон хохирогч нар маргаагүй болно.
Гэвч шүүгдэгчийн өмчлөлд ямар нэгэн үхэр болон бусад мал байдаггүй болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Ариунтуяа нь өөрийн өмчлөлд огт үхэргүй боловч үхэр зарна хэмээн итгүүлэн хохирогчоос мөнгө шилжүүлэн авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл байх тул шүүгдэгчийг “Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Хохирлын талаар:
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 1.100.000 /Нэг сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь уг хохирлоос 200.000 /Хоёр зуун мянга/ төгрөг төлсөн болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул үлдэгдэл хохирол 900.000 /Есөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ц.Баяраад олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ариунтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Ариунтуяагийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал /одоо 7 сартай жирэмсэн, 7 хүүхэдтэй/ зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй, түүнчлэн хорих ял оногдуулж нийгмээс тусгаарлалгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болно.
Харин шүүгдэгчийн хувьд учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнийг хуульд заасан доод хэмжээний зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх боломжгүй гэж үзэн 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө орлого байхгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Хулан овогтой Баярсайханы Ариунтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хулан овогтой Баярсайханы Ариунтуяад 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ариунтуяад зорчих эрхийг хязгаарласан 01 жилийн хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ариунтуяа нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ариунтуяагаас 900.000 /Есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Баяраад олгосугай.
7. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн үндэслэлээр гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД