Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 115

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж

           Улсын яллагч: Б.Батсайхан

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ

Хохирогч М.Сүрэнхорлоо

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

            Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугч овогт Намсрайхоролын Чойсүрэндоржид холбогдох эрүүгийн 201603000318 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт баг, Дээд бөөрөлжүүт гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Тугч овогт Намсрайхоролын Чойсүрэндорж /РД:АЗ88121912/

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч Н.Чойсүрэндорж нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн өглөөний 04 цагийн үед Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг дэвсгэр Залаа толгой гэх газарт байх засмал замаар өөрийн эзэмшлийн 11-86 АРХ улсын дугаартай Хьюндай Трак маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг, мөн дүрмийн 2.3.а-д “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2-р хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй, зөв талын хол ойрын гэрэл болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно,” мөн дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас засмал замын хажууд зогсож байсан хохирогч Ш.Баянмөнхийг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан, П.Пүрэвсүрэнг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Н.Чойсүрэндоржийн: ”...2016 оны 07 сарын 26-ны өдөр үүрийн 04 цагийн үед гэрээсээ гараад Архангай аймаг руу ирж байсан. Замдаа явж байхад урдаас хурц гэрэлтэй нэг машин ирж яваа харагдсан. Гэтэл гэнэт ослын тэмдэг ойрхон тавьсан шалаанз маркийн машин зогсож байсан. Тэр машиныг тойроод гарах гэтэл хурц гэрэлтэй автобус зам дээр зогсож байсан. Автобус шалаанз хоёрын хооронд хүн харадах шиг болохоор нь хүн мөргөхөөс зайлсхийж гээд рүүлээ зүүн гар тийшээ дарсан. Замын доор хоёр хүн байсан гэдгийг мэдээгүй.  Нэг хүний биед хүнд гэмтэл учруулж, нэг хүний амь насыг хохироосон үйлдэлдээ их гэмшиж байна...” гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч М.Сүрэнхорлоогийн: “...2016 оны 07 сарын 26-ны өдрийн өглөө манай дүү намайг дуудаад Пүрэвсүрэн ах аваарт орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед сандраад тэндээ байдаг ах дүү, хамаатан садануудаа дуудаж, бүгдийг нь цуглуулаад юу болсон талаар асууж тодруулахад автомашинд мөргүүлчихсэн ухаангүй байна гэж байсан. Тэгээд эхнэртэй нь холбогдож биеийн байдлыг нь асуухад Тариат сумын эмнэлэг рүү аваад явж байна гэж хэлээд утас нь тасарчихаар нь оройхон эмч рүү залгаж биеийн байдлыг нь асуухад нас барсан гэж хэлсэн. Увс аймгаас манай талийгаачийн гурван хүүхэд, нэг лам, манай дүү нийлээд нэг машинтай Тариат суманд явж ирсэн. Талийгаачийн ажил явдлыг өнгөрөөгөөд байж байхад 9911 дугаарын утаснаас миний утас руу Цагдаагийн  газрын мөрдөн байцаагч н.Дашдондог залгаад, хохирогчоор оролцоод өгөөч гэж 2-3 удаа залгасан. Тэгээд энэ хэрэгт хохирогчоор тогтоогдож, шүүх хуралдаанд оролцож байна. Үнэнийг хэлэхэд гэмт хэргийн хохирогч нь талийгаачийн үлдэж байгаа ар гэр, бага насны хүүхдүүд нь байгаа. Талийгаачийн бага хүүхэд нь тархины саажилттай, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай байдаг. Том хүүхэд нь эмнэлгээр явж эмчлүүлдэг, дунд хүүхэд нь ШУТИХ-ийн 2-р курс суралцдаг, бага хүүхэд нь Увс аймгийн арван жилийн сургуулийн 6-р ангид сурдаг. Би энэ хэрэгт хохирогчоор тогтоогдохоосоо өмнө эхнэртэй нь холбогдоод байцаагч шүүхээс дуудууд байна гэж хэлсэн чинь та ямар ч байсан шүүх хуралдаанд оролцоод, бид нарыг ямар хүнд хэцүү амьдарч байгааг хэлээд, хохирол төлбөр нэхэмжилж байгаа талаараа хэлээрэй гэсэн. Тэгээд би шүүгдэгчийн ахынх нь утсыг цагдаагийн газраас олж аваад холбогдож уулзсан. Талийгаач хотруу явахдаа Төрийн банкнаас 5.000.000 төгрөгийн зээл авчихсан байсан. Тэр мөнгөний эхний сарын төлөлт нь болчихоод, би шүүгдэгчийн ахтай уулзаад хэлсэн чинь сарын мөнгийг нь төлж өгсөн. Мөн оюутны төлбөр 2.800.000 төгрөгийг төлсөн. Банкны 12 сарын төлөлт саяхан хэд хоногийн өмнө байсан, тэр мөнгийг мөн төлж өгсөн байгаа. Бага хүүхдийг нь эмчилгээнд авч явах гэж байгаа гэхэд мөн 1.000.000 төгрөг өгсөн. Тэгээд цаашид оюутан хүүхдийн хичээлийн 2 жилийн төлбөр, бага насны хүүхдийн 18 нас хүртэл тэтгэмж олгож өгөөч гэж хэлэхэд шүүгдэгч өгнө гэж хэлсэн. Эхнэр Ариунаагийн хувьд Буянтогтох, Буянхишиг, Чойдулам гэх гурван хүүхэдтэйгээ ярилцаж тохирсны эцэст эдгээр төлбөрүүдийг төлчихвөл бид нарт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгийг хэлээрэй гэж дамжуулсан. Шүүхэд гаргаж өгсөн хүсэлтэд бүх зүйл тодорхой бичигдсэн байгаа гэв.    

Эрүүгийн 201603000318 дугаартай хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч М.Сүрэнхорлоогийн:

 

 “...Би талийгаачийн эгч нь байгаа юм. Манай талийгаач П.Пүрэвсүрэн Улаанбаатар хотоос 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Увс аймаг руу явж байгаад Архангай аймгийн Тариат сумын нутагт зам тээврийн осолд ороод нас барсан юм. Талийгаачийн ар гэрийнхэн бүгд Увс аймгийн Наранбулаг суманд байдаг. Тэндээ ар гэрийн шалтгаанаар Архангай аймагт ирэх боломжгүй байгаа тул би талийгаачийн ар гэрийг төлөөлж, хэрэгт хохирогчоор оролцож байна. Талийгаач дүү маань эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын Улаан үзүүр багт оршин суудаг байсан. Талийгаач архи дарс уудаггүй, төлөв томоотой, хүнтэй ямар нэгэн байдлаар муухай харьцдаггүй, зөөлөн эелдэг харьцаатай хүн байсан. Тэрээр эхнэр Ариунаа болон 4 хүүхдийн хамт амьдардаг байсан. Талийгаачийн хүүхэд Ч.Буянтогтохын сургалтын төлбөр 2.800.000 төгрөг төлсөн, талийгаачийн нэр дээр байсан зээлийн эхний төлөлт 2.500.000 төгрөг төлсөн. Осол гаргасан жолооч угаасаа утсаар холбогдоогүйд гомдолтой байна. Чойсүрэндоржоор одоо төрийн банкны талийгаачийн нэр дээр байгаа зээлийн төлөлт 2.800.000 төгрөг, бага хүүхдийн эмчилгээний зардал 1.000.000 төгрөг, оршуулгын зардал 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Цаашид бага хүүхдийн 18 нас хүртэлх тэтгэмж, оюутан хүүхэд Буянтогтохын их сургууль төгсөх хүртэлх сургалтын төлбөр, миний Архангай аймагт ирж очсон зардал 150.000 төгрөг зэргийг тус тус нэхэмжилж байна. Талийгаачийн ар гэрийнхэнтэй Чойсүрэндорж ярихдаа би бүх мөнгийг төлнө гэж хэлсэн байсан. Би бас уулзаж тохиролцсон. Талийгаачийн ар гэрийнхэн Мөнх даатгалаас 5.000.000 төгрөг авсан гэсэн. Үүнийг нэхэмжилж байгаа зүйлээсээ хасахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35х/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч болон хохирогч Ш.Баянмөнхийн:

“...Би Чойсүрэндоржийг танихгүй. Би 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом сум руу нийтийн автобусаар хөдөлсөн. Шөнө 04 цагийн орчимд Архангай аймгийн Тариат сум орох замд Тариат сумаас 10 км орчим зайд миний сууж явсан автобусны жолооч машинаа зогсоож, замд саатаж зогссон байсан ачааны том машины сэлбэг дөхүүлж ирснээ өгсөн. Тэр хооронд би машины хамгийн урд суудалд сууж байсан тул түрүүлж буугаад замын хажууд хатуу хучилттай замаас бууж бие засаад эргэтэл гэнэт хурц гэрэл над руу тусч машин ирж мөргөх шиг болоод би газарт унасан юм. Би тэр хооронд ухаан алдаад сэргээд хартал газарт сууж байсан. Хажууд 3-4 км зайд нэг залуу ёолж орилоод, чи, хоёрын хоёр хүн дайрчихлаа гэж орилж байсан. Би босох гэтэл хөл өвдөөд босч чадахгүй байсан бөгөөд харахад баруун хөл гуя хэсгээр хугарч, зүүн хөлийн доогуур орж ороосон байдалтай хөдөлж болохгүй, мөн баруун талын хавирга цээж орчмоосоо хатгаж өвдөөд амьсгал авч чадахгүй байсан. Мөн зүүн гар нарийн шуу орчмоор хугарсан бололтой, хөдөлж болохгүй байсан. Тэгээд ойр орчмын хүмүүс бужигнаад, эмнэлэг дуудаж үүр цайх үеэр эмч нар ирж, хавтгай зүйл олж ирээд намайг машинд суулгаад эмнэлэгт хүргэсэн. Тэнд очоод машинаас буух үед ухаан алдсан бөгөөд эмнэлэгт хэвтүүлсэн байхад дахин ухаан орсон. Тэндээсээ Архангай аймгийн эмнэлэгт хүргэгдэж, улмаар Улаанбаатар хот руу машинаар хүргүүлж гэмтлийн эмнэлэгт эмчлүүлсэн юм. Би энэ хооронд ухаан орж гарч байсан юм. Харин нөгөө залуу сумын эмнэлэг хүргэх замд ёолоод яваад байсан бөгөөд эмнэлэгт очоод нас барсан байсан. Тэр машин хэр хурдтай явж байсныг мэдэхгүй. Би бие засаад эргэтэл гэнэт их гэрэл тусч машин мөргөсөн. Намайг машинаас бууж бие засч байхад машин ирж харагдаагүй. Би засмал замын хажууд хээр газарт бие зассан юм. Би автобуснаас 3-4 м зайд бие зассан юм. Би тэр үед эрүүл байсан. Автобус замын баруун тал руу шахаж зам чөлөөлж зогссон байсан. Би автобусны баруун хажуу талын хаалгаар бууж, замаас бууж замын баруун талд зогсоогоороо бие засаад эргээд хартал машин мөргөсөн. Миний хажууд хүн байсан эсэхийг анзаараагүй. Би автобуснаас түрүүлж буусан юм. Намайг мөргүүлсний дараа нэг залуу холгүй хэвтэж орилж байсан. Уг үйлдлийн улмаас миний баруун талын хавирга хугарсан. Мөн баруун хөл гуя орчмоор хугарсан тул хадсан, зүүн гарын шуу орчмоор хугарсныг хадсан юм. Толгойд 3 газарт оёдол тавьсан. Миний биеийн байдал хүнд, босч, суухад хүндрэлтэй таягтай, тэргэнцэртэй байгаа тул Архангай аймаг руу явж чадахгүй. Н.Чойсүрэндорж нь Улаанбаатар хот руу очих, ирэх зардал төлсөн. Мөн эмчилгээний болон шинжилгээний мөнгө төгрөг төлсөн. Миний бие ирэх жил гарын хадаас авахуулах, гуяны хөлийн хадаасыг 3 жилийн дараа авахуулна. Тиймээс цаашид гарах эмчилгээний төлбөрийг нэхэмжилж байна. Мөн би хувийн газар тариалангийн ажлаа хийж чадахгүй, гэр бүлээ тэжээж чадахгүй байдалд ороод байна. Би үндсэндээ гэрээс гарч чадахгүй байна. Надад нэхэмжлэлтэй холбоотой баримт одоогоор байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42х/

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Т.Эрхэмбаярын:

 

“...Би 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 15 цагт Улаанбаатар хотоос Увс аймаг руу орохоор 29-20 УВХ улсын дугаартай шуудангийн автобусаар явж байсан. Үүрээр 04 цагийн орчим байх би уг нь унтаж байсан, хүмүүс шуугилдаад гадаа хүн дайруулчихлаа гээд байсан. Би эсрэг талын цонхоор харахад 2 хүн нэг нь суучихсан, нөгөөх нь хэвтэж харагдсан, хэвтэж байсан хүний хажууд нэг эмэгтэй хүн уйлаад байсан. Би тухайн үед автобуснаас буугаагүй, сүүлд нь буусан. Намайг автобуснаас буугаад харахад сууж байсан хүний толгойноос нь цус гарсан харагдсан. Харин хэвтэж байсан хүний дээрээс нь юмаар хучсан хэвтэж байсан. Цагаан өнгийн ачааны машин зогсож байсан, тэр машиныг дайрсан гэж хүмүүс ярьж байсан би дайрахыг нь хараагүй. Осол Архангай аймгийн Тариат сумын төвөөс зүүн тийш 10 км зайд болсон, ямар нэртэй газар гэдгийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр тал/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүсэн гэрч Н.Ганбаярын:

 

“...2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос Увс аймаг орохоор 29-20 УВХ улсын дугаартай шуудангийн автобусаар явж байсан юм. 26-ны 04 цагийн орчим байх би унтаж явсан, тэгтэл хүмүүс хүн дайрчихлаа гэж шуугилдаад нэг эмэгтэй хүн уйлаад байсан. Сонсоход чи яах гэж гарсан юм бэ гээд уйлаад байсан. Би айгаад автобуснаас буугаагүй. Би осолд орсон хүмүүсийг танихгүй, цонхоор харахад 1 эрэгтэй  хүн суучихсан, 1 эрэгтэй хүн газар хэвтэж байсан, түүний хажууд хүүхэд тэвэрчихсэн нэг эмэгтэй хүн суучихсан харагдсан. Би осол болохыг нүдээр хараагүй. Зам дээр бидний сууж явсан автобус, өөдөөс нь нэг том ачааны машин, замын хойно осолд орсон хүмүүсийн цаана цагаан өнгийн ачааны машин зогсож харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр тал/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Б.Чимэдцэрэнгийн:

 

“...Би 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос Увс аймаг орохоор шуудангийн 29-20 УВХ улсын дугаартай автобусаар явж байсан юм. Үүрээр 04 цаг өнгөрч байхад хүмүүс орилолдоод, осол гарчихлаа, гадаа хүн дайруулчихлаа гээд байсан. Гаднаас нэг эгч их сандарсан орж ирсэн. Тэр хүний хажуугаар машин их хурдтай өнгөрсөн гэж ярьж байсан. Намайг цонхоор харахад гадна 2 хүн хэвтчихсэн байсан. Бас нэг цагаан өнгийн ачааны машин замаас гарчихсан, тойрч ирээд жолооч нь буугаад нөгөө хоёр хүн дээр очиж байгаа харагдсан. Би автобуснаас буугаагүй, тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Би тэр хүмүүсийг танихгүй, нас барсан ах миний хойно сууж явсан. Би тэр хүмүүсийн бэртэл гэмтлийг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ч.Батжаргалын:

“...Би 2016 оны 07 дугаар сарын 25-ны 10 цагт Улаанбаатараас Увс аймаг орохоор шууданд сууж явсан. Үүрээр 04 цагийн орчим би унтаж байсан юм, хүмүүс шуугиад орилохоор нь цонхоор хартал 2 хүн газар хэвтэж байгаа харагдсан. Мөн нэг машин эргэж ирээд хэвтэж байсан хоёр хүний цаана ирж зогссон. Тэгээд бид нар автобуснаас буугаад осол болсныг мэдсэн. Би эрх үүргээ уншиж ойлголоо. Би тэр 2 хүнийг яагаад яаж газар хэвтсэнийг хараагүй, сүүлд нь машинд мөргүүлсэн гэдгийг мэдсэн. Яг ямар маркийн машин болохыг нь мэдэхгүй цагаан өнгийн том ачааны машин байсан. Би жолоочийг нь харсан бага шиг намхан биетэй залуу байсан. Архи уусан эсэхийг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр тал/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ц.Цэцэгмаагийн:

 

“...Би 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн орчим Улаанбаатар хотоос Увс аймаг орохоор 29-20 УВХ улсын дугаартай автобусанд зүүн талын 5, 6 дугаар суудалд хүргэн Батсуурьтай сууж явсан. Автобусанд өөр таних хүн байхгүй байсан. Тэгээд шөнө 24 цагийн орчим унтсан. Тэгэхэд нэг бензин колонкоос бензин авч байсан, хаана явснаа мэдээгүй. Тэгээд унтаад автобус зогсохоор нь сэрсэн. Тэгэхэд шөнийн 00 цаг 05 минут болж байсан. Хаана явна вэ гэж асуухад Архангай аймгийн Чулуутын гүүр өнгөрч явна гэж байсан. Автобус зогссон болохоор буугаад бие засах гээд явтал автобус руу чиглээд хурц гэрэлтэй хурдтай автомашин ирэхээр нь би айгаад машиндаа суусан. Надаас өөр хүн буусан байсан эсэхийг би мэдээгүй байсан юм. Би машинд суухдаа орилоод орж ирсэн гэсэн, тэрийгээ мэдээгүй байсан юм. Тэр хоёр хүний нэрийг бол мэдэхгүй. Нэг нь миний эсрэг талд баруун талд хамгийн урд хаалганы хажууд сууж явсан, цэнхэр подволктой залуу, нөгөө нь хүүхэдтэй, хүүхэнтэй хамт явсан нэг залуу хоёр дайруулсан байсан. Тэр дайрсан нь цагаан өнгийн ачааны автомашин байна гэж харсан. Би мэдээгүй хүмүүс ярьж байгаа нь нэг нь хөл хугарсан, толгой нь цустай гээд ярьж байсан. Нэг эмэгтэй яах гэж гарсан юм бэ гээд уйлаад байгаа бололтой байсан. Тухайн үед автобус баруун гар талруугаа замаа шахаад зогссон автобусны өөдөөс урсгал сөрөөд хурц гэрэлтэй машин ирээд автобусны баруун талаар орж гадна байсан хүнийг дайрсан байх, би хүн дайрахыг нь бол хараагүй, харин ирэхийг нь бол харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ж.Бат-Эрдэнийн:

 

“...Би Н.Чойсүрэндорж, Д.Пүрэвсүрэн, О.Даваасамбуу нарыг танихгүй. Д.Пүрэвсүрэн нь миний ээлжийн жолоочоор ажиллаад нэг сар л болж байгаа сайн танихгүй. Даваасамбуутай би Норт Транс ХХК-д хамт хэдэн сар ажилласан юм. Би 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 15 цагт Улаанбаатар хот Драгон төвөөс Увс аймгийн зүг 29-20 УВХ улсын дугаартай Гаранбүрд маркийн автобусаар явсан. Улаанбаатар хотоос 38 хүнтэй хөдөлсөн. Би Улаанбаатар хотоос жолоо барьж гараад зам зуур колонкоос түлш аваад ээлжийн жолооч Д.Пүрэвсүрэнд автобусаа өгсөн. Тэгээд Сансар буюу Булган аймгийн Рашаант суманд цайны газар 20 цагийн үед ирээд, хоол идээд би өөрөө автобусаа бариад шөнийн 01 цагийн үед Архангай аймгийн төвд ирээд бензин аваад хөдөлсөн. Цагаан даваа даваад Ихтамир сумын төв өнгөрөөд 2 даваа гэх газрын ойролцоо би ээлжийн жолооч Пүрэвсүрэнд автобусаа бариулсан. Тэгээд би туслах жолоочийн суудалд унтсан. Намайг унтаж байхад Чулуутын гүүр өнгөрөөд намайг сэрээгээд нөгөө машин чинь хаана байгаа билээ гэж асуусан. Улаанбаатар хотоос хөдөлхөд Архангай аймгийн Тариат сумын наад талд байх эвдэрсэн машинд сэлбэг өгөөч гээд машины сэлбэг өгсөн юм. Чулуутын гүүрнээс яваад Тариат сум орох замд Даваасамбуу ачааны шаланз маркийн машинтай зогсож байсан. Тэр машины наад талд зогсоход Д.Пүрэвдорж намайг сэрээсэн. Би тэр машин дээр очоод жолоочийг нь сэрээгээд сэлбэгээ аваарай гэж хэлсэн. Тэгээд Даваасамбуу бид хоёр Даваасамбуугийн автомашиных нь урд талд зогсож байтал Архангай аймгийн Тариат сумын зүгээс гэрэл тусаад нэг машин их хурдтай ирээд автобусны урдуур гараад хажуу талын далан руу ороод явсан. Хүүе юу болж байна, яасан хурдтай явж байна, тэгээд гүйгээд очтол миний автобусанд явсан хоёр эрэгтэй хүн газар хэвтэж байсан. Би эмийн сангаас өвчин намдаах эм гаргаж өгөөд, доор нь юм дэвсэж хэвтүүлээд цагдаа болон эмнэлэгт мэдэгдсэн. Хоёр хүнийг мөргөсөн жолооч бид нар дээр ирсэн. Би Даваасамбуутай хамт зогсож байхад гэнэт нэг машин хурдтай ирээд Даваасамбуугийн машины хажуугаар гараад миний автобусны урдуур гараад замын хажуугийн далан руу орсон. Тэгтэл хоёр хүн ёолоод орилсон, тэгээд хүн мөргүүлсэнг мэдсэн. Би яг машинд мөргүүлж байхыг нь хараагүй. Мөргөсөн машиныг бол харсан. Д.Пүрэвсүрэн зогсохдоо замын хажуу тал руу шахаад Тариат сумын чиглэлд хараад зогссон байсан. Манай автобус болон Даваасамбуугийн машин хоёрын хооронд машин гарах хангалттай зайтай байсан. Д.Пүрэвсүрэн нь аваарын гэрлээ асаагаад ойр дээрээ тавьсан байсан. Автобус асаалттай байсан. Тэр 2 хүн хоёулаа ёолоод байсан. Биед ямар, ямар гэмтэл байсныг мэдэхгүй байна. Нэг нь газар сууж байсан. Энэ хүний шанаанаас нь цус гарсан байсан. Нөгөөх нь газар хэвтээд ёолоод байсан. Ачааны Маяти маркийн машин байсан. Тэр машин их хурдтай орж ирсэн. Гэнэт гэрэл тусаад орж ирсэн. Дараа нь зам дээр ямар нэгэн тормосны мөр байгаагүй. Би түрүүлж буугаад Даваасамбууг дуудсан. Тэр хоёр хүн хэзээ яах гэж буусанг би мэдэхгүй байна. Тухайн үед ямар нэгэн халтиргаа гулгаа салхи шуурга байгаагүй. Гадаа харанхуй байсан. Тухайн үед шөнийн 04 цаг болж байсан. Бид 2 архи уугаагүй, эрүүл байсан. Д.Пүрэвсүрэн бид хоёр 200-250 км зайтай жолоогоо шилжүүлж явсан. 2-3 цагийн зайтай л жолоогоо шилжүүлж байсан байх. Би унтаж амарсан байсан. Бас жолоогоо шилжүүлсэн үедээ унтаж амарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Д.Ариунаагийн:

 

“...2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр би нөхөр П.Пүрэвсүрэн, хүү 1 настай Буянтөр нарын хамт Увс аймгаас Улаанбаатар хот руу явсан. Увс аймгийн эмнэлэгт хүүгээ үзүүлээд автобусаар явсан. Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлээд 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос Увс аймаг руу буцаад шуудангийн автобусаар явсан. Увс аймаг руу явах замд Архангай аймгийн Тариат сумтай ойрхон газар автобус зогссон. Тухайн үед автобусны жолооч эвдэрсэн машинд сэлбэг өгөхөөр зогссон байсан. Тэр үед талийгаач нөхөр маань миний хажууд сууж байгаад бие засахаар буусан юм. Тэгтэл машин мөргөлдөж байгаа юм шиг таг хийх чимээ гарсан. Би юу болов гэж бодоод байж байтал хүн дайрчихлаа гэж гадна хүн орилсон. Би нөхрөө мөргүүлсэн юм биш байгаа гээд цонхоор хартал манай нөхөртэй ижилхэн хувцастай хүн газраас босч ирээд буцаад уначихсан. Тэгээд би нэг мэдсэн хүүхдээ тэврээд автобуснаас гараад нөхрийнхөө хажууд оччихсон байсан. Би яасан бэ, юу болов, чи яагаад гарсан юм бэ гэхэд энэ машин замын буруу талаар орж ирээд, хүн дайрчихлаа ямар тэнэг пизда вэ, миний хэвлий дээгүүр энэ машин гарсан юм шиг байна. Миний бөгсөн бие ямар ч амьгүй болчихжээ гэж хэлсэн. Би биеийг нь үзэхэд толгой, нүүрнээс нь цус гарсан байсан. Бас талийгаач надад миний нэг араа унасан байна гэж хэлж байсан. Би одоо яахав гэж их сандарсан байсан. Манай нөхөр хэвтэж байсан газраас 2-3 алхмын зайд шаахай, гар утас зэрэг нь хэвтэж байсан. Талийгаач нөхрийн маань хажуухан талд бас нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэр хүн орилж байгаад босоод суусан. Манай нөхөр босч чадахгүй хэвтээд байсан. Тэгээд удалгүй эмнэлэг, цагдаа нар ирээд манай нөхрийг аваад явсан. Тэгээд би дараа нь нөхрийгөө нас барсанг мэдсэн. Талийгаач архи уугаагүй, эрүүл байсан. Талийгаач архи уудаггүй, тамхи татдаггүй хүн байсан, бие засах гэж л автобуснаас буусан. Би яг хараагүй, харин таг хийх чимээ гарахыг л сонссон. Би нөхрөө газар хэвтэж байхад нь очсоны дараа гадаа машин зогсож байхыг харсан. Тэрнээс өмнө бол хараагүй. Манай нөхөр ёо ёо гээд дээш хараад хэвтчихсэн босч чадахгүй байсан. Ямар ч байсан надтай юм яриад байсан, бас нэг хүн манай нөхрийн хажууд хэвтэж байсан. Би тэр хүнийг танихгүй. Тэр хүн бас ёолж хэвтэж байгаад босоод суусан. Тэр хүн эмч цагдаа нар иртэл суугаагаараа байж байгаад явсан. Бид нарын сууж явсан автобус болон тэр ачааны машин замын 2 талд байсан. Талийгаач нөхрийг маань мөргөсөн машин замын хойд талд замаас гараад зогссон байсан. Би тэр машиныг ирэхийг нь хараагүй. Хүмүүс хэлэхдээ их хурдтай явж байсан гэж байсан. Би талийгаачтай 1994 онд гэр бүл болсон. Бид хоёр 4 хүүхэдтэй, бид гэр бүлээрээ мал маллан амьдардаг, талийгаач нөхөр маань төлөв даруу зантай, няхуур нямбай, их боловсон хүн байсан. Амьдралын төлөө л гэдэг байсан. Ямар нэгэн буруу ааш зангүй хүн байсан. Талийгаачтай ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн харьцаатай хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 80 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч О.Даваасамбуугийн:

 

“...Би энэ хүмүүсийг танихгүй. Би Завхан аймгийн Сонгино сумын нутагт Өвөрхангай  аймгийн Баянтээгийн уурхайгаас нүүрс ачиж буулгачихаад, ахиж нүүрс ачихаар 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гарсан. Энэ үед миний барвааны шайраг нураад Улаанбаатар хот руу захиж Увс аймгийн шууданд хийлгээд тосож авах байсан юм. Тэгтэл Архангай аймгийн Тариат сум өнгөрөөд миний машины дунд бөгсний шайраг нураад саатсан. Тэгээд явж байсан газраа замынхаа баруун талыг шахаад замаа чөлөөлөөд зогссон. Ингэж зогсоход харанхай болж байсан. Тэгээд үүрээр 04 цагийн үед намайг машиндаа эхнэр Бадамсүрэнтэй хамт унтаж байтал нэг хүн сэрээсэн. Тэр хүн нь шуудангийн жолооч байсан. Тэгээд би машинаасаа гараад машиныхаа урд талд тэр жолоочтой сайн явж байна уу гээд мэндлээд зогсож байтал нэг машин ирж байгаа харагдсан. Хүүе энэ машин гэж хэлэх зуур тэр машин миний машины хажуугаар автобусны хажуугаар замаас гараад явсан. Энэ ямар машин юм бол хоосон машин байх гэж ярилцаж байтал хүн мөргөчихлөө гээд автобусанд байсан хүмүүс хэлсэн. Тэгээд нөгөө машин эргээд ирсэн. Би тэр машины жолооч дээр очоод, чи хүн мөргөчихөөд буугаач гэхэд дуугарахгүй суугаад байсан. Автобусны хажуу талд замын далангийн хажуу талд нэг эрэгтэй хүн газар хэвтчихсэн, бас нэг эрэгтэй хүн сууж байсан. Талийгаачийн эхнэр бололтой нэг хүүхэд тэвэрсэн эмэгтэй, та нар энэ машинаар хурдан эмнэлэг хүргээч гэхээр нь машин хөдөлгөж болохгүй гэж хэлсэн. Эмнэлэг, цагдаа ирэх ёстой гээд хөдөлгөлгүй эмнэлэг цагдаад хэлээд хүлээсэн. Тэр хоёр хүнийг мөргөсөн машин нь цагаан өнгийн ачааны машин байсан. Тэр машин ачаа ачсан байхыг нь сүүлд харсан. Их хурдан явсан болохоор хоосон машин байна гэж бодсон. Чи яасан хурдан явдаг юм бэ, тормосоо гишгэдэггүй юм уу гэхэд би ослын тэмдэг харсан гэж байсан. Тэгээд жолооч өөр юм яриагүй. Машин ирж байна гэх зуур л урсгал сөрөөд замаас гараад явсан. Би тухайн үед машиныхаа урд болон хойд талд ослын тэмдэг байрлуулсан байсан. Би осол болохыг хараагүй. Нэг машин их хурдтай ирээд урсгал сөрөөд замын хажуу руу буусан. Тэгтэл удалгүй хүн мөргөсөн байна гэж хүмүүс хэлсэн. Би тэр машиныг хүн мөргөж байхыг нь хараагүй. Би тэр үед машиныхаа ослын тэмдгийг гаргаад эхнэр Бадамсүрэн урд хойноо тавиараа бүрэнхий болж байна гэж хэлээд өөрөө машиныхаа доогуур ороод юу эвдэрсэнээ үзсэн. Манай эхнэр ослын тэмдэг байрлуулсан. Хэдэн метр зайд байрлуулсанг би мэдэхгүй байна. Автобус миний урдаас буюу Архангай амгийн Тариат сумын зүг рүү хараад баруун гар тал руугаа шахаад дундуур машин зөрөх зайтай зогсож байсан. Миний машин болон автобусны хооронд машинууд зөрөөд гарч байсан. Автобусны жолооч аваараа татаад, гэрлээ ойр дээрээ тавьсан байсан. Тухайн үед ямар нэгэн халтиргаа гулгаа байгаагүй, гадаа харанхуй байсан. Гэгээ арай ороогүй байсан. Тухайн үед миний машин ямар нэгэн хөдөлгөөн хийх боломжгүй эвдэрсэн байсан. Хөдлөх боломжтой бол би замаас буулгах байсан. Машинаас 30 метр зайд ослын тэмдгийг байрлуулах ёстой. Манай эхнэр ослын тэмдгийг байрлуулсан. Би хэдэн метр зайд ослын тэмдэг байрлуулсныг мэдэхгүй байна. Би явж болохоор эвдрэл байна уу үзье, ослын тэмдэг байрлуул гэж хэлсэн. Би хүн мөргүүллээ гэхээр нь очсон. Намайг очиход нэг хүн сууж байсан. Бас нэг хүн газар хэвтэж байсан. Тэр 2 хүн хоорондоо ойролцоогоор 10 алхмын зайтай байсан. Тэр машин тормослоогүй байх, их хурдтай ирээд мөргөсөн. Хурд хасах нөхцөл ч гараагүй. Машин гэж хэлэх зуур л болоод өнгөрсөн асуудал...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 дүгээр тал/

 

* Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч О.Бадамсүрэнгийн:

 

“...Би нөхөр Даваасамбууг дагаж хань болж ачааны машинаараа явахад нь хоол цай хийж өгч, хувцасыг нь угааж өгдөг юм. Тэгээд манай нөхөр Завхан аймгийн зам ангид Баянтээг гэдэг уурхайгаас нүүрс ачиж буулгаж өгөөд, дахин нүүрс ачихаар Баянтээг гэх  уурхай руугаа явж байтал Архангай аймгийн Тариат сум өнгөрөөд машин нь саатаад зогссон, шайраг нь л нурсан гэж байсан. Завхан аймгаас гарч байхад нэг юм нь болохгүй байна гээд Улаанбаатар хот руу захиад Увс аймгийн шуудангаар дайж байгаа гэж байсан. Саатаад зогсоход дунд бөгж эвдрээд явж болохгүй болчихлоо гээд зогссон. Тэгээд намайг ослын тэмдэг урд хойно байрлуулаарай гэхээр нь би чулуу тавьж байгаад 2 ширхэг ослын тэмдэгийг урд болон хойд талд нь байрлуулсан. Тухайн үед харанхуй болж байсан. Манай нөхөр машин явахааргүй болсон байна гэхээр нь би аяга цай чанаж өгөөд унтсан. Тэгээд унтаж байтал шөнө бие өвдөөд байхаар нь өвчин намдаах эм уугаад нам унтсан байсан. Өглөө 07 цагийн үед сэрэхэд осол болсон 2 хүн машинд мөргүүлээд Тариат сумын эмнэлэг рүү явсан, их аюултай юм боллоо гэж байсан. Намайг сэрж байхад автобус хөдлөөд, бас нэг цагаан өнгийн ачааны машиныг цагдаа нар аваад явж байсан. Миний бодлоор 07 цаг болж байсан. Би осол болохыг хараагүй. Би тухайн үед нь унтаж байсан. Би цөсний хагалгаанд орсон, бие өвддөг болохоор өвчин намдаах эм уудаг юм. Би очиж хараагүй. Цагаан өнгийн ачааны машин хөдөлж байхыг хараад тэнд нь болсон байх гэж бодсон. Манай нөхөр өөрөө машин доогуураа ороод намайг харанхуй болж байгаа болохоор ослын тэмдэг байрлуул гэж хэлэхээр нь би байрлуулсан. Би ослын тэмдэг хол байх тусмаа сайн байх гэж бодоод л нилээд хол байрлуулсан. Хэдэн метр зайд байрлуулсанаа мэдэхгүй байна. Манай нөхөр надад ямар нэг хэмжээ хэлээгүй. Ослын тэмдэгээ байрлуулаарай гэж хэлээд өөрөө машин доогуураа орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 90 дүгээр тал/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Д.Пүрэвсүрэнгийн:

 

“...Би Увс аймгийн Түмэнд Нээлттэй Хязгаар ХХК-д жолооч ажилтай юм. Тэгээд Улаанбаатар хотоос 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 29-20 УВХ улсын дугаартай автобусаар 15 цагт жолооч Бат-Эрдэнийн хамт 38 хүнтэй Увс аймаг руу явсан. Улаанбаатар хотоос гараад цанын бааз гэх газраас Сансар буюу Булган аймгийн Рашаант сум хүртэл би автобус жолоодоод, Бат-Эрдэнэ ахад жолоогоо шилжүүлсэн. Архангай аймгийн төвд колонкоос түлшээ нэмээд Архангай аймгийн Ихтамир сумаас Бат-Эрдэнэ ах надад жолоогоо шилжүүлээд, би автобус жолоодоод явсан. Бат-Эрдэнэ ах Архангай аймгийн Тариат сумын наад талд зам дээр эвдэрсэн шаланз маркийн машин байгаа, сэлбэг өгнө шүү харж яваарай гэсэн. Тэгээд явж байтал Тариат сум орох замд шар өнгийн шаланз маркийн машин байсан. Тэр машин урд талдаа ослын тэмдэг байрлуулсан байсан. Би ослын тэмдгийг нь хараад ослын тэмдгийн хажууд зогссон. Тэгээд Бат-Эрдэнэ ахыг сэрээгээд нөгөө машин чинь энэ байна гэж хэлсэн. Бат-Эрдэнэ ах жолоочтой нь уулзъя гээд буусан. Би бууж машинаа тойрч дугуйгаа шалгаад эргээд автобусандаа суусан. Тэр үед урдаас нэг машин ирж байгаа бололтой гэрэл тусч байсан. Тэгтэл гэнэт тэр машин миний автобусны баруун талаар гараад, тас хийх чимээ гарсан. Тэгээд юу болов гэж байтал Бат-Эрдэнэ ах ирээд юу болов, автобус мөргөчихсэн юм уу гэхээр нь автобус мөргөөгүй гэж хэлээд автобуснаас гартал нөгөө машин буцаад эргэж байгаа харагдсан. Тэгтэл хоёр хүн ёолоод хэвтэж байсан. Бат-Эрдэнэ жолооч нэг хүнийх нь доор зөөлөн юм дэвсэж өгч, эмийн сангаас эм өгч байсан. Нэг хүн нь босч чадахгүй газар хэвтэж байсан. Нөгөө хүн нь сууж байсан. Энэ үед нөгөө машин ирсэн. Жолоочийг нь буугаач гэхэд буухгүй байж байгаад бууж ирсэн. Энэ жолооч бууж ирээд юм ярихгүй байсан. Тэгээд цагдаа болон эмнэлэгт мэдэгдсэн. Би осол болохыг хараагүй. Намайг автобусандаа сууж байтал автобусны баруун талаар нэг машин их хурдтай ирээд тас хийх чимээ гарсан. Би гэрэл ирж байгааг хараад үүдэнд байсан эмэгтэйг урдаас машин ирж байна ороорой гэхэд намайг дагаад орсон. Гадаа хүн байсанг мэдэхгүй. Би энэ 2 хүнийг хэзээ ямар зорилгоор буусанг мэдэхгүй байна. Намайг автобуснаас буугаад дугуйгаа шалгаад ирэх хооронд л буусан байх. Тухайн үед өөр хүн байгаагүй байх. Би анзаарч сайн хараагүй. Би тухайн үед ослын тэмдэг болон зам дээр байсан машиныг хараад замынхаа баруун гар тал руу шахаад урд талаа бага зэрэг засмал зам руу тавьсан. Хаалга баруун талд байдаг болохоор хүн буух зай гаргасан юм. Би тухай үед аваарын гэрлээ асаагаад, гэрлээ ойр дээр нь тавьсан байсан. Би машинаа тойрч шалгахдаа аваарын гэрлээ асаж байгааг бас давхар шалгаж байсан. Тухайн үед бид 2 архи уугаагүй, эрүүл байсан. Би тухайн үед унтаж амарсан, ядраагүй байсан. Бат-Эрдэнэ ах бид 2 ээлжилж автобусаа жолоодоод унтаж амраад явж байсан...” /хх-ийн 91-93 дугаар тал/

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч О.Батчимэгийн:

 

“...Би 2016 оны 07 сард өдрийг нь сайн санахгүй байна аймаг орж, групп сунгуулах ажилтай байсан юм. Тэгээд манай ойролцоо байдаг Чойсүрэндорж хоргын шороо ачаад аймаг явна гэхээр нь машинд нь дайгдаж суусан. Бид 2 үүрээр 4 цаг өнгөрч байхад хөдөлсөн, Чойсүрэндорж над руу утсаар яриад би Гичгэний гүүрэн дээрээс машинд суусан. Тэгээд бид 2 Залаа толгой гэх газрыг өнгөрөөд явж байтал гэнэт ослын тэмдэг таарсан, тэр үед Чойсүрэндорж замын хойд хэсэг рүү машинаа гаргатал зогсож байсан автобусны хойд талд байсан хүнийг мөргөсөн. Би юу болсон учрыг нь сайн ойлгоогүй. Залаа толгой уруудаад явж байтал өөдөөс автобус зогсчихсон гэрлээ асаачихсан, их хурц гэрэлтэй байсан. Тэр гэрэлд гялбаад зогсож байсан том ачааны машин болон ослын тэмдэг нь харагдаагүй тулж ирэхэд л харагдсан. Би Чойсүрэндоржийг багаас нь танина. Бид хоорондоо ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй, ойролцоо саахалт өвөлждөг нутгийн айлууд байгаа юм. Чойсүрэндорж эрүүл байсан. Ер нь архи уудаггүй, их томоотой хүүхэд байгаа юм. Нутгийн хүмүүс андахгүй хэлнэ. Би яг хэдэн км цагийн хурдтай явсныг нь мэдээгүй, зөөлөн л явж байсан. Би хянах самбарыг нь хараагүй. Бид хоёрын өөдөөс харж зогссон автобусны гэрэл их хурц тод байсан, бүх гэрлээ асаасан байсан. Осол болсны дараа тэр автобустай зөрж өнгөрсөн 3-н ч машины жолооч зогсож автобусны жолоочийг гэрлээ шилжүүлээч, юу ч харагдахгүй байна гэж хэлж байсан. Автобусны жолооч үүр цайж байхад цагдаа нарыг ирэхийн өмнөхөн гэрлээ унтраасан. Тэр хоёр машин их ойрхон, бараг харалдаа шахуу зогссон байсан, дараа нь харж байхад зөрж өнгөрөх машинууд зогсож байж тэр хоёрын дундуур гарч байна лээ. Том оврын ачааны машины жолооч ослын тэмдэгээ их ойрхон тавьсан байна лээ, бүр тулж ирж байж машин нь харагдаж байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 дугаар тал/

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн сэжигтэн, яллагдагч Н.Чойсүрэндоржийн:

 

“...Би сэжигтэнээр тооцох тогтоолыг уншиж танилцлаа. Надад ямар нэгэн тайлбар байхгүй. Би өмгөөлөгчөөр Ц.Бат-Эрдэнийг сонгон авсан. Өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би Архангай аймгийн Тариат сумаас 2016 оны 07 дугаар сарын 26-ны өглөө үүрээр 04 цагийн үед өөрийн эзэмшлийн 11-86 АРХ улсын дугаартай Хюьндай Трак маркийн ачааны автомашинаараа хоргын шороо ачаад Архангай аймаг руу хөдөлсөн. Тэгээд Тариат сумын Залаагийн гүвээ гэх газар өнгөрөөд уруудаад явж байтал урдаас хурц цагаан өнгийн гэрэлтэй автомашин явж байх шиг харагдсан. Тэгээд гэрлээ ойр дээрээ шилжүүлээд, зөрөх гэж байтал урдаас гэнэт шаланз маркийн машин зам дээр зогсож байгаа харагдсан, тэгэхээр нь энэ машины хажуу талаар гүйцэж түрүүлэхээр зүүн гар тал руугаа дохио өгөөд урсгал сөрөөд ортол урдаас нөгөө машины цагаан гэрэл гялбаад юу ч харагдахгүй байсан. Тэгэхээр нь машинтай мөргөлдөж байхаар гээд ослоос зайлуулахаар замын урсгал сөрөөд далан руу орсон. Далан руу сөрөөд ортол замын хажууд гэнэт 2 хүн байгаа харагдсан. Тэгээд тэр 2 хүн холдож чадалгүй миний машинд мөргүүлсэн. Би тэр хүнийг дайрсанаа мэдээд, машинаа эргүүлж харуулж тавиад зогссон. Тэгээд би машинаасаа буугаад осол болсон газар очиход 2 хүн ёолоод хэвтэж байсан. Тэнд байсан хүмүүс эмнэлэг болон цагдаад мэдэгдсэн. Би тухайн үед сандарсан, яахаа мэдэхгүй байсан. Би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан, 40-45 км цагийн хурдтай явж байсан. Тухайн үед хянах самбар руугаа харсан. Би урдаас машины гэрэл гялбаж байх үед харсан юм. Миний урдаас гэрэл гялбаад хаана юу байгаа нь, ямар зайтай байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд л замаас гаргаж зайлуулах арга хэмжээ автал замын хажууд 2 хүн зогсож байгаа харагдсан. Би тэр хоёр хүнийг харах үед далан руу орсон байсан болохоор машин зогсох боломжгүй байсан. Би тормос гишгэсэн. Би осол болсон даруй машинаасаа буусан. Машинд мөргүүлсэн 2 хүнд машинаасаа хөнжил гудас гаргаж өгч нөмрүүлсэн. Тухайн үед надтай хамт манай нутгийн Батчимэг гэдэг эгч явсан. Батчимэг эгч осол болохыг харсан. Би 2016 оны 07 дугаар сарын 25-ны орой 22 цагийн үед амарсан. Машиндаа шороогоо ачиж ирээд гэртээ амарсан. Батчимэг эгч намайг тосоод зам дээр зогсож байсан. Би өглөө 04 цагийн үед босоод 04 цаг өнгөрч байх үед гэрээсээ гарсан. Намайг өглөө босоход 04 цаг өнгөрсөн байсан болохоор Батчимэг эгч рүү явах уу гэж залгасан. Тухайн үед гадаа харанхуй байсан, зам дээр ямар нэгэн хальтиргаа гулгаа байгаагүй. Миний машины тормос, гэрэл дохио бүрэн бүтэн ажиллаж байсан. Тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байсан. Осол болсны дараа замаар явж байсан жижиг суудлын автомашин зогсоод гэрлээ шилжүүлээч гэрэл чинь гялбаад байна гэж байсан. Үүнээс хойш л автобусны жолооч гэрлээ унтраасан. Бас талийгаачийн эхнэр нь манай хадам аав Одонхүүд автобусны 2 жолооч, чи гэрлээ унтрааж шилжүүлсэнгүй гэж хоорондоо хэрэлдсэн гэж хэлсэн байсан. Үүнийг надтай хамт явсан Батчимэг эгч бас сонссон. Тэр машин нь цагаан өнгийн суудлын автомашин байсан. Би улсын дугаар маркийг нь хараагүй.

Би Архангай аймгийн Тариат сумын нутагт зам тээврийн осол гарган 2 хүн мөргөсөн. Би энэ тухайгаа өмнөх мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан. Тухайн үед зам дээр зогссон байсан автобус их гэрлээ асаасан байсан. Би урдаас ирж байгаа машин байна гэж бодсон. Тэгээд энэ машинтай зөрөх гэж байтал гэнэт зам дээр ослын тэмдэг болон ачааны автомашин зогсож байгаа харагдсан. Би зүүн гар тал руугаа дохио өгөөд гүйцэж түрүүлэх гэхэд урдаас гэрэл гялбаад юу ч харагдахгүй байсан. Тэгээд зүүн гар тал руугаа ослоос зайлуулахын тулд дартал гэнэт замын далангийн доор хүн байсан. Тэгээд мөргөсөн, би замын далангийн доор хүн зогсож байсныг мэдээгүй. Би осол болох үед 45-50 км цагийн хурдтай явсан. Миний регистрийн дугаар АЗ88121912. Би өмнө нь АЯ89121910 гэсэн регистрийн дугаартай иргэний үнэмлэхтэй байсан. Би энэ үнэмлэхээрээ жолооны үнэмлэх авсан байсан. Миний жинхэнэ регистрийн дугаар АЗ88121912. Анх иргэний үнэмлэх авахад буруу регистрийн дугаартай ирчихсэн юм. Сүүлд цахим үнэмлэх авахад регистрийн дугаараа засаж авсан юм. Би талийгаачийн ар гэрт эхлээд 2.800.000 төгрөг өгөөд дараа нь 2.500.000 төгрөг гээд нийт 5.300.000 төгрөг өгсөн. Би хохирогч Ш.Баянмөнхөд эмнэлэгт үзүүлсэн зардлыг бүрэн төлсөн. Хэдэн төгрөг болсонг мэдэхгүй байна. Надад одоогоор баримтууд нь байхгүй байгаа, хөдөө болон Улаанбаатар хотод байгаа. Би захиж авхуулаад өгөх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 201-202, 206-207 дугаар тал/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 60 дугаартай шинжээчий дүгнэлт:

 

Дүгнэлтэд: “...1. Талийгаач П.Пүрэвсүрэнгийн биед оношийн 1 дүгээрт тусгагдсан цээж, хэвлий, бага аарцгийн хөндийн эрхтэнүүдийн битүү хүнд гэмтэл, 2 дугаарт тусгагдсан түүний хүндрэл, 3-а-д тусгагдсан биеийн гадаргуугийн цус хуралт, зулгаралт, шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчтэй цохих, цохигдох, хэсэг газрын шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Талийгаач П.Пүрэвсүрэн нь гэмтлийн шок болон бага аарцгийн хөндийд дотуур цус алдсаны улсаас нас баржээ. 5. Шинжилгээгээр элэг, нойр булчирхайн өөхлөлт, ходоодны салстын архаг үрэвсэл эмгэгтэй байна. Энэ нь үхэлд хүргэхгүй. 6. Талийгаач нь 2 дугаар бүлгийн цустай байна. 7. Нас барах үедээ согтолтгүй байжээ...” гэх дүгнэлт /хх-ийн 120 дугаар тал/

 

Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаартай дүгнэлт:

 

Дүгнэлтэд: “...Хюьндай маркийн 11-86 АРХ улсын дугаартай автомашины жолооч Н.Чойсүрэндорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ” 2.3.а-д Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. 72-31 УВХ, 29-20 УВХ улсын дугаартай автомашинууд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайн хууль тогтоомж зөрчөөгүй байна. 2. Асфальт, тэгш, шулуун, уруу, хуурай, гэрэлтүүлэггүй. 3. Осол болох үед Хюьндай маркийн 11-86 АРХ улсын дугаартай автомашины тормосны мөр байхгүй байна. Хурдыг тогтоох боломжгүй. 4. Хюьндай маркийн 11-86 АРХ улсын дугаартай автомашины жолооч Н.Чойсүрэндоржийн буруутай үйл ажиллагаанаас болж гарсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 137 дугаар тал/

 

Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 86 дугаартай дүгнэлт:

 

Дүгнэлтэд: “...1. Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн д/ч М.Бат-Эрдэнийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 70 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Хюьндай Трак маркийн 11-86 АРХ улсын дугаартай автомашины жолооч Н.Чойсүрэндорж нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.3.а-д хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2-р хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. /Авто тээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын оношлогч инженер М.Энхбатын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтээр Хюьндай Трак маркийн 11-86 АРХ улсын дугаартай автомашинд үзлэг хийхэд тормосны систем тогтоогдсон байна.

Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 9.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөнөөс уг осол гарсан байна.

72-31 УВХ, 29-20 УВХ дугаарын автомашинуудын жолооч нар нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй байна. 3. Зам тээврийн осол болсон газар нь суурин газрын гаднах, үзэгдэх орчин чөлөөтэй, халтиргаа гулгаагүй хуурай, асфальтан хучилттай, шулуун уруу зам байлаа. Зам тээврийн осолд замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөхгүй. 4. Хюьндай Трак маркийн 11-86 АРХ улсын дугаартай автомашины хурдыг тогтоох боломжгүй. 5. Жолооч Н.Чойсүрэндоржийн жолоодож явсан Хюьндай Трак маркийн 11-86 АРХ улсын дугаартай авто машин нь АТҮТ-ийн Архангай аймаг дахь салбарын оношлогч инженер М.Энхбатын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтээр автомашины тормосны систем гэмтэлтэй зүүн талын хойд дугуйны түрүүпийг хаасан, салхиний шил хагарсан гэмтэлтэй байх ба техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс осол гарсан байх боломжтой. 6 Хюьндай Трак маркийн 11-86 АРХ улсын дугаартай автомашины жолооч Н.Чойсүрэндоржийн буруутай үйл ажиллагаанаас уг осол гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-ийн150 дугаар тал/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 448 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

Дүгнэлтэд: “...Ш.Баянмөнхийн биед хавсарсан гэмтэл: Цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, баруун талын 2, 3, 4, 5, 6-дугаар хавирганы суганы арын шугамаарх зөрөөтэй хугарал, цээжний баруун хөндийд хий хуралдалт, баруун талын дунд чөмөг ясны дунд хэсгийн хөндлөн далд хугарал, зүүн шуу, богтос ясны доод хэсгийн далд хугарал, тархи доргилт, хуйханд шарх, дух, баруун зовхи, хацар ууц нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, хэсэг газрын шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 3. Ш.Баянмөнхийн биед учирсан гэмтлүүд нь осол болсон тухайн нэг цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтэл тул биед учирсан гэмтлүүдийн хамгийн хүндээр нь гэмтлийн зэрэг тогтооно. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-12-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол байдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 157 дугаар тал/

* Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04 дүгээр тал/

* Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-14, 30-32, 121-124 дүгээр тал/

* Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 15 дугаар тал/

* Схем зураг /хх-ийн16 дугаар тал/

* Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-29

* Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 115-117 дугаар тал/

* Ш.Баянмөнхий өвчний түүх /хх-ийн 159-192 дугаар тал/

* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 219, 220 дугаар тал/

* Нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-101-103, 104-106, 107-108х/ зэрэг болно.  

  

Шүүгдэгч Н.Чойсүрэндорж нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн өглөөний 04 цагийн үед Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг дэвсгэр Залаа толгой гэх газарт байх засмал замаар өөрийн эзэмшлийн 11-86 АРХ улсын дугаартай Хьюндай Трак маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.3.а-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас засмал замын хажууд зогсож байсан хохирогч Ш.Баянмөнхийг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан, П.Пүрэвсүрэнг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч М.Сүрэнхорлоогийн “...Манай талийгаач П.Пүрэвсүрэн Улаанбаатар хотоос 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Увс аймаг руу явж байгаад Архангай аймгийн Тариат сумын нутагт зам тээврийн осолд ороод нас барсан юм...” гэх мэдүүлэг /хх-34-35х/,

Хохирогч Ш.Баянмөнхийн “...Тэр хооронд би машины хамгийн урд суудалд сууж байсан тул түрүүлж буугаад замын хажууд хатуу хучилттай замаас бууж бие засаад эргэтэл гэнэт хурц гэрэл над руу тусч машин ирж мөргөх шиг болоод би газарт унасан юм. Би тэр хооронд ухаан алдаад сэргээд хартал газарт сууж байсан. Хажууд 3-4 км зайд нэг залуу ёолж орилоод, чи хоёрын хоёр хүн дайрчихлаа гэж орилж байсан. Би энэ хооронд ухаан орж гарч байсан юм. Харин нөгөө залуу сумын эмнэлэг хүргэх замд ёолоод яваад байсан бөгөөд эмнэлэгт очоод нас барсан байсан...” гэх мэдүүлэг /хх-41-42х/,

 

Гэрч Т.Эрхэмбаярын “...Үүрээр 04 цагийн орчим байх би уг нь унтаж байсан, хүмүүс шуугилдаад гадаа хүн дайруулчихлаа гээд байсан. Би эсрэг талын цонхоор харахад 2 хүн нэг нь суучихсан, нөгөөх нь хэвтэж харагдсан, хэвтэж байсан хүний хажууд нэг эмэгтэй хүн уйлаад байсан. Намайг автобуснаас буугаад харахад сууж байсан хүний толгойноос нь цус гарсан харагдсан. Харин хэвтэж байсан хүний дээрээс нь юмаар хучсан хэвтэж байсан. Цагаан өнгийн ачааны машин зогсож байсан, тэр машиныг дайрсан гэж хүмүүс ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-49х/,

 

Гэрч Н.Ганбаярын “...26-ны 04 цагийн орчим байх би унтаж явсан, тэгтэл хүмүүс хүн дайрчихлаа гэж шуугилдаад нэг эмэгтэй хүн уйлаад байсан. Би осолд орсон хүмүүсийг танихгүй, цонхоор харахад 1 эрэгтэй  хүн суучихсан, 1 эрэгтэй хүн газар хэвтэж байсан, түүний хажууд хүүхэд тэвэрчихсэн нэг эмэгтэй хүн суучихсан харагдсан. Зам дээр бидний сууж явсан автобус, өөдөөс нь нэг том ачааны машин, замын хойно осолд орсон хүмүүсийн цаана цагаан өнгийн ачааны машин зогсож харагдсан...” гэх мэдүүлэг /хх-51х/,

 

Гэрч Б.Чимэдцэрэнгийн “...Үүрээр 04 цаг өнгөрч байхад хүмүүс орилолдоод, осол гарчихлаа, гадаа хүн дайруулчихлаа гээд байсан. Гаднаас нэг эгч их сандарсан орж ирсэн. Тэр хүний хажуугаар машин их хурдтай өнгөрсөн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-53х/,

Гэрч Ч.Батжаргалын “...Үүрээр 04 цагийн орчим байх би унтаж байсан юм, хүмүүс шуугиад орилохоор нь цонхоор хартал 2 хүн газар хэвтэж байгаа харагдсан. Мөн нэг машин эргэж ирээд, хэвтэж байсан хоёр хүний цаана ирж зогссон. Яг ямар маркийн машин болохыг нь мэдэхгүй, цагаан өнгийн том ачааны машин байсан. Би жолоочийг нь харсан, бага шиг намхан биетэй залуу байсан...” гэх мэдүүлэг /хх-75-76х/,

 

Гэрч Ц.Цэцэгмаагийн “...Автобус зогссон болохоор буугаад бие засах гээд явтал автобус руу чиглээд хурц гэрэлтэй хурдтай автомашин ирэхээр нь би айгаад машиндаа суусан. Тэр дайрсан нь цагаан өнгийн ачааны автомашин байна гэж харсан. Тухайн үед автобус баруун гар талруугаа замаа шахаад зогссон, автобусны өөдөөс урсгал сөрөөд хурц гэрэлтэй машин ирээд автобусны баруун талаар орж гадна байсан хүнийг дайрсан байх, би ирэхийг нь бол харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62х/,

 

Гэрч Ж.Бат-Эрдэнийн “...Тэгээд Даваасамбуу бид хоёр Даваасамбуугийн автомашиных нь урд талд зогсож байтал Архангай аймгийн Тариат сумын зүгээс гэрэл тусаад нэг машин их хурдтай ирээд автобусны урдуур гараад хажуу талын далан руу ороод явсан. Хүүе юу болж байна, яасан хурдтай явж байна, тэгээд гүйгээд очтол миний автобусанд явсан хоёр эрэгтэй хүн газар хэвтэж байсан. Тэгтэл хоёр хүн ёолоод орилсон, тэгээд хүн мөргүүлсэнг мэдсэн. Мөргөсөн машиныг бол харсан. Ачааны Маяти маркийн машин байсан. Тэр машин их хурдтай орж ирсэн. Гэнэт гэрэл тусаад орж ирсэн. Дараа нь зам дээр ямар нэгэн тормосны мөр байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76х/,

 

Гэрч Д.Ариунаагийн “...Тэр үед талийгаач нөхөр маань миний хажууд сууж байгаад бие засахаар буусан юм. Тэгтэл машин мөргөлдөж байгаа юм шиг таг хийх чимээ гарсан. Би юу болов гэж бодоод байж байтал хүн дайрчихлаа гэж гадна хүн орилсон. Би нөхрөө мөргүүлсэн юм биш байгаа гээд цонхоор хартал манай нөхөртэй ижилхэн хувцастай хүн газраас босч ирээд буцаад уначихсан. Тэгээд би нэг мэдсэн хүүхдээ тэврээд автобуснаас гараад нөхрийнхөө хажууд оччихсон байсан. Би яасан бэ, юу болов, чи яагаад гарсан юм бэ гэхэд энэ машин замын буруу талаар орж ирээд хүн дайрчихлаа ямар тэнэг пизда вэ, миний хэвлий дээгүүр энэ машин гарсан юм шиг байна. Миний бөгсөн бие ямар ч амьгүй болчихжээ гэж хэлсэн. Би биеийг нь үзэхэд толгой, нүүрнээс нь цус гарсан байсан. Бас талийгаач надад миний нэг араа унасан байна гэж хэлж байсан. Би нөхрөө газар хэвтэж байхад нь очсоны дараа гадаа машин зогсож байхыг харсан...” гэх мэдүүлэг /хх-80х/,

 

Гэрч О.Даваасамбуугийн “...Тэгээд би машинаасаа гараад машиныхаа урд талд тэр жолоочтой сайн явж байна уу гээд мэндлээд зогсож байтал нэг машин ирж байгаа харагдсан. Хүүе энэ машин гэж хэлэх зуур тэр машин миний машины хажуугаар автобусны хажуугаар замаас гараад явсан. Энэ ямар машин юм бол хоосон машин байх гэж ярилцаж байтал хүн мөргөчихлөө гээд автобусанд байсан хүмүүс хэлсэн. Тэр машин тормослоогүй байх, их хурдтай ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84х/,

 

Гэрч Б.Бадамсүрэнгийн “...Намайг сэрж байхад автобус хөдлөөд, бас нэг цагаан өнгийн ачааны машин цагдаа нар аваад явж байсан...” гэх мэдүүлэг /хх-90х/, гэрч Д.Пүрэвсүрэнгийн “...Тэгтэл гэнэт тэр машин миний автобусны баруун талаар гараад, тас хийх чимээ гарсан. Тэгээд юу болов гэж байтал Бат-Эрдэнэ ах ирээд юу болов, автобус мөргөчихсэн юм уу гэхээр нь автобус мөргөөгүй гэж хэлээд автобуснаас гартал нөгөө машин буцаад эргэж байгаа харагдсан. Тэгтэл хоёр хүн ёолоод хэвтэж байсан. Намайг автобусандаа сууж байтал автобусны баруун талаар нэг машин их хурдтай ирээд тас хийх чимээ гарсан. Би гэрэл ирж байгааг хараад үүдэнд байсан эмэгтэйг урдаас машин ирж байна, ороорой гэхэд намайг дагаад орсон...” гэх мэдүүлэг /хх-91-93х/,

 

Гэрч О.Батчимэгийн “...Тэгээд гэрлээ ойр дээрээ шилжүүлээд, зөрөх гэж байтал урдаас гэнэт шаланз маркийн машин зам дээр зогсож байгаа харагдсан, тэгэхээр нь энэ машины хажуу талаар гүйцэж түрүүлэхээр зүүн гар тал руугаа дохио өгөөд урсгал сөрөөд ортол урдаас нөгөө машины цагаан гэрэл гялбаад юу ч харагдахгүй байсан. Тэгэхээр нь машинтай мөргөлдөж байхаар гээд ослоос зайлуулахаар замын урсгал сөрөөд далан руу орсон. Далан руу сөрөөд ортол замын хажууд гэнэт 2 хүн байгаа харагдсан. Тэгээд тэр 2 хүн холдож чадалгүй миний машинд мөргүүлсэн. Би тэр хүнийг дайрсанаа мэдээд, машинаа эргүүлж харуулж тавиад зогссон. Тэгээд би машинаасаа буугаад осол болсон газар очиход 2 хүн ёолоод хэвтэж байсан...” гэх мэдүүлэг,

 

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны  2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 60 дугаартай дүгнэлт “...1. Талийгаач П.Пүрэвсүрэнгийн биед оношийн 1 дүгээрт тусгагдсан цээж, хэвлий, бага аарцгийн хөндийн эрхтэнүүдийн битүү хүнд гэмтэл, 2 дугаарт тусгагдсан түүний хүндрэл, 3-а-д тусгагдсан биеийн гадаргуугийн цус хуралт, зулгаралт, шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчтэй цохих, цохигдох, хэсэг газрын ширгэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Талийгаач П.Пүрэвсүрэн нь гэмтлийн шок болон бага аарцгийн хөндийд дотуур цус алдсаны улсаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-120х/,

 

Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 86 дугаартай дүгнэлт: “...1. Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн д/ч М.Бат-Эрдэнийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 70 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Хюьндай Трак маркийн 11-86 АРХ улсын дугаартай автомашины жолооч Н.Чойсүрэндорж нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.3.а-д хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2-р хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. 4. Хюьндай Трак маркийн 11-86 АРХ улсын дугаартай автомашины хурдыг тогтоох боломжгүй. 5. Жолооч Н.Чойсүрэндоржийн жолоодож явсан Хюьндай Трак маркийн 11-86 АРХ улсын дугаартай авто машин нь АТҮТ-ийн Архангай аймаг дахь салбарын оношлогч инженер М.Энхбатын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтээр автомашины тормосны систем гэмтэлтэй зүүн талын хойд дугуйны түрүүпийг хаасан, салхиний шил хагарсан гэмтэлтэй байх ба техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс осол гарсан байх боломжтой. 6 Хюьндай Трак маркийн 11-86 АРХ улсын дугаартай автомашины жолооч Н.Чойсүрэндоржийн буруутай үйл ажиллагаанаас уг осол гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-150/,

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 448 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Ш.Баянмөнхийн биед хавсарсан гэмтэл, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, баруун талын 2, 3, 4, 5, 6- дугаар хавирганы суганы арын шугамаарх зөрүүтэй хугарал, цээжний баруун хөндийд хий хуралдалт, баруун талын дунд чөмөг ясны дунд хэсгийн хөндлөн далд хугарал, зүүн шуу, богтос ясны доод хэсгийн далд хугарал, тархи доргилт, хуйханд шарх, дух, баруун зовхи, хацар ууц нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-12-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 157х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-14, 30-32, 121-124х/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 15х/, схем зураг /хх-16х/, нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-101-103, 104-106, 107-108х/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Харин шүүгдэгч Н.Чойсүрэндорж нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн” заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

 

Шүүгдэгч Н.Чойсүрэндоржийн замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн үйлдэл, талийгаач П.Пүрэвсүрэнгийн амь нас хохирсон, Ш.Баянмөнхийн бие махбодид хүнд гэмтэл учирсан үйлдэл хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байна.

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос Н.Чойсүрэндоржид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон байх тул түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас талийгаач П.Пүрэвсүрэнгийн амь нас хохирсон, Ш.Баянмөнхийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх ба шүүгдэгч Н.Чойсүрэндорж нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар /хх-219-220х/ тогтоогдож байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж үзэв.  

Шүүгдэгч Н.Чойсүрэндорж уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Сүрэнхорлоод  9.773.400 /есөн сая долоон зуун далан долоон мянга дөрвөн зуун/ төгрөг, хохирогч Ш.Баянмөнхөд 7.503.000 /долоон сая таван зуун гурван мянган/ төгрөгийн хохирол төлсөн, шүүгдэгч Н.Чойсүрэндоржийн жолооны үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдан, хэрэгт битүүмжлэгдсэн 11-86 АРХ улсын дугаартай Хюьндай Трак маркийн автомашиныг өмчлөгч Н.Чойсүрэндоржид буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тугч овогт Намсрайхоролын Чойсүрэндоржийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн  215.3-т зааснаар шүүгдэгч Н.Чойсүрэндоржийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Чойсүрэндоржид оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Н.Чойсүрэндоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2016 оны 08 сарын 20-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 11-86 АРХ улсын дугаартай Хюундай Трак маркийн автомашиныг өмчлөгч Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт баг, Дээд бөөрөлжүүт гэх газар оршин суух Тугч овогт Намсрайхоролын Чойсүрэндоржид буцаан олгосугай.

 

6. Шүүгдэгч Н.Чойсүрэндорж нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.Сүрэнхорлоод  9.773.400 /есөн сая долоон зуун далан долоон мянга дөрвөн зуун/ төгрөг, хохирогч Ш.Баянмөнхөд 7.503.000 /долоон сая таван зуун гурван мянган/ төгрөгийн хохирол төлсөн, шүүгдэгч Н.Чойсүрэндоржийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нар нь бусад учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүгдэгч Н.Чойсүрэндоржид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтийг хангуулахаар шийтгэх тогтоолын хувийг Архангай аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

 

 9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Н.Чойсүрэндоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

 10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Чойсүрэндоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 11. Шийтгэх тогтоолыг танилцуулснаар хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Р.АЛТАНЦЭЦЭГ