Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/01167

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00738 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Ж ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 35 441 741 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.У, хариуцагчийн өмгөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн И.Уаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь “Ж” ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Х” дэлгүүрийн В1 давхарын 10В тоот үйлчилгээний өрөөг 3 жилийн хугацаатай түрээслүүлэхээр гэрээ байгуулсан. “Ж” ХХК нь 2015 оны 12 дугаар сард 50 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сард 3 000 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сард 1 300 000 төгрөг тус тус төлснөөс өөр түрээсийн төлбөр төлөөгүй. Улмаар 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Ж” ХХК нь гэрээг цуцлах тухай хүсэлтийг “Х” ХХК-д ирүүлж, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Х” ХХК нь хүсэлтийг хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон гэрээг цуцласан. Түрээсийн болон цахилгааны төлбөрийн үлдэгдэл болох 23 705 644 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулах албан шаардлагыг “Ж” ХХК-д хүргүүлэхэд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр түрээсийн төлбөрт 23 705 644 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн. Төлбөрийг 2016 оны 10 сараас 2016 оны 12 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд хуваарийн дагуу төлөхөөр болсон. Гэвч “Ж” ХХК нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. “Х” ХХК-ийн зүгээс “Ж” ХХК-ийн хүсэлтийн дагуу тэдний  үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 06 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөрийг сарын 2 021 250 төгрөг байсныг 1 000 000 төгрөг болгон бууруулж үйл ажиллагааг нь дэмжсэн. Гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1-т заасны дагуу эхний 30 хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар, үүнээс цааших хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор гэрээнд заасан тул 2015 оны 3 дугаар сараас 2015 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны алдангийг 0.3 хувиар тооцсон бөгөөд 2015 оны 4 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны алдангийг 0.5 хувиар тооцсон. Алдангийн нийт хэмжээ 35 953 407 төгрөг болж, үндсэн үүргийн дүн болох 23 472 193 төгрөгийн 50 хувиас хэтэрсэн тул алдангийн хэмжээг 11 736 096 төгрөг болгон бууруулсан. Иймд 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр буюу гэрээг цуцлах өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 23 472 193 төгрөг, алданги 11 736 096 төгрөг, цахилгааний төлбөр 225 379 төгрөг, нийт 35 441 741 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Цахилгааны төлбөрт  233 451 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нийтдээ 35 208 290 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч Ч.А-оос шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна “Х” дэлгүүрийн В1 давхарын 10В үйлчилгээний талбайг бусад ноолууран тасгуудтай түрээслэхээр тохиролцож, гэрээ хийсэн боловч  талбайн дүүргэлт байхгүй, мөн менежмент хийж чадахгүй байсан учир ямар ч борлуулалт байгаагүй. Ингээд В1 давхарт байсан бүх ноолууран тасгууд болох компаниуд гарсан. Эхний ээлжинд түрээснээс чөлөөлж зөвхөн менежментийн төлбөрийг авна гэж тохиролцсон боловч менежмент хийж чадаагүй. “Х” ХХК-ийн захиргаанд талбай чөлөөлөх хүсэлт удаа дараа өгсөн боловч түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан учир шийдэж өгөхгүй байсаар бусад түрээслэгч аж ахуйн нэгжүүдээс хамгийн сүүлд гарсан. Энэхүү хугацаанд сул зогсолт хийж түрээсийн төлбөрийг их хэмжээгээр гүйлгэсэн. Мөн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан болохоор “Х” ХХК-тай ярилцан тохиролцсоны дагуу хүүхдийн хувцас болох нийт 12 456 000 төгрөгийн барааг түрээсийн төлбөртөө тооцон өгсөн. Гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй учир хуулийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ байна. Талуудын 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан гэрээнд Менежментийн төлбөр гэсэн заалт байгаа. Менежментийн төлбөрт ус цахилгаан, халаалтын систем, харилцаа холбоо, гал түймрийн даатгал, менежментийн ажилтнууд, хамгаалалт, гэх зэрэг төлбөрүүд байгаа. Гэтэл уг тооцоо нь задаргаагүй бүхэл мөнгө байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК-иас цахилгааны төлбөрт 233 451.40 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК-иас 29 340 242 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 868 048 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 335 160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж” ХХК-иас 304 651 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чинхүүн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Түрээсийн гэрээ”, 2016 оны 2,3,4,5 дугаар сарын гэрээнээс татгалзах тухай албан мэдэгдэл, уг мэдэгдэлд хариуцагчийн зүгээс өгсөн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй. Гэрч асуулгах хүсэлт гаргасан боловч шүүхийн зүгээс хангаагүй. Талуудын хооронд байгуулсан гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй учир хүчин төгөлдөр бус гэрээ. Нэмэлт зардал нэхэмжилж байгаа бол эдгээрийн задаргааг тус бүрт нь тайлагнаж тооцоолол гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл зарим огт авч байгаагүй үйлчилгээний төлбөрийг нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээгээр түрээсийн төлбөрийн оронд 12 000 000 төгрөгний бараа бүтээгдэхүүнээр төлсөн. Хүлээн авсанд Х ХХК-ний зүгээс маргадаггүй. Гэтэл шүүх энэхүү бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийг хасч тооцоогүй нь үндэслэлгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ж ХХК-нд холбогдуулан түрээсийн төлбөр, цахилгааны төлбөр, алдангид нийт 35 441 741 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цахилгааны төлбөр гэх 233 451 төгрөгөөс татгалзаж, 35 208 290 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./ хх-ийн 1-3, 20, 63-66 дугаар хуудас/

 

Зохигчид 2014 оны 12 дугаар сарын 25-ний өдөр “Х” ХХК-ийн эзэмшлийн Хын барилгын В1давхарын 10В тоот үйлчилгээний өрөөг 3 жилийн хугацаатай, “Ж” ХХК-нд түрээслүүлэх гэрээг бичгээр байгуулжээ.

 

“Ж” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийн 10В тоот үйлчилгээний өрөөг өөрийн эзэмшил ашиглалтад байлгасан, гэрээ 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөр цуцлагдсан үйл баримт тогтоогджээ.

 

Талууд түрээсийн гэрээгээр төлвөл зохих түрээсийн төлбөрийн хэмжээ, түрээсийн гэрээ хүчин төгөлдөр эсэхэд маргаж байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээг бичгээр байгуулсан ба үл хөдлөх эд хөрөнгө бүхэлдээ түрээслэгдсэн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлгийн газарт бүртгүүлэх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсгийг түрээслэж байгаа тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага тавигдахгүй юм.

 

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчид ноолууран бүтээгдэхүүн нийлүүлж, уг бүтээгдэхүүнээр түрээсийн төлбөрөө төлсөн гэж тайлбарласан боловч хэргийн 37-41 дүгээр талд авагдсан гэрээ, мөн талуудын түрээсийн гэрээ зэргээс үзэхэд ноолууран бүтээгдэхүүнийг түрээсийн төлбөрт тооцох тохиролцоо талуудын хооронд хийгдсэн нь тогтоогдохгүй, дээр дурдсан ноолууран бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ нь түрээсийн гэрээнд хамаарахгүй юм.

 

Зохигчид түрээсийн төлбөрийг дараах байдлаар тооцохоор гэрээний тусгай нөхцлийн 4 дэх хэсэгт тохиролцжээ. Үүнд: 1 м.кв талбайн /ашигтай талбай/ сарын төлбөр нь:

Гэрээний эхний жилд 2015 оны 03-12 дугаар сард 27 500 төгрөг, 2016 оны 01-12 дугаар сард 38 500 төгрөг, 3 дахь жилд 2017 оны 01-12 дугаар сард 55 000 төгрөг байх ба нэг сарын талбайн төлбөр нь түрээслэгчийн төлөх менежментийн төлбөр болон НӨАТ-ыг оролцуулалгүйгээр нийт эхний жилд 2015 оны 962 500 төгрөг /03-12 дугаар сард/, 2 дахь жилд 2016 оны 1 347 500 төгрөг /1-12 сард/ , 3 дахь жилд 2017 оны 1 925 000 төгрөг /1-12 сард/ байна. Түрээсийн төлбөрийг сар бүрийн эхний өдөр төлнө гэжээ. / хх-ийн хавсралт материалын 18 дугаар хуудас/

 

Дээрх тохиролцооны дагуу түрээслэгчийн төлвөл зохих түрээсийн төлбөрийн хэмжээг тооцож үзэхэд:

2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 4 170 834 төгрөг байна./35 м.кв х 27 500 төгрөг 962 500х4 сар +10 хоногт ногдох төлбөр 320 834 /

 

Талууд 2015 оны 08 дугаар сарын 01-нээс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 10 сарын хугацаанд түрээсийн төлбөрөө 1 000 000 төгрөгөөр тооцохоор тохиролцсонд маргаагүй тул энэ хугацаанд ногдох төлбөр 10 000 000 төгрөг болж байна.

 

Мөн 2016 оны 06 дугаар сарын 1-ний өдрөөс гэрээ цуцлагдах хүртэл буюу 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 2 сар 25 хоногт 3 817 917 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй байна./ 1 347 500+1 347 500+1 229 700/ Дээрхийг нэгтгэн тооцвол 17 988 751 төгрөг болж байна.

 

Талуудын гэрээний 11.1-д 30 хоногийн хугацаа хэтрүүлэн түрээсийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутам төлөөгүй төлбөрийн дүнгийн 0,3 хувийн, 30 хоногоос дээш хугацаанд төлөөгүй төлбөрийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг тооцохоор тохиролцжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан боловч хариуцагч нь түрээсийн төлбөрөө гэрээний хугацаанд төлөөгүй, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч анз шаардсаныг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгчийн түрээслүүлсэн талбайд үйлчлүүлэгч багатай, ноолууран бүтээгдэхүүн борлуулдаг түрээслэгчид бүгд нүүж гарсан, нэхэмжлэгч менежмент хийж чадаагүй гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй.

 

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасан анзын хэмжээ, хэргийн нөхцөл байдлыг харгалзан анзын хэмжээг 50 хувь бууруулсанд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй нь диспозитив зарчимд нийцэж байна.

 

Иймд хариуцагчийн төлөөгүй түрээсийн төлбөр 17 988 751 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээний алданги 8 994 376 төгрөг бөгөөд үүнийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар 4 497 188 төгрөг болгон багасгаж, хариуцагчаас нийт 22 485 939 төгрөгийг гаргуулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн хариуцагч нь түрээсийн төлбөр дотор менежментийн зардал давхар орсон гэж тайлбарлаж, нэхэмжлэгчээс түрээсийн төлбөр тооцооны задаргаа шаардсан байна. Нэхэмжлэгч түрээсийн төлбөрийн тооцоо гаргасан боловч уг тооцоо дотор НӨАТ, менежментийн зардлыг оруулж тооцох эрхтэй гэдгээ баримтаар нотлоогүй. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх эрхийн хүрээнд хянаж, хариуцагчийн төлбөл зохих түрээсийн төлбөрийг гэрээнд тайлбар хийж, тодорхойлон тооцсон болно.

 

Хариуцагч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо н.Цэвээндарийг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг хангаагүй гэсэн байна. Гэтэл хэргийн баримтаас үзэхэд н.Цэвээндарийг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг гаргаагүй, н.Өлзийжаргалыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан байна. Иймд давж заалдах гомдлын энэ хэсгийг хүлээж авах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00738 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын “29 340 242” гэснийг “22 485 939” гэж, “5 868 048” гэснийг “12 955 802” гэж, 3 дах заалтын “304 651” гэснийг “270 379” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Ч.Аын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                               ШҮҮГЧИД                                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД