| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 128/2024/0361/З |
| Дугаар | 221/МА2025/0744 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2025/0744
Ц.Эгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0680 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд “М” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, түүний өмгөөлөгч Н.О, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч шүүгч Ц.Одмаа
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.Э
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба
Гуравдагч этгээд: “М” ТББ
Гуравдагч этгээд: “Г” ХК
Гуравдагч этгээд: Р.Б
Гуравдагч этгээд: Б.Н
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.Э
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Б
Хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б
Гуравдагч этгээд “М” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.О, өмгөөлөгч Н.О,
Гуравдагч этгээд “Г” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О
Гуравдагч этгээд Б.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн
Хэргийн индекс: 128/2024/0361/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0680 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 21.2.6, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Эгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим шаардлагыг, гуравдагч этгээд Б.Нгийн бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж, Ц.Э, Б.Н нарын газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Нийслэлийн Засаг даргын татгалзал, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, Мийн Үзэсгэлэнгийн тахимтай залгаа орших Б хэсгийн барилгын доорх газрыг Ц.Э, Б.Н нарыг дундаа хамтран эзэмших хүсэлтийг гаргасан тохиолдолд газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгаж, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан Ц.Эгийн Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06/1284 дүгээр албан бичиг, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-05/1998 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Б.Нгийн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2025 оны 05 дугаар сарын 02-ны 01-05/2294 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа төрийн захиргааны байгууллагын хууль дүрмээ сахиж байгаа байдлыг үгүйсгэсэн.
2.2. Хэрэг үүссэн үндэслэл нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06/1284 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан ба тус албан бичиг нь “шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж байгаа учраас хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн агуулгатай. Иргэн Ц.Эгийн нэхэмжлэл нь хууль бус захиргааны акт хүчингүй болгуулах зорилготой байсан хэр нь2025 оны 04 дүгээр сарын 07-нд нэхэмжлэгч дахин өөр утга бүхий хүсэлт гаргасан. Маргаан бүхий газрыг дундаа эзэмшүүлэх тухай шинэ өргөдөл гаргасан. Энэ нь анхны нэхэмжлэлийн шаардлагаас зорилго, агуулгаар өөр захиргааны харилцаа үүсгэсэн хүсэлт юм. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн" шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж байгаа учраас хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй" гэсэн хариу нь анхны нэхэмжлэлд хамаарахгүй, иргэнээс гаргасан өргөдлийн хариу байсан ба анхны нэхэмжлэлийн хүрээнд “татгалзсан үйлдэл” гэж үзэх нь эрх зүйн үндэслэлгүй юм. Иймд шийдвэрийн 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3. Гуравдагч этгээд “М” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргасан гаргасан байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.4.6-д “М” ТББ-ын 1997 оны А/226 дугаар захирамжаар олгогдсон газар ашиглах эрхийн хугацаа 2001 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болсон” гэж дүгнэсэн боловч, шүүх уг дүгнэлтээ гаргахдаа дараах чухал баримтыг огт харгалзаагүй байна. Үүнд, 2001 онд тухайн үеийн Мийн дарга Ц.Э өөрийн орлогч Л.Б-р дамжуулан байгууллагын эзэмшилд байсан газрыг хугацаа дуусахаас өмнө өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Энэ үйлдэл нь 2013 онд илэрч, Мийн шинэ удирдлагын хүсэлтээр цагдаагийн байгууллага шалгасан боловч 2020 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Уг шийдвэрийг 2024 онд хүчингүй болгосон. Үүнээс хойш Мийн нь Захиргааны хэргийн шүүхэд хандаж, Ц.Эд газар шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамжийг илт хууль бусад тооцуулсан. Уг нэхэмжлэлийг гурван шатны шүүх бүхэлд нь хангасан бөгөөд энэхүү шийдвэр нь хүчин төгөлдөр болсон. Илт хууль бус гэж тогтоогдсон захиргааны актыг хүчингүй болсноор, түүнээс өмнөх Мийн 1997 оны А/226 дугаар захирамжаар олгогдсон 1290 м.кв газар ашиглах эрх автоматаар сэргэсэн гэж үзэх нь Захиргааны ерөнхий хуулийн 47.2-т нийцнэ. Гэвч шүүх энэхүү нөхцөл байдлыг үл анхаарч, Мийн эрхийг 2001 онд дуусгавар болсон мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.2. Орлогч дарга Р.Б нь байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.4.4-т “Мийн дэд дарга Л.Б нь 2001 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 134 дүгээр албан бичгээр газар зохион байгуулалтын байгууллагад хандан хүсэлт гаргасан” гэж дүгнэж, уг хүсэлтийг Мийн нэрийн өмнөөс гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Төрийн бус байгууллагын тухай хууль болон Мийн 1995 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн батлагдсан дүрэмд зааснаар байгууллагыг төлөөлөх эрх нь даргад хамаарна, орлогч дарга зөвхөн даргын өгсөн итгэмжлэлтэй тохиолдолд төлөөлөх эрхтэй. Хавтаст хэрэгт орлогч даргад итгэмжлэл олгосон баримт байхгүй бөгөөд итгэмжлэлгүй этгээдээс гаргасан хүсэлтийг хуулийн этгээдийн хүсэл зориг гэж үзэх үндэслэлгүй юм. Гэвч шүүх энэ нөхцөлийг үл харгалзан, Л.Б-ын гаргасан хүсэлтийг Мийн албан ёсны хүсэлт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.3. 2004 оны 455 дугаар захирамжийг “алдаатай мөртлөө хүчинтэй” гэж дүгнэсэн нь дотоод зөрчилтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.4.8, 2.4.9-д 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 455 дугаар захирамжийг Мд эзэмших эрх олгоогүй байхад газар эзэмших эрхийг баталгаажуулсан алдаатай шийдвэр гэж дүгнэсэн атлаа дараагийн мөрд “уг захирамжаар 890 м.кв газрыг эзэмших эрх зүйн харилцаа үүссэн” гэж үзсэн нь логикийн зөрчилтэй байна. Хэрэв тухайн акт алдаатай бол түүнээс эрх зүйн үр дагавар үүсэх боломжгүй. Түүнчлэн уг захирамжийг гаргахдаа Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасныг үндэслэл болгосон боловч энэ нь газар эзэмших эрх хасах үндэслэл биш, зөвхөн төлөвлөлтийн уялдаа, хяналттай холбоотой бүрэн эрх юм. Харин газартай холбоотой эрхийн хэмжээ, зориулалт, байршлыг өөрчлөх бүрэн эрх нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.6 болон 38 дугаар зүйлээр тусгайлан зохицуулагддаг. Хавтаст хэрэгт 2004 онд Мээс газрын эрхээ хасуулах хүсэлт гаргасан баримт байхгүй бөгөөд эрх шилжүүлэх ажиллагаа огт хийгдээгүй байна. Тиймээс 2004 оны 455 дугаар захирамж нь хууль бус шийдвэрийг баталгаажуулсан үр дагавартай тул өөрөө ч мөн илт хууль бус гэж үзэх нь зүйтэй. Шүүх энэ маргаанд гарсан гуравдагч этгээд Мийн өмгөөлөгч, төлөөлөгчийн тайлбарыг үл анхаарч “алдаатай хир нь хүчинтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.4. Газар ашиглах эрхийн хугацаа сунгуулаагүй шалтгааныг буруу тайлбарласан анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.4.10-2.4.11-д “М хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй нь өөрийн буруу” гэж үзсэн нь бодит байдлыг үл харгалзсан дүгнэлт гэж үзэхээр байна. Уг хугацаанд байгууллагын даргаар нэхэмжлэгч Ц.Э өөрөө ажиллаж байсан бөгөөд өөрийн нэр дээр газар шилжүүлсэн этгээд тухайн байгууллагын нэрийн өмнөөс дахин хүсэлт гаргахгүй байх нь тодорхой байсан. Тиймээс тухайн үеийн эрх мэдэлтэй дарга өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн байгууллагын эрхийг хэрэгжүүлээгүй нь хууль бус үйлдэл болохоос, байгууллагын мэдээгүй гэсэн хариуцлага хүлээх үндэслэл биш юм. Шүүх энэ нөхцөлийг үл харгалзан байгууллагын зүгээс хүсэлт гаргаагүй хэмээн дүгнэсэн нь эрх бүхий этгээдийн хууль бус үйлдлийн үр дагаврыг байгууллагад хүлээлгэсэн буруу дүгнэлт гэж үзэхээр байна.
3.5. Шүүх шийдвэр гаргах гол үндэслэл болсон давхцалгүй гэх дүгнэлт хийхдээ нотлох баримтын шаардлага хангаагүй тодорхойгүй баримтыг ашигласан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.4.13-д “Р.Б нь 1997 оны 08 сараас 1998 оны 11 дүгээр сард барилгыг барьж дуусгасан болох нь Мийн хорооны 1998 оны 11 дүгээр сарын 18-ны танилцуулгаар тогтоогдсон” гэж дүгнэсэн байна. Гэтэл энэхүү “танилцуулга” гэх материал Улсын бүртгэлийн Ү-22030086** дугаартай баримтад хавсаргагдсан байх боловч тамга тэмдэггүй, гарын үсэг, үйлдсэн этгээд тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй, эрх зүйн хүчин төгөлдөр баримт гэж үзэх боломжгүй байна. Хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны үеэр уг баримтыг огт судлаагүй, талуудын тайлбар, шүүхийн асуултад дурдагдаагүй бөгөөд нотлох баримтын жагсаалтад тусгагдаагүй байхад анхан шатны шүүх уг баримтыг үндэслэл болгож “газрын давхцалгүй” гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-34.3 дахь хэсэгт заасан нотлох баримт судлах, үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
3.6. Кадастрын лавлагааг буруу дүгнэсэн тухайд, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.4.19-д “Үзэсгэлэнгийн танхим нэртэй /нийтэд танигдсанаар/ барилгын “Б” хэсгийн доорх газар нь одоо хэн нэгний эзэмшилд байхгүй, “М” ТББ-ын эзэмшилд биш болох нь хариуцагчийн гаргасан кадастрын зураг, тайлбар болон Газрын зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2/1475 дугаар албан бичгээр тогтоогдлоо” гэж дүгнэжээ. Анхан шатны шүүхийн хүсэлтээр 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “Нотлох баримт гаргуулах тухай” албан бичиг илгээж, түүнд хариу болгон Газрын зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар 2025 оны 04 дүгээр сарын 30-ны 2/1475 дугаар бичгийг ирүүлсэн. Уг бичиг нь зөвхөн Мд хамаарах газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн нэгж талбаруудын хэмжээ, дугаар, өөрчлөлтийн түүхийг жагсаасан архивын лавлагаа бөгөөд эзэмшигчийн эрхийн хүчин төгөлдөр байдал, газар хэний мэдэлд байгаа эсэхийг тогтоох зорилготой эрх зүйн дүгнэлт биш юм. Ийм төрлийн баримт нь “эзэмшигчгүй” эсэхийг тогтоох эцсийн нотолгоо байж чадахгүй бөгөөд зөвхөн бүртгэлийн мэдээллийг тодорхойлдог. Тухайлбал, уг лавлагаанд Мийн нэр дээр 2006-2019 онд нийт 5 өөр бүртгэл орсон гэж дурдсан ч эдгээр нь газрын талбай, нэгж дугаарын өөрчлөлт, хэмжээнд холбогдсон бүртгэлийн мэдээлэл болохоос, тухайн газрыг одоо хэн нэгний эзэмшилд биш гэж дүгнэх агуулга, эсвэл эрхийн хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэсэн мэдээлэл агуулаагүй байна. Иймд шүүх уг лавлагааг хууль зүйн баримт мэт ашиглаж, эрх зүйн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн болон бие даасан шаардлагын энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
4. Гуравдагч этгээд “М” ТББ-ын өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргасан гаргасан байна. Үүнд:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.4.20-д “.... Б хэсэгт “М” ТББ үл хөдлөх хөрөнгийн талбай өмчилдөггүй болох нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийн материалаар нотлогдож байна” гэж дүгнэжээ. Шүүхийн дээрх дүгнэлт нь М барилга өмчлөхгүй тул газар эзэмших эрхгүй гэсэн утгыг илтгэж байх бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 31.1-31.3 дахь зохицуулалттай нийцэхгүй юм. Уг хуулиар газар эзэмших эрх нь өргөдөл, гэрээ, гэрчилгээний үндсэн дээр үүсдэг бөгөөд заавал барилга өмчлөхөөс хамаарахгүй. Харин эсрэгээрээ өмчлөх эрх нь газар эзэмших эрхийн дараагийн шатны үр дагавар байдаг. Иймд шүүх өмчлөлгүй тул эзэмших эрхгүй гэх логик ашигласан нь хууль буруу хэрэглэсэн дүгнэлт бөгөөд нотлох баримтын утгыг гуйвуулсан, Газрын тухай хуулийн суурь зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн дээрх дүгнэлт нь Мийн 1997 оны А/226 дугаар захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийг хууль ёсны үндэслэлгүйгээр үгүйсгэсэн үр дагавартай гэж үзэхээр байна.
4.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тодорхой заасан байдаг. Шүүх талууд огт маргаагүй 2004 оны 455 дугаар захирамжийн хүчинтэй байдлын талаар өөрийн санаачилгаар “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх дүгнэлт гаргасан нь дээрх зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. М нь уг захирамжийг хууль ёсны гэж үзээгүй бөгөөд харин 2001 оны хууль бус захирамжийн үр дагавар гэж тайлбарласан. Тиймээс шүүхийн дээрх дүгнэлт нь Мийн ирээдүйд уг актад холбогдох эрхээ хамгаалах, шинэ маргаан гаргах боломжийг үндэслэлгүйгээр хязгаарласан гэж үзэхээр байна. Шүүх зөвхөн тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бодитой, нотлогдсон баримтад тулгуурлан дүгнэлт гаргах ёстой бөгөөд ирээдүйд үүсэж болох, магадлалтай нөхцөл байдалд үндэслэн урьдчилсан байр суурь илэрхийлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-34.3, 106.4, 106.5-д заасан шаардлагыг илт зөрчсөн, шүүхийн хараат бус, баримтад тулгуурлах зарчмыг алдагдуулсан гэж үзэхээр байна.
4.3. Хууль хэрэглээний хувьд энэхүү дүгнэлт нь өмчлөх эрх болон газар эзэмших эрхийн эрх зүйн шинж, үүсэх үндэслэл, хуулийн зорилгыг хооронд нь андуурсан, Газрын тухай хуулийн болон өмчийн эрхийн суурь зарчимтай нийцэхгүй байна. Газрын тухай хуулийн 3.1.3, 3.1.4-т зааснаар газар эзэмших, ашиглах эрх нь төрийн байгууллагаас захиргааны акт, гэрээ, эрхийн гэрчилгээний үндсэн дээр олгогддог, өмчлөх эрхээс ангид, бие даасан хэрэглээний эрх юм. Энэ эрх нь өмчлөх эрхийн оршин байгаа эсэхээс үл хамааран захиргааны актаар бий болдог, өөрөөр хэлбэл өмчлөх эрхгүй этгээд ч хууль ёсоор газар эзэмших эрх эдэлж болно. Тиймээс шүүхийн өмчлөх эрхгүй тул газар эзэмших эрхгүй гэх дүгнэлт нь эрхийн шинжийг буруу холбосон, өмчлөх ба эзэмших эрхийн хууль зүйн ялгааг үгүйсгэсэн дүгнэлт болж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.6-д “өмчлөгч нар өөрийн өмчлөх үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг эзэмшихийг шаардах эрхтэй” гэж дүгнэсэн нь Газрын тухай хуулийн 31.1-31.3, Иргэний хуулийн 87.1-д заасан эрхийн ангилал, харилцааны шинжийг зөрчсөн байна. Өмчлөгч этгээд нь газар эзэмших эрхийг шулуун утгаар шаардах боломжгүй, харин захиргааны байгууллагаас хуульд заасан журмаар шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд, эзэмших эрх бүхий этгээдийн хууль ёсны эрхийг хүндэтгэх үүрэгтэй юм.
4.4. Анхан шатны шүүх Р.Б нь “давхцалгүй газар дээр өргөтгөл барьсан” гэж дүгнэсэн боловч, уг дүгнэлтийг нотлох кадастрын зураг, байр зүйн хэмжилт, газрын бүртгэлийн баталгаажсан баримт нотолгоо хэлбэрээр хэрэгт авагдаагүй байна. Харин эсрэгээрээ, хэрэгт авагдсан Нийслэлийн Газрын албаны албан ёсны зураглалын материалд Б корпусын барилга нь “М” ТББ-ын эзэмшлийн 1290 м.кв талбайн дотор байрлаж байгаа гэж тодорхой тэмдэглэгдсэн байдаг. Иймд давхцалгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь нотлох баримтаар хангалттай үндэслэгдээгүй, баримтын бодит утгатай зөрчилдөж байгаа тул энэ хэсэгт шүүхийн дүгнэлт хууль ёсны, үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн энэ хэсэгт шүүгч гуравдагч этгээд Р.Бын гаргасан тайлбарыг харгалзаж үзээгүй байна.
4.5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.8, 3.9-д хийсэн дүгнэлтийн талаар, “М” ТББ нь Нийслэлийн Засаг даргын 1996 оны А/224, 1997 оны А/226 дугаар захирамжийн үндсэн дээр хууль ёсны үндэслэлтэйгээр газар эзэмших эрх үүсгэсэн этгээд юм. Энэхүү эрх нь эдийн үнэлэмжтэй, өмчийн шинжтэй эрх бөгөөд төрийн захиргааны хууль ёсны шийдвэрийн үр дагавраар бий болсон хууль ёсны итгэл юм. Гэвч 2001 онд гарсан Нийслэлийн Засаг даргын 518 дугаар захирамжаар уг эрхийг хууль бусаар өөр этгээдэд шилжүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5, 4.2.8 зарчмуудыг зөрчсөн байна. Мөн анхан шатны шүүхээс Мийн Газрын албанд хандаж, илт хууль бус актаар хүчингүй болсон захирамжийн эрх зүйн үр дагаврыг сэргээх хүсэлт гаргасан талаарх нотлох баримтыг үнэлэлгүй орхисон нь шүүх нотлох баримтыг бүрэн, бодитой үнэлэх үүргээ биелүүлээгүй, нэг талыг баримталсан байдлаар шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
4.6. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.9-д “Нэхэмжлэгч Ц.Э нь... Б.Н, Р.Б, Г ХК-тай хамтран дундаа эзэмших хүсэлтээ гаргасан боловч уг байгууллагаас шүүхэд маргаантай асуудлаар шийдвэр гаргахгүй гэсэн хариу өгсөн нь татгалзсан үйлдэл гаргасан болох нь шүүхэд тогтоогдлоо” гэж дүгнэжээ. Энэхүү дүгнэлт нь маргааны зүйл, хугацаа, нэхэмжлэлийн хүрээний ялгааг үл харгалзан хийсэн, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гэж үзэхээр байна. Хэргийг анх үүсгэх үндэслэл нь 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06/1284 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл байсан бөгөөд уг албан бичиг нь нэхэмжлэгчийн өмнөх өргөдөлд өгсөн “шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой учраас хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн агуулгатай хариу юм. Иймд уг нэхэмжлэл нь хууль бус захиргааны акт хүчингүй болгуулах зорилготой байсан. Гэтэл 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Ц.Э дахин өөр утга бүхий хүсэлт, өөрөөр хэлбэл 400 м.кв газрыг дундаа эзэмшүүлэх тухай шинэ өргөдөл гаргасан байна. Энэ нь анхны нэхэмжлэлийн шаардлагаас агуулга, зорилго, эрх зүйн шинжээрээ өөр, анхны хууль бус албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагаас ялгаатай шинэ захиргааны харилцаа үүсгэсэн хүсэлт юм. Иймд Нийслэлийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “шүүхэд маргаантай асуудлаар шийдвэр гаргахгүй” гэсэн хариу нь анхны нэхэмжлэлд хамаарахгүй, шинэ өргөдөлд өгсөн хариу бөгөөд үүнийг анхны нэхэмжлэлийн хүрээнд “татгалзсан үйлдэл” гэж үзэх нь эрх зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал шүүх уг хоёр өөр захиргааны үйл ажиллагааг /2024 оны 06/1284 албан бичиг ба 2025 оны 04.21-ний 01-05/1998 хариу/ хооронд нь холбон нэгэн адил “татгалзсан үйлдэл” гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
4.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй боловч, энэ эрх нь анхны нэхэмжлэлийн зүйл, үндэслэлийн хүрээнд хязгаарлагдана.Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Ц.Эгийн анхны шаардлагаас агуулга, зорилго, эрх зүйн шинжээрээ ялгаатай шинэ хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүх энэхүү асуудалд анхан шатны шүүх шинэ захиргааны үйл ажиллагааг хуучин нэхэмжлэлийн хамрах хүрээнд шийдвэрлэсэн нь хуульд нийцэх эсэх талаар тодорхой дүгнэлт хийх нь эрх зүйн ач холбогдолтой гэж үзэж байна. Энэ нь мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Нгийн бие даасан шаардлагын хүрээнд ижил хамааралтай болно.
4.8. Анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн 2.10-т “Г” ХК нь шүүхийн маргааныг шийдвэрлэсний дараа газрыг дундаа хамтран өмчлөх хүсэлтээ гаргана гэж тайлбарласан болно ...” гэж дүгнэжээ. Гэвч шүүх дээрх дүгнэлтийг нотлох баримтад тулгуурлалгүйгээр, ирээдүйд гарах магадлалтай үйлдэл буюу “Г” ХК-аас цаашид гаргаж болох хүсэлтийг урьдчилан таамагласан байдлаар хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Төрийн байгууллагын гаргасан хууль бус захиргааны актын үр дагавар нь хохирсон этгээдэд буюу “М” ТББ-д хамаарах ёсгүй бөгөөд уг актыг илт хууль болохыг тогтоосон 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2023/0610 магадлалаар энэ нь нотлогдсон болно. Ийм нөхцөлд анхны хууль ёсны байдлыг сэргээх нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын зайлшгүй үр дагавар болно. Иймд анхан шатны шүүхийн “хугацаа дууссан, сунгуулаагүй” гэх дүгнэлт нь хууль бус актаар үүссэн үр дагаврыг хууль ёсны этгээд буюу “М” ТББ-д оногдуулсан, тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй байна. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын илт хууль бус шийдвэрийн улмаас “М” ТББ эрхээ бодитоор хэрэгжүүлэх боломжгүй байсан хугацаа нь эрхийн хугацаанд тооцогдохгүй бөгөөд ийм нөхцөлд эрхийг хууль ёсоор тасралтгүй хүчинтэй гэж үзэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.
4.9. Анхан шатны шүүх "”Ц.Э, Б.Н нар хүсэлтээ гаргасан тохиолдолд ...” гэх нөхцөлтэй шийдвэр гаргасан нь захиргааны байгууллагын ирээдүйн шийдвэрт чиглэл өгсөн, зааварчилсан шинжтэй, ирээдүйн нөхцөлөөс хамааруулсан тодорхой бус шийдвэр бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 107.1-д заасныг зөрчсөн байна. Иймд уг заалт нь шүүхийн эрх хэмжээний хязгаараас хэтэрсэн, захиргааны байгууллагын бие даасан шийдвэр гаргах бүрэн эрхэд халдсан, улмаар шийдвэрийн биелэлтийг тодорхойгүй болгосон гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар газар эзэмших хүсэлт гаргахдаа Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1,33 дугаар зүйлийн 33.1.2-д зааснаар иргэнд газар эзэмшүүлэх журмыг хангаагүй гэх гуравдагч этгээд “М” ТББ-ын тайлбарт шүүх дүгнэлт хийгээгүй байна.
4.10. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн, бодитой үнэлээгүй, холбогдох хуулийг буруу хэрэглэсэн, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-34.3, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг баримтлан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0680 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн гаргасан газар эзэмших эрх олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “М” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаж, дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчлийн тухайд:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж зааснаар тус тусдаа агуулгатай байх бөгөөд үүний дагуу шүүхээс хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол түүнийг хүчингүй болгохоор, 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр эсхүл эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр тус тус хуульчлан зохицуулсан.
3. Нэхэмжлэгч Ц.Эгээс анх “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06/1284 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Мийн үзэсгэлэнгийн танхимтай залгаа орших “Б” корпусын барилгын 275 м.кв талбайг өмчлөгч надад өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийнхөө дор орших 400 м.кв газрыг дундын эзэмшлээр газар эзэмших эрх болон газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй, гэрээ байгуулахгүй байгаа хариуцагч нарын үйлдэл хууль бус болохыг тогтоож, дундын эзэмшлээр газар эзэмших эрх болон газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгах”, “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн,
4. Гуравдагч этгээд Б.Н “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01-05/2294 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-2, Энхтайваны өргөн чөлөө-1 дугаар бүхий Мийн үзэсгэлэнгийн танхимтай залгаа орших Б корпус барилгын доорх газраас өөрт оногдох 132 м.кв газар эзэмших эрх олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 132 м.кв газар эзэмших эрх олгохыг даалгах” бие даасан шаардлага гарган маргажээ.
5. Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад тус тус тодорхойлсон Нийслэлийн Засаг даргын болон Газар зохион байгуулалтын албаны албан бичгүүдийг тусад нь дүгнэн, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил байна.
5.1. Тодруулбал, дээрх албан бичгүүдээр нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын 2 дахь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах газар олгохгүй байгаа татгалзсан шийдвэр, эс үйлдэхүйд хамаарах хариуг хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан байх бөгөөд тусад нь дүгнэх боломжгүй, “даалгах” нэхэмжлэлийн шаардлагын урьдач нөхцөлд хамаарах нэг шаардлага гэж үзнэ.
5.2. Гэтэл анхан шатны шүүх тухайн албан бичгүүдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын 2 дахь шаардлага болох “газар олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар олгохыг даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хоорондоо зөрчилтэй байна. Угтаа 2 дахь шаардлагын “газар олгохгүй байгаа эс үйлдэхүй бус болохыг тогтоолгох”-д хамаарах “захиргааны акт” нь дээрх албан бичгүүд байхад тэдгээрийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээр шүүхэд “хууль бус болохыг тогтоох” захиргааны шийдвэр, эс үйлдэхүй үлдэхгүй байгааг анхан шатны анхаараагүй нь буруу болжээ.
5.3. Хэрэв дээрх албан бичгүүд тусдаа актууд гэж үзэх тохиолдолд “даалгах” шаардлагын урьдач нөхцөл болох хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй, татгалзсан шийдвэр нь юу болох, хариуцагчаас хэзээ, ямар эс үйлдэхүй болон татгалзсан шийдвэр гаргасан болох, түүнийг ямар үндэслэлээр хууль бус хэмээн үзэж маргаж байгаа болохыг бүрэн гүйцэд тодруулаагүй, энэ талаар зөрүүтэй, ойлгомжгүй дүгнэлт хийж, уг шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
5.4. Өөрөөр хэлбэл, тодорхой шийдвэр гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй, эсвэл татгалзсан шийдвэр байхын зэрэгцээ түүний улмаас нэхэмжлэгчийн (шаардах эрхийн урьдчилсан нөхцөл хангагдсан байх) эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь бодит нөхцөл байдалд тогтоогдсон мөн нэхэмжлэлээр шаардаж буй захиргааны актыг гаргах үндэслэл бүрдсэн байгаа (захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамаарах) асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах, шүүх эдгээр үндэслэл тогтоогдсон тохиолдолд энэхүү нэхэмжлэлийг хангаж, хариуцагчид тодорхой үйл ажиллагаа хийхийг үүрэг болгосон шийдвэр гаргах учиртай.
6. Түүнчлэн, шүүх нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын “даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ бие даасан шаардлага гаргасан болон гаргаагүй гуравдагч этгээд байгааг анхаарч үзэлгүйгээр нэгэн адил “Ц.Э, Б.Н, Р.Б, “Г” ХК нар нь хамтран дундаа эзэмшихийг хүсэж, хүсэлтээ гаргасан тохиолдолд тэдгээрт аливаа байдлаар талбайн хэмжээ хуваарилахгүйгээр, зөвхөн дундаа хамтран газар эзэмших шийдвэр гаргах” гэх нөхцөлийг заасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан шүүхийн шийдвэр хууль ёсны өгөөд үндэслэл бүхий, бодит байдалд биелэгдэх боломжтой байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
7. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хэн аль нь өөр өөр ашиг сонирхол илэрхийлж байхад “... газрыг Ц.Э, Б.Н дундаа хамтран эзэмших хүсэлтийг гаргасан тохиолдолд газар эзэмшүүлэх шийдвэрээ гаргаж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгаж” шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, зөрчилтэй болжээ.
8. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрх, маргаан бүхий актууд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөөгүй гэж маргасан хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбарт холбогдуулж, шүүхээс нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулж, дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх” гэж заасан хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.
Нотлох баримт дутуу цуглуулсан тухайд:
8.1. Хэрэгт авагдсан Улсын ерөнхий прокурорын орлогчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/34 дүгээр тогтоолоор “... “Ц.Э 2007-2013 онуудад Мийн даргаар ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, байгууллагын мөнгөн хөрөнгийг анхан шатны баримтгүйгээр зарцуулж, онц их хэмжээний хохирол учруулсан” гэх хэрэгт ... мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт шилжүүлсэн. ... хэргийг хянаад 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаар тогтоолоор “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хааж шийдвэрлэсэн байна. Хохирогч байгууллагын өмгөөлөгчийн гомдлын дагуу Улсын ерөнхий прокурорын газраас эрүүгийн 2014250001639 дугаартай хэргийг татаж хянаад, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4/10 дугаартай тогтоолоор гомдлыг хүлээн авч, “Ц.Э 7,8 сая төгрөг, 12,000 ам.долларыг анхан шатны баримтгүй зарцуулсан, Мийн эзэмшил газраас 400 м.кв газрыг өөрийн нэр дээр шилжүүлсэн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй боловч хэргийн хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа өнгөрч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн” гэж дүгнэн тогтоолд өөрчлөлт оруулсан байна. ... М 1996 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд 850 м.кв газар ашиглаж байсан, 1997 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/139 дүгээр захирамжаар үзэсгэлэнгийн өргөтгөлд зориулж 0,04 га газрыг нэмэгдүүлж, нийт газрыг 1290 м.кв болгосон байх ба нэмэгдүүлсэн 0,04 га газарт Р.Б үйлчилгээний барилга барьсан байж болзошгүй нөхцөл байдлын талаар мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байна. Иймд ... 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Гомдлыг хүлээн авч, прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” 4/10 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн байна.
8.2. Уг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4/10 дугаар прокурорын тогтоол хэрэгт авагдаагүй, тодруулбал эрүүгийн 2014250001639 дугаартай хэрэг хэрхэн яаж шийдвэрлэгдсэн болох нь тодорхойгүй буюу энэхүү хэрэгт хамааралтай, шийдвэрлэгдвэл зохих эрүүгийн хэргийн талаарх холбогдох баримтыг цуглуулаагүй, энэ талаар дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.
8.3. Үүний зэрэгцээ, шүүх “... барилгын Б корпусын доорх газар одоо хэн нэгний эзэмшилд байхгүй, “М” ТББ-ын эзэмшил биш ...” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдохгүй байна.
9. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг тодруулалгүйгээр давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0680 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Ц.ОДМАА