Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2021/0366

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Г.Ц, Д.Ц

Хариуцагч: Улсын Дээд Шүүхийн Тамгын газар

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Г.Ц-ийн 2019, 2020 оны амралтын урамшуулал нийт 16,204,814 төгрөг, Д.Ц-ийн 2019, 2020 оны амралтын урамшуулал нийт 10,442,838 төгрөгийг тус тус гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, А.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ц, Д.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаар зарлигаар нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 145 дугаар зарлигаар Г.Ц, Д.Ц нарын шүүгчийн бүрэн эрхийг сэргээсэн болно.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3-д шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, сэргээх үндэслэл, түдгэлзүүлсэн тохиолдолд шүүгчийн халдашгүй байдал, цалин, эдийн засаг, нийгмийн хангамжийн баталгааг хэрхэн шийдвэрлэх талаар нарийвчлан зохицуулсан.

Шүүгчийн бүрэн эрхийг сэргээсний дараа хүсэлт гаргасны дагуу Улсын Дээд шүүхийн Тамгын газар бүрэн эрхийг сэргээх үртэл хугацааны цалин хөлсийг тооцож олгосон болно.

Харин мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийгээгүй, ээлжийн амралтын олговрыг хуульд зааснаар тооцож олгоогүй ба уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг амаар өгсөн болно.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгчийн хөдөлмөрийн үйл ажиллагаатай холбогдсон энэ хуульд заагаагүй бусад харилцааг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулах ба Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1-т цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшууллаас бүрдэнэ 53.1-д илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно, 46 дугаар зүйлийн 46.1-д ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь 2019, 2020 оны ээлжийн амралтыг биечлэн эдлээгүй болно.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцвол Г.Ц-ийн дундаж цалин /2019 оны 4, 5, 6 дугаар сарын цалингаас/ 5,401,605 төгрөг 1.5 хувь нь 8,102,407 төгрөг, 2019, 2020 оны амралтын урамшуулал нийт 16,204,814 төгрөг, Д.Ц-ийн дундаж цалин /2019 оны 4, 5, 6 дугаар сарын цалингаас/ 3,480,946 төгрөг 1.5 хувь нь 5,221,419 төгрөг, 2019, 2020 оны амралтын урамшуулал нийт 10,442,838 төгрөгийг тус тус гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, С.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаар зарлигаар нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 145 дугаар зарлигаар Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Ц, Д.Ц нарын бүрэн эрхийг сэргээсэн билээ.

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/65 дугаар тушаалаар нэр бүхий шүүгч нарын цалин, зохих нэмэгдэл олгохыг зогсоосон.

Шүүгч Г.Ц, Д.Ц нарын бүрэн эрхийг сэргээсэн зарлиг гарснаар Тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/100, Б/101 дүгээр тушаалаар түдгэлзүүлсэн хугацаа болох 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цалинг нөхөн тооцож шүүгч Г.Ц-д 93,203,797 төгрөг, Д.Ц-д 58,674,057 төгрөгийг тус тус нөхөн олгосон. Энэ хугацаанд амралтын мөнгө олгоогүй бөгөөд түдгэлзсэн хугацааны бүх саруудад цалин олгосон болно.

Шүүгч Г.Ц, Д.Ц нарын нэхэмжлэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааны дагуу ээлжийн амралтын мөнгө гаргуулж өгнө үү гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийн тухайд цалин хөлсийг нийтэд нь 12 дугаар сард олгосон учир зөвхөн 12 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тайлагнасан. Түдгэлзүүлсэн хугацааны нийгмийн даатгалыг нөхөн тайлагнах тухай Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч шүүхийн шийдвэр гараагүй тохиолдолд тайлан засварлах боломжгүй гэх хариу өгсөн учраас дээрх хугацааны цалинг нөхөн олгохдоо байгууллагаас төлөх нийгмийн даатгалыг төлж даатгуулагчаас суутгах нийгмийн даатгалын шимтгэлийг суутгалгүйгээр шүүгч нарт олгосон юм.

Иймд шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд даатгуулагчаас төлөх нийгмийн даатгалыг шүүгч Г.Ц, Д.Ц нар төлөх учиртай.

Шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд нийгмийн даатгалын тайланд засвар хийн нөхөн тайлагнах боломжтой гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Ц, Д.Ц нараас Улсын Дээд шүүхийн Тамгын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Г.Ц-ийн 2019, 2020 оны амралтын урамшуулал нийт 16,204,814 төгрөг, Д.Ц-ийн 2019, 2020 оны амралтын урамшуулал нийт 10,442,838 төгрөгийг тус тус гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Улсын Дээд Шүүхийн шүүгч Г.Ц, Д.Ц нарын бүрэн эрхийг Монгол улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 145 дугаар зарлигаар сэргээжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож, биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиолцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараах албан тушаал хамаарна 13.1.1 Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн албан хаагч дараах нийтлэг баталгаагаар хангагдана, 61.1.9-д ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох гэж зааснаар шүүгч нь төрийн тусгай албан хаагч бөгөөд дээр дурдсан нийтлэг баталгаагаар хангагдах учиртай.

Нэхэмжлэгч нар нь 2019, 2020 оны ээлжийн амралтаа биеэр эдлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байх бөгөөд дээр дурдсан хуулийн заалтуудаас үзвэл Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Ц, Д.Ц нар төрийн тусгай албан хаагч болохын хувьд хуульд заасан баталгаагаар хангагдаж 1.5 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал авах эрхтэй гэж үзлээ.

Мөн шүүгч Г.Ц, Д.Ц нарын бүрэн эрх сэргээсэн Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/100, Б101 дүгээр тушаалаар нэхэмжлэгч нарын бүрэн эрх түдгэлзсэн байх хугацааны цалин хөлсийг нөхөж олгосон боловч мөн хугацааны байгууллагаас төлөх нийгмийн даатгалыг төлж, даатгуулагчаас суутгах нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож суутгаагүй байна.

Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д Энэ хуулийн 39.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан үндэслэл хууль бус байсан нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, цалин хөлсийг нөхөн олгоно, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй гэж зааснаар шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, цалин хөлсийг нөхөн олгосон тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийн сар бүрд нь тооцон төлж, бичилт хийх нь зүйтэй байжээ.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 1.5 сарын цалинтай тэнцэх урамшуулал болох 16,204,814 төгрөгийг Г.Ц-д, 10,442,838 төгрөгийг Д.Ц-д тус тус олгохыг болон 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 12 дугаар сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч Улсын Дээд Шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийн 61.1.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 1.5 сарын цалинтай тэнцэх урамшуулал болох 16,204,814 төгрөгийг Г.Ц-д, 10,442,838 төгрөгийг Д.Ц-д тус тус олгож, 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 12 дугаар сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч Улсын Дээд Шүүхийн Тамгын газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН