Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/176

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.А-,

шүүгдэгч Н.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Н-ы М-д холбогдох эрүүгийн 2313002650240 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, төрсөн эцгийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар /Харасай/ багийн 17 дугаар гудамжны 4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Н-ы М-, регистрийн дугаар БЮ............

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Н.М- нь 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суух хаягтай хохирогч А.С-ээс зуны байшин барих гэж байна блок зээлээр өгөөч хэмээн түүнийг хуурч, 600 ширхэг цементэн блок зээлээр авч улмаар түүнээс авсан блокоо Е.Ж-т 720,000 төгрөгөөр зарж хохирогч А.С-д 780,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч А.Д-ээс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.М-йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэв.

2. Шүүгдэгч Н.М- мэдүүлэхдээ: “Хохирогч А.С- бол миний эгч. Би модыг 06 дугаар сарын 14-ний өдөр авсан. 6 сарын дундуур ээж маань нас барсан. Надад 6 сарын хугацаа өгсөн. Ээж маань нас барсан учраас зуны байшин барьж чадаагүй. Тэгээд А.С-д дахиж блокоо авах уу гэхэд, авахгүй гэсэн. Тэгээд блокийг өөр хүнд зараад А.С-д блокны мөнгийг өгсөн. Дахиж ийм гэмт хэрэгт холбогдохгүй. Тиймээс торгуулийн арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна” гэв.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... залилах гэмт хэргийн шинжгүй байна, харилцан тохиролцсон байна, хохирол төлсөн гэж байна. Иргэний маргааны шинжтэй гэсэн саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн заасан шинжүүд харагдахгүй байна. А.С-ийн 600 ширхэг блокыг ямар байдлаар хуурч авсан гэдэг нь тодорхой тогтоогдсон байх ёстой. Бусад хүнээс байлгаж авах ёстой хүнээс авсан. Зээлж авсан блокоор байшин барьж чадаагүй. Харин зээлээ төлсөн, төлөх ёстой.  Гэмт хэргийн шинжгүй гэсэн дүгнэлттэй байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн  2313002650240 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

4. Иргэн А.С-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

5. Хохирогч А.С-ээс гаргаж өгсөн баримтыг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, орчуулгын тэмдэглэл /хавтаст хэргийн 05-08 дахь тал/,

6. Хохирогч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21, 50 дахь тал/,

7. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн БӨА-23-0202 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 41-45 дахь тал/,

8. Гэрч Т.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

9. Гэрч Е.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

10. Иргэний нэхэмжлэгч Е.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

11. Яллагдагч Н.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

12. Шүүгдэгч Н.М-, түүний өмгөөлөгч С.А- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

13.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

14. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Н.М-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

15. Шүүгдэгч Н.М- нь 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суух хаягтай хохирогч А.С-ээс зуны байшин барих гэж байна блок зээлээр өгөөч хэмээн түүнийг хуурч, 600 ширхэг цементэн блок зээлээр авч улмаар түүнээс авсан блокоо Е.Ж-т 720,000 төгрөгөөр зарж хохирогч А.С-д 780,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

16. Иргэн А.С-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

17. Хохирогч А.С-ээс гаргаж өгсөн баримтыг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, орчуулгын тэмдэглэл /хавтаст хэргийн 05-08 дахь тал/,

18. Хохирогч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Н.М- гэх залуу утсаар холбогдож уулзаад 600 ширхэг цементэн блокийг 1,300 төгрөгөөр авахаар тохиролцсон юм. Тэгээд блокийг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өөрөө ганцаараа “Естима” загварын 2..4 БӨҮ улс дугаартай тээврийн хэрэгслээр ирж, нөхөр Т.Е-ы портер машинд ачиж 4 удаа зөөж буулгаад мөнгийг нь 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр өгөх болно гэж гараар бичиг хийж өгсөн. Тэгтэл харин мөнгө өгөх хугацаандаа мөнгө өгөхгүй удаад утсаар ярихаар өнөөдөр өгнө, маргааш өгнө, зээл авч байгаад өгье, зээл хөөцөлдөж байгаа гэхээр нь түүнийг худлаа яриад яваад байна гэж бодоод 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр нөхрийн хамт цемент буулгасан гэх газарт очиход тухайн хашаанд уг цементэн блокоор байшин барьчихсан байсан ба тухайн хашааны хүнээс Н.М-гийн гэр мөн үү гэхэд биш түүний гэр гүүрний цаана гэсэн ба блок зарсан юм, мөнгийг авах гэхээр өгөхгүй байна гэхэд тэрээр би эдгээр блокуудыг Н.М-гаас 1,100 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь бэлнээр өгсөн гэж хэлсэн. Тэгээд бид түүнийг биднийг залилсан байна гээд цагдаад гомдол гаргасан юм. Н.М- цементэн блок авахаасаа өмнө зуны байшин барих гэж байгаа юм, зээлээр өгөөч гэхээр нь түүнд итгээд гар баримт бичиж өгөхөөр нь өгсөн юм. Н.М- тэдгээр хүмүүст машинаа бидэнд зарсан. Тэгээд мөнгөний талд нь 2,000 ширхэг цементэн блок авсан. Тэр блокноосоо зарж байгаа гэж хэлсэн байсан...”, “...Н.М- надад 600 ширхэг блокийг 780,000 төгрөгөөр бодож өгөх ёстой байснаас сүүлд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дараа 9 сарын эхэнд байсан байх миний данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 280,000 төгрөгийг хэд хоногоос өгнө гэж хэлээд түүнээс хойш ахиж надтай холбогдоогүй, үлдэгдэл мөнгөө одоо болтол өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21, 50 дахь тал/,

19. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн БӨА-23-0202 дугаартай ...Цементэн блокны 1 ширхэг нь 1,400 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-45 дахь тал/,

20. Гэрч Т.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр манайхаас Н.М- гэх залуу 2341 БӨҮ улсын дугаартай “Естима” загварын машинтайгаа ирээд 600 ширхэг блокийг 1 ширхгийг нь 1,300 төгрөгөөр тооцож 780,000 төгрөгөөр худалдаж авахаар болж мөнгийг нь 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр өгнө гээд цаасан дээр баримт бичээд манай эхнэрт өгөөд миний бие өөрийн 6198 БӨТ улсын дугаартай портер машинаар Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт нэг хашааг зааж харуулан энэ манай хашаа байшин барих гэж байгаа юм гээд 4 удаа ачиж хүргэсэн. Тэр үед өөрийн машинаараа дагаж очиж буулгасан. Дараа нь мөнгө өгөх хугацаа болох үед өнөөдөр өгнө, маргааш өгнө гээд өгөхгүй асуухаар зээл хөөцөлдөж байна, бүтэхээр нь өгье гээд өгөхгүй байсан тул анх буулгасан хашаанд нь очиход өөр хүмүүс байсан ба Н.М- гэх хүнийг таних уу, тэдний хашаа энэ мөн үү гэхэд тэрээр Н.М-г танина энэ тэрний гэр биш гэсэн. Би тэр үед нь би энэ блокуудыг түүнд буулгаж өгсөн юм. Мөнгийг нь өгөхгүй байна гэхэд тэрээр энэ блокийг Н.М- надад 1 ширхгийг нь 1,100 төгрөгөөр зарсан. Би бүх мөнгийг өгчихсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

21. Гэрч Е.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н.М- нь 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр шиг санагдаж байна манай байшингийн хажууд цементэн блок ачиж ирж буулгасан. Тэгээд 2-3 хоногийн дараа надаас мөнгөө бэлнээр авсан. 600 ширхэг блокийг нэг ширхгийг нь 1,200 төгрөгөөр тооцож түүнд 720,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд надад хэлэхдээ уг цементэн блокийг өөрийн “Еstima” маркийн машинаа зарж, үлдэгдэл мөнгөнд нь цементэн блок авсан. Та авах уу гэхээр нь би угаасаа зуны байшин барих санаатай байсан учраас түүнээс авсан юм..., ...Н.М- нь хүнээс цементэн блок зээлээр аваад мөнгийг нь сарын дараа өгнө гэж хэлчихээд тэр хүнээс авсан блокоо надад зарсан байсныг блок зарсан эмэгтэй нөхрийн хамт манайд ирж уулзах үеэр мэдсэн. Би түүнээс авсан 600 ширхэг блокоор байшингийнхаа хажууд 8x4 метр хэмжээтэй зуны байшин барьчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

22. Иргэний нэхэмжлэгч Е.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н.М- нь надад 600 ширхэг блок өгсөн бөгөөд тухайн блокны үнэ болох 720,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн блокоор би байшингаа бариад дууссан учир Н.М-гаас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, энэ асуудалтай холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

23. Яллагдагч Н.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ““...Миний бие прокурорын гаргасан тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна..., ... Би 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр иргэн А Серикгүлээс стандарт блок худалдаж авсан минь үнэн, тухайн үед би түүнд хэлэхдээ өөрөө байшин барьж авна гэж худлаа хэлээд 600 ширхэг стандарт блокийг 1 ширхгийг 1,200 төгрөгөөр бодож нийт 720,000 төгрөгөөр тохирч авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

24. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ

25. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заажээ.

26. Шүүгдэгч Н.М- нь хохирогч А.С-ээс зуны байшин барих гэж байна блок зээлээр өгөөч хэмээн түүнийг хуурч, 600 ширхэг цементэн блок зээлээр авч улмаар түүнээс авсан блокоо Е.Ж-т 720,000 төгрөгөөр зарж хохирогч А.С-д 780,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.

27. Зохиомол байдал зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж, тэдний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгийг нь өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг залилах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд хохирогч нь шүүгдэгч Н.М-д итгэн төөрөгдөж, цементэн блокыг шилжүүлэн өгсөн байна.

28. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн идэвхтэй үйлдлээр хохирогчийг залилж, эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

29. Иймд прокуророос шүүгдэгч Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

30. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Н.М-гийн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдэлт, бие хүний хувьд хүмүүжил ёс суртахууны төлөвшил дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

31. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

32. Шүүгдэгч Н.М-гийн үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч А.С-д 780.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтогдсон байна.

33. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.

34. Шүүгдэгч Н.М- нь хохирогч А.С-д учирсан хохиролд 500,000 төгрөг төлсөн болох нь хохирогч А.С-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 21, 50 дахь тал/-ээр тогтоогдож байна.

35. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.М-гаас 280.000 төгрөг гаргуулан хохирогч А.С-д олгох нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

36. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” гэх дүгнэлтийг,

37. Шүүгдэгч Н.М-гаас “хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгөх” хүсэлтийг,  

38. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А-гаас “Эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт байхгүй” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.

39. Шүүгдэгч Н.М- нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

40. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

41. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

42. Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

43. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.М- нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

44. Шүүгдэгч Н.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж овогт Н-ы М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М- нь торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.М-гаас 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг гаргуулан хохирогч А.С-д олгосугай.  

 

5. Энэ хэрэгт шүүгдэгч Н.М- нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК