Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2019/02715

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 11 өдөр                 Дугаар 183/ШШ2019/02715                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний  шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймгийн Заамар сумын 3 дугаар баг, .........тоотод оршин суух, Ш  /РД: ........../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, .......... тоотод оршин суух, Б  /РД:...............-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 23.850.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М, хариуцагч Т.Б , гэрч Б, БА, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгч П.Ш  Т.Б т анх 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд 21,850,000 төгрөг өгч байсан. Мөн 2018 оны 5 дугаар сард 5 сая төгрөг. Нийт 26,850,000 төгрөг зээлүүлсэн. Үүнээс 3,200,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл мөнгө 23,850,000 төгрөгийг Т.Б аас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Т.Б  23,850,000 төгрөгөөс П.Ш д өгсөн 7,850,000 төгрөгийг хасаж 16 сая төгрөг нэхэмжилж байна. Тэгэхээр хариуцагчаас 16 сая төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

       

Хариуцагч Т.Б  шүүх хуралдаанд тайлбартаа:” Би П.Ш эс огт мөнгө зээлж аваагүй. Хамтран ажиллаж надад түлшний мөнгө гаргаж өгч надаас алт авдаг байсан. Энэ бүхэн нэхэмжлэгчийн хар өнгийн тэмдэглэлийн дэвтэрт байгаа. Надад дансаар шилжүүлсэн бүх мөнгийг нийлүүлж тооцоо гаргаж надаас нэхэмжилж надаас авсан мөнгийг тооцож бичихгүй байна. Найз нөхөд байж өнөөдөр ийм асуудал гаргаад байна. Би П.Шинэ-Эрдэнийг бусдын нөлөөнд орсон байх гэж бодож байна. Надад арай ч ийм зан гаргахгүй байсан. Урьд нь хамтран ажиллаж надаас алт авдаг байсан. Миний тооцоолж байгаагаар 8 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа” гэв.                                                                                                                        

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Ш-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...Т.Б т 2017.7.02-ны өдрөөс 2017.11.30-ны өдрийг хүртэлх хугацаанд 21.850.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сард 5.000.000 төгрөг нийт 26.850.000 төгрөг зээлдүүлсэн, хариуцагч Т.Б  3.000.000 төгрөгийг төлж үлдэгдэл 23.850.000 төгрөг гаргуулахыг хүссэн бөгөөд шүүх хуралдааны явцад буцааж авсан 7.850.000 төгрөгийг хасч үлдэх 16.000.000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

          

          Хариуцагч Т.Б  26.850.000 төгрөг хүлээж авсанаа зөвшөөрсөн, 14.850.000 төгрөгний алт хүлээлгэн өгсөн гэх, өөрийн тооцоогоор үлдэгдэл 8.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн байна.

 

  Талуудын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч хэрэгт авагдсан Ш.ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд хариуцагч Т.Б ын .............. тоот дансанд 2017.07.01-ний өдөр 5.000.000 төгрөг, 2017.07.02-ны өдөр 6.000.000 төгрөг, 2017.08.24-ний өдөр 900.000 төгрөг, 2017.08.27-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017.08.28-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017.08.30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017.08.22-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017.09.03-ны өдөр 1.500.000 төгрөг, 2017.09.05-ны 1.700.000 төгрөг, 2017.09.06-ны өдөр 900.000 төгрөг, 2017.09.08-ны өдөр 3.200.000 төгрөг, 2017.09.10-ны өдөр 1.500.000 төгрөг гэх мэтээр нэхэмжлэгч П.Ш  тус тус шилжүүлсэн байна.

 

        Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт  “... мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан байна.

Иймд талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, мөнгийг зээлдэгч хүлээн авсан тул буцаан төлөх үүрэгтэй бөгөөд Т.Б  2018.12.20-ний өдөр гаргасан баталгаандаа “...найз П.Ш эс зээлж авсан мөнгөө 2019.02.20-нд төлж барагдуулна, чадахгүй бол Япон улсад үйлдвэрлэсэн Denyo дизель  генераторыг өгөхөд татгалзахгүй, уг генераторыг 25.000.000 төгрөгөөр худалдан авч байсан” гэжээ.

 

Мөн 2018.12.30-ны өдрийн холбогдогчоос авсан мэдүүлэгт  “...бичил уурхай ажиллуулж байхдаа түлшний мөнгө хэрэг болоод цувуулж авсан, Ш  найз болохоор надад тусалж байсан, бид 2 хамтарч ажиласан зүйл байхгүй, 2018 оны 11 сард 3 удаа 1.000.000 төгрөгөөр төлсөн” гэж Т.Б  мэдүүлсэн байх бөгөөд дээрх байдлаас үзэхэд хариуцагч мөнгө зээлж авсанаа зөвшөөрч, тодорхой хэмжээний төлөлт хийсэн байна.

 

 Иймд зээлсэн 26,850,000 төгрөгнөөс хариуцагчийн төлсөн 3.200.000 төгрөг, нэхэмжлэгчийн буцааж авсан гэх 7,850,000 төгрөгийг тус тус хасч үлдэх 15.800.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Хариуцагч 14.850.000 төгрөгийн алтаар эргэн төлөлт хийсэн, нэхэмжлэгчтэй хамтран ажилладаг байсан гэж тайлбарладаг боловч нотолсон баримтгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн  25.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Б аас 236.950 төгрөгийг гаргуулж П.Ш д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгч Т.Б аас 15.800.000 төгрөг гаргуулж П.Ш д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Б аас 236.950 төгрөгийг гаргуулж П.Ш д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 277.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.ЭНХЦЭЦЭГ