Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 102/2020/01777/И

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Д.Х-ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 1983 оны 5 дугаар сард Завхан аймгийн Соёлын ордонд анх дуучнаар ажилд ороод, 1983 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс дагалдан жүжигчнээр ажиллаж эхэлсэн, 1983 оны зун аймгийн наадамын тоглолтод оролцсон, 1983 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тухайн үед Соёлын ордон нэртэй байж байгаад Хөгжимт драмын театр болж өргөжиж албан ёсны нээлт болсон.Би 1983 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Хөгжимт драмын театрын дагалдан жүжигчнээр, 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тус театрт мэргэжлийн жүжигчнээр ажилласан.Тэгээд ээлжийн амралтаа аваад Улаанбаатар хот руу Соёл урлагийн их сургуульд дуулаачийн ангид суралцахаар явсан байгаа.Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тушаал олдохгүй байна.Иймд миний Завхан аймгийн хөгжимт драмын театрт 1983 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэл дагалдан жүжигчнээр, 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл мэргэжлийн жүжигчинээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.Хгийн ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Д.Х нь 1983 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Завхан аймгийн Хөгжимт драмын театрт дагалдан жүжигчнээр, 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн Хөгжимт драмын театрт мэргэжлийн жүжигчнээр тус тус ажиллаж байсан болох нь Хөгжимт жүжгийн театраас олгосон хөдөлмөрийн дэвтэрт хийгдсэн бичилтүүд, Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн гишүүний 1981 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 241045 дугаартай бат илэрхийлэл, гэрч Д.Цэвэлмаа, А.Алагаа нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан  Д.Х-ийн 1983 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Завхан аймгийн Хөгжимт драмын театрт дагалдан жүжигчнээр, 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн Хөгжимт драмын театрт мэргэжлийн жүжигчнээр тус тус ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Д.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          З.ДОРЖНАМЖИН