Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 102/2020/00074/И |
Дугаар | 102/ШШ2020/00945 |
Огноо | 2020-03-31 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2020/00945
2020 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2020/00945 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.А нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О ХХК холбогдох,
32 317 950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 5 дугаар сард О ХХК-ийн захирал Д.Гандоржтой уулзсан. Тэрээр автомашины үйлдвэрт хамтран ажиллах санал гаргасан бөгөөд Турк улс руу явж хөрөнгө оруулалт олохоор болсон. Улмаар Д.Гандорж нь түрүүлээд 2014 оны 5 дугаар сарын эхээр ОХУ-руу явсан бөгөөд тэндээсээ Турк улс руу явах, миний бие араас нь мөнгө олоод Турк улс руу явахаар тохирсон. Үүний дагуу би өөрийн хоёр өрөө байраа барьцаалж, 30 000 000 төгрөг банкнаас аваад 16 500 ам.доллар болгон солиулж, 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Турк улсад очиход Д.Гандорж, орчуулагч эмэгтэйн хамт тэнд байсан. Миний бие өөрийн авч явсан 16 500 ам.долларыг Б.Гандоржид өгсөн. Тэрээр уг мөнгөнөөс 1 500 ам.долларыг орчуулагч эмэгтэйд өгсөн. Б.Гнь миний мөнгийг 2 гадаад улсын иргэнд өгсөн бөгөөд үүнийгээ “хөрөнгө оруулалтын мөнгө, би өөрийн загвараа зараад мөнгөтэй болно” гэж тайлбарласан. Гэвч Турк улсаас хөрөнгө оруулалтын мөнгө олох ажил бүтэлгүйтэж, бид буцах зардалгүй болсон.
Миний бие өөрийн найз н.Пүрэвдорж руу утсаар ярьж Б.Гболон өөрийн зардлын мөнгийг зээлж авч бид хоёр 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Монгол улсад ирсэн. Монгол улсад ирээд миний бие буцах зардалд нийт 4 000 000 төгрөгийг н.Пүрэвдоржид буцаан өгсөн. Өөрөөр хэлбэл, өөрт зарцуулсан зардал 2 000 000 төгрөг, Б.Гандоржийн буцах зардал 2 000 000 төгрөг, нийт 4 000 000 төгрөг төлсөн.
Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 317 950 төгрөгийг төлсөн.
Иймд хариуцагч О ХХК-иас хамтран ажиллахаар хөрөнгө оруулсан 16 500 ам.доллар буюу 30 000 000 төгрөг, Б.Гандоржийн өмнөөс түүний буцах зардалд миний төлсөн 2 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317 950 төгрөг, нийт 32 317 950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О ХХК-ийн төлөөлөгч Б.Гшүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд манай компаний имэйл хаягаар Гана улсын хөрөнгө оруулалт хөгжлийн сан гэх утга бүхий газраас үйлдвэрлэгч нарыг дэмжиж 20 250 000 ам.долларын хөрөнгө оруулах санал ирсэн. Д.А энэ талаар сонсож мэдээд сонирхож эхэлсэн. Тухайн үед Гана улсын хөрөнгө оруулалтын газраас “хөрөнгө оруулалт авах гэж байгаа бол 16 500 ам.долларатай Турк улсад ир, Гана улсаас 2 төлөөлөгч очино. 16 500 ам.доллар төлөөлөгч нарын байрлах буудал, ирж очих унааны зардал, зээлийн шимтгэл зэрэгт төлөгдөнө” гэсэн байсан. “Энэхүү 16 500 ам.долларыг санаа бүү зов би өөрөө шийднэ” гэж Д.А хэлсэн. “Харин чиний 20 250 000 ам.долларын зээл бүтэхээр 300 000-400 000 ам.доллараар хоёулаа газар тариалан эрхэлнэ. Газар тариаланд орсон мөнгийг хөрөнгө оруулалтын хүүгээр эргүүлж төлөөд дараагийн үйл ажиллагаанд орно. Газар тариалангийн аж ахуйн 10 хувийг Д.Ад эзэмшүүлнэ” гэж гэрээ хийсэн.
Миний бие 2014 оны 5 сард Турк улс руу явахаар болсон ба эхэлж ОХУ руу бусад ажил хэргийн уулзалтууд хийсэн. Үүний дараа Турк улс руу явсан. Д.А намайг Турк улсад очих өдөр араас ирсэн. Тэгээд Гана улсын 2 иргэнтэй 2 удаа уулзалт зохион байгуулсан. Эхний удаа хоорондоо танилцаад, танилцуулга явагдсан. Нэг иргэнийг нь Сали Андерсон, нөгөө иргэний нэрийг нь мартсан байна. Хоёр дахь уулзалтанд нөгөө талаас “16 500 ам.доллар төл, төлсний дараа 20 250 000 ам.долларыг өгнө” гэж итгүүлсэн. Тэгэхэд Д.А өөрөөсөө гаргаад 16 500 ам.долларыг тэр хоёр гадаад иргэнд өгсөн.
Маргааш өдөр нь Д.А бид хоёрын байрлаж байсан буудалд нөгөө хоёр гадаад иргэн хар чемодантай мөнгө аваад ирлээ гэсээр ирсэн. Тэгээд өрөөнд ороод чемоданаа задалж үзүүлсэн. Хар өнгийн бодисоор будсан ам.долларын хэмжээтэй цааснууд байсан бөгөөд хажууд нь 5 литрийн хэмжээний савтай шингэн байсан. Нөгөө хоёр хүн хар болсон ам.долларын хэмжээтэй цаасыг уг шингэнд дүрэхэд хар өнгө нь арилж 100 ам.доллар байсан. Ингэж 10 ширхэг 100 ам.доллар гаргаж ирсэн. Уг 10 ширхэг 100 ам.долларыг мөнгөний машинд шалгаж тоолж үзүүлсэн. Уг чемоданд 10 сая ам.доллар байгаа шингэн нь өтгөрсөн байна, шингэн олох шаардлагатай гээд уг чемодантай зүйлээ үлдээгээд яваад өгсөн. 2-3 хоногийн дараа нөгөө хоёр хүн дахин ирээд шингэн олдохгүй байна, шингэн бодис авахын тулд 214 000 ам.доллар хэрэгтэй байна хамтарч гаргая гээд мөнгө нэхсэн. Тэгэхэд Д.А бид хоёр мөнгө байхгүй Монголд очиж мөнгө олохоос наашгүй гэж хэлсэн. Тухайн үед Д.А бид хоёр буруу гарын хүмүүстэй учирсан байна гэдгээ ойлгосон. Тэгээд ар гэрээсээ тусламж хүсэж би охин Г.Нэргүйтэй утсаар яриж 900 ам.доллар, “Монкитурами” ХХК руу яриж 400 ам.доллар Д.Агийн ам.долларын дансруу хийлгүүлж зардлаа хийж бид Монголдоо ирсэн.
2017 оны 5 сард Д.А нь “найз нь хүнд байдалтай хэцүү байна, өр зээл ихтэй, чи надад тус болоод бичиг хийгээд өг, банкинд үзүүлэх гэсэн юм. Банкнаас 9 дүгээр сарын 01-ий өдөр гэхэд орлогтой байх шаардлагатай” гэсний дагуу би түүний хэлснээр бичиг хийж өгсөн. Энэхүү бичигийг би Д.Атэй найз нөхөд байсны хувьд мөн 2014 онд Турк улс руу хамт яваад дампуураад ирсэн хүний хувиар ойлгож туслах зорилгоор өөрийнх нь хүссэн тодорхойлолтыг бичиж өгсөн.
О ХХК болон Д.Гандорж миний бие 32 000 000 төгрөгийг Д.Агээс огт авч байгаагүй. Насанд хүрсэн хүн хэдэн төгрөгөө хаана хэрхэн зарцуулах нь Д.Агийн эрхийн асуудал.
Турк улс руу явах зардал мөнгөө Д.А бид хоёр тус тусын ашиг сонирхол байсан учир тухайн хөрөнгө оруулалт бүтвэл манай компанид болон Д.Ад ашигтай байсан учир өөр өөрсдийн зардалыг хариуцан явсан.
Дээрх ажил бүтсэн бол Д.А 300 000-400 000 ам.доллараар газар тариалангийн бизнесийг хамтарч хийе гэж байсан мөртлөө ажил хэрэг бүтэхгүй болж, луйвардуулсан мөнгөө надаас болон манай компаниас үндэслэлгүй нэхэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч О ХХК-д холбогдуулан 32 317 950 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд шаардлагын үндэслэлээ “...хамтран ажиллахаар хөрөнгө оруулсан 16 500 ам.доллар буюу 30 000 000 төгрөг, Б.Гандоржийн өмнөөс түүний буцах зардалд миний төлсөн 2 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317 950 төгрөг, нийт 32 317 950 төгрөгийг гаргуулах” гэж тодорхойлсон бол хариуцагч нь уг үндэслэлийг “...16 500 ам.долларыг нэхэмжлэгч нь өөрөө бусдад өгсөн, ...буцах зардлыг ар гэрээсээ авсан, ...нэхэмжлэгчээс мөнгө авч байгаагүй” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
1. 30 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар хариуцагчаас талаас гаргасан саналын дагуу хөрөнгө оруулалтын мөнгө авах зорилгоор тэд 2014 оны 5 дугаар сард Турк улс руу зорчиж, уг зорилгоо биелүүлэхийн тулд нэхэмжлэгчийн зүгээс Турк улсад байхдаа гадаад улсын иргэнд 16 500 ам.доллар өгсөн үйл явдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, талууд дээрх үйл явдал болон зорилгодоо хүрээгүй талаар маргаагүй. Харин талууд тухайн ам.долларыг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн нь хариуцан нөхөн төлөх талаар маргасан.
Талуудын дээрх тайлбараас үзвэл тэдний хооронд хамтран ажиллах хэлцэл байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг бөгөөд мөн зүйлийн 476.2-т зааснаар хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно. Өөрөөр хэлбэл, талууд хамтран Турк улс руу хөрөнгө оруулалтын мөнгө авах зорилгоор буюу 2014 оны 5 дугаар сард зорчисон нь талууд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажилласан гэж үзэх үндэслэл болж байна.
Түүнчлэн, мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д зааснаар хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна. Мөн зүйлийн 477.2-т зааснаар хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно. Үүнээс үзвэл, хариуцагч нь өөрийн компанид ирсэн имэйлд дурдсан мэдээллийн дагуу хөрөнгө оруулах мөнгө олохын тулд нэхэмжлэгчтэй хамт Турк улс руу зорчисон өөрийн үйлдэлээр, нэхэмжлэгч нь уг үйл ажиллагааг дэмжин хамтын үйл ажиллагаанд өөрийн үйлдлээрээ тус тус хамтран оролцох байдлаар хураамж төлсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, талууд мөн хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-д зааснаар хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлсэн байна.
Гэвч талуудын Турк улс руу зорчиж хөрөнгө оруулалтын мөнгө авах зорилго нь биелээгүй болсон нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон гэж үзнэ.
Талууд хамтын үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх явцдаа нэхэмжлэгчийн зүгээс 16 500 ам.долларыг бусдад төлсөн байх бөгөөд үүнийг хариуцагч үгүйсгээгүй. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д зааснаар хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна. Иймд дээрх мөнгийг талуудын хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдал гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч хариуцагчаас алдагдал 16 500 ам.долларын 50 хувь болох 8 250 ам.доллар буюу 15 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан Турк улсад очисон 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Монголбанкнаас зарласан нэг ам.доллар төгрөгтэй тэнцэх ханш 1 824.55 төгрөг байх бөгөөд тухайн ханшаар тооцвол 16 500 ам.доллар 30 105 072 төгрөг болж байна. Гэвч нэхэмжлэгч нь дээрх ам.долларыг төгрөгт тооцохдоо 30 000 000 төгрөөг тооцож байх тул түүний 50 хувь болох 15 000 000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байхаас гадна хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар үгүйсгэж, мөн өөрийн татгалзалаа баримтаар нотолж чадахгүй байна.
Нөгөөтэйгүүр, хэдийгээр хэрэгт 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Монголбанкнаас зарласан нэг ам.доллар төгрөгтэй тэнцэх ханшны талаарх лавлагаа байхгүй байх боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан нийтэд илэрхий үйл баримт байх тул түүнийг дахин нотлох шаардлаггүй. Харин хэрэгт талуудаас нотлох баримтаар гаргаж өгсөн хэргийн 21-24, 36-38, 45-58 дугаар талд авагдсан баримтуудыг маргаанд хамааралтай баримт гэж үзэх боломжгүй байна.
2. 2 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь 2 000 000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ “...Турк улсаас Монгол улсад ирэх Б.Гандоржийн зардлыг бусдаас зээлж, уг зээлийн төлбөрийг өөрөө төлсөн” гэж тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн уг шаардлагын үндэслэлийг гэрээний үүргээс учирсан хохирол шаардсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Гэвч нэхэмжлэгч нь уг шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолж чадаагүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар 2 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй.
3. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317 950 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгодог журамтай. Үүний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 317 950 төгрөг төлсөн байх тул уг төлбөрийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагчаас шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, шүүх мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлдэг.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас 15 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 318 950 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч 32 317 950 төгрөг гаргуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 319 540 төгрөг төлөхөөс 317 950 төгрөг төлж, 1 590 төгрөг дутуу төлсөн байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1 590 төгрөгийг улсын орлогод нөхөн төлүүлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч О ХХК-иас 15 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 318 950 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 317 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 1 590 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 232 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН