Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

улсын яллагч Б.Түвшинтөр,

шүүгдэгч Г.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Ш-д холбогдох 2316001160166 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны ** дугаар сарын ***-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дундговь аймгийн Мандах нуур сумд *******  ХХК-д ******** ажилтай, ам бүл 4, эх, дүү, ахын хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ***** багийн ****** тоотод оршин суух хаягтай, урьд Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар,  Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ДЮ********* регистрийн дугаартай, Н овогт Г-н Ш.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Г.Ш нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ********** багийн ****** тоотод А.Х-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, үл ялих зүйлээр шалтаглан түүний зүүн хөмсөг рүү нь цохиж, бие нь зүүн хөмсгөнд шарх гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Г.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Тухайн үед агсам тавиад байхаар нь би Х-д чи айлд ирчихээд аятайхан бай гэж хэлсэн. Тэгээд бид 2 барьцалдаад гэрээс гарсан. Гадаа гараад Х намайг заамдаж аваад дайраад байхаар нь би гараараа нэг удаа нүүрэн хэсэг нь цохисон... Х-н бие махбодод гэмтэл учирсан байсан. Зүүн хөмсөг нь сэтэрсэн цус гарч байсан. Тухайн гэмтлийг би гараараа нэг удаа цохиж учруулсан…” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 72дугаар хуудас/

2. Хохирогч А.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2023 оны 05 дугаар сарын 31-ний орой 18 цаг өнгөрч байхад би П-тэй хамт найз М-н гэрт очсон. Тухайн үед Ш, Б нэг танихгүй залуу байсан... Чи намайг өмнө нь цагдаад өгч байсан гээд над руу дайраад бид хоёрын дунд хэрүүл маргаан эхэлсэн. Ш намайг гараад ир гэхээр нь гарахад намайг заамдаж авсан. Би буцаагаад заамдаад авсан чинь миний хөмсөг хүү цохиж авсан. Тэгээд бид хоёрыг М тэнд байсан нэг танихгүй ахтай хамт салгасан ... Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/

3. Гэрч  П.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 31-ний орой 19 цагийн үед гэртээ байж байхад манай хүү Х гаднаас нүүр хэсэг нь цус болсон зүүн хөмсөг нь язарсан байсан. Юу болсон талаар асуухад манай танил Ш миний хөмсгийг зад цохичихлоо. Тэгээд намайг Ш ээжийгээ юм уу цагдаа дууд гэж хэлсэн гэхээр нь би тухайн үед Нэгдсэн эмнэлгийн ар талын саарал байшингийн арын хашаанд нэг жижиг гэрт намайг зодсон гэхээр нь өөрийн хүүхэд Х-н хамт очсон. Хүн байхгүй байсан болохоор цагдаад мэдэгдсэн …” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 56дугаар хуудас/

4. Гэрч Э.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ш, Х нар хоорондоо хэрэлдээд Х цагдаад өгнө ээжийгээ дуудна гэж хэлээд байсан. Намайг ороход Х зөрөөд гараад явсан. Х-н зүүн хөмсөгнөөс цус гарсан байсан. Би Ш-с юу болсон талаар асуухад “...бид хоёр гэрт маргалдаж байгаад гадаа гараад Х намайг боогоод байхаар нь би хавсарсан чинь давхралдаад гэрийн үүдэнд байсан довжоо руу унаад хөмсөг нь сэтэрсэн...” гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/

5. Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Х Ш хоёр маргалдаад гэрээс гараад буцаж орж ирэхэд Х-н зүүн талын хөмсөг нь сэтэрсэн байсан. Юу болсон талаар Ш-с асуухад Х гэрийн үүдэнд байсан довжоо руу давхралдаад уначихсан чинь Х-н хөмсөг нь сэтэрчихлээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/

6. Говь-Алтай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 176 дугаартай “...А.Х-н биед зүүн хөмсгөнд шарх гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох  журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх агуулгатай шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/

7. Шинжээч Д.Даваахүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би А.Х-н биед өөрийн биеэр үзэж дүгнэлт гаргасан ... А.Х-н биед зүүн хөмсгөнд учирсан шарх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой болно...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Г.Ш нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Х-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх агуулга бүхий мэдүүлэг/хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/ өгсөн бөгөөд хавтаст хэргийн материалтай танилцаад “...гомдол саналгүй...” гэх агуулга бүхий хүсэлт /хавтаст хэргийн 130 дугаар хуудас/   гаргасан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000(есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000(есөн зуун мянга)  төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт Г-н Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-д 900(есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Ш-д сануулсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ш-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА