Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/331

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналт прокурор Ц.Сонинмөнх,

хохирогч С.Н  /онлайн/,

шүүгдэгч Б.Н  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б-н Н т холбогдох эрүүгийн 2334000000277 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ................................

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н  нь согтуугаар 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монголиан ресорт” амралтын газарт хамт амарч байсан С.Н той маргалдаж улмаар зодолдож, ноцолдох явцдаа 9 дүгээр хавирганы мөгөөрстэй нийлэх хэсгээр бүрэн бус хугарал гэмтэл, цээжний зөөлөн эдийн цус хуралт, хэвлийн зөөлөн эдийн цус хуралт гэмтэл, мөн толгой руу нь чулуугаар цохиж духны зүүн талд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Н  шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч С.Н  нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Н ын хадам ээж надтай юм ярина гэж уулзсан. Тэгтэл Н  надтай ирж муудсан. Тэгээд салсан байхад дээрээс пиво гэх мэт зүйл асгасан. Тэгээд учраа олъё гээд байж байсан чинь намайг чулуугаар цохисон. Энэ хэргээс болж би ажлаасаа гарсан. Би эмчилгээ хийлгэх байсан боловч наадмын амралт болсон байсан учраас гэр бүлтэйгээ хөдөө гарч амарсан. Баримтаар зардал 400.000 төгрөг гарсан. Энэ хохирлыг авсан. Гаргаж өгөөгүй баримт гэвэл би  сар бүр төлдөг автомашины зээл байдаг. Тэрийг Н ыг төлөөд өгөөч гэж амаараа хэлсэн. Өөрөө бол төлөхгүй гэсэн юм байна лээ. Энэ хүн намайг гэмтээчхээд миний ажлыг зохицуулж өгнө гэсэн боловч зохицуулж өгөөгүйгээс болж би ажлаасаа гарсан. Миний явах ажил хийх орчин, орон тоо бүрдээгүй учраас ажилдаа орж чадаагүй. Би бол гомдолтой байна. Эр хүн шиг ирээд ах аа уучлаарай гэж уулзаагүй. Сэтгэл байхгүй. Би энэ хүнийг цагдаа сэргийлэх гэхгүйгээр асуудлыг зохицуулчихъя гэж бодсон. Гэтэл энэ хүн өөрөө хогийн зан гаргасан учраас дараа дараадаа хүн зодоод гэмтэл учруулчихвий гэж урьдчилсан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагад хандсан. Автомашины лизингийн төлбөрийг нэхэмжилнэ.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Б.Н  нь согтуугаар 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монголиан ресорт” амралтын газарт хамт амарч байсан С.Н той маргалдаж улмаар зодолдож, ноцолдох явцдаа 9 дүгээр хавирганы мөгөөрстэй нийлэх хэсгээр бүрэн бус хугарал гэмтэл, цээжний зөөлөн эдийн цус хуралт, хэвлийн зөөлөн эдийн цус хуралт гэмтэл, мөн толгой руу нь чулуугаар цохиж духны зүүн талд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ нь эрүүгийн 2334000000257 хэрэгт авагдсан:

Хохирогч С.Н ийн "...Манай ажлын хамт олон салхинд гарах болоод Төв аймгийн Баянчандмань сумын ойролцоох амралтын газарт 2023 оны 06 сарын 23-ны өдрийн 17 цагийн орчим ирээд тэндээ унтаж амраад маргааш нь буюу 2023 оны 06 сарын 24-ний 13 цагийн орчим амралтын газрын гэрийн үүдэнд н.Бүжээ гэх эгчтэй юм яриад пиво уугаад сууж байтал бид хоёрын хажуу талд Б.Н  ирээд суусан. Тэгтэл н.Бүжээ эгч манай хүргэн Б.Н  сайн хүргэн гээд ярьж байтал Б.Н  над руу гэнэт зүгээр сууж байгаад хэд хэдэн удаа салаавч гаргаад миний амруу салаавчаа хийх гээд байсан. Би тэгэхээр дуугай инээгээд сууж байсан чинь Б.Н  гартаа бариад ууж байсан лаазтай пивийг миний толгой дээр асгасан. Тэрнээс хойш хэсэг хугацаанд би юу болсон талаар мэдэхгүй байна ухаан ороод сэргэсэн чинь манай ажлын н.Болороо эгч нэг хүнтэй хамт намайг гэрт оруулаад орон дээр хэвтүүлэн надад тайвшируулах эм уулгаад хэвтүүлж байсан. Тэгээд би орон дээр хэвтэж байтал гэрийн гадаа хүмүүс намайг буруутгаж яриад байх шиг сонсогдсон. Тэгээд би надад буруу байхгүй би Б.Н тай уулзана гэж хажууд байсан хүмүүстэй хэлээд гэрээс гараад нөгөө гэрлүү ортол тэр гэрт манай захирал н.Ч , Б.Н  нар нэлээн олуулаа сууж байсан. Би тэр хэдд ээр ороод Б.Н тай маргалдсан чинь н.Ч  эв зүйгээр яриад учраа ол гээд Б.Н  бид хоёрыг аваад гарсан бид 3-лаа гэрээс нэлээн зайд гараад н.Ч  захирал Б.Н  бид хоёрыг суу гээд газар суулгасан би тухайн үед н.Ч  захиралд уурлаж н.Ч ыг хацарлуу нь тохойгоороо нэг удаа цохиод захирал намайг дахиад нэг гээд байхаар нь би дахиад нэг цохисон. Тэгтэл н.Ч  захирал надад цохиулаад хойшоо хоёр гараараа тулаад унасан. Тэгтэл хамт ажилдаг Б.Н  миний зүүн гар талд сууж байгаад миний толгой хэсгийн зүүн талруу цохисон. Тухайн үед намайг юугаар цохисонг би мэдээгүй байсан чинь миний толгойноос цус гараад эхэлсэн. Тэгтэл цаанаас хүмүүс ирээд салгаад байж байтал ажлын хүмүүс хоорондоо Б.Н , С.Н ийг чулуугаар цохичихлоо гээд шуугилдаж эхэлсэн юм. Тэгээд байж байгаад Улаанбаатар хот руу автобусаар бөөнөөрөө явцгаасан юм. Тэгээд хотод ирээд би ГССҮТ-д очиж толгойгоо үзүүлсэн чинь толгой хагарсан байна оёдол тавина гээд миний духны зүүн хэсэгт 6-н оёдол тавьсан юм…гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/,

-Хохирогч С.Н ийн дахин өгсөн “...Б.Н  гэрийн үүдэнд маргалдахад Б.Н аас өөр эрэгтэй хүн байгаагүй. Би Б.Н аас өөр хүнтэй маргалдаж муудалцаагүй. Б.Н  босч ирээд миний дээрээс пиво асгасныг л санаж байна. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Хүмүүс намайг сугадаад гэр рүү оруулж байхад л мэдсэн. Миний цамц урагдчихсан байсан. Эмчилгээ болон эмчилгээтэй холбоотой зардлаа гаргуулан авмаар байна. Мөн зодуулснаас болоод гэмтлийн эмнэлгийн эмч хэврийн дэглэм барь гээд 1 сар ажилдаа явж чадаагүй ажлын хөлсөө гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

-Гэрч С.А ийн “...Би тухайн өдөр хамт ажилдаг ажлын газрын хүмүүстэй Төв аймгийн Баянчандмань сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг амралтын газарт 2023 оны 06 сарын 23-ны орой 17 цагийн үед очоод тухайн амралтын газраа хоноод маргааш өглөө нь буюу 2023 оны 06 сарын 24-ний өглөө ажлын хүмүүстэйгээ гэрт юм яриад сууж байгаад гэрээс гараад явж байтал гадаа н.Бүжнээ эгч С.Н  хоёртой таарч тэндээ юм яриад сууж байгаад С.Н той маргалдаж эхэлсэн. Тэгээд хэсэг маргалдаж байгаад босоод явахдаа гартаа бариад ууж байсан лаазтай пивийг санамсаргүй С.Н ийн дээрээс бага зэрэг асгаад нөгөө гэр лүү явсан. Тэгээд хөзөр тоглоод юм яриад сууж байтал С.Н  араас орж ирээд надтай дахиад маргалдаад байсан чинь манай захирал н.Ч  ах бид хоёрыг гэрээс авч гарсан. Тэгээд бид 3-лаа гэрээс нэлээн зайтай гараад н.Ч  захирал бид хоёрын голд суугаад 3-лаа юм ярьж байсан. Тэгтэл тэр хоёр юм ярьж байгаад С.Н , н.Ч  захирлыг 2 удаа гараараа цохиод авсан. Тэгтэл н.Ч  хойшоо болсон чинь С.Н  араас нь босоод ирэхээр нь би хажууд нь сууж байгаад хажуудаа байсан жижиг хавтгай чулууг баруун гартаа барьж байгаад С.Н ийн толгой хэсэг рүү нэг удаа цохиод, тэгтэл н.Ч  захирал намайг хойшоо боль гэж хэлээд түлхсэн. Тэгсэн гэрийн гадаа байсан хүмүүс намайг ирж аваад би гэр лүү явсан н.Ч  захирал тэр хоёр үлдээд араас ирээд С.Н  цусаа цэвэрлээд байж байсан. Би амралтын газар хорхог хийж ирсэн мотцикльтой ахыг гуйгаад намайг зам хүргээд өгөөч гэж хэлээд зам руу хүргүүлээд замын унаанд суугаад хот руу явсан. Тэгээд маргааш нь би утсаар асуусан чинь толгойндоо 4-н оёдол тавиулаад гэртээ хэвтэж байна гэж надад хэлсэн. Дараа нь дахиад залгасан чинь утсаа авахгүй байж байгаад сүүлдээ намайг цагдаагийн байгууллагад өгсөн байна...” /хх-ийн 10-11 тал/,

-Гэрч Ч.Ч ын “...Би Эен Эрдэнэ ХХК-ийнн захирал ажил хийдэг юм. Тухайн өдөр би ажлын хамт олноо салхинд авч гараад 2 өдөр хамтдаа сайхан байж байгаад ирэх санаатай Төв аймгийн Баянчандмань сумын ойролцоо амралтын газарт захиалга өгөөд 2023 оны 06 сарын 23-ны өдөр нэгдсэн журмаар автобуусаар хүргүүлж ирээд тэндээ байрлаж хоноод маргааш өдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр манай ажлын хүмүүс бөөнөөрөө гэртээ тоглож байтал миний байрлаж байсан гэрт гаднаас манай ажилтан Б.Н  орж ирээд н.Чинбаа ахаа би н.Нацагаа ахтай маргалдаад н.Нацагаа ах намайг элдэв янзын үгээр хэлээд байна гэсээр орж ирсэн. Тэгэхээр нь та хоёрын муудалцах надад хамаагүй наад асуудлаа орхиод наашаа суугаад хөзөр хамт тоглий гэж хэлээд хамт тоглоод сууж байтал хэсэг хугацааны дараа гаднаас С.Н  нэлээн ууртай орж ирээд Б.Н  гэх залууг пизда минь чамайг ална гээд ороод ирхээр нь би тухайн үед та хоёр боль 3-лаа гадаа гарж учраа олж тайвшираад ирье гээд би дагуулаад гарсан юм. Гэрээс бид 3-лаа гараад байрлаж байсан гэрээс 20 орчим алхаад жижиг жалганл ортол тэр хоёр дахиад маргалдаад байхаар нь би С.Н ийг наанаа сууж байгаад ярилцаж учираа ол гээд С.Н ийг зүүн гар талдаа суулгаад Б.Н ыг баруун гар талдаа суулгах үед С.Н  намайг зүүн талын шанаа хэсэгрүү гараараа цохих шиг болсон. Тэгхээр нь би чи намайг яасан гэж цохиж байгаа юм чаддаг юм бол дахиад цохичих гэсэн чинь намайг дахиад нэлээн хүчтэй цохиод авсан би хойшоо хөл алдаад гараараа тулаад унах үед С.Н , Б.Н  хоёр талаасаа босож Б.Н , С.Н той зууралдаж байсан. Тэгсэн манай ажлын хүмүүс ирээд салгасан чинь С.Н ийн духны зүүн талаас цус гарч байсан. Хэсэг хүмүүс Б.Н ыг авч яваад би хэсэг хүмүүстэй С.Н ийн цусыг цэвэрлээд байж байтал С.Н  над руу агсарч дайраад байсан. н.Мөөгий эгч наадахаа орхиод холдоод явчтя гээд хэлхээр нь би яваад гэрт унтаж байгаад хот руу явсан юм…” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

-Гэрч У.Б гийн “...Би Эен Эрдэнэ ХХК-д савлагч ажил хийдэг юм. Тухайн компанийн удирдлагын зүгээс манай ажилчдыг хөдөө салхинд гаргаж амраах болоод манай хамт олон 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын ойролцоох нэрийг сайн санахгүй байна нэг амралтын газар ирээд тухайн өдрөө амраад маргааш өглөө нь буюу 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 13-14 цагийн орчим би болон манай ажлын хэсэг хүмүүс гэрт хөзөр тоглоод байж байсан чинь манай ажлын нягтлан н.Б  гаднаас орж ирээд нөгөө гэрт С.Н , Б.Н  хоёр зодолдоод байна гэхээр нь би н.Туул гэх хүний хамтаар яваад очтол хажуу гэрт С.Н , Б.Н  нар зодолдсон байдалтай С.Н ийн цэнхэр товчтой цамц нь урагдсан цээж хэсгээрээ улааж зүүн талын гар нь жижигхэн жижигхэн хөхөрч зулгарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би Б.Н  гэх хүнийг салгаж аваад өөрийн тоглож байсан гэрлүүгээ авч орсон. С.Н ийг н.Туул, н.Ариунжаргал байсан гэрт нь авч үлдсэн. Тэгээд бид хэд гэртээ ороод байж байтал хэсэг хугацааны дараа С.Н  бид хэдийн байсан гэрт дахиж орж ирээд Б.Н луу уурлаж тэгтэл Б.Н  гадаа гарч үзье гэтэл Ч.Ч  захирал тэр хоёрыг боль хамт гарч учираа ольё гэж хэлэн Б.Н , С.Н , н.Мөнхөө гэх хүмүүс гэрээс дагуулаад гараад явсан. Бид хэд гэртээ байж байгаад араас нь гартал С.Н , Ч.Ч  захиралыг найзыгаа өмөөрсөнгүй Б.Н  миний дээрээс пиво асгасан шүүдээ гээд бие биенээ түлхээд зогсож байгаад С.Н  эргээд хартал Б.Н  газраас чулуу аваад цохисон. Тэгээд бид хэд наанаас нь гүйж очоод салгасан. Тэр хооронд барилцаж аваад ноцолдоод байхаар бид хэд энэ хоёрыг салгаад Б.Н ыг эхнэр н.Оюундарь, хадам ээж н.Б нар ирээд аваад явсан. Бид хэд С.Н ийн цусыг цэвэрлэж өгөөд н.Туул, н.Н  нарын хамтдаа байрлаж байсан гэр лүү ороод гэрт байсан н.Мөөгий эгч С.Н ийг тайвшир гээд тайвшруулах эм уулгаж хамт юм ярьж байгаад Улаанбаатар хот руу буцаад явцгаасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

-Гэрч Р.Бүжидмаагийн “...Би Эен Эрдэнэ ХХК-д өөрийн хүргэн болох Б.Н ын хамт ажилдаг юм. Тухайн компанийн захирал Ч.Ч  манай ажилчдыг салхинд гаргах болоод Төв аймгийн Баянчандмань сумын ойролцоох амралтын газарт 2023 оны 06 сарын 23-ны өдрийн 17 цагийн орчим манай ажлын хүмүүс амралтын газар ирээд тухайн шөнө тэндээ амарч хонооч маргааш өдөр 2023 оны 06 сарын 24-ний өдрийн 16 цагийн орчим би гэрийн гадаа С.Н той юм яриад сууж байтал манай хүргэн болох Б.Н  ирээд 3-лаа юм яриад сууж байтал С.Н  гэх залуу манай хүргэн Б.Н ыг чи ямар арчаагүй залуу вэ чи одоо болтол хадамуудтайгаа хамт амьдраад хэдэн жил чи хадмын хаяанд амьдрах гэсэн юм гэж хэлтэл Б.Н  миний хэнтэй амьдрах чамд ямар хамаатай юм гэж хэлээд хамт сууж байснаа босож ирээд С.Н ийн толгой дээр гартаа барьж ууж байсан лаазтай пивийг асгасан. Тэгэхээр нь би босоод хүргэн Б.Н ыг боль гэж хэлээд салгасан. Тэгтэл манай ажлын хүмүүс цаанаас гарч ирээд Б.Н ыг цаашаа дагуулаад гэрлүү аваад орсон. С.Н  гэрийн хаяанд суугаад үлдсэн би амралтын гэрлүү ороод сууж байтал гадаа зодоон болоод байна Б.Н , С.Н ийг чулуугаар толгойруу нь цохисон байна гээд хүмүүс яриад байсан. Тэгтэл Б.Н  ирээд хоол авч ирж өгсөн хүнийг гуйгаад замруу дөхүүлээд өгөөч гэж гуйгаад хотруу замын унаанд суугаад явсан байсан. Бид хэд хэсэг хугацааны дараа амралтын газраа оройны хоол ундаа идээд Улаанбаатар хотруу буцаад явцгаасан юм…” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

-Гэрч Г.Б ын “...2023 оны 06 дугаар сарын 4-ний өдөр ажлынхаа хамт олонтой хамт Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байх амралтын газар амрахаар явсан. Тэгээд ажлынхантай хөзөр тоглоод сууж байтал хажуу гэрт С.Н , Б.Н  хоёрын муудалцах дуу гарсан. Тэгээд гараад хартал муудалцаад байж байсан .Тэгээд оо яваад ирэхэд хоорондоо зодолдоод барилцаад байж байсныг манай ажлынхан салгасан. Тухайн үед С.Н ийн духнаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

-Гэрч Л.Б ын “...2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр манай “Эен Эрдэнэ” ХХК-ийн хамт олон Төв аймгийн Баянчандмань суманд үйл ажиллагаа явуулдаг Монголиа ресорт амралтын газарт очиж амраад салхинд гарсан. Тухайн үед манай хамт олон 2 гэр түрээсэлж амарсан юм.  Маргааш нь буюу 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр миний бие өвдөөд нэг гэрт нь хэвтээд байж байтал нөгөө гэрт манай хамт олон хөзөр тоглоод байж байсан юм. 14 цагийн үед би нойл орох гээд байсан гэрээсээ гартал манай гэрийн гадаа С.Н , Б.Н  хоёр нэлээн өндөр дуутай маргалдаж байсан юм. Би тэр хоёрт хандаж юунаас болоод маргалдаад байгаа юм бэ боль гэж хэлчхээд нөгөө гэр рүү ороод гадаа С.Н , Б.Н  хоёр муудаад байж байсан. Дараа нь сонсоход Б.Н  С.Н ийн толгойг цохисон, толгой нь хагарсан гэж сонссон. Би өөрөө нүдээр харсан зүйл байхгүй. Намайг гэрээс гараад ирэхэд Б.Н , С.Н  хоёр маргалдаад зогсож байсан. Яг барьцалдаж аваад зодолдсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №398 дугаартай “...С.Н ийн биед духны зүүн талд шарх, цээжний зөөлөн эдийн цус хуралт, хэвлийн зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн духны шарх гэмтэл нь мэс заслын анхны цэгцлэлт хийгдсэн тул ямар зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй ба бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/, Н.Баатарсүхийн биед дух, толгойн зүүн хэсэгт шарх, баруун гуянд цус хуралт, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20 тал/,

-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №51 дугаартай “...Өгөгдсөн материалаар С.Н ийн биед 9 дүгээр хавирганы мөгөөрстэй нийлэх хэсгээр бүрэн бус хугарал гэмтэл, өмнөх үзлэгээр духны зүүн талд шарх, цээжний зөөлөн эдийн цус хуралт, хэвлийн зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн духны шарх гэмтэл нь мэс заслын анхны цэгцлэлт хийгдсэн тул ямар зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй байна. Бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34 тал/,

-Шүүгдэгч Б.Н ын өгсөн “2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед Улаанбаатараас баруун хойшоо Монгодлиан ресорт гэх амралтын газар ажлынхаа хамт олонтой амрахаар очсон. Очоод хоол цай болоо унтсан. 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 14 цаг өнгөрч байхад манай ажлын хамт олон зарим нь гадаа зарим нь гэрт байсан. Тухайн үед С.Н  ахтай маргалдсан. Тэгээд гэрт ороод байж байтал С.Н  ах араас орж ирэхэд нь Ч.Ч  ах гурвуулаа гарч учраа ольё гэж хэлээд бид гурав гэрийн баруун талд байх жалганд орж суусан. Тэгэхэд С.Н  ах Ч.Ч  ахыг 2 удаа цохисон. Тэгээд би босохдоо хажууд байсан чулууг аваад С.Н  ахын зүүн талын хөмсгөн дээр нь цохисон. Тэгээд би замын унаанд суугаад 15 цаг өнгөрөөд хот руу ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 48 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.Н  нь гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч Б.Н  нь хохирогч С.Н той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь9 дүгээр хавирганы мөгөөрстэй нийлэх хэсгээр бүрэн бус хугарал гэмтэл, өмнөх үзлэгээр духны зүүн талд шарх, цээжний зөөлөн эдийн цус хуралт, хэвлийн зөөлөн эдийн цус хуралт” бүхий гэмтэл учруулж Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн гэмтэл учруулсан нь дээрх бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Н ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас Ц.Сонинмөнхөөс: “шүүгдэгч Б.Н т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай байна.” дүгнэлт гаргасныг,

            Шүүгдэгч тусгайлан гаргах саналгүй гэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Б.Н  нь ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 41 дүгээр хороо, Зээл 14 дүгээр гудамж, 67 тоотод оршин суудаг /хх 53/, урьд ял шийтгэлгүй, одоо 29 настай талаарх баримт сэлт хэрэгт тус тус авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

   Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Н т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”,

мөн зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан бөгөөд,

Хохирогч С.Н  нь мөрдөн байцаалтын шатан 374.802 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгснөөс шүүгдэгч Б.Н  нь 400.000 төгрөг төлсөн байна. Хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн машины лизингийн төлбөр болох 700.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирол хор уршигтай машин лизингийн төлбөр болох 700.000 төгрөг нь шалтгаант холбоогүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн С.Н  нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2334000000277 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б-н Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н т оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Шүүгдэгч Б.Н т шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6.Хохирогч С.Н  нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            7.Эрүүгийн 2334000000277 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Н ид 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Н т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ц.ОТГОНЖАРГАЛ