| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2020/00537/И |
| Дугаар | 102/ШШ2020/01430 |
| Огноо | 2020-05-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2020/01430
| 2020 оны 05 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2020/01430 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Л нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О ХХК холбогдох,
18 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2007 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр О ХХК-тай “Дулаан зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулан Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 19 дүгээр байрны зоорийн давхрын 17 дугаартай 14.4 мкв талбайтай, автомашины дулаан зогсоолыг захиалж, уг зогсоолын төлбөр 3 500 ам.долларыг бэлнээр бүрэн төлж барагдуулсан.
Тухайн үед О ХХКУлсын бүртгэлийн Ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлхээр хандсан зогсоолын жагсаалтанд багтсан 17 дугаар зогсоолыг миний нэр дээр бүртгэх байсан боловч дээрх компанийн алдаатай үйл ажиллагааны улмаас Х.Сгэгчийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Энэхүү алдааг залруулах талаар О ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 03/493, 03/494 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэлийн газарт тодорхойлолт гарган захиалагчийг Х.Сбайсныг Б.Лболгож нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртлэх хугацаанд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд өөрчлөлт ороогүй байна.
Иймд О ХХК-тай байгуулсан “Дулаан зогсоол захиалагчтай байгуулах гэрээ”-ний дагуу Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 19 дүгээр байрны зоорийн 17 дугаартай автомашины дулаан зогсоолыг Б.Лминий өмчлөл тогтоож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг О ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунсанаа шүүхэд гаргасан өөрчилсөн шаардлага болон өмгөөлөгч Ц.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар маргаж буй автомашины дулаан зогсоолын өмчлөгч нь Х.Сгэдэг хүн болох нь харагддаг. Өөрөөр хэлбэл, түүнийг шударга өмчлөгч гэж үзэж байна.
Б.Лнь 2007 онд 14.4 м.кв талбайтай автомашины дулаан зогсоол захиалж төлбөрийг бүрэн төлөөд, өнөөдрийг хүртэл уг зогсоолыг ашиглаж байгаа боловч улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авч, өмчлөх эрхээ баталгаажуулах боломжгүй болсон. Иймд өнөөдрийн зах зээлийн ханшаар 14.4 м.кв талбай бүхий автомашины дулаан зогсоолын үнэ буюу 18 000 000 төгрөгийг хариуцагч О ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О ХХКитгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүхэд гаргасан тайлбар болон өмгөөлөгч Б.Зулбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Дулаан зогсоол захиалагчтай байгуулах хөрөнге оруулалтын гэрээ”-г нэхэмжлэгч Б.Лосолтой байгуулж, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ХД-19 дугаар байрны зоорийн давхарын 17 дугаартай, 14.4 м.кв талбай бүхий 1 ширхэг дулааны зогсоолыг шилжүүлэхээр болсон. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс төлбөрийг бүрэн төлж дууссан учраас манай компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 03/493, 03/494 дугаар албан бичгүүдээр “...дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Лосолын нэр дээр бүртгүүлэх” тухай тодорхойлолтыг хүргүүлсэн. Гэтэл Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь уг дулааны зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Лосолын нэр дээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь манай компанитай хамааралгүй.
Мөн Х.Снь хуурамч бичиг баримт бүрдүүлэн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байх бөгөөд бид үүнийг мэдээгүй. Мэдэх үүрэг нь Б.Лосолд байсан боловч өдийг хүртэл энэ талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байсныг нэхэмжлэл гаргаснаар мэдсэн. Түүнчлэн энэ үйлдэл нь бидний буруутай үйл ажиллагаа биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч О ХХК-д холбогдуулан автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад автомашины зогсоолын үнэ 18 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагчтай гэрээ байгуулж гэрээний төлбөрийг төлж үүргээ биелүүлсэн боловч хариуцагч автомашины зогсоолыг бусдад шилжүүлснээр өмчлөх боломжгүй болсон тул хохирол зогсоолын үнэ 18 000 000 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон. Хариуцагч уг үндэслэлийг “...автомашины зогсоол бусдын өмчлөлд шилжсэнд хариуцагч буруугүй” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2007 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан “Дулаан зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ээр хариуцагч нь Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 19 дүгээр байрны зоорийн давхарт байрлах, 17 дугаартай, 14.4 м.кв талбайтай автомашины зогсоолыг нэхэмжлэгчид 3 500 ам.доллараар худалдах, нэхэмжлэгч нь төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд зохигч гэрээний хүчин төгөлдөр байдал болон нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт хариуцагчид 3 500 ам.доллар төлсөн, гэрээ байгуулагдснаас хойш тухайн автомашины зогсоолыг нэхэмжлэгч эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтын талаар маргаагүй байна. Өөрөө хэлбэл, гэрээний 1, 2 дугаар зүйл болон талуудын шүүхэд гаргасан тайлбар зэргээс үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчид автомашины зогсоолыг шилжүүлэх, нэхэмжлэгч нь төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Гэрээний 3.15-т зааснаар нэхэмжлэгч нь гэрээний төлбөр болох 3 500 ам.долларыг хариуцагчид төлсөн, улмаар автомашины зогсоолыг эзэмшиж, ашиглаж байсан тул түүнийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ” гэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Харин хариуцагчийг гэрээ болон мөн хуулийн мөн зүйлд заасан “...худалдагч нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх” гэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь, улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтаар тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч болон Х.Снарын хооронд 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан гэх 5 дугаартай “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хавсралт”-аар Х.Сарангэрэлийн өмчлөлд бүртгэгдэж, улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16290022/06 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураагдсан байсан.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчтэй дээрх автомашины зогсоолыг худалдах-худалдан авахаар 2007 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулан төлбөрийг нэхэмжлэгчээс авсан атлаа 6 сарын дараа буюу 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдөр бусдад худалдсанаас нэхэмжлэгч нь гэрээний дагуу уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх боломжгүй болсон байна. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан эрхийн зөрчилгүй хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Түүнчлэн, хариуцагч нь хэдийгээр 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 03/493, 03/494 дугаар тодорхойлолтоор автомашины зогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгчийг бүртгүүлэх талаар улсын бүртгэлийн байгууллагад хандсан гэх боловч тухайн баримт нь улсын бүртгэлд авагдаагүй байх тул хариуцагчийг автомашины зогсоолтой холбоотой баримт бичгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн гэж үзэхгүй.
Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгчийн өмнө түүний өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээнэ. Гэвч хариуцагч нь тухайн автомашины зогсоолыг бусдын өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч нь өмчлөх боломжгүй болсон байх тул тэрээр өөрт учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй. Гэвч хариуцагч нь гэрээний зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн автомашины зогсоолыг захиран зарцуулах эрх нь бусдын эрхээр хязгаарлагдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй. Үүний дагуу нэхэмжлэгч нь “Мөнх-Оргил” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр тухай автомашины зогсоолын үнэ, цэнийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 20 300 000 төгрөг гэж үнэлсэн байна. Өөрөөр хэлбэл, уг баримт нь шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт биш боловч нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор шүүхэд гаргасан бичгийн нотлох баримт болох бөгөөд харин хариуцагч нь хуульд заасан үүргийн дагуу уг нотлох баримтыг баримтаар үгүйсгэж чадаагүй, энэ талаар шүүхэд хүсэлт гаргаагүй.
Тухайн нотлох баримтаас үзвэл маргааны зүйл болж буй уг автомашины зогсоолын үнэ, цэнийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 20 300 000 төгрөг гэж үзэхээр байх тул хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид дээрх хэмжээний хохирол учирсан байна. Гэвч нэхэмжлэгч нь хохирлын хэмжээг 18 000 000 төгрөгөөр тодорхойлсныг буруутгах боломжгүй. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд автомашины зогсоолын үнэ 18 000 000 төгрөгийг шаардах эрхтэй.
Нөгөөтэйгүүр, автомашины зогсоол бусдыд өмчлөлд шилжсэн үйл баримтад нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас 18 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т заасныг баримтлан хариуцагч О ХХК-иас 18 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Лосолд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 948 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 247 948 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН