| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2020/0039/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2020-03-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 25
О.Д-, А.Г- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2020/0039/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Д.Энхтуяа
Өсвөр насны шүүгдэгч О.Д-
Шүүгдэгч А.Г-
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чинбаатар, Д.Халзан
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 54 дугаар шийтгэх тогтоолтой, А-гийн Г-, О-гийн Д- нарт холбогдох, 2018000400009 дугаартай эрүүгийн хэргийг өсвөр насны шүүгдэгч О.Д-, шүүгдэгч А.Г-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Чинбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, урьд:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, ********** регистрийн дугаартай, Б- овогт А-гийн Г-,
Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй. ********** регисрийн дугаартай, Б- овогт О-гийн Д-,
Шүүгдэгч А.Г-, өсвөр насны шүүгдэгч О.Д- нар нь 2020 оны 12 дугаар арын 30-наас 31-нд шилжих шөнө 03 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан гумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” дэлгүүрийн цонхыг хагалж, хаалганы цоожийг эвдэн нэвтэрч компьютерын процессор 1 ширхэг, хүүхдийн ууттай бэлэг 4 ширхэг, түмний ундаа 1 ширхэг, тамхи 6 ширхэг, бэлэн 100.000 төгрөг авч, бусдад 663.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 54 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Б- овогт А-гийн Г-, өсвөр насны шүүгдэгч Б- овогт О-гийн Д- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар шүүгдэгч А.Г-, өсвөр насны шүүгдэгч О.Д- нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч А.Г-эд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч О.Д-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж,
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.Г- болон иргэний хариуцагч Б.Оюунчимэг нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, процессорын хавтан таг, Делл гэсэн бичигтэй цоолтууртай процессорын урд хавтан, процессорын 11 ширхэг металл болон хуванцар эд ангийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-, өсвөр насны шүүгдэгч О.Д- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зезшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Г-, өсвөр насны шүүгдэгч О.Д- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Г-, өсвөр насны шүүгдэгч О.Д- нарын өмгөөлөгч Б.Чинбаатар давж заалдах гомдолдоо:
Шүүгдэгч О-гийн: Д- нь одоо 17 настай, 2020 оны 3 дугаар сарын 14-нд 18 нас хүрэх ба насанд хүрээгүй байхдаа анх удаа гэмт хэрэгт холбогдсон юм
Шүүгдэгч А-гийн Г- нь одоо 18 настай, 2020 оны 11 дүгээр сарын 30-нд 19 нас хүрэх ба ам бүл 7, хойд эцэг, эх, 4 дүү нарын хамт амьдардаг.
Шүүгдэгч нар нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй.
Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч О.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болох “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтыг.
шүүгдэгч А.Г-эд тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ...хорих ялыг хөнгөрүүлж, ...албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэсэн заалтыг тус тус зөрчиж шийдвэрийг гаргасанд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагчийн зүгээс гомдолтой байгаа билээ.
Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна гэсэн хуулийн зохицуулалтад нийцэх ёстой. Иймд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч А.Г- давж заалдах гомдолдоо:
Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна. Хохирогч надад гомдол, саналгүй гэсэнд маш их баярлаж дахин уучлалт гуйхыг хүсэж байна. Миний ар гэрийнх нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү гэжээ.
Өсвөр насны шүүгдэгч О.Д- давж заалдах гомдолдоо:
Миний бие анх удаа гэмт хэрэг үйлдсэн, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, сурч хүмүүжиж аавынхаа хараа хяналтанд байж чадна, иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж засарч хүмүүжихэд минь тусалж ялаас чөлөөлж өгнө үү.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.Г-ийн өмгөөлөгч Б.Чинбаатар тайлбартаа:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Миний бие анхан шатны шүүх хуралдаанд хоёр шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалж оролцсон. Өсвөр насны шүүгдэгч О.Д-ий аав надаас татгалзаж өөр өмгөөлөгч авсан тул энэхүү шүүх хуралд А.Г-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Илтгэгч шүүгч гомдлыг дэлгэрэнгүй танилцууллаа. Гомдлын гол агуулга миний үйлчлүүлэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн утгатай байгаа гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.Г- тайлбартаа:
Надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү. Би цаашид засарч хүмүүжих болно. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирол төлбөрийг бүрэн төлсөн болно гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өсвөр насны шүүгдэгч О.Д- тайлбартаа:
Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Аавынхаа хяналтанд байх саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өсвөр насны шүүгдэгч О.Д-ий өмгөөлөгч Д.Халзан тайлбартаа:
Миний бие О.Д-ий хууль ёсны эрх ашгийг давж заалдах шатны шүүхийн шатнаас хамгаалж оролцож байна. Анхан шатны шүүхээс О.Д-д оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байгаа гэв. .
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Энхтуяа дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх түүнд хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Прокуророос шүүгдэгч А.Г-, өсвөр насны шүүгдэгч О.Д- нарыг 2020 оны 12 дугаар арын 30-наас 31-нд шилжих шөнө 03 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан гумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” дэлгүүрийн цонхыг хагалж, хаалганы цоожийг эвдэн орж 663.800 төгрөгийн эд зүйл хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч нарын үйлдэл тогтоогдсон, тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, шинж зэргийг харгалзан үзэж ял оногдуулсан байна.
Гэхдээ шүүгдэгч нар 18 настай буюу өсвөр насны хүн байгаагаас гадна тэдний хулгайлсан эд зүйл нь “хүүхдийн ууттай бэлэг 4 ширхэг, түмний ундаа 1 ширхэг, тамхи 6 ширхэг, компьютерийн процессор 1 ширхэг болон бэлэн мөнгө” байгаа нь шүүгдэгч нарын нас бие, сэтгэцийн онцлогтой нь холбон үзэхийн зэрэгцээгээр энэ хэрэгтээ 50 хоног цагдан хоригдож үйлдсэн гэмт хэргийнхээ хор уршгийг ухамсарлан ойлгосон байдал, цаашид нийгэмд өөрийн байр суурь олоход туслах, боловсрол эзэмшүүлэх зорилгоор хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.
Иймд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан зохицуулалтыг үндэслэл болгон гэм бурууг ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэм хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэх нь илүү ач холбогдолтой гэж үзээд шүүгдэгч А.Г-, өсвөр насн шүүгдэгч О.Д- нарын өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолын шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлагын талаарх заалтад өөрчлөлт оруулан шийдвэрлэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 54 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг:
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3., 5., 8.2 дугаар зүйл, 8.7 дугаар зүйлийн 1.т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар шүүгдэгч А.Г-, өсвөр насны шүүгдэгч О.Д- нарт хорих ял оногдуулахгүйгээр өсвөр насны шүүгдэгч О.Д-ийг 1 /нэг/ жил, шүүгдэгч А.Г-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй гэж өөрчлөн, тогтоох хэсэгт:
-Эрүүгийн хуулийн ерөнхий 8.7 дугаар зүйлийн 2., 7.3 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч А.Г-, өсвөр насны шүүгдэгч О.Д- нарыг гэм бурууг ухамсарлуулах, хөдөлмөрлөх арга барилд сургах зорилгоор сургалтанд хамруулахыг Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгаж, оршин суугаа газар, эрхэлж байгаа ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4., 5.д зааснаар шүүгдэгч А.Г-, өсвөр насны шүүгдэгч О.Д- нар нь тэнссэн хугацаанд шийтгэх тогтоолоор хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8., 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.,
-Шүүгдэгч А.Г-ийн тэнссэн 2 жил, өсвөр насны шүүгдэгч О.Д-ий 1 жилийн хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай., гэсэн заалт тус тус нэмж, тогтоох хэсгийн 3., 4 дүгээр заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч А.Г-, өсвөр насны шүүгдэгч О.Д- нарын өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
3. Шүүгдэгч А.Г-, өсвөр насны шүүгдэгч О.Д- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
4. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ТУЯА
ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР