Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 21

 

В.Я-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0010/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Б.Сүрмандах

Шүүгдэгч                                       В.Я-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Д.Номин-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолтой, В-ийн Я-д холбогдох, 1918005650516 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч В.Я-гийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд нь  2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.т зааснаар 20.500 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, ********** регистрийн дугаартай, Х- овогт В-ийн Я-.

Шүүгдэгч В.Я- нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд үйл ажиллагаа явуулдаг “Сор хүдэр” ХХК-аас 10 метр куб нарсан зах банз авч 2019 оны 07 дугаар сарын 26-наас 1 хоногийн хугацаанд Дархан-Уул аймаг руу тээвэрлэхээр мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ авсан боловч 14 метр куб нарсан зах банз ачиж 2019 оны 08 дугаар сарын 05-нд Дархан-Уул аймаг руу тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Х- овогт В-ийн Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1.д заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

         -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1.д зааснаар В.Я-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар В.Я-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

-Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирол 399.000 /гурван зуун ерэн есөн мянга/ төгрөг төлөгдсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд иргэний нэхэмжпэгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч В.Я-гаас 8.000.000 /найман сая/ төгрөг гаргуулж улсын орлого болгох,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.д зааснаар 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 14 метр куб нарс модон зах банзыг улсын орлого болгож,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Я-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

-Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч В.Я-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч В.Я-гийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ давж заалдах гомдолдоо:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйл 1.д заасан Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн объектив талын шинж нь зөвшөөрөлгүй мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн байхыг шаардсан байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шүүгдэгч В.Я-д ял оногдуулсанд гомдолтой байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй. Учир нь хэрэгт гэрчүүдийн мэдүүлгээр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрээс В.Я- нь модыг тээвэрлээд гарах үед буюу 2019 оны 07 дугаар сарын 26-ны үед тухайн нутагт олон хоногийн үргэлжилсэн бороо орж, тээвэрлэж байсан “Фусо” маркын 37-83 ДАХ улсын дугаартай автомашин шаварт сууж эвдэрсэн буюу байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас 2019.07.26-ны өдрөөс 1 хоногийн хугацаатай олгосон СБА серийн дугаартай 0028232 дугаартай мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээний хугацаа 9 хоногоор хэтэрсэн байхад шүүх үүнийг анхаарч үзээгүй.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйл 1.д заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүйн дээр хэрэв үүнийг гэмт хэрэг гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4.т зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид  заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг өмгөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан боловч анхан шатны шүүх үүнд огт дүгнэлт хийгээгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч В.Я-д холбогдох эрүүгийн хэрэгт ямар нэгэн хохирол, хор уршиг огт учраагүй. Тодруулбал Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг буюу байгаль орчны эсрэг гэмт хэрэг нь өөрөө байгаль орчинд ямар нэгэн хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Анхан шатны шүүх “энэ хэргийн улмаас хохирол учраагүй” гэж шийтгэх тогтоолдоо тайлбарласан атлаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.д заасныг баримтлан хохирол гаргуулахаар шийдвэрлэж, тээвэрлэж явсан модны үнэлгээгээр 399.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хууль буруу хэрэглэсэн дүгнэлт болсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-г хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн. Дээрх тээвэрлэсэн авто машин нь В.Я-гийн өмчлөлийн биш, мөн гэмт хэргийн улмаас учирсан гэж дүгнэсэн хохирол 399.000 төгрөгийг төлсөн байтал авто машиныг хураах шийдвэр гаргасан нь огт үндэслэлгүй, хуулийг төсөөтэй хэрэглэсэн ноцтой алдаа болсон гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч В.Я-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоно гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч В.Я-:

Саналгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч В.Я-гийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ тайлбартаа:

Миний бие шүүгдэгч В.Я-д холбогдох гэмт хэргийг цагаатгах саналтай оролцож байна. Анхан шатны шүүх обьектив талын шинжийг буруу тайлбарлаж ял оногдуулсанд гомдолтой байна. Миний үйлчлүүлэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байхад шүүх түүнийг гэм буруутайд тооцсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байна. Шүүгдэгч нь зөвшөөрөлтэй бэлтгэсэн модыг худалдаж авсан байгаа. Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд ямар нэгэн хохирол учраагүй байдаг. Хохирол төлбөрт 8 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд миний үйлчлүүлэгчийг цагаатгаж, хохирол төлбөрт гаргуулахаар заасан 8 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой танилцлаа. Гарал үүслийн гэрчилгээний хугацаа хэтэрсэн нь шүүгдэгчийн өөрийн хайхрамжгүй байдлаас бий болсон гэж үзэж байгаа. Энэ хэрэгт байгаль орчинд ямар нэгэн хохирол учруулаагүй. Энэ хэргийг шалгасан эрх бүхий албан тушаалтан зохих ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй. Тухайн мод зараад байгаа этгээдийг шалгах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.       

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан В.Я-д холбогдох хэргийн бүх үйл ажиллагаа болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзвэл:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч В.Я-г 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас иргэн Ч.А-гийн өмчлөлийн 37-83 ДАХ улсын дугаартай “Fuso” маркийн ачааны автомашинаар СБА серитэй, 0028232 дугаартай мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээгүйгээр 14 метр куб нарсан зах банз  тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч В-ийн Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1.д заасан хууль бусаар мод  бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хохирол 399.000 төгрөг төлөгдсөн, түүнээс гаргуулах төлбөргүй болохыг дурдаж, эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 14 метр куб нарс модон зах банзыг улсын орлого болгох, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 8.000.000 төгрөгийг шүүгдэгч В.Я-гаас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэргийн нөхцөл байдал, болсон үйл баримтаас үзвэл В.Я- нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 01 сарын 24-ний өдрийн А/08 дугаартай Ойгоос мод бэлтгэх үйл ажиллагааг зохион байгуулах тухай захирамж.,  мөн 2019 онд Хүдэр сумын ойгоос бэлтгэх хэрэглээний болон түлээний модны хуваарийн санал., Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 сарын 28-ны өдрийн 127 дугаар тогтоол, тогтоолын хавсралтаар батлагдсан Хүдэр сумын нутаг дэвсгэрээс 2019 онд бэлтгэх модны хэмжээнд нэмэлт оруулсан хуваарийн дагуу эрх олгогдсон ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх Ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээтэй,  мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй “Сор хүдэр” ХХК., “Хүдэр хаан” ХХК нэртэй энэ 2 компаниас нарсан зах банз буюу модон материал худалдан авч иргэн Ч.А-гийн өмчлөлийн 37-83 ДАХ улсын дугаартай “Fuso” маркийн ачааны автомашинд ачиж  яваад шаварт сууж банзаа буулгаж чадахгүй олон хоног айлын хашаанд байлгаж байгаад Дархан-Уул аймаг руу авчирсан үйл баримт болжээ.

Энэ үйл баримт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох гэрч Ч.А-гийн өгсөн:  ...Я- над руу залгаад “хоёулаа Хүдэр сум руу яваад бан ачаад ирье, хашаа барих гэж байгаа юм” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд очоод банзаа ачаад дуусч байтал бороо ороод шаварт суучихаар нь би “шавраас гаргаж чадвал өөрсдөө машинаа жолоодоод хүрээд ирээрэй” гээд Дархан луу явсан., гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-р хуудас/,

гэрч Ц.А-гийн өгсөн: ... Я- надтай хашааны банз хэрэгтэй байна гэж ярьснаасаа хойш удалгүй А- ах тэр 2 Хүдэр суманд машинтай ирсэн. Тэр хоёр банзаа ачиж байхад бороо ороод машин нь шаварт суусан. А- ах Улаанбаатар луу сэлбэгт явсан. Я- эгч хүүгээрээ машинаа бариулаад Дархан явсан.., гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Б-ын өгсөн ... Би өөрөө “Хүдэр хаан” нэртэй мод, модон бүтээгдэхүүн бэлтгэх, худалдах эрхтэй компанитай юм. Тэгээд би  эрх бүхий байгууллагаас тодорхой хугацаанд хуулийн дагуу, зөвшөөрөгдсөн газраас мод бэлтгэж, худалддаг юм.

Я- нь 2019 оны 07 сарын 20-дын үед Хүдэр суманд ирж надтай уулзаад хашааны банз  худалдаж авах  гэсэн юм, гэж тохироод  “Fuso” маркийн автомашинтай ирээд  миний зөвшөөрөл бүхий бэлтгэсэн банз өөрөөр хэлбэл модон материалыг  худалдаж авсан.

Манайд ирэхдээ машиндаа 10 орчим м куб мод худалдаж авсан гээд  ачсан ирсэн. Банзаа ачаад гарах гэж байгаад манай хашаанд шаварт суугаад, мөн жолооч нь машины нэг юм нь эвдэрсэн гээд сэлбэг авчирна гээд яваад 4-5 хоног болсон байх., гэсэн мэдүүлэг /хх-88-р хуудас/,  

Гэрч Т.М-ын өгсөн ...Би Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Ойн ангийн инженерээр ажилладаг. 2019 оны 07 сарын 26-нд 0028232 дугаартай мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг “Сор хүдэр” ХХК-д бичиж өгсөн., мөн “Хүдэр хаан” ХХК нь ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах эрхтэй ойн мэргэжлийн байгууллага юм.

2019 онд Хүдэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 01 сарын 22-ны өдрийн 120 дугаар тогтоолоор үйлдвэрлэлийн огтлолын хус 50 м.куб, 2019 оны 06 сарын 28-ны өдрийн 127 дугаар тогтоолоор үйлдвэрлэлийн огтлолын нарс 30 м.куб бэлтгэх эрхийг авч, мод бэлтгэлийн талбай тусгаарлах эрх авч мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулсан. 2019 оны 07 сарын 26-наас 2019 оны 08 сарын 01-ний өдрүүдэд цаг агаарын хувьд бороотой байсан...гэсэн мэдүүлэг /хх 102-р хуудас/,  

гэрч Ч.Э-ын өгсөн ...би 2019 оны 07 сарын 26-ны өдөр Б- гэдэг хүний хөрөө рам дээр ажиллаж байхад 37-83 ДАХ улсын дугаартай “Fuso” маркийн автомашинтай хүн зах банз худалдаж авахаар ирсэн.

Тэгээд банзаа ачаад дөнгөж хөдлөөд л шаварт суусан ба тэр газар нь доошоогоо цөмөрч орсон. Жолооч нь машинаа янзлаад л байсан, эвдэрсэн юм шиг байна лээ.

Машин нь шаварт суугаад бараг 7 хоносон, тэгээд 4 трактор авчирч машиныг татаж гаргасан. Машин шаварт сууснаас хойш тасралтгүй 7 хоног бороо орсон... /хх-н101-р  хуудас / гэсэн мэдүүлэг болон Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 01 сарын 24-ний өдрийн А/08 дугаар Ойгоос мод бэлтгэх үйл ажиллагааг зохион байгуулах тухай захирамж, 2019 онд Хүдэр сумын ойгоос бэлтгэх хэрэглээний болон түлээний модны хуваарийн санал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 сарын 28-ны өдрийн 127 дугаар тогтоол, тогтоолын хавсралтаар батлагдсан Хүдэр сумын нутаг дэвсгэрээс 2019 онд бэлтгэх модны хэмжээнд нэмэлт оруулсан хуваарь, “Сор хүдэр” ХХК-ийн ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх Ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээ, мөн компанийн мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээ, “Хүдэр хаан” ХХК-ийн ойн үйлдвэрлэлийн ашиглалт явуулах Ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр нотлогджээ.

Эдгээр нотлох баримтаас үзвэл В.Я- нь өөрөө зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн, тээвэрлэсэн байдал тогтоогдохгүй байгаа бөгөөд харин мод бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий хуулийн этгээдээс тэдний хуульд заасан үндэслэл, журмын  дагуу бэлтгэж, ахуйн хэрэгцээнд хэрэглэх зах банз буюу модон материалыг худалдаж авсан үйл баримт байхад түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь  хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

            Түүнчлэн прокурорын яллах дүгнэлтийн болон шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэлийн нэг болох В.Я- нь Ойн тухай хуулийн  33.,  34 дүгээр зүйлийг зөрчсөн гэж  дүгнэлт хийсэн нь дээрх хуулийг буруу ойлгож хэрэглэжээ.

         Өөрөөр хэлбэл  Ойн тухай хуулийн  33.,  34 дүгээр зүйлийн   ...Ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллага сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн ойн ангитай  /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ мод бэлтгэх гэрээ байгуулна., гэрээнд мод бэлтгэх хугацаа, зориулалт, бэлтгэх модны төрөл, хэмжээ.,  мөн  иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох журам, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэр,  ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг олгоно... гэсэн заалт нь  хуулийн дагуу  мод бэлтгэж, модон материал болох  банзыг  иргэн В.Я-д  худалдсан  “Хүдэр хаан” “Сор хүдэр” ХХК-н үйл ажиллагаа болон тэдний эрх хэмжээ, үүрэгт хамаарах заалт байна. 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдол хуулийн үндэслэлтэй байх тул  хүлээн авч,  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.т зааснаар В.Я-д  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4., 39.5 дугаар зүйлийн 1.1., 39.6 дугаар зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 1.2., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.д заасныг баримтлан Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Прокуророос В.Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, В.Я-г цагаатгасугай.

2. Хэрэгт битүүмжлэгдсэн 14 м.куб нарсан зах банзыг В.Я-д буцаан олгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4.т зааснаар В.Я-д холбогдох, 1918005650516 дугаартай, 1 хавтас бүхий эрүүгийн  хэргийг прокурорт буцаасугай.

4.Өмгөөлөгч Д.Номин-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

5. В.Я-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4.т заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАНЛАЙБААТАР

                                                                ШҮҮГЧИД                               Ц.ТУЯА

                                                                                                                Ц.АМАРЖАРГАЛ